| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2024/00811/И |
| Дугаар | 001/ХТ2026/00171 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00171
“Ү ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00600 дугаар магадлалтай,
“Ү ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Ц” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,043,732 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээний үлдэгдэл төлбөрт 17,820,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ү, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Ү ББСБ” ХХК нь “Ц” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн төлбөр болон хохирол 42,043,732 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Ц” ХХК эс зөвшөөрч, маргасан ба үлдэгдэл төлбөрт 17,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 33,413,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,630,243 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-аас 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 325,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247050 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00600 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 26,730,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,313,732 төгрөгт холбогдох хэсэг болон “Ү ББСБ” ХХК-аас 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “325,017” гэснийг “291,600” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн тодорхой үйл ажиллагаанаас шалтгаалан хариуцагч гэрээний хугацааг хэтрүүлсэн тул хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж эргэлзээгүй дүгнэх шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид явуулсан 2023.05.16-ны өдрийн албан бичигт гуравдагч компанийн ажил дууссан талаар, 2023.12.13-ны өдрийн албан бичигт гэрээ цуцалж байгаа талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, гуравдагч компанийн ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн гэх нөхцөл байдал арилснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсөн ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэлт өгсөнгүй. Энэ хохирлыг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч тал татгалзлын үндэслэл болсон гуравдагч компаниас шалтгаалан ажлын гүйцэтгэл саатсан талаарх баримтыг хэрэгт өгөөгүй, гэрч С.С, Э.Ч нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Гэрээний эхний төлбөр 2022.01.21-ний өдөр, 2 дахь төлбөр 2022.12.07-ны өдөр буюу 11 сар орчмын дараа төлөгдсөнөөс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “гэрээний хугацаа 78 хоног байхаар тохиролцсон боловч ажлыг хугацаандаа хийхгүй байсан тул 2023.12.13-ны өдөр гэрээг цуцалсан” гэх тайлбартай нийцэхгүй байна. Энэ нь гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл шалтгаан зөвхөн хариуцагчийн буруу биш гэдгийг магадлалын 6.2-т үндэслэл бүхий дүгнэсэн, хэрэгт гэрээний төлөвлөгөөний биелэлт, нэхэмжлэгчид хүргүүлсэн мэйлүүд, төлбөр шаардсан нэхэмжлэх, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтууд байгааг хоёр шатны шүүх татгалзлаа нотлох баримт ирүүлээгүй талаар буруу дүгнэсэн, хоёр шатны шүүх нэхэмжлэгч талыг ажлын үр дүнг хүлээж аваагүй талаар дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын гол баримт болох шүүхийн журмаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь нэхэмжлэгч талд давуу байдлаар хэргийг шийдвэрлэх нөхцөл болсон тул талуудыг эрх тэгш мэтгэлцүүлээгүй явдлыг эс зөвшөөрч шүүгчээс татгалзсан ч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасныг зөрчиж, зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэхгүйгээр шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.М нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00705 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлтэй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
8.Нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 26,730,000 төгрөг, хохирол 15,313,732 төгрөг нийт 42,043,732 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2022.01.20-ны өдөр хариуцагчтай санхүү бүртгэлийн системд суурилсан цахим санхүүгийн систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хугацааг 78 хоног, нийт төлбөрийг 44,550,000 төгрөг байхаар тохирсон боловч хариуцагч тал үүргээ хугацаандаа, зохих ёсоор биелүүлээгүй тул 2023.12.13-ны өдөр 23/236 дугаар албан бичгээр гэрээ цуцалсан. А** аппликэйшний эх код, дата баазын байрших сервер болон домайн нэр, түүнийг хамгаалах хамгаалалтын үйлчилгээ авахад “А” ХХК-д нийт 8,630,243 төгрөгийн зардал гаргаж хохирсон, мөн уг аппликэйшн ашиглалттай холбогдуулан “К” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үйлчилгээний төлбөрт 6,683,489 төгрөгийн зардал гаргасан ...” гэж тайлбарласан.
9.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...A** аппликэйшнийн суурь систем нийлүүлэгчээр “И” ХХК, системийн дизайн хөгжүүлэгчээр “В” ХХК тус тус ажилласан. “Ай финанс” санхүүгийн суурь системийн API холболтын алдаа, мөн ... аппликэйшн системийн модулийн ажиллах зарчим, бизнес шаардлага нь удаа дараа өөрчлөгдсөн зэргээс шалтгаалан гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй байсан, гэрээний хугацаа сунгагдсан нь манай компаниас шалтгаалаагүй, систем хөгжүүлэлтийн ажлыг тасралтгүй хэвийн гүйцэтгэн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж дууссан ... аппликэйшн системийг туршиж хүлээн авч, акт үйлдэж гэрээг дуусгавар болгох тухай 2024.01.10-ны өдрийн 01/01 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн ... нэхэмжлэгч тал албан бичгийн хариуг ирүүлээгүй, гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй ... гуравдагч компаниудтай байгуулсан гэрээний үүргийг биднээс ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
9.1.Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт 17,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “...санхүүгийн суурь системийн холболтын алдаа болон гэрээний 2-р хавсралтаар батлагдсан шаардлагаас үүссэн асуудлуудаас шалтгаалан бидний ажилд хүндрэл учруулж байсан. Нэхэмжлэгч тал дээрх нөхцөл байдлуудыг мэдэж ойлгож, хугацааг сунгасан бөгөөд ажлыг бүрэн хийж дуусгасан. “Ү ББСБ” ХХК-д албан бичгээр гэрээг дуусгавар болгон акт үйлдэх талаар удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул дахин албан бичгээр системийг хүлээн авах, гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөхийг шаардсан. Ажлын үр дүнг хүлээж аваагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш, нэхэмжлэгчийн хариуцлагагүй үйлдэл юм. Иймд гэрээний төлбөрт 17,820,000 төгрөг нэхэмжилнэ.” гэж тайлбарласан.
9.2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил хүлээлгэж өгөөгүй учир гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй, гэрээний хавсралтад C****, M**** үйлчилгээ тусгагдсан бөгөөд манайх шаардлагагүй үйлчилгээний хөлсөнд маш их хэмжээний мөнгө төлсөн” гэж маргасан.
10.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 33,413,489 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “…хариуцагч тал хийж гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэн баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй буюу татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч гэрээ цуцлах мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хүргүүлсэн тул хохирол шаардах эрхтэй, нэхэмжлэгч “К” ХХК-тай байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн тул 6,683,4859 төгрөгийн төлбөрийг гаргуулна, “А” ХХК-тай байгуулсан гэрээг өгөөгүй тул 8,630,243 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.
11.Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 26,730,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “… хариуцагч гэрээнд заасан шаардлагад нийцсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөө нотлоогүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний төлбөрт төлсөн 26,730,000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхтэй, хариуцагч гэрээний хугацаа удаашруулахад нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нөлөөлсөн тул “К” ХХК-д төлсөн 6,683,489 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцна, шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасанд хамаарах тул хариуцагч талын гомдлыг хангахгүй…” гэсэн дүгнэлт хийжээ.
12.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.
13.Талуудын хооронд 2022.01.20-ны өдөр Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний төлбөрт нэхэмжлэгч 26,730,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, нэхэмжлэгч 2023.12.13-ны өдрийн 23/236 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан, хариуцагч 2024.01.10-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гэрээг дүгнэж акт үйлдэх талаар мэдэгдсэн.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчээс гэрээг цуцлах мэдэгдэл хариуцагчид хүргүүлэх хүртэл хугацаанд ажлын үр дүн бий болсон, эсхүл уг үр дүнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ хэд байсан, ажлын дутуу гүйцэтгэл гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл болох эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд санхүү бүртгэлийн системд суурилсан цахим санхүүгийн систем /А** апликэйшн/ хөгжүүлэлтийн ажил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардагдах асуудал байна.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил хавсралтаар батлагдсан шаардлага хангагдсан, бүрэн гүйцэтгэлтэй эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нэхэмжлэгч дэмжсэн. /2хх-ийн 6/
Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2025.05.01-ний өдрийн 191/ШЗ2025/19340 дугаар захирамжаар 7 асуултанд хариулт авахаар Ш газрыг шинжээчээр томилсон, шинжээч 2025.07.09-ний өдөр дүгнэлт гаргасан байх боловч шинжээчид тавигдсан зарим асуулт оновчтой биш, зарим асуултууд давхардсан, тусгай мэдлэгт хамаарахгүй буюу “… ажлыг гүйцэтгэхэд ямар ямар талууд оролцох шаардлагатай болох, хамгийн чухал оролцогчийг эрэмбэлэх…” гэх зэрэг асуултууд байгаагаас гадна шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тавигдсан асуудлаар огт дүгнэлт гаргаагүй байна.
Шүүгчийн захирамжид “…гэрээний хавсралтад заасан шаардлагын дагуу хийгдэх ёстой эх код бичигдсэн эсэх, ажил бүрэн хийгдсэн эсэх, хэдэн хувийн гүйцэтгэлтэй болох” гэсэн асуултууд шинжээчид тавигдсан байхад шинжээч “…гэрээнд нийт ажлын хувь тодорхойлж заагаагүй, гэрээнд тусгагдсан ажлын үр дүнг систем хэвийн ажилласан нөхцөлд дүгнэх боломжтой … “гэрээний хавсралт”-д хийгдэх 4 бүлэг, 35 ажил үйлчилгээг хувьчилж батлаагүй…” гэж хариулснаас үзэхэд шинжээчийн дүгнэлт дутуу, эргэлзээ бүхий гарсан гэж үзэхээр байна.
15.Шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай бол шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хэргийн оролцогчийн хүсэлт хангагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус, эсхүл хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй, хэргийн оролцогчдын зүгээс уг дүгнэлтийн талаар үндэслэл бүхий гомдол, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүх түүнийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
16.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгч Т.М-н хяналтын журмаар гаргасан “…шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн…” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2026/00600 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК 2026.04.28-ны өдөр 121,885 төгрөг, хариуцагч “Ц” ХХК 2026.05.05-ны өдөр 291,600 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН