| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Баттулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт * холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, * ХХК-д авто засварчны ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, * хот, * дүүрэг * дүгээр хороо * дүгээр хороолол * байр * тоотод оршин суух, урьд 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэж байсан, *овогт * /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 114-115 дугаар километрт 3247 УБП улсын дугаартай тоёота Приус-40 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч******* мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 114-115 дугаар километрт * УБП улсын дугаартай тоёота Приус-40 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч******* мөргөж амь насыг нь хохироосон гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн: “...2024 оны 02 сарын 03-ны өдөр манай хүн хотоос найзтайгаа ирж яваад автын осолд орсон. Би эр нөхрөө алдчихсан хүн гомдолгүй гэж хэлж чадахгүй. Гомдолтой байна. Гэхдээ энэ хүн манай хүнийг хүргэж өгөх гэж явж байгаад ийм асуудалд орсон. Санаатай биш учир ялын дээд хэмжээг хүсэхгүй байна. Энэ хүн 4 жаахан хүүхэдтэй. Миний хувьд сэтгэл санаа хэцүү байгаа. Машин тэрэг барьж чадахгүй. Шөнө нойр хүрэхгүй байгаа. Нэхэмжилж байгаа зүйл бол өнгөрснөөс хойш оршуулгын зардал 5 сая, дараа нь 15 сая төгрөг, дараа нь 6 сараас хойш 25 сая төгрөг өгсөн. Энэ дээр хүүхдийн тэтгэмжийн зөрүүг өгөхийг хүсэж байгаа. Сэтгэл санааны хохиролд нотариатаар баталгаажуулаад хувааж авахаар тохиролцсон. Одоо 35 сая төгрөг нэхэмжилж байгаа. 45 сая төгрөг өгчихсөн байгаа. Дээр нь нэмээд хүүхдийн тэтгэмжийн зөрүүг авах хүсэлттэй байгаа... ” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Гэрч *ын өгсөн мэдүүлэгт "... Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо гэх газраас сумын төв рүү явганаар орж ирээд цэцэрлэг дээр ирчхээд буцаад 02 цагийн үед Цагаан-Овоо руу алхаж байсан. Тэгээд би Дархан-Эрдэнэтийн төв асфальтан замаар гарах үед зам дээр нэг согтуу эрэгтэй хүн зам дээр явж байгаа машинуудын урдуур гараа өргөөд зогсоод байсан тухайн хүн нь подволкатай байсан. Тэгээд би зам гараад хадам ээж өөдөөс ирж байсан тул сууж очоод гэрт ирж утсаа цэнэглээд цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 163 дугааp хуудас/
2. Гэрч *ийн өгсөн мэдүүлэгт "... Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед санагдаж байна цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар баг Цагаан-Овоо гэх газарт гэрээсээ хүргэн болох Майдарыг сумын төвөөс тосохоор өөрийн эзэмшлийн * УНА улсын дугаартай Ниссан тида машинтай Дархан-Эрдэнэтийн төв замын ойролцоо зогсож байсан чинь "Шинэ Орос хийц" хөрөө рамын хашааны ард тал руу төв асфальтан зам дээр нэг хүн замаар явж байгаа машины урдуур гараа өргөөд яваад байсан. Тэгсэн нөгөө машин нь тойрч явж байгаа харагдсан. Тэгээд манай хүргэн ч ирсэн. Тэгээд бид хоёр машинд дайрагдах нь байна гээд гэртээ ирээд * хэсгийн төлөөлөгчид утсаар ярьж хэлсэн..." гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
3. Гэрч *ын өгсөн мэдүүлэгт: "... Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад 20:30 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Эрдэнэт рүү хүн авч явна гэсэн зарын дагуу * гэсэн дугаартай холбогдож Эрдэнэт явахаар тохиролцсон. Тэгээд Моносын уулзвар дээр уулзахаар тохироод тэнд 21:06 цагт уулзсан. Тэнд би найз *ын хамт очсон. Нөгөө машины дугаарыг нь мэдэхгүй байна ямар ч байсан хар саарал өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэр машинд жолоочоос гадна 1 нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд машиндаа суугаад хөдөлсөн. Тухайн машиныг махлаг жижиг биетэй залуу жолоодсон. Түүний хажууд халзан толгойтой махлаг биетэй өөрийгөө * гэж байсан залуу сууж явсан. Тухайн залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Анх суухад согтолт нь гайгүй байсан. Тэгээд явж байхад******* хэлэхдээ бид хоёрыг архи уух уу? гэж асуусан. Тэгээд бид хоёр архи уухгүй гэсэн чинь машин бариад өгөөч би найзтайгаа архи уух гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр архи уухгүйн тулд машиныг нь барихаар болоод би машиныг нь барьсан. Тухайн машинд 1 шил Эдэн архи байсан тухайн архи нь дээрээсээ жоохон уучихсан архи байсан. Тэгээд дээр нь нэмээд дэлгүүрээс дахин нэг шил архийг******* авсан. Тэгээд би машин бариад найз * хажууд суугаад******* жолооч хоёр хойно суугаад тэр хоёр архиа уугаад Эрдэнэт рүү явсан. Тэгээд замд явж байхад Баянчандмань сум дээр зогсоод тэр хоёр машинаас буучхаад буцаад суухдаа хоорондоо муудалцаад******* нь машинд суухгүй гээд нэлээд юм болж байгаад арай гэж суулгаад хөдөлсөн. Тэр үеэс эхлэн******* нь найздаа агсарч эхэлсэн. Тэрнээс хойш тэр хоёр хоорондоо ноцолдоод муудалцаад явсан. Түүнээс яг зодолдоогүй. Тэгээд явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчмоос эхлэн * бид хоёр руу******* нь ямар ч шалтгаангүйгээр агсарч эхэлсэн. Харин жолооч залуу зохицуулаад болиулж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлэн араас гар нь орж ирж нудрах цохих, татаж чангаах зэрэг үйлдэл гаргаж эхэлсэн. Тэгээд тийм байдалтай явсаар байгаад Баруунбүрэн суманд ирсэн. Тэр үед манай найз Бямбажав болон жолооч залуу салгаад явсан. Намайг жолоо барьж явах боломжгүй араас цохчих гээд би бүр урагшаа жолооны хүрдэндээ наалдчихсан хэцүү байдалтай явсан. Тэгээд би осол гаргаж ч магадгүй байна гээд Баруунбүрэн сумын Петровисын клонк өнгөрөөд замаа баруун тийш чөлөөлж замаас гаргаж урт цагаан дэлгүүрийн гадаа машиныг нь зогсоогоод найз * хамт зам дээрээс гар өргөөд Хөвсгөл дугаартай цагаан өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгсэлд сууж Орхон аймагт 03 цаг болж байхад ирсэн... 02 цагийн үед ирсэн байх цаг нарийн мэдэхгүй байна. Бид хоёр машинаас буугаад зам дээр гар өргөөд хамгийн эхний машин зогсоод бид хоёр явсан.... Тэр талаар сайн мэдэхүй байна. Би эхлээд найзууд тоглож байгаа юм байхдаа гэж бодсон тэгсэн сүүлдээ тийм биш болсон. Тухайн 2 залуу нэлээд согтолттой байсан. Тухайн авсан 2 архиныхаа нэгийг нь бол ямар ч байсан дууссан дараагийн архиа дууссан эсэхийг мэдэхгүй байна. Би жолоо барьж явсан болохоор сайн анзаараагүй.... сүйдтэй гэмтэл учраагүй. Замд *ын хамраас цус гараад би урд хайрцгаас 00-н цас авч өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас/,
4. Гэрч *ын өгсөн мэдүүлэгт: “...Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад 21 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд фейсбүүкээс Эрдэнэт рүү хүн авч явна гэсэн зарын дагуу манай найз * утсаар холбогдож Эрдэнэт явахаар тохиролцсон. Тэгээд Моносын уулзвар дээрээс уулзахаар тохироод тэнд 21:06 цагт уулзсан. Тэнд би найз * хамт очсон. Бид хоёр нөгөө машинд суусан. Тухайн хүнд замын зардалд хүний 30.000 төгрөг егсөн. Тухайн машины дугаарыг нь мэдэхгүй байна ямар ч байсан хар саарал өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгсэл байсан байх. Тэр машинд жолоочоос гадна 1 нэг эрэгтэй хүн байсан. Сүүлд явж байхдаа танилцахад жолооч нь * нөгөө залууг нь******* гэж байсан. Тухайн машиныг махлаг жижиг биетэй залуу жолоодсон. Тэгээд нэлээд явж байгаад дэлгүүрийн гадаа ирээд Мөнхбаяр бид хоёрыг хань болоод хамт архи ууя ганцаардаад байна гэж******* хэлсэн. Тэгээд бид хоёр хол газраас явж байна уухгүй гэсэн чинь машин бариад өгөөч би найзтайгаа уух гэсэн юм гээд байсан. Анх утсаар холбогдоход жолооны үнэмлэхтэй юу гээд асуугаад байсан юм. Машин бариулах гээд байсан юм байна лээ. Тэгээд дэлгүүрээс * нар орж архи авсан. Тухайн архи нь 1 литрийн Эдэн нэртэй архи байсан. Бид машинд суухад голын хайрцаг дотор нь 1 шил архи байсан. Анх суухад******* согтолт нь гайгүй байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд Мөнхбаяр машин бариад би хажууд нь суугаад*******,******* нар хойно суугаад Эрдэнэт рүү явсан. Тэгээд тэр хоёр архи уугаад чухам л найз нөхөд гээд байсан. Тэгээд замд явж байхад Баянчандмань сум дээр ирэхэд******* нь нэлээд согтчихсон над руу Эрдэнэт рүү сал гээд жолооч руу хойноос юм яриад байсан. Тэгсэн чинь******* нь жолоо барьж байгаа хүнд битгий саад болоод бай гээд хойшоо татаад аргадаад байсан. Тэгээд тэнд бие засаад тамхи татаад суусан. Буцаад суухдаа хоорондоо муудалцаад******* нь машинд суухгүй гээд нэлээд юм болж байгаад******* нь аргадаад суулгаад хөдөлсөн. Тэр үеэс хойш******* нь найздаа агсраад******* нь аргадаад******* нь*******ийг цохиод байсан....Мөнхзул нь *гийг цохиод байсан *гийн хамраас нэг удаа цус гарсан. Тэгээд явж байхад * нь * бид хоёр руу агсам тавиад араас шалтгаангүйгээр гар нь орж ирж нудрах, цохих, татаж чангаах, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдэл гаргаж эхэлсэн. Тэгээд тийм байдалтай явсаар байгаад Баруунбүрэн суманд ирсэн. Ер нь би хөндлөн суугаад * бүр урагшаа рульдээ тулчихсан араас цохичих гээд хэцүү байдалтай явж ирсэн. Тэгээд аваар осол хийчих гээд байсан, мөн бид хоёрыг занал хийлээд байсан учраас бид хоёр Баруунбүрэн сумын зам дагуу байдаг дэлгүүр дээр тэр хоёрыг машинтай нь орхиод зам дээрээс гар өргөөд Хөвсгөл дугаартай цагаан өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгсэлд сууж Орхон аймагт 03 цаг болж байхад ирсэн. Баруунбүрэн суманд 02 цагийн үед ирсэн байх цаг нарийн мэдэхгүй байна. Бид хоёр машинаас буугаад зам дээр гар өргөөд хамгийн эхний машин зогсоод бид хоёр гуйгаад суугаад явсан...." гэх мэдүүлэг /хх- ийн 157-159 дүгээр хуудас/
5. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай
-Талийгаачийн биед гавлын орой болон дагз ясны салаалсан шугаман хугарал, зулай, суурийн урд, дунд арын хонхорын хугарал, тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархай, дагзны дэлбэнд аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дотор талын хуйхны тархмал цус хуралт, баруун, зүүн шилбэний шаант тахилзуур ясны хугарал, доод уруулын дотор салстад шарх, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, хацар, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруу, баруун дал, зүүн сарвуу, хэвлийн зүүн хажуу хэсэг, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу мөргөгдөх, шидэгдэх, цохигдох механизмаар зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
-Талийгаачид хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөөгүй элэгний өөхлөлт өвчтэй байжээ.
-Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.2 промилли, ходоодны шингэнд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно.
-Талийгаачид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр А (ІІ) бүлгийн цустай байна.
-Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40-р хуудас/,
6. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *гийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч *ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай
- Шинжилгээнд хүргүүлж буй талийгаач *ын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд тэнцсэн *ын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 81-85-р хуудас/,
8. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч *ийн “...* УБП улсын дугаартай Тоёота приус-40 тээврийн хэрэгслийг жолоодон явсан******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн 3.7. Жол жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв.
Жолооч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Согтуурал хэмжсэн тодорхойлолт" "Согтуурал шалгасан тэмдэглэл" зэргээр тогтоогдож байх ба согтууруулах ундаа нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэдэг тул зогсоох арга хэмжээ авах буюу осол гарахад шууд нөлөөлнө.
Явган зорчигч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5. Явган зорчигчийн үүрэг 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна. 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: 6/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;.-ийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд санаатайгаар саад хийсэн үйлдэл хяналтын камерын бичлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба тухайн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн байна.
* УБП улсын дугаартай Тоёота приус-40 тээврийн хэрэгслийг жолоодон явсан******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн.
Явган зорчигч******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;. гэсэн заалтуудыг зөрчсөн осол гарахад нөлөөлсөн байна..... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,
9. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн * ХХК-ийн Эвдрэл хохирлыг үнэлсэн тухай “Эвдрэл гэмтлийн арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 960,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,
10. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
11. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-18-р хуудас/,
12. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-26 дугаар хуудас/,
13. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
14. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
15. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас/,
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *аас гаргаж өгсөн нэхэмжлэлийн тооцоо, оршуулгын зардлын тооцоо бусад гэм хортой холбоотой баримтууд /хх-ийн 105-146 хуудас/,
17. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 174-178-р хуудас/,
18. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч *оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 183-184-р хуудас/,
19. Шүүдэгч *ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 187-215-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч * нь: “...Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-д заасныг зөрчиж, зорчигч болон автомашинд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
*ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн *ын амь нас хохирч, *ийн эзэмшлийн, Нет капитал лизинг ХХК-ийн өмчлөлийн Prius-40 маркийн тээврийн хэрэгсэлд 9608000 төгрөгийн хохирол учирсан байх ба үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн
тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүх шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн *ын амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * нь сэтгэцэд учирсан хохиролд 35,073,436 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 9,804,346 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардал 24,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 35,073,436 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 9,804,346 төгрөг нийт 44,878,346 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь хохирлын талаар гэм буруугийн шүүх хуралдаан дээр: “...Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Төлж чадна...” гэж үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч******* нь 2024 оны 2 сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 114-115 дугаар километрт 3247 УБП улсын дугаартай тоёота Приус-40 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож “...аюул, саад тулгарвал зогсоох арга хэмжээ авна...” Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч*******ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт материалууд нь хэрэгт авагдсан Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Гэрч, хохирогчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн ослын акт, шинжээчийн дүгнэлтүүдийг хангахаар тогтоогдож байх тул шүүгдэгч Дашдоржийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хоригдож ирсэн СД бичлэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нийт 89,847,346 төгрөгөөс 45 сая төгрөгийг төлсөн. 44,878,346 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч *т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Шүүгдэгчийн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг гаргаж байна... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар *ийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөн оролцож байна. * нь 2024 оны 2 сарын 3-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Миний хувьд мөрдөн байцаалтын шатаас өмгөөлөгчөөр оролцож ажиллаж байгаа. Хохирлын хувьд бид нар сая тооцоо гаргачихлаа. Хүүхдийн тэтгэмжээс гадна үлдэгдэл 35 сая төгрөг нэхэмжилснийг манай үйлчлүүлэгч төлье гэдгээ илэрхийлж байна. Одоогийн байдлаар нийт 45 сая төгрөгийг хохирогчийн хувьд бол өгчихсөн. Сэтгэл санааны хохирол дээр 40 сая төгрөгөөр тохиролцсон. * нь гэм буруугүйн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь хүний амь нас хохирсон харамсалтай зүйл болсон. 2024 оны 2 сард энэ хэрэг гарснаас хойш өөрийнхөө чадлын хэрээр л хохирлыг нөхөн төлж байгаа. Өөрөө 1-8 насны 4 хүүхэдтэй, хамгийн бага нь 2 ихэр ой хэдэн сартай хүүхдүүдтэй юм байна. Саяхан 1 ажилд орсон. Мөн л цалингийн зээлтэй, машины зээлтэй, байрны зээлтэй амьдралын төлөө зүтгэж яваа залуу байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5.1.1-д зааснаар анх удаа гэмт хэргийг тохиолдлын шинжтэй үйлдсэн, мөн 6.5.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлээд зохих хохирлуудыг нөхөн төлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 1-5 жилийн зорчих эрхийг хязгаарлах санкцтай байдаг. Улсын яллагч энэ санкцыг сая хэлчихлээ. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийдвэртээ тусгаж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Гэм буруу дээр маргаад байх зүйлгүй. Үлдэгдэл хохирлыг чадлын нөхөн төлнө гэж илэрхийлж байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Гомдол байхгүй...” гэв.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд: “...Миний буруу...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөхдөө санаачилгатай хандаж тодорхой хувь хэмжээгээр хохирлыг барагдуулсан, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шүүгдэгч *ийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоов.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөрийн хэмжээ ихтэй учраас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт ажил хөдөлмөрөө хийж хохирлоо арилгах үүднээс түүнд зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч * авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овогт * /РД:*/-ыг Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Шүүгдэгч *ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч *ийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 35,073,436 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 9,804,346 төгрөг нийт 44,878,346 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэргийн хамт ирсэн СД бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН