Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/893

 

2024         10          09                                        2024/ШЦТ/893     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0609/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

гэрч Р.Н,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл,

хохирогч Ү.У, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

хохирогч Э.С, Р.Э нарын өмгөөлөгч Ц.Баярмаа,

хохирогч Г.Б-н өмгөөлөгч Д.Ариунзориг,

хохирогч О.Ш, Д.Ч,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Д.Ганбат, Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2011002360382 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.М (РД:) 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Р.Э-г “1 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 811 дүгээр салбараас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг буюу нийт 60.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хохирогч Б.М-г "зээл чөлөөлөх гэж байгаа, 10 хувийн хүүтэй тооцож буцааж өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны Хүүхдийн 100 салбараас 60.000.000 төгрөгийг буюу нийт 160.000.000 төгрөг шилжүүлэн аваад 50.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 110.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч И.М-г "тендерийн баталгаанд байршуулна, өдрийн 1 хувиар бодоод 7 хоногийн дотор буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны салбараас 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хохирогч Б.Ц-г "зээл чөлөөлж, бизнес эрхэлж байгаа, 10 сая төгрөгийн хүү 1.061.000 төгрөг болно" гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Энхтайван салбараас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын өдөр 04-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаас 6.076.000 төгрөгийг төлж, үлдэх 13.924.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Ү.У-г "өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлнэ" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19.000.000 төгрөгийг буюу нийт 32.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад 10.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 22.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Э.С-г "авах гэж байгаа зээл дээрээ нэмээд 100.000.000 төгрөгийн зээл аваад өг, мөнгийг чинь 10 хувийн хүүтэй өсгөөд өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравт байрлах Голомт банкны салбараас 90.000.000 төгрөгийг бэлнээр, 5.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч Г.Б-г "визний баталгаа болон дансны тодорхойлолт гаргахад ашиглана, 10 хувийн хүүтэй зээлнэ" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 70.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад, 28.000.000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 42.000.000 төгрөгийг төлөлгүй залилсан,

хохирогч Д.Ч-г "мөнгө байршуулж, барьцаа сулладаг, өдрийн 0.55-1 хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Макс Молл худалдааны төвд байхад нь 7 удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэх 110.000.000 төгрөгийг төлөөгүй залилсан,

хохирогч О.Ш-г 1-3 сарын хугацаатай байраа барьцаанд тавиад зээл аваад өг, шагналд нь байранд чинь засвар хийж егье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гранд плаза худалдааны төвийн зогсоолд "Номин юнион" ХЗХ-оос зээлж авсан 35.000.000 төгрөгийг нь бэлнээр шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, 9 хохирогчид нийт 502,924,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

............................................................................................................................................................................................................................................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.М-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 136 /нэг зуун гучин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.М-н хүүхэд 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Б.М-н М /РД:/-д асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн буюу Баянзүрх дүүргийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-с нийт 516,107,855 /таван зуун арван зургаан сая нэг зуун долоон мянга найман зуун тавин тав/ төгрөг гаргуулж,

хохирогч Ү.У-д 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөг,

хохирогч Р.Э-д 60,000,000 /жаран сая/ төгрөг,

хохирогч Б.М-д 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөг,

хохирогч И.М-д 10,000,000 /арван сая/ төгрөг,

хохирогч Э.С-д 100,000,000 /зуун сая/ төгрөг,

хохирогч Г.Б-д 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг,

хохирогч Д.Ч-д 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөг,

хохирогч О.Ш-д 48,183,855 /дөчин найман сая нэг зуун наян гурван мянга найман зуун тавин тав/ төгрөг,

хохирогч Б.Ц-д 13,924,000 /арван гурван сая есөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунсанаагийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №02 дугаартай тогтоолоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоотод байрлалтай, 29мкв орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-н үйлдсэн гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулах зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын   биелэлтийг   түдгэлзүүлж   тогтоол   биелэгдэх   хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.БОЛДБААТАР