| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0946/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/954 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/954
2024 10 28 2024/ШЦТ/954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0946/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2409017661199 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “А***” төвд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, Д.Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Сүхбаатар дүүргийн 10-р хороо, А*** төвийн автомашины зогсоол дээр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.А-тай “тээврийн хэрэгслээ буруу байрлууллаа” гэж маргалдаж, улмаар түүний зүүн нүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд: “Би тухайн зогсоолын урд хойд тал хариуцдаг байсан. Гэтэл ард нэг эмэгтэй машинуудыг хаагаад машинаа тавьсан байсан. Гэтэл над руу чи үүнийг зохицуулах гэж сууж байгаа юм байгаа биз дээ мануухай минь гэж хэлсэн. Тэгээд дарга нараа дууд гэж хэлсэн. Манай менежер гарч ирээд та явж ажлаа хий гэсэн. Гэтэл тэр эмэгтэй намайг эхлээд өшиглөсөн. Тэгээд би зөрүүлээд арай ширүүн цохьсон байх. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, уучлалт гуйсан. ” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо А*** төвийн автомашины зогсоол дээр өөрийн **** УНӨ улсын дугаартай тоёота акуа маркийн хар өнгийн автомашиныг байрлуулах үед тухайн зогсоол хариуцсан хүн нь над руу ирээд "чи буруу газар машинаа тавьсан байна, машины хөдөлгөөнд саад боллоо" гэх үгнүүдээр загнаад эхэлсэн. Тэгээд би "та энэ байгууллагын үйлчилгээний ажилтан байж яагаад намайг шууд загнаад байгаа юм бэ" гэхэд тэр хүн "та нар машинаа буруу газар тавилаа, дарвайсан гичий минь” гэж хэлээд байхаар нь би машинаараа тухайн барилгын хажуу тал руу явах үед тэр хүн араас ирээд “хөөе чи наанаа зогсож болохгүй” гээд орилоод байсан. Тэгээд би машинаасаа бууж тэр хүн дээр очоод “та яагаад дахин дахин над руу орилоод байгаа юм бэ? би гичий юм уу? би бараагаа хүлээгээд байна” гэхэд тэр хүн “гичий болохоор чинь л гичий гэж хэллээ" гэж хэлэхээр нь миний уур хүрээд би тэр хүнийг баруун хөлөөрөө хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь тэр хүн над руу дайраад гараараа миний зүүн нүд рүү цохиход би самгардаад гараа савах даа тэр хүний нүүрийг санамсаргүй маажчихсан тэгээд би цагдаа дуудсан... Үгүй эмнэлэгт үзүүлээгүй, 103-т бол үзүүлсэн... Тэр миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон... Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, толгой зүүн тал руу таллаж өвдөөд байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 9-12 дахь тал),
Гэрч Ш.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А*** үйлчилгээний төв дотор гадна хяналтын камеруудаа харж байх үед манай үйлчилгээний төвийн урд зогсоолгүй газар нэг боронзон саарал өнгийн акуа маркийн машин зогссон байхаар нь би станцаар машин зохицуулагч харуул Д.Э-д "зогсоолгүй газар машин тавьчихлаа, зогсоол руу оруулаарай" гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр машины жолооч эмэгтэй манай харуул Д.Э-тэй хэрэлдээд байхаар нь би гарч очоод Д.Э-г “та ажлаа хий” гэж хэлээд, нөгөө акуа машины жолооч эмэгтэйг “та зогсоол руу машинаа тавьчих" гэхэд тэр эмэгтэй намайг тоохгүй Д.Э-н араас хөл рүү нь өшиглөөд, баруун хацар луу нь гараараа цохиж авсан тэгээд Д.Э тэр эмэгтэйн зүүн хацрын дээд товгор хэсэгт гараараа цохисон тэгээд би тэр хоёрыг салгаад явуулсан. Түүний дараа 10-15 орчим минутын дараа цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан... Д.Э гараа хагас атгаж байгаад тэр эмэгтэйн зүүн хацрын дээд товгор яс хэсэгт нэг удаа цохисон... Цагдаа нар ирээд Д.Э болон тэр эмэгтэй хоёрыг авч явах үед тэр зүүн хацрын дээд товгор ясны хэсэгт хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 17-19 дэх тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 850 дугаартай шинжээчийн: “...М.А-н биед зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31 дэх тал),
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...хохирогч эмэгтэй холбогдогч болох хар хувцастай эрэгтэйтэй ярилцаад дундуур нь нэг эмэгтэй хаагаад зогсож байгааг харуулав. ...Бичлэгийг цааш үргэлжлүүлээд 1 минут 23 секундэд хохирогч эмэгтэй холбогдогч болох наад талын хар хувцастай эрэгтэйн зүүн хөл рүү жийж байгааг харуулав. ...Бичлэгийг цааш үргэлжлүүлээд 1 минут 24 секундэд холбогдогч болох наад талын хар хувцастай эрэгтэй баруун гараа далайж байгааг харуулав. ...холбогдогч болох хар хувцастай эрэгтэй баруун гараараа хохирогч эмэгтэйн нүүрний зүүн хэсэгт цохиж байгааг харуулав. ...холбогдогч болох хар хувцастай эрэгтэй эргэж харах үед түүний араас хөл рүү нь хохирогч эмэгтэй өшиглөж байгааг харуулав...” гэх тэмдэглэл (хх-ийн 41-44 дэх тал),
Хохирогч М.А нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 67 дахь тал)
Шүүгдэгч Д.Э-н шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Д.Э нь өөрийн харуул хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэдэг Х*** ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамжинд үйл ажиллагаа явуулах А*** төвийн автомашины зогсоол дээр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.А-тай “тээврийн хэрэгслээ буруу газар байрлууллаа” гэх шалтгаанаар хурц маргалдан улмаар түүний зүүн нүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “миний үйлчлүүлэгч санаатай гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж ийм зүйл хийсэн. Мөрдөгч прокурорын зүгээс хэт яллах талыг баримталсан байна. Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоохгүй буруу үндэслэл бичиж дүгнэлт гаргасан байна. Хор уршиг гэм бруугүйгээр учруулсан гэж үзэж байна, хохирогч эмчилгээ хийлгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна, эмчлүүлээгүй байна” гэх агуулгаар маргадаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ш.Л-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч М.А-н хүлээцгүй, уур бухимдалтай зүй бус үг, үйлдэл нөлөөлсөн хэдий ч шүүгдэгч Д.Э нь тухайн обьектын аюулгүй байдал, зогсоолын зохион байгуулалт, эмх цэгцийг хариуцсан хамгаалалтын ажилтны хувьд ч, ахмад настай хүн болохын тухайд ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд биеэ барьж өөрийн шаардлагыг зүй ёсоор тавилгүй бусадтай хэрүүл үүсгэж асуудлыг хурцатгаж маргааныг хүч бяраар шийдвэрлэж буй ухамсар дутсан, түргэдсэн зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүх хуралдааны товыг хохирогч М.А-д мэдэгдэхэд “би эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн хариуг өгсөн байх бөгөөд хавтаст хэрэгт мөн хохирол төлбөр, эмчилгээний зардлын талаар баримт авагдаагүй байна.
Иймд Д.Эыг одоогоор хохирогч М.А-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч М.А-н эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ авсан 49,920 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэнд, даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч М.А нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 551 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 551,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргажээ.
Шүүгдэгч Д.Э-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.
5. Хохирогч М.А нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Э-с 49,920 /дөчин есөн мянга есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэнд, даатгалын Ерөнхий газарт олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР