Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/947

 

 

 

 

 

 

               2024          10           24                                           2024/ШЦТ/947 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2409000001200 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62-1-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Э.М /РД:****/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" таурын орчим "тооцоо хийсэнгүй гэх шалтгаанаар" хохирогч Ө.Ц-т эй маргалдаж улмаар зүүн нүдний доод хэсэгт нь гараараа цохиж зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" таурын орчим "тооцоо хийсэнгүй гэх шалтгаанаар" хохирогч Ө.Ц-тэй маргалдаж улмаар зүүн нүдний доод хэсэгт нь гараараа цохиж зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ө.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...манай найз Мөнх-Эрдэнэ нь намайг баарны тооцоог хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би М-д хувааж тооцоог хийхийг санал болгосон бөгөөд тухайн асуудлаас болж манай найз Мөнх-Эрдэнэ бид хоёр маргалдаж М нь миний зүүн нүдний доод хэсэгт гараараа 2 удаа цохсон мөн миний уруул шүд хэсэг рүү гараараа цохсон байсан. Гэхдээ би найздаа цохиулсан гэж мэдээгүй учир нь М бид хоёр их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад энэ явдлын талаар тухайн баарны зөөгч охин хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

 

Гэрч У.Өмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2 залуу орж ирсэн тэгээд тэр хоёр ширээн дээр суугаад хэдэн пиво мөн тип худалдаж авч ууж сууж байгаад туранхай биетэй нь төлбөр төлөх боломжгүй байна чи манай найзаас мөнгийг нь авчих гэж хэлсэн тэгээд манай хаах болоод төлбөрөө төлөөрэй гэсэн чинь нөгөө махлаг биетэй залуу нь надад бас мөнгө байхгүй гээд байсан учраас манай захирал гар утсыг хурааж авсан удалгүй махлаг биетэй нь картаараа тооцоогоо төлөөд манайхаас тэр 2 залуу захирал Ц, дижи хийдэг Содоог, нэг хамгаалагч ах нар гаргаж өгсөн ба туранхай биетэй залуу нь борөнгийн хүрмээ үлдээсэн байхаар нь би ардаас нь гарч хүрмийг нь өгөхөөр гарсан тэгээд намайг гадаа гарахад тэр 2 залуу бие бие рүүгээ дайраад үзье үзэлцье гээд байсан ба туранхай биетэй залуугийн зүүн гар нь цус болчихсон байсан харин нөгөө махлаг биетэй залууг харж амжаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Тэгсэн тэр нүдний шилтэй махлаг залуу цуг явж байсан өндөр залуутайгаа маргалдаад нэгнийгээ цохих гээд элдэв янз болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 08 дугаар сарын 26-ны 10963 дугаартай “...Ө.Цог-Өрнөхийн биед зүүн хацарт шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ө.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Хохирол хор уршгийн хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            5. Шүүгдэгч Э.М-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС