Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хот * ХХК-д харуулын ажилтай, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт, * дүүрэг, *-р хороо, * тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 01 сарын 09-ний өдрийн * аймаг дахь сум дундын * шүүхийн * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэж байсан, * овогт * (РД:*).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 121-122 дахь км-т 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд * УНА улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх: 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал... гэсэн заалтуудыг зөрчин******* жолоодож явсан * УАВ улсын дугаартай Toyota Rav-4 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч******* эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 121-122 дахь км-т 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд * УНА улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх: 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэсэн заалтуудыг зөрчин******* жолоодож явсан,******* өмчлөлийн * УАВ улсын дугаартай Toyota Rav-4 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,******* биед хөнгөн хохирол,******* өмчлөлийн * УАВ улсын дугаартай автомашинд 59,699,590 төгрөгийн хохирогч учруулсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Өмнө ярьсан зүйл бүгд үнэн...” гэв.

 

Хохирогч******* өгсөн: “...2024 оны 01 сарын 19-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар луу буцаж байсан. Эрдэнэтээс ажлаа дуусгаад хоол идчихээд наашаа явж байхад Эгнэсэн машин дундаас өөдөөс цагаан машин гүйцэт түрүүлээд гараад ирсэн. Би өөрөө тамхи татах гээд цонхоо онгойлгоод хурд хэтрүүлээгүй явж байсан. 40-50 км/цагийн хурдтай явж байсан байх. Гэнэт өөдөөс цагаан машин гарч ирээд эрчээрээ ирээд мөргөчихсөн. Чих шуугиад хүмүүс шуугилдаад явчихсан. Манай машин 2020 онд үйлдвэрлэсэн машин байсан. Үнэлгээний байгууллага 2020 онд үйлдвэрлэсэн машиныг бид нар үнэлж чадахгүй байна. Таван Богд зэрэг өөр газруудаар үнэлүүл гэсэн. Тэнд очоод үнэлүүлэхэд үнэлгээ нь засвар үйлчилгээ хийгээд машин бүрэн ажиллагаатай болно гэвэл 150 сая төгрөг гарна гэсэн үнэлгээ тавьж өгсөн юм. Энэ машины зах зээлийн үнэ нь 85-90 саяын үнэтэй машин. 150 сая гэхээр нөгөө үнэлгээндээ ашиг олчихно. Тэгэхээр хэн ч ашиг олохгүй, хэн ч хохирохгүй байх гэдэг үүднээс эрүүл байгаа хэсгийг нь 15 саяар үнэлье, эвдэрхий хэсгийг нь 50 саяар үнэлнэ гэдгийг бид нар хүлээн зөвшөөрсөн. Энэ машиныг ажилд ашигладаг байсан. Хувийн журмаар манай охин жуулчид авчирч түрээслүүлээд олсон ашгаараа ББСБ-ын зээл төлдөг байсан юм. Тэгээд энэ 1 сарын 19-өөс хойш энэ орлого олох үйл ажиллагаа зогссон.  Би өөрөө хэвтрийн байдалд шилжиж ажил хийх ямар ч боломж бололцоогүй хөдөлмөрийн чадвараа алдсан. Банк бусаа хүртэл төлж чадахгүй байдалд орсон.

Машины хохирол 53 сая, эмчилгээний 3 сая, тэгээд ББСБ-ын 1 сарын 19-өөс хойших энэ машины ажилд гарах байсан орлогыг нэхэмжилж цагдаад хаяглаж бичгээр хүсэлтээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд надад суумгай буюу тийм хүнд юм байхгүй үүнтэй холбоотой яс, хөрс янгинах асуудал бол байгаа. Хараа жоохон муудаж байгаа юм байна лээ. Тэр нь толгойны доргилтоос болж байгаа болов уу гэж бодож байгаа. Харуй бүрий болоход гадаа гарахаараа хүн сугадахгүй бол юм харж чадахаа больчихсон байна лээ. Энэ мэтчилэн юмыг нэхэмжлэхгүй. Одоо ББСБ-ын өрийг болон намайг буцаагаад орлоготой байх нөхцөлийг даруй бүрдүүлж өгөөч гэж гуйсан. бид 2 осол болсноос хойш ерөөсөө уулзалдахгүй, тааралдахгүй, яриагүй байж байгаад сарын өмнөөс яриад төлбөр мөнгөө төлөх ийм санал байна, ийм байна гэдэг саналаа тавиад 1,700,000 төгрөгөөр нэг удаа, дараа нь 10 сая төгрөг шилжүүлсэн. 3 дахь төлөлтөөрөө дахиад 10 саяыг наадмын дараа шилжүүлсэн. Наадмын дараа билүү өөрөө намар мал таргалаад тариа ногоо ургахаар төлөх боломж гарна гэсэн. Энэ машинаар би ингэж орлого олдог байсан гэдгээ өөрт нь ч гэсэн үнэн учраа хэлсэн. Одоо би хохирлоо төлүүлэхгүй бол өөрөө өр зээлд ороод банк бус маань намайг шүүхэд өгөх дээрээ тулаад явж байгаа. Нададыг ял эдлүүлэх сонирхол байхгүй. Ял эдлэхээр энэ хүн чинь надад мөнгөө төлж чадахгүй. Тэгэхээр энэ хүн ажлаа хийгээд хохирлоо төлж барагдуулж өгөөч л гэж гуйя. Түүнээс энэ хүнийг ямарваа нэгэн ял эдлүүлэх сонирхол байхгүй... ” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

          1. Хохирогч******* өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байсан. Улаанбаатар хотоос Булган аймаг орохоор манай нөхрийн дүү * гэх залуугийн машинд суугаад өдрийн 12 цагийн орчимд гарсан. Машины дугаарыг нь мэдэхгүй машин жолоодож явсан. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр суусан байсан. * гээд эхнэр нь жолоочийн хажуугийн урд суудал дээр суусан байсан, харин миний хажууд хүү нь арын суудал дээр голд суучихсан харин цаад талд нь нэг охин суучихсан байсан. Хотоос гараад Хөтөл ортол би сэрүүн явсан. Хөтөл өнгөрөөд нойр хүрээд унтчихсан байсан. Нэг мэдсэн л нэг л сонин дугарч чадахгүй ухаан орсон. Намайг зүгээр үү гэж хүн асууж байсан. Миний зүүн гар хөдөлж болохгүй толгой хүчтэй өвдөөд байсан. Тэгээд намайг ямар ч байсан машинаас буулгаж байсан. Би шооконд орсон юу ч болж байгааг мэдээгүй. Ослын газраас Баруунбүрэн сумын эмнэлэг ороод гараа сойлгож аваад эмнэлгийн машинаар Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. ...Миний зүүн гарын шууны яс хугарсан шохойдоод боочихсон байгаа. Зүүн талын түнх, ууц тэр чигээрээ өвчтэй байна. өвчин намдаах эм уухгүй л бол гишгэж ч чадахгүй байна. ... Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. ... Би унтаж явсан болохоор тэр талаар юу мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 146,149 дугаар хуудас/,

                 2. Гэрч******* өгсөн "... Бид гэр бүлээр ээ бага хүү *, бэр эгч *, нөхөр *, манай эгчийн хүүхэд * бид 5 Улаанбаатар хотоос Булган аймгийн төв орж ээжийнхээ цагаан сарын буузыг хийж өгөх гээд Улаанбаатар хотоос өдөр 12:15 цагийн орчимд гараад явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байсан чинь урдаас нэг хар машин гарч ирээд юу болсныг сайн мэдэхгүй байна.... Бид нар манай нөхрийн эзэмшлийн Эдван маркийн * УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Нөхөр машин бариад би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад арын суудал дээр * эгч, *, манай хүү 3 суугаад явж байсан. ...Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Хар өнгийн машин байсан. ...Манай нөхрийн өвдөг хэсэгт оёдол тавиулсан. Миний хэвлий хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, бэр эгчийн зүүн гар хугарсан, толгой хагарсан нөгөө манай хүү, * 2 зүгээр байсан... Манай нөхөр ер нь бол зөөлөн явдаг 60 км цагийн хурдтай явж байсан. Манай машин дээд тал нь 80 км цаг хүртэл хурдалдаг... Би тэр талаар сайн мэдэхгүй байна хамар хэсэг нь чихэгдээд орчихсон байна гэсэн би сайн харж чадаагүй. ...Гадаа бол гэгээтэй зам бол гайгүй зарим хэсгээрээ жоохон мөстэй байсан. Тэгшхэн замтай байсан. Бид нар ер нь өгсөж явж байсан. Би осол болсон газрын нэршлийг бол сайн мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг, /хх-ийн 157 дугаар хуудас/

3. Гэрч******* өгсөн: "...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16:30 цагийн үед байх би Отгонлхагва гэдэг найзынхаа ээжийн хамт түүний * УАВ улсын дугаартай Тоёото Rav-4 загварын тээврийн хэрэгслийг би жолоодоод Улаанбаатар хот орохоор гарсан. Тэгээд 1 цаг орчим яваад Хөшөөтийн даваа даваад Баруунбүрэн сум руу нэлээд дөхөж явахад өөдөөс 10 орчим тээврийн хэрэгсэл ойр ойрхон зайтай үргэлжилсэн цуваа үүсгэчихсэн явж байсан. Тухайн машинуудын урд том ачааны машин явж байсан учраас тийм цуваа үүссэн байсан юм. Тэгээд би эхний 2-3 машинтай зөрсний дараа 7-8 дахь машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний явж байсан эгнээд бүтэн гараад ирсэн. Тэгээд би торомз гишгээд тухайн машин тулсан байсан учраас яг урдаасаа мөргөлдсөн. Тухайн машиныг нэг ах жолоодож явсан бусад зорчигч нь эмэгтэй хүмүүс 1 хүүхэд байсан. Замын хөдөлгөөнд оролцож явахад миний урд явсан цагаан өнгийн жийп машин анхааруулах дохио сайн өгөөд яваад байсан юм. Даваа уруудах үед аваараа асаагаад хажуугаар машин тэрэг зөрөх үед дохио өгөөд яваад байсан. Тэгээд тэр цуваа руу орохдоо тухайн машин бас аваараа асаагаад орсон. Тэгээд би хурдаа хасаад аваараа асаагаад зайгаа бариад явж байсан. Миний арын машин бас нэлээд хол зайтай байсан. Осол гарсны дараа ард явж байсан цагаан өнгийн Тоёота ланд-300 загварын машины жолооч нь биднийг эмнэлэгт хүргэсэн бас цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн хүмүүс болсон асуудлын талаар сайн мэдэж байгаа. Тухайн хүн * гэсэн утастай эгч байсан. Тэгээд осолд орсон машинуудын зорчигч нар Баруунбүрэн сумын эмнэлэгт ирээд тэндээсээ Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдсэн. Миний хажууд сууж явсан зорчигч * гэгчийн баруун гар цуурч хугарсан, хүзүү гэмтсэн, хавирга хугарсан байж магадгүй нарийн мэргэжлийн шинжилгээ өг гэсэн байсан. Нөгөө талын машинаас жолоочийн өвдөг гэмтсэн, нэг настай эгчийн толгой хагарч гар хугарсан гэсэн бусдыг нь мэдэхгүй байна. ...Би 2016 онд жолооч болсон түүнээс тасралтгүй жолоо барьж байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ядарсан нойргүй явсан асуудал байхгүй. Би буудалд амарч байгаад явсан учраас ядрах нойр муутай байх асуудал байгаагүй. Осол гарах үед 40-50 км цаг, замын туршид 80 км цагийн хурдтай явсан. Надад ил харагдах сүйдтэй гэмтэл байхгүй. Цээж хөндүүр байгаад байгаа, аваарын дэрэнд цохиулсных байх гэж бодож байна. Би зорчигчийн хамт хамгаалах бүсээ зүүчихсэн явсан учраас харьцангуй гайгүй өнгөрсөн гэж бодож байгаа... Яг миний явж байсан эгнээнд мөргөлдсөн. Нөгөө машин урдаас гарч ирээд зүүн тал руугаа нэлээд дараад буцаагаад дараад миний машины баруун урд талаас мөргөөд машин хөндөлсөөд зогссон. Би зүүн дарах гэхээр цувааны машинууд байсан учраас дараагүй эгнээндээ явсан. Тэгээд би ослын буух гэсэн чинь хаалга гацаад бууж чадахгүй байсан. Тэгээд хаалгаа түлхсээр байгаад онгойлгоод буусан. Намайг бууж ирсний дараа нөгөө машины хүмүүс бүгд буучихсан байсан. Тэгээд би бууж ирээд жолооч нь хэн бэ гэсэн чинь нэг ах байсан. Тэгээд тэр ах уучлаарай гээд байсан. Дараа нь эмнэлэг дээр ирээд урд явсан машинууд гүйцэж түрүүлээд байхаар нь амжих байх гээд гүйцэж түрүүлж байгаад амжсангүй гэж хэлж байсан. Миний хувьд зүүн тал руугаа дарсан асуудал байхгүй. Зам тэгш шулуун, ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, үзэгдэх орчин сайн, гэгээтэй өдөр байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 157-158 дугаар хуудас/,

               4. Гэрч *ын өгсөн: “...2024 оны 01 сарын 19-ны өдөр Хөшөөтийн даваа уруудаад Баруунбүрэн сум дөнгөж харагдаад явж байтал миний урд саарал өнгийн Rav-4 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан замын эсрэг талын эгнээнд 4 машин явж байсан шиг санагдаж байна. Яг зөрж байсан тэгтэл хамгийн хойно явсан цагаан өнгийн пробокс загварын тээврийн хэрэгсэл гэнэт урд явсан машинаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа миний урд явсан рав-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй яг эгц урд урдаасаа мөргөлдсөн. Тухайн осол болсны дараа замын зорчих хэсгийг бүтэн хязгаарлачихсан байсан. Би ардаас нь явж байсан миний нүдэн дээр яаг осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

            5. Гэрч *ын өгсөн: “...Манай нөхөр машин бариад явж байсан би хажууд нь суугаад явж байсан тэр өдөр 19-ний өдөр нь Баасан гариг байсан Улаанбаатар хот руу болон Эрдэнэт хот руу орж байсан чиглэл маш их хөдөлгөөнтэй байсан тэр орой цасаар шуурч байсан. Би яг хаана гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна зам тийм ч сайн мэдэхгүй болохоор манай машины яг урд явж байсан хөх саарал өнгийн дунд гарын жийп загварын тээврийн хэрэгсэл байсан. Би машин дотроо утсаараа оролдоод явж байтал манай нөхөр тэр нэг тэнэг малыг хардаа гэж хэлэхээр нь яг зам руу хартал яг манай урд явж байсан машин руу нөгөө урсгалд Эрдэнэт хот руу явж байсан чиглэлийн замаас нэг цагаан цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь шууд мөргөчихсөн. Манай нөхөр машинаа зогсоогоод би машинаас буугаад яг урд явж байсан Rav-4 загварын тээврийн хэрэгсэл дээр очсон бас нөгөө цагаан саарал өнгийн машин дээр нь бас очсон. Манай машины урд явж байсан машины аваарын дэр нь задарчихсан машин дотор байсан нийт хоёр нь ухаан алдчихсан шинжтэй харагдаж байсан. нөгөө эсрэг урсгалаас орж ирсэн машин дээр очтол тэнд байсан нийт 5 хүмүүс нь ухаантай тэгэхдээ нэлээн цус болчихсон гэмтсэн байсан. Ухаан алдсан машин дээр очоод зүгээр үү гайгүй юу гээд асуутал сэргээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167-р хуудас/

 

            6. Гэрч *ын өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот СХД Цамбагарав гэх газраас хамаатаны ах болох *ы гэрийн гаднаас Булган аймаг орохоор машинд нь суусан. Тухайн машин нь caapaл  өнгийн суудлын тэрэг байсан бөгөөд би жолоочийн ард суусан. Жолоог бариад хажууд нь * эгч суугаад * эгчийн ард * эгч суугаад хойд суудлын голд Сайханжаргал гэдэг Отгсайхан ахын хүү суугаад явж байсан. Тэгээд замын турш зогсолтгүй явсан бөгөөд би осол гарах үед хаана явж байгааг мэдээгүй бага зэрэг зүйрмэглэсэн байдалтай явсан. Тэгээд явж байсан чинь гэнэт түс тас машинтай мөргөлдчихсөн, юу болсон талаар нь огт мэдээгүй. Манай машинд сууж явсан Даваатуяа эгч гар нь өвдөөд хөдөлж чадахгүй байна гэж байсан. Тэгээд машинаас буусан чинь өөдөөс ирж мөргөлдсөн машинд нэг эгч нэг залуу хоёр байсан. Манай машины хамраас утаа гaрaaд байсан. Тухайн үед манай жолоочийн өвдөгнөөс цус гарсан байсан. Өөр илт ил гэмтэлтэй хүн харагдаагүй. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд бид нарыг Баруунбүрэн сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлээд Орхон аймгийн эмнэлэг рүү хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 170 дугаар хуудас/, 

 

 

            7. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч *гийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1927 дугаартай

            -*ын биед баруун шуу, баруун 7-р хавирганы хугарал, зүүн эгэм,

баруун хөх, хэвлийд цус хуралт, баруун хацар, зүүн чамархай, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх

боломжтой байна,

            -Баруун шуу ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун 7-р хавирганы хугарал, зүүн эгэм, баруун хөх, хэвлийд цус хуралт, баруун хацар, зүүн чамархай, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40-р хуудас/,

 

            8. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч *гийн 2024оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1969 дугаартай

            -*ийн биед зүүн атгаал яс, зүүн богтос шуу ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

            -Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

            -*ийн биед үүссэн зүүн атгаал яс, зүүн богтос шуу ясны далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зулайн хуйхны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57 хуудас/

 

            9. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч *ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1971 дугаартай -*ын биед баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр шуу, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна,-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 хуудас/

 

            10. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч *ийн * УНА улсын дугаартай Nissan advan загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан

* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх: 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал... гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна гэж үзэв.... * УАВ улсын дугаартай Toyota Rav4 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна... * нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн байна.... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,

            11. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *н ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 382 дугаартай “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 59.699.590 төгрөг байна” гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 114-122-р хуудас/,

            12. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн *аас гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

            13. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-11-р хуудас/,

            14. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-18 дугаар хуудас/,

            15. хохирогч *аас гаргаж өгсөн эмчилгээний, шатахууны болон бусад гэм хортой холбоотой баримтууд /хх-ийн 130-140 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч******* нь: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасныг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж өмнөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч болон автомашинд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн******* захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас /зам тээврийн ослоос/ хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн байна.

*ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч *ы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *, * нарын бие махбодид хүндэвтэр, *ын биед хөнгөн гэмтэл, *ын өмчлөлийн Toyota Rav 4 маркийн тээврийн хэрэгсэлд 59,699,590 төгрөгийн хохирол учирсан байх ба үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн

тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүх шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр *ын биед хүндэвтэр, *ийн биед хүндэвтэр, *ын биед хөнгөн, *ын өмчлөлийн Toyota Rav 4 маркийн тээврийн хэрэгсэлд 59,699,590 төгрөгийн хохирол учирсан байх ба ******* нь автомашинд учирсан хохирол 59,699,590 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 3,820,962 төгрөг, * УАВ улсын дугаартай Toyota Rav4 маркийн тээврийн хэрэгслийг “*” ББСБ-аас авсан бөгөөд ослын улмаас зээлийн төлбөрийг төлж чадаагүй, энэ машинаар жуулчинд явж төлбөрийг нь хийдэг байсан тул 2024 оны 01-ээс 06 сарын байдлаарх зээлийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 9,502,824 төгрөг нийт 73,023,376 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн130-141, 220-226 хуудас/

Хохирогч******* нь ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ, эмчилгээ дуусаагүй байна. Эмчилгээгээ дуусгаад баримтаа гаргаж өгнө. Би ослоос болж ажлаа хийж чадахгүй байгаа тул цалин хөлсөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд биеэр оролцоогүй болно. /хх-ийн 149 хуудас/

Иргэний нэхэмжлэгч * нь “Отгонсайхан нь миний нөхөр гэр бүлийн хүн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч******* нь хохирогч *д автомашины хохиролд 21,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Мөн хохирогч *д нотлох баримт гаргаж өгөөгүй ч 1.400.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна /хх-ийн 150-151 хуудас/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *аас эрүүл мэндэд учирсан хохиролд 3,820,962 төгрөг, автомашины хохиролд 38,199,590 төгрөг гаргуулж хохирогч *ад олгож, *ын банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой, олох ёстой байсан орлого 9,502,824 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь * нь Toyota Rav4 маркийн машинаар ажил хийгээд сард хэчнээн төгрөг олдог эсэх нь тодорхойгүй байна.

Мөн шүүгдэгч******* нь хохирогч*******д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,400,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч******* нь хохирлын талаар гэм буруугийн шүүх хуралдаан

дээр: “...Хохирлоо тодорхой хэсгийг нь төлсөн, үлдэх хэсгийг нь цалингаасаа төлж барагдуулна, ах дүү нар бас тусална гэсэн” гэж үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлтийн төлбөрийг /автомашины үнэлгээ/ төлөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар*******аас Nissan advan тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон 390.000 төгрөг, Toyota Rav-4 тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон 3.490.000 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүх шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна... гэв.

Хохирогч * шүүх хуралдаанд: “...Жолооны эрхийг хасвал энэ хүн амьдралын боломжгүй болчих юм биш үү. Өөр санал байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд: “...Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Уучлаарай гэж хохирогчдоо хэлмээр байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэж хэлье...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч *ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөхдөө санаачилгатай хандаж тодорхой хувь хэмжээгээр хохирлыг барагдуулсан, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөрийн хэмжээ ихтэй учраас ажил хөдөлмөрөө хийж хохирлоо арилгах үүднээс түүнд торгох ялыг сонгож оногдуулсан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч * овогт * /РД:*/-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *аас эрүүл мэндэд учирсан хохиролд 3,820,962 төгрөг, автомашины хохиролд 38,199,590 төгрөг гаргуулж хохирогч *д олгож, *ын ББСБ-д төлөх ёстой, олох ёстой байсан орлого 9,502,824 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь *д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  1,400,000  төгрөгийг төлсөн болохыг дурдаж,  Хохирогч * нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Д.Амаржаргал шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *аас Nissan Advan тээврийн хэрэгслийн үнэлгээ хийсний төлбөр 390,000 төгрөг, Toyota Rav-4 тээврийн хэрэгслийн үнэлгээ хийсний төлбөр 3,490,000 төгрөгийг тус тус гаргуулж* ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч*д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН