| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2022/00407/и |
| Дугаар | 182/ШШ2022/00976 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2022/00976
2022 04 05 182/ШШ2022/00976
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А
Хариуцагч: “НДЕГ”
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч миний бие тус байгууллагад архивын ажилтнаар ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин Н.Амин-Эрдэнийг төрүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч ажилд буцаан авахгүй байсан тул тус шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо гаргасан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05дугаар сарын 18-ны өдрийн 1091 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00555 дугаар тогтоолоор архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.634.178 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандснаар, ажил олгогчын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/47 тоот тушаалаар ажилдаа томилогдсон.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие нь жирэмсний болон амаржсаны чөлөө авах үеийн цалингийн баримт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаалыг нэхэмжлэлдээ хавсаргаагүйгээс “нотлох баримт шүүхэд ирүүлээгүй” гэж үзэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын дагуу миний дундаж цалин хөлсийг тодорхойлон шийдвэрлэсэн юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2014 оны Б/218 тоот тушаалаар ТҮ-5-5 буюу 504.699 төгрөг, ур чадварын 20 хувь, хоол унааны мөнгө өдрийн 5000 төгрөг авч байсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТҮ-5-5 шатлалын цалин 635.776 төгрөг болж шинэчлэн тогтоогдсон. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны бүх нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрүүдийг хасаад ажлын 399 хоног гарч байгаа бөгөөд нэг өдрийн цалин 30.275 үржүүлэхэд 12.0797.43 төгрөг, мөн хугацааны ур чадварын нэмэгдэл 20 хувь /127155*19 сар/ 2415948 төгрөг, нийт 14.495.691 төгрөг гарч байна.
Иймд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүй байсан буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2021 оны 11дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны олговорт нийт 14.795.691 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт ажлын 399 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14.495.691 гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч НДЕГ нь нэхэмжлэгч Т.Ад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.196.950.34 төгрөг олгохоор нэхэмжлэгч талтай зөвшилцөх боломжтой байна.
Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийгмийн даатгалын нөхөн төлүүлэх заалтын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “е” заалтад “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийн ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж зааж өгсөн байна.
Дээрх тогтоолд хууль бусаар ажлаас халагдсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын талаар тухайлан тусгаж өгөөгүй байх тул энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05дугаар сарын 18-ны өдрийн 1091 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00555 дугаартай тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/147 дугаартай “Т.Аг ажилд эгүүлэн томилох тухай” тушаал болон хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтэгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/12/1080 дугаартай “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол, Д.Ариунаагийн нийгмийн даатгалын шитмгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас, хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зэрэг бусад нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч НДЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагч тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаартай шийдвэрийг биелүүлж, 2021 оны 11 сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан. Намайг нотлох баримтаа ирүүлээгүй гэж үзэн дээрх шүүхийн шийдвэрт, миний сарын дундаж цалин хөлсийг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55дугаар тушаалаар батлагдсан” дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэж, сарын дундаж цалин хөлсийг 467.400 төгрөг гэж тооцсон.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор миний албан тушаалын сарын үндсэн цалин ТҮ-5-5, 635.776 төгрөг,ур чадварын нэмэгдэл 20 хувь болж шинэчлэн тогтоогдсон. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл буюу ажилгүй байсан 399 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 14.495.691 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрыг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 36 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Нармандахад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/221 тоот итгэмжлэлээр олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 25 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ ... “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Т.Аг 2021 оны 11дүгээр сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцүү байдаг тул ажилгүй байсан 399 хоногийн олговорт 11.196.950 төгрөг олгохыг зөвшөөрч байна. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “е” заалтад хууль бусаар ажлаас халагдсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын талаар тухайлан тусгаж өгөөгүй байх тул энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.
4. Шүүх, зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаартай шийдвэрээр Т.Аг Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.634.178 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 4-5 тал /
6. Хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 182/ШШ2020/00780 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1091 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00555 дугаар тогтоолын дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар Т.Аг тус газрын архивын ажилтны албан тушаалд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/12-1080 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” тогтоол болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 7-21 тал /
7. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелэгдсэн гэж үзсэн ба харин ажилгүй байсан хугацааны олговрыг шаардсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, 129 дүгээр зүйлийн 129.1-д “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохдоо түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба ийнхүү олгоогүй бол ажилтан ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс түүний эрх зөрчигдсөн гэж үзэх тул энэ тухай гомдлоо ажилд томилогдсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзнэ.
8. Нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос олговор гаргуулах шийдвэрийг ажил олгогч биелүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт нийцсэн байна.
9. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.
10. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/007805 дугаар шийдвэрийг ажил олгогч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр биелүүлсэн байх тул, нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажил олгогчийн 2021 оны Б/147 дугаар тушаал гарах хүртэл хугацааны олговрыг шаардах эрхтэй.
11. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
12. Т.Агийн сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 182/ШШ2020/00780 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1091 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00555 дугаар тогтоол, хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу ажилгүй байсан 399 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.196.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгч Т.Агийн ажилгүй байсан бүх хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс /анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/147дугаартай “Т.Аг ажилд эгүүлэн томилох тухай” тушаал гарах хүртэл байна.
14. Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.
15. Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 194.101 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НДЕГ 11.196.950 /арван нэгэн сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.298.741 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар НДЕГ нь Т.Агийн дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 194.101 /нэг зуун ерэн дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулж,улсын төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ