Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00202

 


 

 

2022 оны 01 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2022/00202 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай, ... баг, Жаргалант албан хэсэг .. гудамж, ... тоотод оршин суух, ... ...ын /РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... хороо, ... байр, .... тоотод оршин суух, ... овогтой М...ын ....т /РД:.../ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2020.06.06-ны өдөр М.....тэй харилцан тохирч ... /Нотариатын бүртгэлийн дугаар/ дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1, 3.2, 3.6-д заасны дагуу Э.... нь мөн өдөр М....т бэлнээр 2 сарын хугацаатай 7,0 сая төгрөгийг, хүүгүй зээлдүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний мөнгөн дүнгээс огт төлөлт хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2021.06.25-ны өдөр М....т Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг гардуулан өгсөн. Тус мэдэгдэлд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан дээрх мөнгийг буцаан төлөөгүй байх тул энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор зээлдэгчийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэхийг шаардаж байна. Хэрвээ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд таныг холбогдох харьяа хууль хяналтын байгууллагаар шалгуулах, учирсан хохирол, зардлыг шүүхээр нэхэмжлэн гаргуулахыг албан ёсоор мэдэгдэж байна гэж дурдсан. Гэтэл М..... мэдэгдэлд заагдсан хугацаанд 7,0 сая төгрөгөөс огт төлөлт хийгээгүй, гэрээний 1.2, 3.1, 3.6, 4.1, 4.7-т заасан үүргээ ноцтой зөрчсөн тул дахин хугацаа олгох шаардлагагүй байна. Улмаар гэрээний 6.5-д заасны дагуу талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Тиймээс 2020.06.06-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу зээлдүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагч М.....ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хэдийгээр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан ч энэхүү мөнгийг ашиглаж, зарцуулаагүй, ...-д бүхэл дүнгээр нь өгсөн. Үүнийгээ  ...тай авсан нь үнэн гэж гэрчилж нотариат үйлдсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.... нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 төгрөгийг М.....ээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгчээс Зээлийн гэрээ, Мэдэгдэх хуудас баримтыг ирүүлсэн, харин хариуцагч нь нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь зээлийг аваагүй талаар маргаагүй, харин бусдад өгсөн талаар тайлбар гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2020.06.06-ны өдөр М.....тэй харилцан тохиролцож, Зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Э.... нь гэрээний 3.1, 3.2, 3.6-д заасны дагуу М....т бэлнээр 7,000,000 төгрөгийг өгсөн, хариуцагч нь зээлийг аваагүй талаар маргаагүй тул хууль болон гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж үзнэ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар мөнгө шилжүүлсэн этгээд мөнгийг хүлээн авсан этгээдээс зээлийг буцаан шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2 сарын хугацаатай зээлүүлсэн байх тул 2020.08.06-ны өдрөөс зээлийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М....т 7,000,000 төгрөгийг гаргуулан Э....д олголоо.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 126,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн хүсэлтийг хангаагүй тул түүнийг энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....ээс /РД:.../ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулан, ...ийн ...д /РД:.../ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 126,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ