| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0924/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/909 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/909
2024 10 14 2024/ШЦТ/909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0924/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 2409021100673 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.Н /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь урьд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Тосгоны тойргийн замд Nissan Murano маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хавтаст хэргээс:
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 4, 14 дэх тал)
Жолооч М.Н-н 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан талаар лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал)
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/629 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 22-24 дэх тал)
М.Н-н яллагдагчаар өгсөн: 2024 оны 7 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед манай гэрт эхнэрийн найз ирээд 5 литр айраг хувааж уугаад хорхог хийж идсэн. Шинө 1 цаг өнгөрч байхад эхнэрийн найзыг таксинд суулгаж өгөхөөр Nissan Murano маркийн ****УБМ улсын дугаартай машинийг жолоодож төв зам руу ортол Тоосгоны замд цагдаа зогсоож драйгер багаж үлээлгэхэд 1.47% согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тосгоны тойргийн замд Nissan Murano маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт мөн бөгөөд шүүгдэгч М.Н холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Н нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний холбогдох дүрэм, журам, хуулийг санаатайгаар зөрчиж байгаа гэмт зан байдал нь нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Уг гэмт хэргийн улмаас төр, олон нийтийн ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрж амьдрах эрх хөндөгдсөн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хувийн байдал, эрхэлдэг ажил, цалин орлогын хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах эрх хасах болон торгох ял шийтгэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 4 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР