| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/230 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/230
2024 11 05 2024/ШЦТ/230
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ц.А******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А*******д холбогдох эрүүгийн 2415002140204 дугаартай, 163/2024/0232/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Ц******* А*******, .......... аймгийн ..............суманд 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 49 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ................. сумын ....................тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Булган аймгийн .............дугаар багийн Баян төгөл гэх газарт түр оршин сууж байгаа гэх, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: РД74120110.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч П.А******* нь Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг “Хүдий” гэх газраас 2 ширхэг босоо мод хөрөөдөж, 1.85 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* ******* Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 891,464.31 төгрөгийн шууд хохирол, 2,674,392.93 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг “Хүдий” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж, 1.85 метр куб хэрэглээний зориулалттайгаар бэлтгэж, ******* ******* улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 891,464.31 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 2,674,392.93 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Я.А*******:... “2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж явахад Киа Бонго маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц******* А******* гэдэг иргэн мод ачиж явахад нь шалгахад тухайн модыг бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар тээвэрлэж явсныг саатуулсан. Булган аймгийн Орхон сумын нутаг Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Цэвээнжав овогтой А******* нь хууль бусаар мод бэлтгэсэн нь хуулийн дагуу тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 43 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч А.Л*******: “...Би өөрийн эзэмшлийн "Киа Бонго- 3" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа малчны зээл авч авсан. Тухайн зээлээ төлж дуусаагүй, өнгөрсөн жил зуд болсон болохоор малчны зээлийг 6 сараар хойшлуулсан тэгээд одоо 2024 оны 10 дугаар сард төлөгдөж эхлэх учраас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41 дэх тал/,
-Хэргийн газар 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
-Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 10-18 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 21-24, 27-29 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны 2642 дугаартай шинжээчийн: “...Тус бэлтгэсэн 27 ширхэг модыг 150 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. 27 ширхэг модны хэмжээг МNS 2379:2010 стандартын арга ашиглан бодоход 1.85м3 байна. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1.8. Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 495,257.95x1,8- 891,464.31 төгрөг байна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 75-80 дахь тал/,
-Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *******: 1001834 дугаартай: “...******* ******* Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
- Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/1001834-01 дугаартай: “...бензин хөдөлгүүртэй цахилгааны хөрөө 1 ширхэг, 60,000 төгрөг...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 59-64 дэх тал/,
-Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнийн экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай: “...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2642 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 1.85 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 891,464.31 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 2,674,392.93 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” акт / хавтаст хэргийн 85 дахь тал/,
-Яллагдагч Ц.А*******гийн “...би ганцаараа явсан болохоор өөрийнхөө хэмжээнд таарсан 2 ширхэг босоо хуурай мод хөрөөдөж унагаад тайрч машин дээрээ ачаад Халиун багийн төвийн хажууд явж байгаад байгаль хамгаалагч Я.Амгалан-Одтой таарсан. Тэгээд намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн байна гээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Тухайн үед мод бэлтгэн тээвэрлэхэд ашигласан хөрөө нь бол миний өөрийн эзэмшлийнх. Харин ******* ******* улсын дугаартай "Киа Бонго-3" загварын тээврийн хэрэгсэл нь манай төрсөн хүү А.Л******* эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А******* бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч Ц.А*******гийн Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Ц.А*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 891,464.31 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2642 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 2,674,392.93 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.А*******гээс 2,674,392.93 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...Шүүгдэгч А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
-Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Ц.А*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 103 дахь тал/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 105 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, мал тооллогын лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 109 дэх тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 110-11 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 113 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.А*******гийн хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.А*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Адьяасүрэнд тусгайлан сануулав.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг буюу 1.85 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г тус тус хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч А.Л******* эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаруулж улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ц.А******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Ц******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******д 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Адьяасүрэнд сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 2,674,392.93 /хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг буюу 1.85 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаруулж тус бүр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “дугааргүй” тогтоол, ******* ******* улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Киа Бонго-3” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 10-14Б тоотод оршин суух А******* овогтой Лхагвадоржид /регистрийн дугаар РД00290610/ буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Ц.А******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ