| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2020/0397/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1418 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ДШМ/1418
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1002 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2008013080522 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Бын М, 2003 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт;
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 47 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
Өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан Г.Нийн 209 тоот ажлын өрөөнөөс нь “Iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Бын Мыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон нийт 339 хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 5 дугаар сарын 14-нөөс цагдан хоригдож байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчилгүй, албан хаагчдын тавьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд биелүүлж байсан. Хоригдож байхдаа удирдах албан тушаалтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй тогтмол уулзаж, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ ухамсарлан, өөрийн зан байдал болон хэрхэн нийгэмших талаар сайн сурч байгаа тул миний биеэр эдлэх 4 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч Б.Мын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Б.М нь хохирол, төлбөрөө төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан Г.Нийн 209 тоот ажлын өрөөнөөс нь “Iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Номундарийн “...2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр би өөрийн ажилладаг “Мөнгөн гүүр” эмнэлгийн 209 тоот өрөөнд ажлын хувцсаа өмсчихөөд 11 цаг 15 минутын үед өрөөнийхөө хаалгыг хаагаад ус аваад ирэхэд миний power bank-д цэнэглэчихсэн байсан “Iphone XS” загварын гар утас алга болчихсон байсан. ...” /хх 26, 31/,
иргэний нэхэмжлэгч Б.Дгийн “...2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед өөрийн гар утас засварын газарт ажлаа хийж байхад гаднаас үл таних 20-25 орчим насны залуу орж ирээд “кодыг нь мартчихсан нэг гар утас байна, энэ гар утсыг хямдхан өгчихмөөр байна” гэж хэлсэн. Тэгээд би “хэдээр өгөх вэ” гэж асуухад “120.000 төгрөгөөр өгчихье” гэсэн. Тэгээд би тухайн залуугийн “Iphone XS” загварын гар утсыг хэлсэн үнээр буюу 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн дээрх залуугийн иргэний үнэмлэхний зургийг утас нь хадгалж авсан. ...” /хх 28-29/,
өсвөр насны Б.Мын яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед “Мөнгөнгүүр” эмнэлэгт дусал хийлгээд, гарч байх явцад 209 тоот өрөөнд хүн байхгүй байхаар нь ширээн дээр цэнэглэж байсан гар утсыг цэнэглэгчийн салгаад хулгайлан авч гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хороолол, “Өргөө” кинотеатрын хажууд байрлах гар утас засварын 2 давхарт үл таних хүнд 120.000 төгрөгөөр зараад явсан. ...” /хх 67-68, 170-174/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1407 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөрний 1, 2, 4 дугаартай нийт 4 ширхэг гарын мөр, Г.Нийн гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. 3 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 4 ширхэг гарын мөр болон Г.Нийн гарын хээний дардас нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” /хх 55-59/ гэх дүгнэлт,
Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Мыг хохирогч Г.Нийн “Iphone XS” загварын гар утсыг “Мөнгөн гүүр” эмнэлгийн 209 тоот ажлын өрөөнөөс хулгайлан авч, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан Г.Нийн 209 тоот ажлын өрөөнөөс нь “Iphone XS” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ ухамсарлан, өөрийн зан байдал болон хэрхэн нийгэмших талаар сайн сурч байгаа тул миний биеэр эдлэх 4 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1002 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ