| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 317/2025/01494/И |
| Дугаар | 001/ХТ2026/00176 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00176
Б.Э-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2026/00014 дүгээр магадлалтай,
Б.Э-н нэхэмжлэлтэй
“ТТ” ХХК-д холбогдох
“ТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.02.17-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Э нь “ТТ” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.02.17-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар Б.Э-г “ТТ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн үйлдвэрлэл, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “ТТ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-н 2025.02.18-ны өдрөөс 2025.12.15-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ТТ” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,128 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “ТТ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгөрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 345,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2026/00014 дүгээр магадлалаар:
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ТТ” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Б.Э-н “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.П нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ТТ” ХХК-ийн төлсөн 345,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2025.02.17-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан тул 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор маргаан таслах комисст гомдол гаргах эрхтэй гэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүх 2025.04.18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор бүтэц орон тоо шинэчлэгдэн Сургалтын алба болж өөрчлөгдсөнийг үндэслэл бүхий буюу нэгэнт хасагдсан бүтэц, орон тоо 2 сарын дараа алба болж 7 хүний бүрэлдэхүүнтэй өргөжиж өөрчлөгдсөнийг мэдэж гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.06.11-ний өдрийн 001/ШХТ2026/00737 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Б.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Б.Э нь “ТТ” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.02.17-ны өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2025.01.28-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргын зүгээс ТУЗ-ийн шийдвэрийн дагуу шинэчлэгдсэн бүтцээр миний ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэж танилцуулаад уг үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэлд гарын үсэг зуруулж, 2025.02.17-ны өдрийн Б/133 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний бие “ажлын байр хасагдсан” гэдэгт итгэсэн тул уг тушаалыг хүндэтгэн зөвшөөрсөн. Гэтэл 2025.05.24-ний өдөр компанийн албан ёсны цахим хуудсаар сургалтын албаны шинэ бүтэцтэй болсныг олж мэдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “ажлын байр хасагдсан” үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. 2025.05.24-ний өдөр энэ тухай мэдсэн тул хуульд заасан хугацаанд Төв аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд хандаж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан....” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.12.30-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор бүтэц, орон тооны өөрчлөлтийг хийсэн бөгөөд тус тогтоолоор Б.Э-н ажлын байр хасагдсан тул 2025.01.28-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн ба тэрээр 2025.02.07-ны өдөр хугацаанаасаа өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Хүсэлтийг нь үндэслэн 2025.02.17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хэрвээ ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн. ...“ТТ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/133 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан тохиолдолд ажил олгогч “ТТ” ХХК-д нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон тул энэ агуулгаараа нэхэмжлэлийг хангах боломжгүй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ; “…хэрэгт авагдсан баримтаар “ТТ” ХХК-ийн 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, хавсралтыг Б.Э-д мэдэгдээгүй, шинэчилсэн бүтцийг танилцуулаагүй тул ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэдийгээр 2025.01.28-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн боловч нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.6-д заасан бөөнөөр халах үед ажилтантай хэлэлцээ хийх, харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бичгээр мэдэгдэх зэрэг зохицуулалтыг зөрчсөн, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар өөрийн эрхээ зөрчигдсөнийг хариуцагч байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдсэнээр 2025.06.10-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийн ажлын байр хэвээр байгааг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсныг шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “…2025.02.17-ны өдөр Б/133 дугаартай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар мэдэгдэх хуудас өгч, үүнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа тоолох тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн, хариуцагчийн цахим хуудаснаас мэдээ уншиж, эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар маргаан бүхий тушаалын үндэслэлд хамаарахгүй…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд гомдол гаргах хугацааны талаарх зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн талаарх нэхэмжлэгч Б.Э-н гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Нэхэмжлэгч Б.Э нь 2020.08.06-ны өдөр “ТТ” ХХК-д тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2024.02.21-ний өдрийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Үйлдвэрлэл, сургалт судалгаа хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.02.17-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар “...Захиргаа удирдлагын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн үйлдвэрлэл, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Э-н ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн…” үндэслэлээр 2025.02.17-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
13.Нэхэмжлэгч Б.Э хариуцагч “ТТ” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээг 2025.02.28-ны өдрөөр дуусгавар болгох тухай ажил олгогчийн мэдэгдлийг 2025.01.28-ны өдөр хүлээн авсан, уг мэдэгдлийг аваад хугацаанаас өмнө буюу 2025.02.07-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажил олгогчийн 2025.02.17-ны өдрийн Б/133 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг мөн өдөр гардан авсан талаар талууд маргаагүй, харин ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш түүний ажлын байр хасагдсан нь бодитой бус болохыг нэхэмжлэгч олж мэдсэн үеэс ажил олгогчийн тушаалд гомдол гаргах хугацааг тоолох үндэстэй эсэх, улмаар тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан.
14.Ажил олгогч дээрх тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан зохицуулалтад үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах боломжтой байна.
Хуулийн уг зохицуулалтын “ажлын байр хасагдсан” гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, харин орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасаж багасгасныг тус тус ойлгоно.[1]
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй байдлаа өөрөө нотлох үүрэгтэй ба мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ.
Ажил олгогчийн ажилтанд хүргүүлсэн мэдэгдэл болон тушаалд Б.Э-н ажлын байр хасагдсан эсхүл орон тоо цөөрсөн аль нь болохыг заагаагүй, аль үндэслэлээр чөлөөлсөн болохыг тодорхойлох баримтыг хариуцагч гаргаагүй байна.
16.Нэхэмжлэгч Б.Э “...ажлын байр хасагдсан гэж ойлгон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед тус компанийн сургалт хариуцсан 3 мэргэжилтэн бүгд мэдэгдэл авсан, чөлөөлөгдсөн эсэхийг мэдэхгүй ... 2025.05.24-ний өдрийн “ТТ” ХХК-ийн албан ёсны фэйсбүүк цахим хуудсанд ...сургалтын албаны дарга Б.У “Улаанбаатар марафон”-д 21 км гүйсэн... талаар мэдээлэл гарснаар сургалтын албаны даргатай болж өргөжсөн тухай мэдсэн...” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нь уг тайлбар, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг гаргаж, няцаах үүрэгтэй.
17.Нэхэмжлэгч тал дээрх тайлбараа нотлох зорилгоор “ТТ” ХХК-ийн албан ёсны фэйсбүүк цахим хуудаст шүүхээс үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангаж, үзлэг хийсэн боловч Сургалтын албаны даргатай холбоотой мэдээлэл гарч ирээгүй.
18.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч эсрэг талаас бичмэл нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу “ТТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2024.12.30-ны өдрийн 24 дүгээр тогтоол, компанийн зохион байгуулалтын бүтцийн хавсралт, ТУЗ-ийн 2025.04.18-ны өдрийн 11 дүгээр тогтоол, компанийн зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар, гүйцэтгэх захирлын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, хавсралтаар Сургалтын албатай холбоотой хэсгийг тус тус шүүхэд ирүүлсэн.
Харин шүүгчийн захирамжид заасан “ТТ” ХХК-ийн бүтэц дэх газар, хэлтэс, үйлдвэрт сургалтын албаны үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нэгж байгаа эсэх талаар баримтыг, гүйцэтгэх захирлын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар баталсан сургалтын албатай холбоотой хэсгээс бусад ажилтнуудын ажлын байр, албан тушаалын нэр, орон тооны жагсаалт болон ТУЗ-ийн 2024.12.30-ны өдрийн 24 дүгээр тогтоол, гүйцэтгэх захирлын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаал гарахаас өмнө ямар бүтэц, орон тоо, орон тооны жагсаалт байсан талаарх харьцуулах баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймээс хариуцагчаас гаргаж ирүүлсэн баримтын хүрээнд шүүхээс дүгнэлт хийх бөгөөд “ТТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2024.12.30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, ...ажилчдын орон тоог 2025.06.01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар бууруулж, орон тооны дээд хязгаарыг 1089 байхаар … тогтоож, уг тогтоолтой холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар уг бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байр, албан тушаалын нэр, орон тооны жагсаалтыг хавсралтаар баталж, уг хавсралтаар Хүний нөөцийн хэлтсийн сургалтын албыг 7 орон тоотой, үүнээс сургалтын албаны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, бүтээмж хариуцсан мэргэжилтэн 2, худалдан авах ажиллагааны сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн 1, хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн 2 байхаар тогтоосон.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч тал “… тухайн үед сургалт хариуцсан мэргэжилтэн 3 байсан…” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримтаа гаргаж ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон гэж үзнэ.
Хариуцагч тал сургалт хариуцсан 3 мэргэжилтэн чөлөөлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг дээрх байдлаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед 7 орон тоотой байсан гэж үзэх ба эдгээр ажилчдыг сонгохдоо ямар шалгуур тавьсан, одоо ажиллаж байгаа 7 орон тооны ажилчид ямар шаардлагыг илүү хангаж байсан талаарх баримтаа хариуцагч гаргаж ирүүлээгүй байх тул “ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн…” үндэслэлээр Б.Э-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
19.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргийн хүрээнд гүйцэтгэх захирлын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар баталсан сургалтын албатай холбоотой хэсгийг ажилтанд танилцуулаагүй, ажилтны бодит мэдээлэл авах эрхийг хангаагүй байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч ажлын байр хасагдаж, орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажилтнуудыг бөөнөөр нь чөлөөлж байгаа үед тэдгээрийг үнэн зөв мэдээллээр хангах, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хамгаалах боломжоор хангах үүргийг ажил олгогч хүлээх тул нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалын “ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн…” үндэслэл бодитой бус болохыг олж мэдсэн үеэс гомдол гаргах хугацааг тооцсоныг зөв гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Э-н гомдол гаргах хугацааг 2025.05.24-ний өдрөөс тооцоход тэрээр 2025.06.04-нд хариуцагч байгууллагад гомдлоо гаргаснаас гадна шүүхэд 2025.06.10-нд хандсан, шүүх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар дүгнэсэн, нэхэмжлэгчийн гомдолд хариуцагч байгууллага 2025.06.27-нд хариу өгсөн, нэхэмжлэгч **** сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаснаар тус хорооноос 2025.07.22-ны өдөр “ТТ” ХХК-д тайлбар ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, “ТТ” ХХК 2025.07.28-ны өдөр хариу тайлбар гаргасан, хорооны 2025.08.04-ний өдрийн тэмдэглэлийг нэхэмжлэгч 2025.08.27-нд гардан авч шүүхэд 2025.09.05-нд нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан гомдол гаргах хугацааг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
20.Давж заалдах шатны шүүх хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй байдлын талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар уг хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгов.
21.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан нь бодитой бус болох нь тогтоогдсон, энэ тухай хожим олж мэдсэн үеэс гомдол гаргах хугацааг тооцохоор дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 223/МА2026/00014 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД
[1] УДШ, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2006, тогтоол №33, х.4, мөр 16.