Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/946

 

 

 

 

 

          2024           10            24                                             2024/ШЦТ/946             

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 24030053806** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *** аймагт төрсөн, халх, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо *** хотхон *** тоотод оршин суух хаягтай, Урьд: Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн.П.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж Жаргал зочид буудлын зүүн талын авто замд 2024 энэ оны 07 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Land Cruiser Prado-120 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 1.4. "1.1-1.3, 1.15.a-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж унадаг дугуйтай зорчиж явсан насанд хүрээгүй Г.Ч-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч “...П.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо **** зочид буудлын зүүн талын авто замд 2024 энэ оны 07 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Land Cruiser Prado-120 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 1.4. "1.1-1.3, 1.15.a-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж унадаг дугуйтай зорчиж явсан насанд хүрээгүй Г.Ч-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан ... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

102 дуудлага лавлагааны хуудас "*** дугуйтай хүүхэд мөргөсөн" гэх, /хх- 04 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-05-10 хуудас/,

 

Жолоочийг согтуурлыг шалгасан: "... Жолооч П.Быг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй..." гэх тэмдэглэл, /хх-11 хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Ч-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би ганцаараа унадаг дугуйгаа унаад 7 буудлаас Сүхбаатарын талбай орох гээд Ногоон нуурийн гудамжинд авто замын голоор буюу үргэлжилсэн цагаан шугам дээр хойноос урагш чиглэлтэй явж байтал миний урдхан талд буюу авто замын хоёрдугаар эгнээгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байсан Prado маркийн автомашин үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийш эргэх үед би унадаг дугуйгаараа автомашины зүүн урд талыг нь мөргөхөд тэр автомашины жолооч нь зогсолгүйгээр зүүн тийш явсаар байгаад миний дайрч унагаагаад би унадаг дугуйндаа дарагдаад газарт унасны дараагаар тэр машины жолооч зогссон. Ингээд жолооч нь гээд нэг ах бууж ирээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн бөгөөд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирж үзээд эмнэлэг оноод зураг авхуулж шинжилгээ өгөөрэй гэсэн бөгөөд би тэр өдрөө эмнэлэгт үзүүлсэн.... Ослын улмаас миний биеийн өвдөг, тохой хацар зулгаралт, шалбаралт үүссэн бөгөөд зүүн өвдөг хавдаж зөөлөн эдийн гэмтэл авсан бөгөөд маргаашнаас нь эмийн сангаас эмийн бичиж өгсөн эм, тос болон өвдгөндөө зүүх хөдөлгөөн хязгаарлагч авч хориод хоног зүүсэн..., Миний унаж явсан унадаг дугуйны гар нь далийсан, дугуйны обуд нь сэнсэрсэн, дөрөө нь далийсан байхаар нь дугуй засварын газарт аваачиж манай өвөө янзлуулсан бөгөөд яг хэдэн төгрөг болсоныг нь би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хх- 14-15 хуудас/,

 

Мөрдөгчийн нас тоолсон: "... 13 нас, 07 сар 07 хоногтой" гэх магадлагаа, /хх-21 хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Одоо хүүгийн биеийн байдал хэвийн байгаа болохоор ямар нэгэн гомдол, санал байхгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-18 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж Жаргал зочид буудлын зүүн талын авто замд 2024 энэ оны 07 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд Land Cruiser Prado-120 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь унадаг дугуйтай зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Ч-д 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорь/ зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090002**** дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг, /хх-27-28 хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч Ө.С9433 дугаартай: "..Г. Ч-ний биед зүүн тойгны доод, дунд чөмөгний гадна, шаантны гадны хэсгийн ясны эдийн няцрал, өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт, /хх-31-32 хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Б техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 40686444 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх- 39-44 хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1420 дугаартай: "...Land Cruiser Prado-120 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Б /РД:Д3*****/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 1.4. "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна..." гэх магадалгаа, /хх-65-66 хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч П.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тухайн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч баримтаар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь томографик хийлгэсэн 300.000 төгрөг, мөн хохиролд 1.500.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг төлсөн нь шүүхэд ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын газарт учирсан 49.920 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Б-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг уг нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТҮВШИНТӨГС