| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0910/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/891 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/891
2024 10 08 2024/ШЦТ/891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0910/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн 2409000001068 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, *** банкны *** салбарт үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х.Г /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороо *** тоотод байхдаа “хүүхдэд нь сонин үгс хэлсэн” гэх шалтгаанаар иргэн Б.Э-н зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугдуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Г шүүх хуралдаанд: “Манай найз нөхөртэйгээ ирээд бид хэд нэг шил архи уусан. Маргааш нь танай хүү чинь шөнө манай охин руу мөлхөөд шохоорхоод байсан гэж хэлж маргаан болсон. Тэгээд ийм зүйл хийсэн.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг өнгөрч байх үед би эхнэр У***, 2 сартай охин Э*** 10 настай дагавар охин Г*** нарын хамт Сүхбаатар дүүргийн 16-р хороо *** тоотод байдаг эхнэрийн найз Х.Г-н гэрт очсон тэгээд би дэлгүүрээс “Агар” нэртэй 0.75 граммын 1 шил архи, 2 касс пиво авч Х.Г, У*** бид 3 хувааж уугаад унтсан. Тэгээд шөнө 03 цагийн үед эхнэрийн найз Х.Г-н 10 гаран настай хүү нь миний 10 настай дагавар охин Г-г хараад шохоорхоод байх шиг байсан. Тэгээд би өглөө 10 цаг өнгөрч байхад би сэрээд эхнэрийн найз Х.Г-д хандаад “Танай хүү миний дагавар охиныг шөнө шохоорхоод хараад байсан” гэхэд Х.Г “манай хүүхэд тэгэх хүн биш гээд” уурлаад хуйтай хутга гаргаж ирээд миний зүүн гуяны урд хэсэг рүү хатгасан. Тэр хутгаа хуйнаас нь гаргахгүй байж байгаад л миний гуя руу хатгах шиг болсон чинь миний гуянаас баахан цус гарсан. Тэгээд би цус болсон өмдөө тайлаад цусаа цэвэрлэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г-н яллагдагчаар өгсөн: “2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой ...тэгээд бид нар бүгд манайд хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн үед Э дэлгүүр лүү яваад “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн 1 сав пиво, “агар” 0.75 граммын 1 шил архи авч ирээд би пиво уугаад У, Э хоёр архиа хувааж уусан. Тэгээд миний 13 настай хүү Б нойрноосоо сэрээд ороо хурааж байтал Э миний хүүд хандаад “чи миний охин луу шөнө мөлхсөн, оролдсон” гэх сонин үгс хэлээд байхаар нь би уурлаад “юу солиороод байгаа юм бэ?” гэж хэлсэн манай хүү Б бас уурлаад “давраад байгаарай, битгий өдөөд байгаарай” гэж хэлээд утасны цэнэглэгчээр олон удаа цохиж байгаад уурлаад гэрээсээ гараад явсан. Тэгээд би гэрийнхээ ууцны хутгыг бариад У-д хандаад “танай Амгааг шаачих юм уу? Гэхэд У “чаддаг юм бол одоо шаачих” гэхээр би ууцны хуйтай төмөр хутгаар хуйнаас нь гаргахгүйгээр баруун гараараа барьж байгаад Э.н зүүн гуяны урьд хэсэг рүү хутгалсан. Тэгээд Э-н зүүн гуянаас аягүй их цус гарсан судас нь таарсан байх гэж бодож байна, тэгээд би айгаад цагдаа дуудсан " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 16-17 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8304 дугаартай: “...Б.Э-н биед зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Эд мөрийн баримтаар 20.5 см урт, бариул хэсэг нь 11.5 см урттай 1 ширхэг хутгыг тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Х.Г нь 2024.06.14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-1-78а тоотод байх өөрийн гэртээ найз У, түүний хамтран амьдрагч Б.Э нартай архидан согтуурч энэ үедээ хохирогч Б.Э-г “өөрийн хүү Б-г дагавар охин Г-г нь шохоорхлоо, шөнө охины унтаж байсан ор руу нь мөлхсөн, охиныг нь оролдсон гэж худал хэллээ, сонин үг хүүхдэд нь хэлсэн” гэх шалтгаанаар хурц маргалдан улмаар Б.Э-н зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуяны урд дунд хэсэгт 8*6 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, голдоо 1.3 см 1 ширхэг мэс заслын оёдол шарх бүхий...хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Г-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан ажлын хэсэг нь 20.5 см урт, бариул нь 11.5 см урттай төмөр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж буй хэрцгий догшин авирлаж байгаа танхай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-69/ гэсэн, мөн хавтаст хэрэгт эмчилгээний төлбөрийн талаар нэхэмжилсэн зүйл байхгүй байх тул шүүгдэгч Х.Г-г одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Э нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь “торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2024 оны 4 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй /хх-50/ буюу тогтсон цалин орлогогүй, мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн /хх-49/ зэргийг харгалзан түүнд торгох ял шийтгэх боломжгүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 20.5 см урт, бариул нь 11.5 см урттай төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хохирогч Б.Э нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 20.5 см урт, бариул нь 11.5 см урттай төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР