Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/00588

 


 

2022 03 03 182/ШШ2022/00588

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц ХХК            ,

 

Хариуцагч: ТТТ ХХК

 

Хариуцагч: НАОБТГ нарт холбогдох,

 

Түрээсийн төлбөр болох 19.000.722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг,

Хариуцагч :ТТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг,

Хариуцагч: Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Орхонбайгаль, Э.Батцэцэг, Ц.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, ТТТ ХХКомпани нартай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 02/18 дугаартай Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэх 02/18 тоот гурвалсан гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр ТТТ ХХК нь үйлдвэрлэсэн шахмал түлшээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ц ХХК-ийн агуулахад хадгалуулах, түлш хадгалуулсан хугацаанд агуулахын түрээсийн төлбөрийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар төлөх үүрэг хүлээсэн.

Ц ХХКомпани нь нийт 1230 м.кв талбай бүхий агуулахад 1250 тн түлшийг хадгалж, cap бүрийн түрээсийн төлбөрт 7.183.200 төгрөгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан. Гэрээний хугацаа дуусч, талууд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар агуулахад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшийг 2020 оны 12 дугаар сард багтаан 6 дүүргийн 610 борлуулалтын цэг рүү бүрэн тээвэрлэж, агуулахыг суллан Ц ХХК-д хүлээлгэн өгөх үүргийг гэрээний талууд болох Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон ТТТ ХХК-иуд хүлээсэн. Гэтэл эдгээр байгууллагууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд манай агуулахыг чөлөөлж өгөөгүй. Харин 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр агуулахыг суллаж өгсөн нь Таван толгой түлш" ХХК-иас Ц ХХК-д Түрээслүүлсэн байр хүлээлгэн өгсөн акт-аар батлагдана.

Ц ХХК-ийн зүгээс гэрээний хугацааг сунгах, эсвэл агуулахаа суллаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч дээрх байгууллагууд 02/18 тоот гэрээ болон Гэрээ дүгнэсэн акт-аар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшээ тус компанийн агуулахад үргэлжлүүлэн хадгалсан ба энэ хугацааны төлбөрийг төлнө гэсэн аман тохиролцоо хийсэн. Ц ХХК 2021 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөрийн нэхэмжлэлээ цаг хугацаанд нь явуулж байсан боловч төлөлт хийгдээгүй.

Харин манай байгууллагын удаа дараагийн шаардлагын хариуд Агаар орчны бохирдолтой тэмцэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/365 тоот албан бичгээр агуулах чөлөөлөх хүртэлх хугацааны буюу 2021 оны эхний 3 сарын түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

ТТТ ХХК нь агуулах чөлөөлөх үүргийг хүлээсэн, энэ үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд агуулахыг суллаж өгөөгүй, түлшээ 2021 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хадгалсан. Иймд ТТТ ХХК-иас 2021 оны 1 дүгээр сарын хадгалалтын хөлс 7.183.200 төгрөг, 2 дугаар сарын 7.183.200 төгрөг, 3 дугаар сарын 20 хоногийн хөлс 4.634.322 нийт 19.000.722 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

3. Хариуцагч ТТТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТТТ ХХК болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Ц ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэх 02/18 дугаар гурвалсан гэрээ байгуулсан.

Энэ гэрээгээр ТТТ ХХК нь тухайн агуулахад сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүрэг хүлээж байсан.

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах түрээслэх гурвалсан гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор эцэслэн дүгнэж, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 7,183,200 төгрөгийг санхүүжүүлэгч тал болох Нийслэлийн агаар,орчны бохирдолтой тэмцэх газар төлж, талууд гэрээг дуусгавар болгосон.

Гэрээний дагуу Ц ХХК-ийн нийт 1230 м.кв агуулахад манай компанийн 1250 тонн түлшийг хадгалж, cap бүрийн түрээсийн төлбөрийг санхүүжүүлэгч байгууллага төлж байсан.

Гэвч гэрээ дуусгавар болсоноос хойш манай компани нь Ц ХХК-тай харилцан тохиролцон хадгалалтын гэрээг аман хэлэлцээр хийж Ц ХХК-ийн агуулахад 2021 оны 03 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалдагдаж байсан түлшийг зөвхөн эзлэж буй талбайн хэмжээгээр төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Энэ хугацаанд тус агуулахад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 684 тонн буюу 684 м2, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 410 тонн буюу 410м2, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 80 тн буюу 80м2 түлшийг тус тус хадгалан, хэсэгчлэн ашиглаж байсан.

Хэрэв цаашид Ц ХХКийн агуулахыг түрээслэн түлшийг нөөцлөх тохиолдолд түрээсийн гэрээг дуусгавар болгон акт үйлдэхгүйгээр үргэлжлүүлэн сунгах ёстой байсан бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нөөцлан зөвхөн тухайд түлшэд шаардлагатай талбайг л хэсэгчлэн ашиглах байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,722 төгрөгийг манай байгууллага төлөхгүй зөвхөн нийт ашиглаж байсан талбайн хэмжээгээр буюу 6,856,160 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

3.Хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэх 02/18 тоот гурвалсан гэрээнд санхүүжүүлэгч талаар Агаар орчны бохирдолтой тэмцэх газар оролцсон.

Дээрх гурвалсан гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор тохиролцож, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 7,183,200 төгрөгийг санхүүжүүлэгч тал болох Нийслэлийн агаар,орчны бохирдолтой тэмцэх газар төлсөн.

Харин 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор агуулахыг суллаж өгөх үүргийг үйлдвэрлэсэн түлшээ хадгалуулсан ТТТ ХХК хүлээсэн.

Гурвалсан гэрээний хугацаа дуусч, талууд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар агуулахад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшийг 2020 оны 12 дугаар сард багтаан 6 дүүргийн 610 борлуулалтын цэг рүү бүрэн тээвэрлэж, агуулахыг суллан Ц ХХК-д хүлээлгэн өгөх үүргийг гэрээний талууд болох ТТТ ХХК-д мэдэгдэж, Гэрээ дүгнэсэн акт- ыг тус компанийн Борлуулалт маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Г.Даваабаатар нарт тус тус танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Мөн Ц ХХК-д гурвалсан гэрээний хугацаа дуусч байгааг албан ёсоор мэдэгдэж, Гэрээ дүгнэсэн акт-ыг тус компанийн захирал Ч.Энхсайхан танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Манай байгууллага нь Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэх 02/18 дугаар гурвалсан гэрээний үүргээр хүлээсэн санхүүжилтийг тогтмол олгож гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээний хугацаа албан ёсоор дууссаныг 2 талуудад Гэрээ дүгнэсэн акт-аар албан ёсоор мэдэгдэж, эрх бүхий албан тушаалтнуудад нь танилцуулан, гарын үсгийг зуруулж баталгаажуулан гэрээний үйлчлэх хугацаанд үүргээ хангалттай гүйцэтгэсэн болно.

Иймд Таван толгой түлш" ХХК болон Ц ХХК хоорондын амаар үйлдсэн тохиролцоонд манай байгууллага нь хамааралгүй тул Ц ХХК-ийн агуулахын 2021 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох нийт 19,000,722 төгрөгийг ТТТ ХХК-иас гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байгаа . Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад Ц ХХК нь Нийслэлийн агаар ,орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/18 дугаартай Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах түрээслэх гурвалсан гэрээ, Ц ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ТТТ ХХК-д Түрээсийн байр хүлээлгэх өгсөн акт, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт,ТТТ ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ц ХХК- д Түрээслүүлсэн байр хүлээлгэн өгсөн акт, Агаарын бохиролтой тэмцэх газраас түрээсийн төлбөр төлсөн баримт, дансны хуулга, Ц ХХК-ийн 2021 оны 1,2,3 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэл, ЦайзХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01/07 тоот албан бичиг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/365 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэрэл зураг зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 4-27 тал /

5. Хариуцагч Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас, итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр захирамж, тус газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/92, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/131, 2020 оны 11дүгээр сарын 30-ны өдрийн А/142 дугаар бүхий агуулах түрээслэхэд зардал гаргах тухай тушаалууд болон тушаалуудын хавсралт, түрээсийн төлбөр төлсөн, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/366 тоот албан бичиг, Нийслэлийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1037 дугаар захирамж, тус газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/43 тоот албан бичиг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн./х.х-32-35,42-59/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагч ТТТ ХХК итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. /х.х-йн 37,65 тал/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч ТТТ ХХК, НАОБТГ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 19.000.722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1037 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн Газраас Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн агаарын бохиролтой тэмцэх газрыг, Агаар орчны бохирдолтой тэмцэх газар гэж өөрчилсөн байна /х.х-ийн 32 тал/

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад Ц ХХК нь хариуцагч Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан гаргасан 19.000.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч НАОБТГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч Ц ХХК-ийн татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ. /х.х-ийн 86 тал/

3. Хариуцагч ТТТ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд ... гэрээний хугацаа дуусгавар болсон, манай компани нь Ц ХХК-тай харилцан тохиролцож ... 2021 оны 03 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалдагдаж байсан түлшийг зөвхөн эзлэж буй талбайн хэмжээгээр төлбөрийг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,722 төгрөгийг манай байгууллага, зөвхөн нийт ашиглаж байсан талбайн хэмжээгээр буюу 6,856,160 төгрөгийг төлнө ...гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

4.Шүүх, зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Ц ХХК , хариуцагч Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, ТТТ ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 02/18 дугаартай Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах түрээслэх гурвалсан гэрээг бичгээр байгуулжээ. /х.х-ийн 7 тал /

6. Нэхэмжлэгч Ц ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороонд байрлах, 2121 мкв талбайтай худалдааны төвийн барилгын 1230 м.кв талбайг сарын 7.183.200 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар ТТТ ХХК, Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт түрээслэхээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т ..үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр, 318.4.-т ...энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус түүний зарим хэсгийг түрээслэхээр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

7. Зохигчийн хооронд түрээсийн харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргийг биелэлтийг шаардах эрхтэй.

 

8. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч ТТТ ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн зүйл болох байрыг хүлээлгэн өгч,ТТТ ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг хадгалж, Агаар орчны бохиролтой тэмцэх газар, түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 35.916.000 төгрөгийг төлж байсан зохигчдын тайлбар хэрэгт авагдсан түрээсийн төлбөр төлсөн баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9.Түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, талууд гэрээг дүгнэж, актаар баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч ТТТ ХХК нь нөөцлөсөн сайжруулсан шахмал түлшийг 2020 оны 12 сард багтаан, нийслэлийн 6 дүүргийн 610 борлуулалтын цэг рүү бүрэн тээвэрлэж, талбайг суллан, Ц ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, талбайг үргэлжлүүлэн ашиглаж байсан тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар түрээсийн гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хариуцагч ТТТ ХХК нь түрээсийн зүйл болох 1230 мкв талбай бүхий байрыг, нэхэмжлэгч Ц ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн акт гэх баримтаар тогтоогдож байна /х.х-ийн 21 тал /

 

11. Иймд хариуцагч ТТТ ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны түрээс түрээсийн төлбөрт 19.000.722 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэх зүйтэй.

 

12. Шүүх, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,6 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.1,116,118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч НАОБТГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч Ц ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 318дугаар зүйлийн 318.1,326 дугаар зүйлийн 326.1-т заасныг баримтлан хариуцагч ТТТ ХХК-иас 19.000.722 / арван есөн сая долоон зуун хорин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.954 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ТТТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252.954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж. ЦЭНГЭЛ