| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/03237/И |
| Дугаар | 001/ХТ2026/00120 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00120
С.С-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
тойргийн шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00180 дугаар магадлалтай,
С.С-н нэхэмжлэлтэй
Г.Б, П.Г нарт холбогдох
Г.Б-д “СХ” ХХК-ийн 500 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2022.12.16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, “Хувьцаа захиалгын гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон П.Г-д “СХ” ХХК-ийн 200 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2022.12.16-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,
Г.Б-д “СХ” ХХК-ийн 250 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2023.06.28-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон П.Г-д “СХ” ХХК-ийн 250 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2023.06.28-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-үүдээс татгалзаж, “СХ” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.С-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д, Ц.Ц, хариуцагч П.Г, түүний өмгөөлөгч А.О, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Ц, Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Г.Б, П.Г нарт холбогдуулан “СХ” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг Г.Б-д шилжүүлсэн 2022.12.16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, “Хувьцаа захиалгын гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон П.Г-д “СХ” ХХК-ийн 200 ширхэг хувьцаа шилжүүлсэн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,
Г.Б-д “СХ” ХХК-ийн 250 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2023.06.28-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон П.Г-д “СХ” ХХК-ийн 250 ширхэг хувьцаа шилжүүлсэн 2023.06.28-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-үүдээс татгалзаж, “СХ” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Б эс зөвшөөрч, хариуцагч П.Г зөвшөөрсөн тайлбар гаргаж оролцжээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, Г.Б нар 2023.06.28-ны өдөр 02 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, П.Г нар 2023.06.28-ны өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, Г.Б нар 2023.06.28-ны өдөр 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, П.Г нар 2023.06.28-ны өдөр 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “СХ” ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-н эзэмшиж байсан “СХ” ХХК-ийн 500 ширхэг, дүрмийн санд эзлэх 33,33 хувийн хувьцааг эгүүлэн С.С-н нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж, С.С-н нэр дээр 500 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой “СХ” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “СХ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч П.Г, Г.Б нарт холбогдох “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, П.Г, Г.Б нарын 2022.12.16-ны өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “СХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Г, Г.Б нарын 2022.12.16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ, “СХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Г, Г.Б нарын 2022.12.16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, П.Г нарын 2022.12.16-ны өдрийн 03 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, П.Г нарын 2022.12.16-ны өдрийн 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.С-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,470,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-н улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,751,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгож, хариуцагч П.Г, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч П.Г, Г.Б нараас 280,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00180 дугаар магадлалаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Б, П.Г нарт холбогдох 2022.12.16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа захиалгын гэрээ”, 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон 2022.12.16-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, мөн өдрийн 07 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2023.06.28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон 2023.06.28-ны өдрийн 03 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 04 дугаартай “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-үүдээс татгалзаж, “СХ” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч С.С-н хяналтын журмаар гаргасан гомдолд: “... Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэрнээ 2022.12.16-ны өдрийн эхний багц гэрээнүүд нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж тус тус үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх “Г.Б нь нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ 550,000,000 төгрөгийг Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу төлөх үүрэг хүлээсэн хэдий ч эхний багц гэрээнүүд нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн ч ямар учраас эхний багц гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулахгүй байгаа нь ойлгомжгүй.
Хэрэгт авагдсан 2022.12.16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд зааснаар талууд “СХ” ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны зах зээлийн үнийг нийт 550,000,000 төгрөг гэж тогтоосон, хувьцааны төлбөр 550,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хуваан төлөх буюу зээлийн нөхцөлтэйгээр худалдах, худалдан авахаар тохирсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байна. Иймд эхний багц гэрээнүүд нь Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасантай зөрчилдсөн гэж үзэхээр байна.
Нэмж гаргасан хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгөөр компанийн санхүүгийн байдлыг дээрдүүлэх зорилгоор буюу хуримтлагдсан өр, зээлийг төлүүлэхэд зарцуулахаар гэрээ байгуулагдсан хэрнээ хувьцааны төлбөр төлөх хугацааг хойшлох боломжтой, хуваарь гаргаж өгсөн нь дээрх гэрээнүүдийн зорилгыг үгүйсгэсэн, хэрэгжих боломжгүй, компанийн үйл ажиллагааг дордуулахад хүргэсэн байхад 2 шатны шүүх дүгнэлт өгч чадаагүйн улмаас гэрээ хэлцлийн аль ч талд ашигтай байх, шударга ёсны зарчмуудтай нийцээгүйгээс гадна хувьцаа эзэмшигчид болон компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрснийг анхаараагүй.
Анхан шатны шүүх Г.Б-д өрийг хувьцаагаар солих асуудал хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т нийцсэн байна гэж дүгнэн Компанийн тухай хуулийн компани өөрчлөх, татан буулгах, өрийг хувьцаагаар солихтой холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн эсэх тухайд зөрүүтэй шийдэл дүгнэлт хийсэн.
-Хоёр дахь багц гэрээний гол үүргийг хоёр шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн “****-ны зээлийн дансанд хариуцагч нар хувьцааны төлбөрийг шилжүүлснээр түүнийг захиран зарцуулах эрх “СЕ” ХХК-д үүсэх тул гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн” гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд С.С нь өөрийн хувьцааны төлбөрөөр компанийн өр буюу Г.Б-н хариуцвал зохих төлбөрийг төлж, өөртөө нэг ч төгрөг аваагүй нөхцөл байдал тодорхой харагдана. Зээлийн харилцах данснаас зарлага гаргах боломжгүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх С.С-г зээлийн дансанд орсон төлбөрийг захиран зарцуулах эрх нээлттэй гэж өрөөсгөл дүгнэлт хийлээ.
-Хоёр дахь багц гэрээний гол нөхцөл болох С.С-н эзэмшлийн 500 ширхэг хувьцааны үнэ зөвхөн ****-ны зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тодорхойлогдох боломжгүй, С.С өөрийн эзэмшлийн 500 ширхэг хувьцааг Г.Б, П.Г нарт тэнцүү хэмжээгээр шилжүүлэхдээ тавьсан шаардлага болох а/ “СЕ” ХХК-ийн нэр дээр байдаг “СХ” ХХК-ийн хариуцвал зохих **** банк, **** сан, ****-ны гурвалсан зээл, б/ “СЕ” ХХК-ийн нэр дээр байдаг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 29,600,000 төгрөгийн өвс хаман боогч, тармуур, хоёр давхар хадуур гэсэн 3 ширхэг тоног төхөөрөмжийн зээлийг бүрэн төлж, “СЕ” ХХК-ийн нэрийг чөлөөлөх, в/ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг хугацаанаас өмнө төлж, зээлийн барьцаанд тавигдсан С.С-н төрсөн дүүгийн 2 ширхэг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх, г/ хувьцаа эзэмшигч С.С, Ч.Х-н 28,500,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах, д/ “ХК” ХХК-д төлбөл зохих агуулахын байрны үлдэгдэл төлбөрийг 100 хувь хариуцан төлөх, е/ өмнөх гэрээний төлбөр 250,000,000 төгрөгийг Г.Б нь төлж барагдуулах зэрэг нөхцөлүүдийг багтаасан хэмжээгээр тодорхойлогдож, хувьцаа эзэмшигч Г.Б, П.Г, “СХ” ХХК нар нь дээрх зээлүүдийг хариуцан төлж барагдуулснаар хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдэж, гэрээний үүрэг дуусгавар болохоор байна.
Гэтэл 2023 оны 06 дугаар сард 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт шилжүүлснээс хойш 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн ч зөвхөн ****-ны зээл л төлөгдөж, бусад өр төлбөрийг С.С төлж, өөртөө нэг ч төгрөг аваагүй байхад хувьцааны төлбөр авсан гэж үзэн 2 дахь багц гэрээний үүрэг зохих ёсоор, шударгаар биелэгдсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “2 дахь шаардлагыг хариуцагч П.Г зөвшөөрч байх боловч энэ зөвшөөрлийг батлах нь хариуцагч Г.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө” гэж үзсэн нь үндэслэлгүй байхаас гадна хариуцагч Г.Б нь 1,650,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий “СХ” ХХК-д бодитоор 167,015,600 төгрөгийн хувьцааны төлбөр төлж компанийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигч болсон, мөн сүүлийн гэрээгээр өөрөөсөө 223,423,232 төгрөгийн төлбөр төлж компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон нөхцөл байдлыг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзсэн магадлал үндэслэлгүй. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж, нэхэмжлэгч С.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.С-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00473 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Г.Б-д холбогдуулж, дараах 2 шаардлага гаргасан:
7.1.“СХ” ХХК болон Г.Б нарын хооронд байгуулсан 2022.12.16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Хувьцаа захиалгын гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “....Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар хүссэн хэлцлээс өөр хэлцэл хийж төөрөгдсөн, Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон,
7.2.С.С болон Г.Б нарын хооронд байгуулсан 250 ширхэг хувьцаа шилжүүлэх тухай 2023.06.28-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 250 ширхэг хувьцааг буцаан гаргуулах шаардлага гаргаж үндэслэлээ “...СЕ” ХХК-ийн ****-с болон ЖДҮС-аас авсан, зээлийг төлөх, хувь иргэнээс “СХ” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийг төлөх, улмаар зээлийн барьцаанд тавигдсан 2 иргэний 2 ширхэг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гэрээний нөхцөлүүд биелэгдээгүй...” гэж тайлбарласан.
8.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч П.Г-д холбогдуулж, 2 шаардлага гаргасан:
8.1.С.С болон П.Г нарын хооронд 200 ширхэг хувьцаа шилжүүлэх тухай 2022.12.16-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар хүссэн хэлцлээс өөр хэлцэл хийж төөрөгдсөн, Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон,
8.2.С.С болон П.Г нарын хооронд 250 ширхэг хувьцаа шилжүүлэх тухай 2023.06.28-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, “СХ” ХХК-ийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...эцэст нь хэлэхэд П.Г, Г.Б нар анхнаасаа үгсэн хуйвалдаж миний хувьцааг шилжүүлэн авсан байхыг үгүйсгэхгүй. ...” гэж тайлбарласан.
9.Хариуцагч Г.Б өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,
9.1.“...П.Г-тай танил байсан ... 2021 оноос “СХ” ХХК-д хөрөнгө оруулаач гэж хүсэлт тавьсан тул 2022.12.16-ны өдөр гэрээ байгуулж, хөрөнгө оруулсан, С.С-н хувьцааг худалдаж аваагүй, “СХ” ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 1,000 төгрөгөөр тооцож, 549,500,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон ... талууд нэг бүрчлэн гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан тул төөрөгдсөн гэж үзэхгүй. Хэрвээ төөрөгдсөн бол 2023 оны гэрээ дахин байгуулагдахгүй байсан, 2022.12.16-2024.06.24-ний хооронд бэлэн, бэлэн бус болон эд хөрөнгөөр нийт 556,075,000 төгрөгийг “СХ” ХХК-д төлсөн,
9.2. ... 2023.06.28-ны өдрийн гэрээгээр “СХ” ХХК-ийн С.С-н өмчлөлийн 250 ширхэг хувьцаа буюу 16,7 хувийг нэг бүрийг 400,000 төгрөгөөр тооцож, нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Бодит байдал дээр 500 ширхэг хувьцаа буюу 33,33 хувийг нийт 223,430,000 төгрөгөөр худалдан авч, С.С-н “СХ” ХХК-ийн ****-ны данс руу 2023.07.03-ны өдөр шилжүүлсэн, П.Г С.С-т уг хувьцааны төлбөрийг огт төлөөгүй, хувьцааны төлбөрийг Г.Б төлсөн...” гэж маргасан.
10.Хариуцагч П.Г-н хариу тайлбарт:
10.1.“...Г.Б нь “СХ” ХХК-ийн хувьцааны 33,3 хувийг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед хуримтлагдсан банк, ЖДҮС-ийн 300,000,000 төгрөгийн зээлийг төлж, үлдэх 250,000,000 төгрөгийг С.С-т хувьцааны үнэ гэж төлөх, “СХ” ХХК-ийн хувьцааг 3 тэнцүү эзэмших үүднээс С.С 200 ширхэг хувьцааг нэмж өгөхөөр тохирсон, ярьснаас өөрөөр гэрээний төслийг бэлдэн ирүүлж гарын үсэг зуруулж компанийн хувьцааг шилжүүлж авсан...,
10.2. ... С.С 2023.06.28-ны өдрийн гэрээгээр хувьцаагаа бидэнд шилжүүлж компаниас гарахад татгалзаж байсан ... сүүлийн гэрээний хувьцааг С.С-т буцаан өгнө...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.
11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ:
11.1.“…2022 онд нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ 550,000,000 төгрөгийг “СХ” ХХК-ийн үндсэн хөрөнгөд хэрхэн бүртгэх, Г.Б-н хөрөнгө оруулалтыг компанийн үндсэн хөрөнгөд хэрхэн бүртгэсэн нь тодорхойгүй … хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй … шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй …” гэж,
11.2.П.Г нь Г.Б-р дамжуулж С.С-т 2023.06.28-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр 60,000,000 төгрөг шилжүүлсэн, харин Г.Б 60,000,000 төгрөгийг С.С-т шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Г.Б, П.Г нар “СХ” ХХК-ийн 250 ширхэг хувьцааны үнэ 200,000,000 төгрөгийг С.С-т төлөх үүргээ биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч 2023.06.28-ны өдрийн гэрээнээс татгалзаж, хохирлоо шаардах эрхтэй, эдгээр гэрээнүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Тус гэрээнүүдийг хүчингүй болгохтой холбогдуулан 2023.06.28-ны өдрийн багц гэрээ, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэсэн.
12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ:
12.1.“…Анхан шатны шүүх 2022 оны 12 сарын 16-ны багц гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
12.2. …2023.06.28-ны өдрийн гэрээний тухайд Г.Б өөрийн болон П.Г-н худалдан авсан хувьцааны төлбөрт нийт 223,423,232 төгрөгийг нэхэмжлэгч С.С-н зөвшөөрсний дагуу “СЕ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул уг мөнгийг захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ. ...хариуцагч Г.Б охин Б.О-р дамжуулан гэрээний төлбөрт 223,430,000 төгрөгийг “СЕ” ХХК-д шилжүүлснээр гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
12.3.Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ч тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага нь хариуцагч Г.Б-н эрх ашигт нөлөөлөх буюу хариуцагч нар харилцан эсрэг ашиг сонирхолтой тайлбар гаргасан тул П.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлээр хариуцагч П.Г-н эвлэрлийг батлах боломжгүй…” гэсэн дүгнэлт хийжээ.
13.Нэхэмжлэгч С.С-н давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
14.Нэхэмжлэгч иргэнд эсхүл хуулийн этгээдэд холбогдуулан ямар шаардлага гаргаснаа нэхэмжлэлдээ ялгаж тодорхой заагаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчжээ.
15.Хэргийн баримтаас үзэхэд, “СХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр 500 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргасан, хувьцааг Г.Б-д эзэмшүүлэхээр “СХ” ХХК болон Г.Б нарын хооронд Хувьцаа захиалгын гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан.
Гэтэл “СХ” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, “СХ” ХХК-аас С.С-т нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй буюу хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн П.Г хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт холбогдох шаардлагын хүрээнд тайлбар гаргах боловч компанийг төлөөлж тайлбар гаргаж байгаа нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцэхгүй.
16.Хариуцагч П.Г шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, эрх зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
17.Нэхэмжлэгч С.С 2023.06.28-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах багц гэрээнээс татгалзсан үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх эдгээр гэрээг “хүчингүй болгож” шийдвэрлэснээс гадна хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг давхар “хүчингүй болгож”, нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэжээ.
18.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг олж хараагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байхаас гадна “...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Г нь хүлээн зөвшөөрсөн нь хувьцаа эзэмшигч Г.Б-н эрх ашигт нийцэхгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус нийцээгүй байна.
19.Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хариуцагч тус бүрт холбогдох эсэх талаар бүрэн мэтгэлцээн өрнүүлээгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгоогүйгээс шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, зөвшөөрөл тус бүрийн ялгаа заагийг гаргаж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, бүхэлд нь дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00180 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.С 2026.02.23-ны өдөр 4,470,550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД