Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/994

 

 

 


 

 

 

 2024         09         16                                        2024/ШЦТ/994

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Нд холбогдох эрүүгийн 2406 00000 1635 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны автобусны буудал дээр байсан иргэн Ч.Хийн эзэмшлийн .........................улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас замын хашлага мөргөж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хийн өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 40 минутад би машинаа чулуун овооны автобусны буудал дээр байрлуулсан. Тухайн автобусны буудал дээр би хүнсний “ТҮЦ” ажиллуулдаг. Автобусны буудал дээр автомашинаа онгорхой түр орхиж “ТҮЦ”-рүү орох үед миний машиныг үл таних хүн унаж зугтаасан. Би шууд цагдаад дуудлага өгсөн. 10 гаруй минутын дараа цагдаагаас залгаад машин чинь “Офицерын тойрог дээр осолд орсон байна” гэхээр нь би такси бариад хүрч ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний машин замын хашлага мөргөсөн байсан. ...Огт харж байгаагүй хүн байна. ...Машин дотор хар өнгийн цүнх байсан. Цүнх дотор 2.000.000 төгрөг байсан. ...2.000.000 төгрөг болон миний автомашин эвдэрсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хийн дахин өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өөрийн эхнэр Оийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун Овооны автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн .........................улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээ асаалттай тавьсан. Тухайн үед манай эхнэр бид 2 замын эсрэг талд байрлах өөрсдийн хүнсний дэлгүүр дээр бараа бүтээгдэхүүнээ буулгаж байсан. Тухайн үед эхнэр бид хоёр 5-10 минут л бараагаа буулгасан. Тэгээд эргээд хартал манай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл 40-50 минутын дараа Офицерын тойрог дээр яваад очтол миний машин зогсож байсан. Тэгтэл үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай цагдаа нарт баригдсан байсан. ...Дунд зэргийн өндөртэй, шардуу царайтай, шаргал үстэй залуу байсан. ...Тухайн үед миний машины урд хэсэг болон бусад газар нь эвдэрсэн байсан. ...Би машинаа бол холбогдогч этгээдээр янзлуулсан, харин би машингүй байх үедээ маш их жижиг зардал гаргасан тэр бүх зүйл маань баримтаараа байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оийн өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө өөрийн нөхөр Хийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун Овооны Номингийн автобусны буудал дээр өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслээ байршуулаад асаалттай үлдээсэн, тэгээд замын эсрэг талд байрлах өөрсдийн хүнсний дэлгүүртэй бараа бүтээгдэхүүн зөөж оруулчихаад 5-10 минутын дараа эргээд хартал манай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл 20-30 минутын дараа Офицерын тойрог дээр хайгаад очтол манай машин байж байсан. Дэргэд нь цагдаагийн алба хаагчид үл таних залууг зогсоочихсон байж байсан. ...Тухайн машиныг манай нөхөр бид хоёр банк бус санхүүгийн байгууллагаар авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.Н нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо Чулуун овооны автобусны буудал дээрх хохирогч Ч.Хийн эзэмшлийн .........................улсын дугаартай Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх, 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа нь “...Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэрэг болон гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Авто Тээврийн үндэсний төвийн үнэлгээгээр 6.920.000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн боловч хохирогчид 12.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.  

          Шүүгдэгч А.Н нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны автобусны буудал дээр байсан иргэн Ч.Хийн эзэмшлийн .........................улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас замын хашлага мөргөж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хийн өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 40 минутад би чулуун овооны автобусны буудал дээр байрлуулсан. Тухайн автобусны буудал дээр би хүнсний “ТҮЦ” ажиллуулдаг. Автобусны буудал дээр автомашинаа онгорхой түр орхиж “ТҮЦ”-рүү орох үед миний машиныг үл таних хүн унаж зугтаасан. Би шууд цагдаад дуудлага өгсөн. 10 гаруй минутын дараа цагдаагаас залгаад машин чинь “Офицерын тойрог дээр осолд орсон байна” гэхээр нь би такси бариад хүрч ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний машин замын хашлага мөргөсөн байсан. ...Огт харж байгаагүй хүн байна. ...Машин дотор хар өнгийн цүнх байсан. Цүнх дотор 2.000.000 төгрөг байсан. ...2.000.000 төгрөг болон миний автомашин эвдэрсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хийн дахин өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өөрийн эхнэр Оийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун Овооны автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн .........................улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээ асаалттай тавьсан. Тухайн үед манай эхнэр бид 2 замын эсрэг талд байрлах өөрсдийн хүнсний дэлгүүр дээр бараа бүтээгдэхүүнээ буулгаж байсан. Тухайн үед эхнэр бид хоёр 5-10 минут л бараагаа буулгасан. Тэгээд эргээд хартал манай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл 40-50 минутын дараа Офицерын тойрог дээр яваад очтол миний машин зогсож байсан. Тэгтэл үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай цагдаа нарт баригдсан байсан. ...Дунд зэргийн өндөртэй, шардуу царайтай, шаргал үстэй залуу байсан. ...Тухайн үед миний машины урд хэсэг болон бусад газар нь эвдэрсэн байсан. ...Би машинаа бол холбогдогч этгээдээр янзлуулсан, харин би машингүй байх үедээ маш их жижиг зардал гаргасан тэр бүх зүйл маань баримтаараа байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оийн өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө өөрийн нөхөр Хийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун Овооны Номингийн автобусны буудал дээр өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслээ байршуулаад асаалттай үлдээсэн, тэгээд замын эсрэг талд байрлах өөрсдийн хүнсний дэлгүүртэй бараа бүтээгдэхүүн зөөж оруулчихаад 5-10 минутын дараа эргээд хартал манай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл 20-30 минутын дараа Офицерын тойрог дээр хайгаад очтол манай машин байж байсан. Дэргэд нь цагдаагийн алба хаагчид үл таних залууг зогсоочихсон байж байсан. ...Тухайн машиныг манай нөхөр бид хоёр банк бус санхүүгийн байгууллагаар авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

          Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан.

Дээрх хуулийн ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны автобусны буудал дээр байсан иргэн Ч.Хийн эзэмшлийн .........................улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсны улмаас замын хашлага мөргөж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Уг үйлдлийг үйлдэхдээ шүүгдэгч А.Н нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирогчид зориуд хохирол, хор уршиг хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн байна.

Мөн шүүгдэгч А.Нын хууль бус үйлдлээс хохирогч Ч.Хт 6.920.000 төгрөгийн хохирол учирсан байх ба түүний гэмт үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийн  хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Нын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Ч.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар  920,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн /хавтаст хэргийн 27-29 дэх тал/ бөгөөд шүүгдэгч А.Н нь шүүхийн шатанд 12,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хамгийн бага буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 35 дахь тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дэх тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч А.Нын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн ажил, цалин орлого, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Нд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Аийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Нд мэдэгдсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЭНХТҮВШИН