Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/01371

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 14 өдөр

           Дугаар 102/ШШ2022/01371

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... оршин суух, регистр ...., Х... овогт Г....-ийн П...,

Хариуцагч:.... тоотод байрлах, регистр ...., О...,

Нэхэмжлэлийн шаардлага:23 900 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.П , түүний өмгөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.П  нь О...-д холбогдуулан 23 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2019 оны 04 сард О...-г  .... гэсэн  Facebook хаягаас Австрали улсад суралцахад зуучилна гэсэн зарыг анх олж хараад 2019 оны 05 сард захирал Н.М...,  ажилтан А.А... нартай уулзаж, Австрали улсад 1 жилийн хэлний бэлтгэлд суралцах виз авахад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ үүний тулд гэрээний төлбөрт 20 000 000 төгрөг төл, сургуулийн бүртгэлийн  хураамж, эхний нэг сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, 12 сарын эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж болон зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариуд авах хөлс орсон байгаа гэсэн.Манайх найдвартай газар хэрвээ виз гараагүй тохиолдолд төлбөрийг чинь 100 хувь ямар нэгэн суутгал шимтгэл авахгүйгээр буцааж өгнө дээр нь 5 000 000 төгрөгийн нөхөн олговор төлөхөөр тохиролцсон.Тэгээд Австрали улсад суралцуулах гэрээг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, гэрээнд заасан төлбөр болох 20 000 000 төгрөгийг өгөөд бүх бичиг баримт бүрдсэн гээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Австрали улсад суралцах виз мэдүүлсэн боловч 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр татгалзсан хариу авсан.Ингээд захирал Н.М...тэй холбогдож виз гараагүй учраас мөнгөө авъя гэтэл гэрээнд зааснаар 30 хоногийн дотор буцааж өгнө гэсэн.Эхэн үед 30 хоногийн дараа өгнө гэж байсан боловч сар хугацаа өнгөрөх тусам сургуулиас буцаан олголт орж ирээгүй тул нөхөн олговрыг буцаан өгөх боломжгүй байна,  орж ирэхээр нь өгнө  гэсэн тайлбарыг олон сар өгсөн, надад нийт 1,100,000 төгрөг өгсөн.Иймд төлбөрийн үлдэгдэл 18 900 000 төгрөг, нөхөн олговор болох 5 000 000 төгрөг нийт 23 900 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс:Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Австрали улсад суралцуулах гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн Хаан банкин дахь ...... дугаар дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хас банктай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хас банктай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, О...-гийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн төлбөр хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас:О...-, төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай 1601 дугаар шийдвэр, сангийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.П гийн 23 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Би Австрали улсад суралцахаар О...-тай 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг төлсөн боловч 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр татгалзсан хариу авсан.О...-гаас 1 100 000 төгрөгийг буцаан авсан, одоо үлдэгдэл 18 900 000 төгрөг, гэрээнд заасан нөхөн олговор 5 000 000 төгрөг нийт 23 900 000 төгрөг гаргуулна гэв.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн Хаан банкны .... дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О...- нэхэмжлэгч Г.П  нарын хооронд хийгдсэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, О...-гийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн төлбөр хойшлуулах тухай хүсэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Австрали улсад суралцуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй ба тухайн гэрээний дагуу хариуцагч байгууллагад шилжүүлсэн төлбөрийн мөнгийг буцаан авахаар нэхэмжлэгч шаардаж байна. 

Гэрээгээр хариуцагч байгууллага нь Г.П г  Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулахад зөвлөх үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн дагалдан гишүүдийн виз мэдүүлэх, суралцагч нь зөвлөхөд зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр төлөх харилцааг зохицуулна гэжээ.

Гэрээний 1.2.1-д “зөвлөх үйлчилгээ гэж суралцагчийн сонгосон сургуульд суралцагчаас бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан авч илгээх, бүртгүүлэх, суралцах эрхийн урилгыг хүлээн авч, тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч, виз мэдүүлэх, гэр бүлийн гишүүдийн виз мэдүүлэх, онгоцны тийз захиалах, суралцагчийг тосч авах, байр захиалах, суралцагч гэрээ байгуулснаас хойш суралцах хүртэл шаардлагатай бүхий л зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг зөвлөхөөс явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ”, 2.2-т “зөвлөх үйлчилгээний төлбөр нь 20 000 000 төгрөг байна” гэжээ.

Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн мөнгийг О...-гийн Хаан банкин дах .... тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9 200 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 378 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкин дах .... дугаартай дансны хуулгаар нотлогдож байна./хх 6-9/

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Австрали улсад суралцах виз мэдүүлсэн боловч 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр татгалзсан хариу авсан гэх бөгөөд гэрээний 2.4-т “Суралцагч  2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд зөвлөх үйлчилгээний төлбөрийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэгэн суутгал шимтгэлгүйгээр буцаан олгоно, мөн таван сая төгрөгийн нөхөн олговрыг визний хариу гарснаас хойш хоёр сарын дотор суралцагчид олгоно” гэж зааснаар Г.П  нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авч, Г.П д нийт 1 100 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх бөгөөд Г.П д хариуцагч байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлбөр хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд хариуцагч байгууллагаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 18 900 000 төгрөг, гэрээгээр тохирсон нөхөн олговрын 5 000 000 төгрөг нийт 23 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 277 450 төгрөг төлөхөөс 282 950 төгрөг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950  төгрөгөөс 277 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 277 450 төгрөгийг тус тус гаргуулан Г.П д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч О...-гаас 23 900 000 /хорин гурван сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.П д олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 970 төгрөгөөс 277 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 5500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 277 450 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН