Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01314

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 12 өдөр                      Дугаар 102/ШШ2022/01314                             Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... тоотод  оршин суух, регистр ...., Ч овогт М....-ын Б... ,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр  ..., Б овогт Ө...-ы Н....,  

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 2 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н..,   хариуцагч Ө.Н...., түүний өмгөөлөгч Э.А..., гэрч ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчдын зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  М.Б...  нь хариуцагч Ө.Н....т холбогдуулан гэм хорын хохиролд 2 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Д.Г /эхнэр М.Б... / нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.... ХХК-тай 69 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлж, мөн үлдэгдэл төлбөрийг Н... ХХК -ийн дансанд тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2019.07.04-ний өдрөөс 2020.05.26-ны өдрийг хүртэл .... тоот орон сууцанд байранд амьдарч байсан.Н... ХХК  нь орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг М.Б... гийн зөвшөөрөлгүй Г.... ХХК -д шилжүүлсэн.Улмаар Г.... ХХК -ийн гүйцэтгэх захирал Ө.Н.... нь үл ялих зүйлээр шалтаглаж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрт нь хүнгүй байгааг далимдуулан, мөн шүүхийн шийдвэргүйгээр .... тоотын цоожийг сольж, хаалганы гадна талд төмөр гагнасан.Үүний улмаас бид нар нь өмссөн хувцастайгаа гудамжинд гарч, айл хэсэж байр түрээслэн амьдрахаас аргагүй болсон.Улмаар би Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, мөн орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд ноцтой халдсан гэж үзэж Г.... ХХК  болон гүйцэтгэх захирал Ө.Н....т нарыг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан.Хэрэгт хамаарах цаг хугацаанд Г.... ХХК  болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ө.Н....т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж  Ө.Н....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон .... тоот шийтгэх тогтоол гарсан.Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т "Хохирогч М.Б...  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг баримтаар нэхэмжлээгүй бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ө.Н....ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй" гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу Г.... ХХК -д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас би гэр бүлийн хамт өмссөн хувцастайгаа гудамжинд гарч байр түрээсэлж, айл хэсэж амьдрахаас өөр аргагүй болсон.Улмаар Ч.Б....ны өмчлөлийн .... тоот хоёр өрөө орон сууцыг нэг сарын 500 000 төгрөгөөр 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл түрээсэлсэн төлбөрт төлсөн 2 200 000 төгрөгийг Г.... XXК болон Ө.Н.... нар хариуцах ёстой.Г.... ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Н....т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх явцад хоёр ч удаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хэд хэдэн мөрдөгч солигдож хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэнэ гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байсан тул 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр МӨХ-ны гишүүн өмгөөлөгч Ц.Г.., Г.Б... нараас хууль зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулсан, өмгөөлөгч нарт төлсөн үйлчилгээний хөлс 500 000 төгрөгийг хариуцагч Г.... ХХК болон Ө.Н.... нараас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Г..ын эхнэр М.Б...  нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н...ХХК-тай 69 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан.Уг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч гэрээний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлсөөр ирсэн, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ... тоот орон сууцад амьдарч байсан.Анх гэрээ байгуулсан Н...ХХК нь өөрийн шаардах эрхийг Д.Г.. , М.Б...  нарт мэдэгдэлгүйгээр компанийн шаардах эрхийг Г.... ХХК -д шилжүүлсэн, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Г.... ХХК -д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ө.Н.... нэхэмжлэгчийн гэрт нь хүн байхгүйг далимдуулж, шүүхийн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр .... тоот хаалганы цоожийг сольж, хаалгыг гадна талаас нь төмрөөр гагнасан.Үүний улмаас Д.Г.. , М.Б...  нар өмссөн хувцастайгаа гарч гэртээ буцаж орох боломжгүй болж үүнээс үүдэж байр түрээсэлсэн.Улмаар М.Б...  нь Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдарч, орон байрны чөлөөтэй байх эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэж Г.... ХХК , Ө.Н.... нарыг Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан.Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан.Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Ө.Н....ийг гэм буруутайд тооцсон тухай, М.Б... г өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан.Тухайн хугацаанд нэхэмжлэгч М.Б...  нь гэртээ орж чадахгүй байсан тул 1 өрөө орон сууцыг сар бүр 500,000 төгрөгөөр 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл буюу нийт түрээсэлсэн хугацааны зардал болох 2,200,000 төгрөгийг, мөн өмгөөлөгч Г..., Б... нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг үндэслэн дээрх зардал  2 700 000 төгрөгийг Ө.Н....ээс гаргуулна, уг байрыг 2021 оны 8 дугаар сард Г... XXК-д хүлээлгэн өгсөн гэв.

Хариуцагч Ө.Н.... хариу тайлбартаа:Би 2020 оны 4 сарын сүүлээр буюу 27-нд Г...ХХК-д ажилд орсон, ажлаа хүлээж авч байхад О... захирал нь “манай байранд хууль бусаар амьдардаг айлууд байдаг тул тэд нарыг байрнаас хөөж гаргах хэрэгтэй” гэж хэлж байсан.Энэ шаардлага удаа дараа тавьж шахаж шаардаж О... гэдэг өмгөөлөгчөө “байр сулла” гээд над руу явуулсан байсан.О.... өмгөөлөгчийн заавраар 81 тоотын хаалгыг онгойлгуулан, голыг нь сольж, лацдуулсан боловч тус компанийн эрх бүхий хүмүүс өөрсдөө шүүх, цагдаагийн байгууллагуудад шалгагдаж байсан болохоор өөрсдөөсөө зайлуулж надад үүрүүлсэн юм.Иймд би ч гэсэн Г...ХХК-д гомдолтой байгаа бөгөөд энэ компаниас болж би эрүүгийн хариуцлага хүлээж хохирсон. М.Б... гийн хаалгыг битүүмжлэх үед компанийн өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлж байсан бөгөөд би өөрийн хувийн эрх ашгийн үүднээс дээрх үйлдлийг хийгээгүй, тухайн үед холбогдон гарсан бүх зардал компаниас гарч байсан болно. /хаалга онгойлгох, цоожны голыг солих, лацдах/ Иймд надаас биш  Г...ХХК-иас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, М.Б... гийн өмгөөлөгч Ц.Г...., Г.Б.... нартай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Б... гаас өмгөөлөгч Ц.Г...-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөг хүлээн авсан тасалбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Д.Г....ын Н... ХХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, М.Б...  Ч.Б.... нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн байр түрээслэх гэрээ, Ч.Б...., Ч.Э...., Б.Ц....., Б.Ц.... нарын өмчлөлийн .... тоотын улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулгууд, өмгөөлөгч Ц.Г..., Г.Б.... нараас 2020 оны 6 дугаар сарын 17, 2020 оны 7 дугаар сарын 17, 2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 27, 2020 оны 11 дүгээр сарын 10, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан гомдол, хүсэлт, хариу авах хүсэлт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 23, 2020 оны 7 дугаар сарын 24, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдлын хариу, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас:Г...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:2020 оны 7 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд түрээслэн амьдарсан байрны төлбөрт төлсөн 2 200 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөг нийт 2 700 000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Энэ айлын хаалганы цоожны голыг сольж, гаднаас нь гагнаас хийх ажлыг Г...ХХК-ийн өмнөөс хийсэн тул зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, Д.Г...-ын Н... ХХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоол, гэрч Ю.Уянгын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Б... гийн нөхөр Д.Г.. нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н... ХХК -тай орон сууц захиалгын 69 дугаартай гэрээ байгуулж, “.... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29,5 метр квадрат талбай бүхий, нэг өрөөг 42 775 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна./хх-11-12/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолд- “Ө.Н.... нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101а байрны 81 тоот иргэн Д.Г.. ын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н... ХХК -тай байгуулсан гэрээгээр худалдан авч, 2019 оны 7 дугаар сараас хойш оршин суух болсон байранд “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээ байгуулалгүй, байрны төлбөрийг бүрэн төлөөгүй, байранд орж амьдарсан, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч байрыг компанид хүлээлгэн өгөөгүй” гэх шалтгаанаар цоожийг хүчээр эвдэн онгойлгож, Д.Г.. , М.Б...  нарын зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хаалганы голыг сольж, гадна талд нь төмөр бэхэлгээгээр хаалт үүсгэн Д.Г.. , М.Б...  нарын аюулгүй орчинд амьдрах, орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б...  нь эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт...”2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Г... ХХК-ийн өмгөөлөгч болон У..., Н.... нар манай хаалгыг эвдээд, голыг солиод, төмрөөр  гагнасан байсан”...”эдний байгууллага манайхыг буруутан гэж ойлгосон, зогсоо зайгүй гар гээд манайхыг байрнаас гаргасан” гэж мэдүүлжээ.

Д.Г.. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:”Би 2017 оны 11 дүгээр сард Н... ХХК -тай орон сууц худалдан авах гэрээ хийсэн бөгөөд урьдчилгаа 8 550 000 төгрөг төлөөд сард 316 000 төгрөг тогтмол төлөхөөр тохирч, 2019 оны 7 сард байрандаа орсон.Гэтэл Г.... гэх байгууллага гарч ирээд энэ гэрээ чинь хүчингүй, энэ байр манайд шилжсэн, нэг бол мөнгөө бүтнээр нь өг гээд байсан, тэгээд манай гэрийн хаалгыг солиод, гаднаас нь гагнаад оруулахгүй байсан, би өөрийнхөө дансны дугаарыг Г... байгууллагын ажилтанд хэлээгүй, гэтэл Хөвсгөлд байхад миний Төрийн банкны дансанд гэнэт буцаалт гэсэн мөнгө ороод ирчихсэн байсан, би мөнгө нэхэж аваагүй, хийгээрэй ч гэж хэлээгүй” гэжээ.

Ж.Д...  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:”Би Г...ХХК-ийн хувьцаа эзэмшигч, манай компани офицерийн хойд талд .... айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, тус орон сууцанд амьдардаг хүмүүсийг оруулж гаргах асуудалд би оролцох боломжгүй, тэр үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ө.Н.... 2020 онд бүх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаад 12 дугаар сард мөнгө идсэн шалтгаанаар халагдсан, би тэр үед амьдарч байсан хүмүүсийг гаргаж, хаалганы голыг солих үүрэг даалгавар өгч байгаагүй” гэжээ.

Д.Г.... мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:”Г...ХХК нь манай барилгыг барьсан гүйцэтгэгч компани бөгөөд гүйцэтгэх захирлаар Одгэрэл, дараа нь Ө.Н.... ажиллаж байгаад Д.... болсон. Б...  нь Н... ХХК -тай орон сууц захиалсан гэрээ байхгүй, одоо амьдарч байгаа гэх байранд нь Д.Г.. амьдарч байгаад гэрээ цуцалж, мөнгөө авсан байгаа” гэжээ.

Ю.У.... мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:”2020 оны 2 дугаар сард О.... захирал өмгөөлөгчтэй ирж уулзахдаа гарахгүй байгаа нилээн хэдэн хүмүүстэй уулзаж, албан бичиг өгсөн, 2020 оны 3-4 сарын үед О.... захирал ажлаас гарсан, оронд нь Н.... захирал томилогдож ирсэн, түүнээс хойш Н.... захирал байрны асуудалтай хүмүүстэй уулзаж, бид нарыг хариуцан ажиллаж байгаад 2020 оны сүүлээр ажлаасаа гарлаа гэж утсаар хэлсэн” гэжээ.

Гэрч Ю.У.... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би Г.... ХХК -д барилгын инженер хийдэг, М.Б... гийн амьдарч байсан гэх 81 тоот орон сууц нь Г.... ХХК -ийн байр, энэ байрыг  Г.... ХХК -иас М.Б... тай тохиролцож бусдад борлуулсан. М.Б...  манай захиралтай уулзаж урьдчилгаанд өгсөн мөнгөө авч орон сууцыг бидэнд хүлээлгэж өгсөн, манай байгууллага Сууц Өмчлөгчдийн Холбоо болон орон сууцаа өөрсдөө хариуцаж, оршин суугчдаас төлсөн төлбөрийг цааш нь төлдөг. Захирал О.... эдгээр зардлыг компаниас төл гээд бид төлбөр тооцоонуудаа айлуудаас авдаг, түүгээр төлбөр тооцоог нь төлсөн, цоожны голыг сольж, гагнуурын зардлыг компаниас төлсөн гэв.

Мөн тогтоолд “М.Б...  нь 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 12 дугаар хүртэл сар бүр Н... ХХК -ийн дансанд 316 000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 91/10 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээгээр Д.Г.. тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх, үүргийг Н... ХХК -иас Г.... ХХК -д шилжүүлсэн, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Г.... ХХК -ийг ...... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээтэй, Г.... ХХК -иас 2020 оны 2, 3, 5 дугаар сард Д.Г.. ад зээлийн гэрээ байгуулаагүй, үлдэгдэл төлбөр болох 29 942 500 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр байр чөлөөлөхийг шаардаж хүргүүлсэн мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ө.Н....ийг Г.... ХХК -ийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Г.... ХХК -ийн захирал Ө.Н....ийн гарын үсэгтэй мэдэгдэл” байгааг дурдсан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын тайлбарлаж байгаа үйл баримтаас үзэхэд Д.Г.. нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н... ХХК -тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар Амгалан хотхоны .... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29,5 метр квадрат талбай бүхий, нэг өрөөг 42 775 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, Н... ХХК -ийн Д.Г.. тай байгуулсан дээрх орон сууц захиалгын гэрээний эрх, үүргийг 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээгээр Г.... ХХК  нь шилжүүлэн авсан, Г.... ХХК  нь Баянзүрх дүүргийн ..... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн, Г.... ХХК -иас 2020 оны 2, 3, 5 дугаар сард Д.Г.. ад зээлийн гэрээ байгуулаагүй, үлдэгдэл төлбөр болох 29 942 500 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр байр чөлөөлөхийг шаардаж байсан, улмаар Д.Г.. тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсанаар уг гэрээ цуцлагдаж, захиалагч Д.Г.. нь орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авсан болох нь тогтоогдсон байна.

Ө.Н.... нь Г.... ХХК -д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .... тоотод байршилтай орон сууцны хаалганы цоожны голыг сольж, хаалганы гадна талд төмөр гагнуулсан үйлдлийг Г.... ХХК -ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийн хувьд гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Д.Г.. ын Н... ХХК -тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлахтай холбоотой хийгдсэн байгууллагын үйл ажиллагаанаас үүссэн гэх хохиролд  Ө.Н....ийг буруутай гэж үзэх боломжгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн авсан өмгөөлөгчийн зардлыг Ө.Н.... хариуцах үндэслэлгүй байна.

Иймд Ө.Н....ээс гэм хорын хохиролд 2 700 000 төгрөг гаргуулах тухай М.Б... гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.Б...  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г...ХХК-иас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Ө.Н....ээс 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай М.Б... гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан М.Б...  нь хариуцагч Г...ХХК-иас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Г...ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН

                  ШҮҮГЧИД                                                 Т.ГАНДИЙМАА

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ