Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ц.Л

Шүүгдэгч                                                          Д.Б

Хохирогч                                                         Ж.Б

Нарийн бичгийн дарга                                О.Мөнх-Од нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-н Б.

 

Д.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Б-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 6.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 60 хоногийн хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаан / цагаар  Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй  болгож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэс 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж хохирогч  Ж.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“ ... миний бие 2013 онд Б.А-тай гэр бүл болж 2014 онд том охин Б.М, 2018 онд бага охин Б.Г төрж ам бүл дөрвүүлээ Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдардаг. Эхнэр А  эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байдаг. Миний бие эхнэр хүүхдээ тэжээхийн тулд барилгын туслах ажилтан хийж, эхнэр хүүхдүүдээ тэжээдэг. Дээрх гэмт хэргийг үйлдсэндээ туйлын их харамсаж ухаарч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд ар гэрийн маань амьдралд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Учир нь миний бие ганцаар ажил хийж гэр бүлээ хоол ундтай залгуулдаг, 360 цаг нийтэд тустай ажил хийхэд манай гэр бүл ямар ч орлогогүй болох юм. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“ ... Д.Б 6 сая төгрөгийг минь өгөх ямар ч сэтгэл гаргахгүй, шалтаг шалтгаан тоочоод байна. Би энэ мөнгийг унаж явсан амьдралаа залгуулдаг 90-37 ОРХ дугаартай Истана маркийн машинаа зараад өгсөн. 2019 оны 03 дугаар сараас одоог хүртэл 1 жил 5 сар миний мөнгийг ашиглачихаад өгөхгүй байна. Би ч бас хохирч байна. Иймд Д.Б-н 360 цагийн ажил хийх шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү.

Д.Б нь хохирогч миний хохирлыг барагдуулаагүй 2 жил шахам болчихоод байж давж заалдах гомдолдоо элдэв худал зүйл бичиж ялаа торгох ялаар өөрчлүүлэх санал гаргажээ. Гэтэл үнэхээр мөнгө төгрөггүй хэцүү амьдралтай юм бол нийтэд тустай ажлаа хийхээ бодохгүй яаж гэж торгуулах гэж зүтгээд байгаа юм бэ. Энэхүү байдал нь түүний мөнгөгүйдээ биш завгүйдээ /барилгын ажил ид гүйцэтгэж байгаа/ хохирлыг төлөхгүй хугацаа хожих гэсэндээ ийм гомдол гаргаж байгаа юм.

Учир нь Д.Б барилгын туслах ажилтан биш барилгын хэд хэдэн компанийн захирал бөгөөд Дэнж багт таван давхар барилга орон сууц, Зэст багт мөн 4 давхар орон сууц зэргийг барьж байгуулсан. Эд хөрөнгийн хувьд эд хөрөнгөтэй хүний мөнгийг төлж чадахгүйдээ биш өгье гэсэн сэтгэлгүйдээ хүний мөнгийг ашиглах гэсэн шунаг сэтгэлдээ байгаа юм. Гэтэл өөрийгөө хөөрхийлэлтэй ганцаараа ажилладаг, гэр орныхноо орлогогүй болгоод байгаа нь шүүхийнхнээр хүртэл доог тохуу хийж байгаа хэрэг байна гэж үзэж байна.

Шүүх ийнхүү худал жүжиг тавьж хүн хохироогоод байгаа залилагч нарыг хорьж шийтгэхийн оронд толгойг нь илж байгаад харин хохирогч миний хувьд гомдолтой байна. Иймээс түүний гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд харин ч түүний ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа тул Д.Б-г хорьж шийтгэх нь зөв гэж үзэж байна. Мөн түүний ялыг хэргийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн хорих ялаар шийтгэж, хохирлыг 60 хоногт биш даруй хугацаанд /7-10 хоног/ барагдуулах үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ:  “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

            Д.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө, өөрөө РЦС-ийн даргаар ажилладаг” гэж хуурч, зохиомол байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 03 дугаар сард 6.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

            мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б-н өгсөн “.. .очиход нөгөө Б гэх залуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн авто тээврийн байгууллагад ажилд оруулж чадна гэсэн, миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар зэргийг канондож авсан. Би Эрдэнэт үйлдвэрт РЦС-ийн даргаар ажилладаг, дарга нарыг танина, яриад өгье гэсэн. Эхнэр бид хоёр тухайн үед мөнгөгүй байсан, нөгөө залуу мөнгө бэлдээд ир, мөнгө их хэрэг болоод байна гээд 15.000.000 төгрөг нэхсэн ... Б-д ... өөрийнх нь машинд 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш 20-иод хоногийн дараа 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь дахин өгсөн ... ” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... машинаа зараад мөнгө өгсөн...сая 4 сард 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 6.000.000 төгрөгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Н.О-н өгсөн “ ... миний таксинд сууж явсан Б гэх залуутай танилцсан. Манай нөхөр Б-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Авто тээврийн байгууллагад жолоочоор оруулж өгнө гээд 2019 оны 03 сарын сүүлээр бэлнээр 6.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Нийт 7.000.000 төгрөг авсан. Б нь нөхөр бид хоёрт өөрийгөө РЦС-ийн даргаар томилогдох гэж байгаа, өөрийнх нь танил Ашигт малтмалын газрын дарга Х гэдэг хүн үйлдвэрийн захирлаар томилогдох гэж байгаа мэтээр итгэл төрүүлэн худлаа ярьсаар өдий хүрсэн...” гэсэн мэдүүлэг болон

хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Д.Б-г 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаснаас гадна Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүхээс түүнд торгох ял хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд ялыг хуульд заасан хугацаанд төлж барагдуулах эд хөрөнгө, тогтмол цалин орлоготой эсэх нь тодорхойгүйгээс гадна түүний ар гэрийн байдал, тухайлбал эхнэр нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй гэсэн давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан “... шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ