Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00899

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х аймаг, Ө сум, 0 дугаар баг, ГБ байрлах, ХГ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, ҮХ гудамж-3, өөрийн байранд байрлах, Н холбогдох,

  Гуравдагч этгээд: Б дүүрэг, 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД: 00000/,

  Гуравдагч этгээд: С аймаг, Ц сум, О-1 байрлах, БУ ХХК /РД: 000000/,

  Гуравдагч этгээд: С аймгийн А сум, 0 дугаар баг , Х 3-1 байрлах, СГ ХХК /РД: 00000/,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Гэрч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч ХГ ХХК нь НГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХЭ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр НГ-ын шийдвэрээр ХЭ ХХК манай ХГ ХХК-ийн хөрөнгөд үнэлгээ хийсэн. Урьд нь ХҮ үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээ хийхдээ манай байгууллагын хүмүүсээс ямар нэгэн тоо баримт, хэрэгтэй мэдээллийг аваагүй. Үнэлгээ хийдэг олон улсын болоод үндэсний стандарт аргачлалууд аваагүй. Санаатай болон санамсаргүй байдлаар илэрхий зөрчсөн, хуулийн дагуу болж чадаагүй гэж бид дүгнэж байна. Үүнийг бид үнэлгээ дотор байгаа дараах зүйлүүдээр, баримтуудаар нотолж байна. Нэгдүгээрт үнэлгээний тайлангийн 4 дүгээр хуудасны дээрээсээ 9-11 мөрд энэхүү үнэлгээ Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартын дагуу мэргэжлийн ёс зүйн шаардлагыг мөрдөн, ашиг сонирхлын зөрчилгүй хараат бусаар хийж гүйцэтгэсэн гэж бичсэн байна. Үнэлгээг судалж үзэхээр хуулиудаа илэрхий зөрчсөн. Монгол улсын Үнэлгээний тухай хуулийн 8.1-т хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн үнэлгээ, жишиг үнийн үнэлгээ, зах зээлийн орлогын аргуудыг хослуулан хэрэглэдэг хуультай. Энэ 2 аргыг хослон хэрэглэж байж хуулиараа үнэлгээ зөв зүйтэй болох ёстой. Эхлээд 3 үнэлгээ хийчхээд, эцэст нь энэ үнэлгээнээс алийг нь сонгох вэ гэдгээ үнэлгээчин өөрөө тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийддэг. Энэ үнэлгээний тухай хууль, стандартаа манай хөрөнгийг үнэлэхдээ баримтлаагүй. Тухайлбал үнэлгээний тайлангийн 34 дүгээр хуудаст 4.4 гэж тэмдэглэсэн байна. 4.4-т өртгийн аргаар хийсэн үнэлгээ гэж бичсэн байна. Дээрээсээ 3-17 мөрд. Энэ дотроо өртгийн үнэлгээг гаргахдаа газрын үнэлгээ, нэг нь барилгын үнэ цэнийн нийлбэрээр нийт үнэлгээг гаргалаа гэж бичсэн байна. Бид 3 хандлагаар үнэлээг гүйцэтгээд, дүгнэлт гаргахдаа өртгийн хандлага аргаар тооцов гээд дүгнэлтийг уншвал эцсийн дүгнэлтийг өртгийн хандлагын аргаар хийсэн юм шиг харагдаж байна. Тэгсэн атлаа 43 дугаар хуудаст үнэлгээний дүгнэлт гэсэн хүснэгт байна. Энэ дээр эцсийн үнэлгээнийхээ дүгнэлтийг бид зах зээлийн хандлагаар хийснээр авлаа гэж байна. Тэр нь 1,725,172,380 төгрөгийн үнэлгээг сонгож авлаа гээд. Энэ хоёрын дүгнэлт эсрэг тэсрэг, бие биеэ үгүйсгэсэн. 34 дүгээр хуудаст өртгийн аргаар үнэлгээ хийсэн юм шиг ойлгогдож байгаа ч 43 дугаар хуудаст зах зээлийн хандлагаар хийсэн гээд бичсэн. Өртгийн хандлагаар яаж хийсэн гэж үзэхээр өртгийн хандлагаар хийсэн үнэлгээний дүн 817,017,080 төгрөг гэж гарсан. Өртгийн хандлагыг яаж хийсэн гэж дотор нь үзэхээр 817,017,080 төгрөг нь зөвхөн барилга объектуудаа үнэлсэн. 817,017,080 төгрөгөөр өртгийн хандлага аргаар үнэлэхдээ тариалангийн газрынхаа үнэлгээг оруулаагүй. Тариалангийн 2652 га газрын үнэлгээг оруулаагүй. Тайлангийн 39 дүгээр хуудасны 4.4.2-т газрын үнэлгээг хийлээ гэсэн хэсэгтээ газрын үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу Хэнтий бүсэд гээд аргачлал байдаг юм байна. Тэр аргачлалынхаа дагуу хийгээд газрын үнэлгээ нь 12,501,205,600 төгрөг болов гэж гаргасан. Газрынхаа үнэлгээг нийт үнэлгээндээ оруулаагүй. Зөвхөн барилга байшингийнхаа үнийг бариад, яагаад газрынхаа үнэлгээг оруулаагүй юм. Хүн харвал газрын үнэлгээг оруулахаар энэ үнэлгээ нь 817,017,080 төгрөг болоод газрынхаа 12,501,205,600 төгрөгийг үнэлгээг оруулахаар үнэлгээ нь маш бага гарсан. Ач холбогдлоороо бага юм байна. Тийм учраас энд тооцсонгүй гэж харагдахаар байна. Өртгийн үнэлгээг гаргахдаа яагаад 12,501,205,600 төгрөгийг оруулаагүй. Энэ дээр алдаа гаргасан учраас энэ үнэлгээ өртгийн үнэлгээгээр алдаатай гарсан гэж үзэж байна. Орлогын аргаар үнэлсэн гэж байна. Орлогын аргаар үнэлж үзэхэд 43 дугаар хуудасны 4.5-т үнэлгээний дүгнэлт хэсэгт бичсэн. Орлогын аргаар үнэлэхээр 1,552,864,860 төгрөг болсон гэж үзсэн. Орлогын аргаар яаж үнэлсэн юм бол. Үнэлсэн аргачлал, тайлан дотор байгаа юмыг судалж үзэхээр маш их алдаатай байсан. Үнэлгээ бодит байдлаас буруу гарахад нөлөөлсөн. Үнэлгээчин тайлангийн 34 дүгээр хуудаст дээрээсээ 1-3 мөрд орлогын хандлагын аргаар хийсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн инвудын аргаар хийсэн үнэлгээ 30,563,804,000 төгрөг болов гэж дүгнэлт бичсэн. Нэгэнт орлогын хандлагын аргаар үнэлгээ хийж 30,563,804,000 төгрөг болсон юм бол үнэлгээнийхээ тайлангийн хүснэгт дээр оруулах ёстой байсан. 43 дугаар хуудасны үнэлгээний дүгнэлт гэсэн хүснэгтдээ орлогын аргаа 1,552,864,860 төгрөг гэж бичсэн. Инвудын аргаар хийсэн үнэлгээний дүн нь 30,563,804,000 төгрөг гээд үүнийг тайландаа оруулаагүй. Нэгэнт хийсэн бол энийгээ дүгнэлтдээ оруулах ёстой байсан гэж үзэж байна. Бид орлогын аргаар хийсэн дүгнэлтийг бодоод, тооцоо д үзэхээр манай ХГ ХХК дээр инвудын аргаар хийгээд 1,552,864,860 төгрөг гаргасан байсан. Тэр аргачлалыг дотор нь задлаад үзэхээр маш буруу хийсэн. ХГ ХХК-ийг сард 20,000,000 төгрөгийн орлого олно гэж тооцоолж, хийсвэрээр дүгнэж хийсэн. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбарыг өгдөг нь манай ХГ ХХК газар тариалан эрхэлдэг үйл ажиллагаа явуулдаг болохоос биш түрээсэлдэг компани биш. Тийм учраас хуулиар олгоогүй манай үйл ажиллагааг үнэлгээчин сард 20,000,000 төгрөгийн орлого олно гэж бичсэн. Энэ хүний хийсэн аргаар нь бид өөрөө газар тариалангийн 2652 га талбай дээр тариалан тарихад улсын дунджаар үр тариа авна гэж бодохоор 20,000,000 төгрөгийн орлого орохоор тооцоо гаргаж байна. Тэгэхээр тэр бодит орлого олох тооцоог сард 20,000,000 төгрөгийг түрээсээр олно гэж орлогыг бодсон нь их сонин байна. Юуг үндэслэж 20,000,000 төгрөгийг ХГ ХХК түрээсээр олно гэж үнэлгээ дээрээ тайлбарлаад байгаа. 20,000,000 төгрөг олно гэж бичсэн. Хэрэв өөрийнх нь бичсэн 30 тэрбум төгрөгийг олох юм бол үнэлгээнийхээ тайланг 30 тэрбум төгрөгийн орлого олох байж гэдгээ тайлангийнхаа 43 дугаар хуудасны хүснэгтэд оруулах ёстой байсан. Хамгийн сүүлийн энэ хүний баримталсан арга бол зах зээлийн үнэлгээ буюу жишиг аргыг ашиглалаа гэж бичсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хийнэ гэсэн гол заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зах зээлийн үнэлгээ хийхдээ санаатай юм уу, санамсаргүй алдаа гаргасан. Зах зээлийн үнэлгээ гэдэг нь зах зээлд байгаа бусад ижил төстэй объектууд, газартай харьцуулах маягаар үнэлгээ гаргадаг арга. Манай объектыг бусад зах зээл дээр байгаа үнэлэгдсэн, зарагдах гэж байгаа, эсвэл ижил төстэй объектуудтай жинхэнэ утгаар нь харьцуулж чадаагүй. Жишээ нь тайлангийн 20-24 хуудаст газар тариалан эрхэлдэг газрын судалгаа гэж гаргаж бичсэн байна. Нэг га газрын дундаж үнийг 615,700 төгрөг гэсэн атлаа 21 дүгээр хуудаст үржил шим сайтай тариалангийн газар 1 га газрыг худалдах үнэ 25,000 төгрөгөөс 50,000 дотор хэлбэлзэж байна гээд судалгаа, дүгнэлт хоёроо хооронд нь зөрүүлээд бичсэн. Зах зээлийн үнэлгээг гаргахад хамгийн гол баримтлах зүйл нь газрын үнэлгээ. Манайх газар тариалангийн компани учраас газар тариалангийн компанийн хамгийн гол үнэт зүйл нь тариалангийн газар байдаг. Манай тариалангийн газрыг үнэлэхдээ тариалангийн газрыг бусад ямар ижил төстэй газруудтай жишсэн гэдэг нь тодорхой биш. Жишээлбэл тариалангийн талбай хашаажуулсан гэдэг баримтыг гаргаж өгсөн. Орчин үед газар тариалангийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл нь хашаажуулалт болж байгаа. Хашаажуулалттай газар хашаажуулалтгүй газраас 10 дахин үнэтэй. Сэлэнгийн Товхон хаа гээд 3000 га газар ЭМ ХХК-д 10 тэрбум төгрөгөөр зарагдсан. Хашаажуулсан газрын үнэ хашаажуулаагүй газрын үнээс 10 дахин илүү үнэтэй байгаа. Яагаад гэвэл хашаажуулсан газарт мал орохгүй, тариаг сүйтгэхгүй, орчин үеийн техник технологи тэнд хэрэгждэг учраас улсаас ч гэсэн хашаажуулахад асар их ач холбогдол өгч байгаа. Манай газрыг үнэлэхдээ бусад хашаажуулсан газруудтай харьцуулаагүй. Хамгийн том алдаа энд гарсан. Өөрөө албан бичигтээ ХГ ХХК-ийн тариалангийн газрыг үнэлэхдээ бүхий л объектууд, газрыг фото зургаар баталгаажуулсан гэсэн. Тэр дотор нь хашаажуулсан зураг байхгүй. Тийм учраас бид зориуд зургийг нь гаргаж өгсөн. Хашаажуулах үйл явц маш олон жилийг хамардаг. Асар их хөрөнгө зардаг зүйл. Үүнийг оруулаагүй нь үнэлгээг 10 дахин багасгасан зүйл болсон. Газар тариалангийн үйлдвэрлэлд газрын үржил шим чухал байдаг. Мэдээж үржил шимгүй газар тариа тарихгүй. Үржил шим муутай газар үнэ хүрэхгүй. Тэгэхээр Хэнтий аймгийн Х-ын орчим Хэнтий аймгийн зүүн бүсэд нэлээд дээгүүр үржил шимтэйд тооцогддог. Үнэлгээ 6 хоногт буюу маш богино хугацаанд хийгдсэн. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр үнэлгээ чанаргүй болсон. Энэ хүн 2652 га газрын үржил шимийн карт, үржил шимийн шинжилгээний дүгнэлтүүдийг очоод гаргуулаад авах боломжтой байсан. Газар тариалангийн хэд хэдэн хүрээлэнд Х-ын сангийн аж ахуйн үеэс, түүнээс хойш хэд хэдэн удаа газрын үржил шимийн шинжилгээг авсан баримт, дүгнэлтүүд байдаг. Үнэлгээчин харьцуулсан газруудаа буруу авсан. Тайлангийн 4 дүгээр хуудаст фейсбүүкээр манай зэргэлдээ тариа тарьдаг НБ гэдэг хүнтэй харилцаад 400 га газрыг 600,000,000 төгрөгөөр зарах тухай бичсэн байдаг. Дүгнэлтэд бичсэн зүйл дээр 1 га газрын үнэ 1,500,000 төгрөг болж байна. Үнэлгээгээ гаргахдаа НБ фейсбүүкээр харилцсан дүгнэлттэй холбоотой үнээр бичээгүй. 325,000,000 төгрөгөөр үнэллээ гэж бичсэн. Ижил төстэй, дөхөж очих юмтай харьцуулсан харьцуулалтаа өөрөө үнэлгээнийхээ дүгнэлтэд аваагүй. Санаатай ингээд байгаа юм уу, санамсаргүй тэгсэн юм уу. Ийм алдаануудыг гаргасан. Дээр нь манай Х-ын объектуудыг хамгийн сүүлийн зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн. Манай Х-ын газар тариалангийн үтрэм зүүн бүсэд байдаг механикжсан агуулахтай том үтрэм байдаг. Энэ агуулах 1984 онд ЗХУ гэж байх үед тэрний эдийн засгаар түлхүүр хүлээлгэх журмаар баригдсан. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнээс хойш барилга байгууламжид манай ХГ ХХК нь 2 удаа их засвар хийгээд, барилга байшингуудыг шинэчлээд, тэр дотор байгаа олон тоног төхөөрөмжүүдийг сайжруулсан. Үүний талаар танилцуулга гарах ёстой байсан. Хэрвээ үнэлж байгаа бол энэ объектын танилцуулгыг тодорхой гаргах ёстой. Энэ дотор ямар тоног төхөөрөмж байгаа юм. Ядахдаа цагаан тоосгоор барьсан гэж бичээгүй. Зүгээр тоосгон барилга гэж бичсэн. Тоосгон барилга дотор цагаан тоосго, улаан тоосго нь үнийн асар их ялгаатай. Энэ үтрэмийн барилга байгууламж Монголд хаана байна, тэрийг судлах хэрэгтэй. Монголд Сэлэнгэ аймагт нэг байдаг гэж сонссон. Тэрэнтэй нь харьцуулаад үнээ гаргах ёстой. Юутай нь харьцуулсан нь мэдэгдэхгүй 817,017,080 төгрөг гаргасан. Харьцуулсан тухай ойлголт бичээгүй. Үнэхээр зах зээлийн хандлагаар дүгнэлт гаргах гэж байгаа юм бол 2-3 ижил төстэй барилга байгууламжтай харьцуулах ёстой. Тэрийг харьцуулаагүй. Санаанаасаа тоо гаргасан. Үнэлгээ гаргасан тоог хаанаас гаргаснаа энэ дээр бичээгүй. Барилга байгууламжийн үнийг таамгаар тоо тавьсан. Юутай харьцуулсан юм. Үнэлгээ дотроо харьцуулсан гээд тэдэн тал хашаа зарах гэж байгаа гэж тавьсан байна лээ. Барилгын орчин үеийн, Монголд 2-3 байдаг том объектыг айлын 3 тал хашаатай харьцуулж тавьж болохгүй. Барилга байгууламжийнхаа талаар ямар нэгэн танилцуулга, тодорхой дэлгэрэнгүй зүйл бичээгүй. Үнэлгээнийх нь дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй. Үнэлсэн үнэлгээгээ хамгийн сүүлийн дүгнэлтэд хийгээгүй. Газрын үнэлгээг орхигдуулсан. Тийм учраас энэ үнэлгээ хариуцлагагүй, нэг талыг барьсан, санаатайгаар зориуд багаар үнэлэх гэсэн даалгавартай хийсэн юм уу дүгнэсэн. Маш богино хугацаанд буюу 6 хоногийн дотор хийсэн. Хуулийнхаа заалтыг зөрчсөн үнэлгээ хийсэн. 30 тэрбум гэж үнэлчхээд тэрийгээ оруулаагүй. 20 тэрбум гэж үнэлчхээд оруулаагүй. Өөрөө хамгийн сүүлд зах зээлийн үнэлгээгээр 1,725,172,380 төгрөг болсон гэж байна. Зах зээлийн үнэлгээн дотор хамгийн гол газрынхаа үнэлгээг оруулаагүй. Яаж үнэлсэн талаараа тодорхой бичиж, тайлбарлаагүй. Хамгийн гол үнэлж байгаа манай барилга, объект байгаа. Тэрнийхээ юутай харьцуулсан гэдгээ бичээгүй. Цэнхэр мандал сумын 3 тал хашаа гээд баахан зураг тавьсан. Ямар ч ач холбогдолгүй. Бид тооцоо хийж үзсэн. Манайх 80м урттай, 20м өргөнтэй, газар доороо хонгилтой, дээрээ объекттой барилга байгууламжийг барьсан тоосгыг Улаанбаатар хотоос зөөхөд ажиллах хүч, тоосго хоёрын мөнгө 1,500,000,000 төгрөг болохоор тооцоо гарч байгаа. Тэр дотор талын объектуудыг боль. Ач холбогдлыг нь боль. Ийм харьцангуй, хэдэн арав дахин багаар үнэлсэн. Үүний өмнө үнэлээд, тэр хуулийн дагуу 10 гаруй тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан. Одоо хэтэрхий хууль зөрчсөн үнэлгээ болсон гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Яагаад гэвэл хуулиа бариагүй. Бодит байдлаас хэтэрхий багаар үнэлсэн. Хийсэн үнэлгээ нь хоорондоо зөрчилтэй. Аргачлалаар гаргасан зүйлүүдээ дүгнэлтдээ оруулаагүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч НГ хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дугаар шийдвэрээр ХГ ХХК-иас 1,105,180,431 төгрөгийг гаргуулж Г ХХК, БУ ХХК, СА ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 681 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХГ ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул өмчлөлд нь бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-1808000007 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян хаягт байрлах 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4*5 харьцаатай дүнзэн байшин, буудай цэвэрлэгч байгууламж, 30 тонн пүү, 2000 га тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5*6 харьцаатай дүнзэн байшин, 7*9 харьцаатай канад байшин, 70 м.кв талбайтай канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа, 1.5 га газар, 840 м.кв талбайтай үр тарианы агуулах, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын хамт 18250681/09, 18250681/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 18250681/11, 18250681/12 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор ХЭ ХХК-ийг томилоход зах зээлийн үнэ 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч ХГ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-183/18016 дугаар мэдэгдлийг компанийн гүйцэтгэх удирдлага Г.Батболдод гардуулан өгсөн. Төлбөр төлөгч ХГ ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч ХГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Гуравдагч этгээд СЭ ХХК, БУ ХХК, Г ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. ХГ ХХК-ийн хөрөнгийг үнэлсэн ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэн хуульд нийцсэн гэж үзэж байна. Хөрөнгийн холбоотой асуудлыг түрүүн ярьж байна. Жилд 20,000,000,000 төгрөгийн ашиг олдог объект, газрыг маань 20,000,000 төгрөгийн сарын орлого олдог буюу жилд 120,000,000 төгрөг олох асуудалтай гэж үнэлсэн нь буруу гэсэн асуудал ярьж байна. Хөрөнгийн үнэлгээ дээр дурдаад байгаа үнэ өнөөдрийн бодит байдал, та бидний нүдэн дээр байгаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 20,000,000,000 төгрөгийн ашиг олдог, Монголд ганц байдаг, 1984 онд баригдсан үйлдвэр маань хөрөнгө маань өнөөдөр хөгширсөн. Зах зээлийн бодит үнэлгээ ийм болсон. Ашиг орлого олох нөхцөл байдал нь ингэж тодорхойлогдож байна. Тухайн үед хэрэглэж байсан цагаан тоосго элэгдэл хорогдолд ороод одоо ийм үнэлгээтэй болсон байна гэж зах зээлийн, өртгийн, жишиг үнийн зэрэг 3 хандлагаар тодорхойлж, шинжээч дүгнэлтээ гаргасан байна. Хашаатай газар 10 дахин өндөр үнэтэй байдаг. Гэтэл тэрийг тооцсонгүй гэдэг асуудал ярьж байна. Хашаагүй газар 100,000 төгрөг байлаа гэж бодоход 1,000,000 төгрөгөөр хашаа барихаар 1,100,000 төгрөг л болно. Яахаараа 10,000,000 төгрөг болдог юм. Би Л.Г гуайг монголын бизнес эрхлэгчдээс нэлээд гайгүй бизнес эрхэлж байсан хүн гэж бодож, ойлгодог. Ийм юм ярьж байгааг ойлгохгүй байна. Энгийн математикийн аргаар бодоход ийм боломж огт байхгүй. Талууд шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээ дээр хоёр талаас үнэлгээ хийхэд урьдчилаад үнэ авах ёстой. Энэ ажиллагааг хийгээгүй гэдэг асуудал ярьж байна. Г.Б захирал бид хоёр уулзаад хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг ярилцсан. НГ-ын 4 давхарт уулзаад энэ асуудлыг ярьсан. Тэр ажлыг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэгч энд байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь бас хамт оролцсон. Талуудын хөрөнгө үнэлэхтэй холбоотой ажиллагааг хуульд нийцүүлж хийсэн. Талууд үнэтэй холбоотой харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөрөнгө үнэлж байгаатай холбоотой баримтаа гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал үнэ дээр харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээний компаниар буюу хуульд заасан эрхтэй этгээдээр үнэлгээ тогтоолгосон. Энэ маргаан 2014 оноос хойш үргэлжлээд явж байна. Энэ хугацаанд 20,000,000,000 төгрөгийн ашиг олдог, ийм өндөр үнэлгээтэй, лаг компани байсан юм бол өнөөдрийн байдлаар 700,000,000 төгрөгийн төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хүмүүс шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлэхгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж байна гэж шийдвэр гүйцэтгэгч хариу тайлбартаа дурдаж байна лээ. Энэ хүмүүс төлөх юм байхгүй байгаад төлөхгүй биш. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхгүй гэж зайлсхийж, удаашруулж байна гэж захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан тайлбараа гаргаж байна. Тэр бол үнэн. 8 жил энэ хүмүүс төлбөр төлөх ёстой байтал төлдөггүй, ингээд яваад байдаг. Үүнийг харгалзан үзэж Монгол улсын Дээд шүүхээр эцэслэгдээд, хүчин төгөлдөр болоод, эрх бүхий этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлж явуулж байгаа учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалж гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжоор хангаж, нэхэмжлэгчийн үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй 20,000,000,000 төгрөг,10 дахин илүү үнэтэй байдаг гээд ерөнхий эдийн засгийн хүнтэй ярьж байгаа юм шиг ямар ч нотлох баримтгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Төлбөр төлөх боломжтой байж сард 500,000 төгрөгийн төлбөр төлж, 1,000,000 төгрөгийн төлбөр төлж доог тохуу хийж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс ХГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 14/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэр /1хх-ийн 15-22/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаар магадлал /1хх-ийн 23-31/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэдийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00174 дугаар тогтоол /1хх-ийн 32-37/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-183/16693 дугаар мэдэгдэл /1хх-ийн 38/, НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-183/18016 дугаар мэдэгдэл /1хх-ийн 39/, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ХГ ХХК-ийн үнэ хүргүүлэх тухай /1хх-ийн 40/, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 41-65/, ХГ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл /1хх-ийн 66/, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн зөвлөлийн тогтоол /1хх-ийн 236-238/, ХГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 25/, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэл худалдааны ХГ ХХК-ийн хүсэлт /2хх-ийн 26-28/, МШ ХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 29/, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үйлдвэрлэл худалдааны ХГ ХХК-ийн хүсэлт /2хх-ийн 30,31/, МШ ХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 32/, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үйлдвэрлэл худалдааны ХГ ХХК-ийн хүсэлт /2хх-ийн 33-35/, МШ ХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 36/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №11 тоот /2хх-ийн 37/, МШ ХК-ийн төлбөрийн баримт /2хх-ийн 38/, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №23 тоот /2хх-ийн 39/, ХГ ХХК-иас НГт шилжүүлсэн төлбөрийн түүвэр /2хх-ийн 40-42/, Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлэг /2хх-ийн 43-78/, фото зураг /2хх-ийн 79,80/,

 

6.Хариуцагчаас НГ-ын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00358/2 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх-ийн 87/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04414 дугаар захирамж /1хх-ийн 88/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэр /1хх-ийн 89-96/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаар магадлал /1хх-ийн 97-105/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00174 дугаар тогтоол /1хх-ийн 106-111/, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /1хх-ийн 112/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаа /1хх-ийн 113-114/, ГБ ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14/хх/03-270 тоот /1хх-ийн 115/, Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/365 тоот /1хх-ийн 116/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /1хх-ийн 117/, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02/176 тоот /1хх-ийн 118/, ХГ ХК-ийн эзэмшил байгаа газрын судалгаа /1хх-ийн 119/, НГ-ын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2-183/13946 тоот /1хх-ийн 120/, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар /1хх-ийн 121/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04/1923 тоот /1хх-ийн 122/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 123/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-ийн 129/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /1хх-ийн 125/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 126/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-ийн 127/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /1хх-ийн 128/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 129/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/11 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол /1хх-ийн 130-131/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 132/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/12 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол /1хх-ийн 133-134/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/13 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1хх-ийн 135/, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үнэ хүргүүлэх тухай /1хх-ийн 136/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Э.Билгүүний НГт гаргасан хүсэлт /1хх-ийн 137/, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 138/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 139/, НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-183/16572 тоот /1хх-ийн 140/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 141/, НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-183/16693 тоот /1хх-ийн 192/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 дугаар шинжээч томилох тухай тогтоол /1хх-ийн 193/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн НГ шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт /1хх-ийн 144/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /1хх-ийн 145/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /1хх-ийн 146/, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /1хх-ийн 147/, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №01/32 тоот /1хх-ийн 148/, итгэмжлэл /хх-ийн 149/, ХЭХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 150/, Б.Батзаяагийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1хх-ийн 151/, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 152/, НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-183/18016 тоот /1хх-ийн 153/, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-ийн 154/, НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-183/18017 тоот /1хх-ийн 155/, ХЭХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 156-203/, БУ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №01/63 /1хх-ийн 204/, Г ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1/584 тоот /1хх-ийн 205/, СА ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21 тоот /1хх-ийн 206/, БУ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01/03 тоот /1хх-ийн 207/, Г ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №1/583 тоот /1хх-ийн 208/, Сэлэнгэ Алтан говь ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 209/, БУ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 210/, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 211/, СА ХХК-ийн дүрэм /1хх-ийн 212-215/, БУ ХХК-ийн дүрэм /1хх-ийн 216-219/, Г ХХК-ийн дүрэм /1хх-ийн 220-222/,

 

7.2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны мөнгөн гүйлгээний журнал /2хх-ийн 10,11/, ХЭ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 18, 19/ баримтуудыг шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ХГ ХХК нь хариуцагч НГт холбогдуулан НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХЭХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үнэлгээ хэт нэг талд үйлчилж маш богино хугацаанд хийгдсэн. Үнэлгээ хийхдээ манай байгууллагын хүмүүсээс ямар нэгэн тоо баримт, хэрэгтэй мэдээллийг аваагүй. Үнэлгээ хийдэг олон улсын болоод үндэсний стандарт аргачлалууд баримтлаагүй. Санаатай болон санамсаргүй байдлаар илэрхий зөрчсөн, хууль бус дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн үнэлгээ, жишиг үнийн үнэлгээ, зах зээлийн орлогын аргуудыг хослуулан хэрэглэдэг хуультай. Жишсэн байдал нь тодорхой биш, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээ хийгээгүй. Дүгнэлт зөрчилтэй, ижил хөрөнгөтэй жишиж чадаагүй, үнэлгээг хэт багаар тогтоосон гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, шинжээч дүгнэлт бодитой гарсан гэж тайлбарласан.

 

5.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа ...ХГ ХХК-ийн хөрөнгийг үнэлсэн ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэн хуульд нийцсэн гэж үзэж байна. Талуудын хөрөнгө үнэлэхтэй холбоотой ажиллагааг хуульд нийцүүлж хийсэн. Талууд үнэтэй холбоотой харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөрөнгө үнэлж байгаатай холбоотой баримтаа гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал үнэ дээр харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээний компаниар буюу хуульд заасан эрхтэй этгээдээр үнэлгээ тогтоолгосон. Энэ маргаан 2014 оноос хойш үргэлжлээд явж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхгүй гэж зайлсхийж, удаашруулж байна. гэжээ.

 

6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч ХГ ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4-183/18016 тоот албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2944 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00174 дугаар тогтоолоор Хариуцагч ХГ ХХК-иас 267,750,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д, 761,080,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БУ ХХК-д, 108,037,091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СА ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид 5,655,574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ. /1хх-ийн 15-37/

 

8.Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04414 дугаар Шүүхийн шийдвэрийг алдан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 00358/2 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж, хариуцагчийн эд хөрөнгө, арилжааны банкны дансны талаарх лавлагаа гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийсэн байна. /1хх 112-136/

 

9.Төлбөр төлөгчийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч 30 тэрбум төгрөгөөр үнэлэх санал /1хх-ийн 136/, төлбөр авагч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан учир шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр үнэлгээ тогтоолгосон боловч үнэлгээний дүн 10,607,400,000 төгрөгийг төлбөр төлөгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаж, шүүхээс 10,607,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар зохигч тайлбарласан. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

10.Хариуцагч байгууллага дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 9/213 тоот Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, шинжээчээр ХЭХХК-ийг томилсон байна. /1хх-ийн 143-152/

 

11.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шинжээчид үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас зайлс хийх, татгалзсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шийдвэр гүйцэтгэгч сануулжээ.

 

12.Шинжээч ХЭ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр төлбөр төлөгч ХГ ХХК-ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлжээ. /1хх-ийн 156-203/

 

13.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

14.Шинжээчийн дүгнэлтийн 4.5-д Үнэлгээний дүгнэлтэд 1.Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээг 100 хувь ач холбогдолтой 1,725,172,38 мянган төгрөг гэж дүгнэжээ.

 

15.Дүгнэлтийн 4.2-т Зах зээлийн хандлагаар үнэлгээг хийсэн байх бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгөөс Тариалангийн зориулалттай 26,521,106 м.кв талбай бүхий газрыг 826,666.20 мянган төгрөг, аж ахуйн цогцолбор 6,398 м.кв талбай бүхий газар, үр тарианы цогцолбор 15,000 м.кв талбай бүхий газрын үнэлгээг 30,489.10 мянган төгрөгөөр тогтоосон байна.

 

16.Ойролцоо хөрөнгөтэй харьцуулсан дүнгээр тариалангийн зориулалттай 26,521,106 м.кв талбай бүхий газрын тохируулагдсан нэгж талбайн 1м.кв-ийн үнэ 0.0325 гэж тооцсон учир дүн 861,935,945 төгрөг болно. Дүгнэлтэд 862,666.20 мянган төгрөгөөр үнэлсэн байна.

 

17.Аж ахуйн цогцолбор 6,398 м.кв талбай бүхий газар, үр тарианы цогцолбор 15,000 м.кв талбай бүхий газрын тохируулагдсан нэгж талбайн 1м.кв-ийн үнэ 1.4 гэж тогтоосон боловч дүгнэлтэд тохируулагдсан нэгж талбайн 1м.кв-ийн үнэ 1.4249 тооцсон. Тохируулагдсан нэгж талбайн үнэ 6,389+15,000= 21,398 x 1.4 = 29,958.0 мянган төгрөг болохоор байна. Хэрэв 6,389+15,000= 21,398 x 1.4249=30,477.18 мянган төгрөг болно. Дүгнэлтэд 30,489.10 мянган төгрөг гэж тогтоосон.

 

18.Мөн аргаар аж ахуйн цогцолборыг 226,566.08 мянган төгрөгөөр, үр тарианы үтрэмийн цогцолборыг 605,361.0 мянган төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон байх боловч ямар хөрөнгөтэй харьцуулж, ямар арга, аргачлалаар тогтоосон тодорхойгүй байна.

 

19.Дүгнэлтийн 4.3-т Орлогын хандлагаар үнэлгээ хийсэн байх бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгөөс аж ахуйн цогцолбор 6,398 м.кв, үр тарианы цогцолбор газар 15,000 м.кв талбай бүхий газрын үнэлгээг 1,552,864.9 мянган төгрөг гэж тооцсон. Харин Орлогын хандлагын аргаар хийсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 41 сарын 15-рхи инвудын аргаар хийсэн үнэлгээ 30,563,804,000 төгрөг болов гэсэн байх боловч энэ нь ямар хөрөнгийг ямар арга, тооцооллоор гарсан нь тодорхойгүй байна.

 

20.Дүгнэлтийн 4.4-т Өртгийн хандлагаар үнэлгээ хийсэн байх бөгөөд үүнд төлбөр төлөгчийн Тариалангийн зориулалттай 26,521,106м.кв талбай бүхий газрыг 12,475,528,000 төгрөгөөр, Аж ахуйн цогцолбор 6,398 м.кв газрыг 7,677,600 төгрөгөөр, Үр тарианы цогцолбор 15,000 м.кв талбай бүхий газрыг 18,000,000 төгрөгөөр, Аж ахуйн цогцолборыг 266,656 мянган төгрөгөөр, Үр тарианы үтрэмийн цогцолборыг 590,361 мянган төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ гаргасан байна.

 

21.Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд хөрөнгийг зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээг 100 хувь ач холбогдолтой гэж дүгнэсэн үндэслэл, аж ахуйн цогцолбор, үр тарианы үтрэмийн цогцолборын үнэлгээ, орлогын хандлагаар хийсэн үнэлгээнд үл хөдлөх хөрөнгийн үнийг ямар аргаар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, тооцоолол зөрүүтэй, өртгийн хандлагаар хийсэн үнэлгээнээс аж ахуйн цогцолбор, үр тарианы үтрэмийн цогцолборын үнэлгээг сонгосон эсэх нь тодорхой бус байгаагаас дүгнэвэл ХЭ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХГ ХХК-ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

 

22.Иймд НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон ХЭ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр төлбөр төлөгч ХГ ХХК-ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

23.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХЭ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХГ ХХК-ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР