| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/04241/И |
| Дугаар | 102/ШШ2022/00719 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2022/00719
2022 оны 03 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2022/00719 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ...ын ... /РД:.../,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогтой ...-ийн ... /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ...-ийн ...д /РД:.../ холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээг цуцалж, 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В...., Г...., нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2021.11.06-ны өдөр П....тай аман гэрээ хийж, хажуу өрөөг нь түрээсэлсэн. Түрээсийн сарын төлбөр 350,000 төгрөг, барьцаа 350,000 төгрөг шилжүүлсэн. 2021.11.14-ний шөнө манай үеэл эхнэрүүдийн хамт ирж 1 шил архи уугаад оройтсон болохоор унтсан. 02 цагийн үед ... орж ирэн орилж хараагаад зайлцгаа гээд цагдаа дуудаж, намайг зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгосон. Би тэр өдрөө юмаа аваад гарсан, ... мөнгийг минь өгнө гээд өгөхгүй байна. Сарын түрээс 350,000 төгрөгийг 30 хоногт хуваагаад хоногийн 11,667 төгрөгийг түрээсэлсэн 6 хоногоор тооцож 70,000 төгрөгийг төлсөн 700,000 төгрөгөөс хасч 630,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч нараас шүүхэд Хаан банкны дансны хуулга баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
В.... нь П....д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээг цуцалж, 630,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022.01.18-ны өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарласан, хариу тайлбарыг 2022.02.01-ний өдөр ирүүлэх үүргийг хүлээлгэсэн боловч хуульд заасан хугацаанд татгалзсан талаархи тайлбарыг баримтын хамт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад В....ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүрэг үүсэхээр зохицуулсан байна.
В.... нь 2021.11.06-ны өдөр П....тай аман хэлцэл хийж, хажуу өрөөг нь сарын 350,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг барьцаа 350,000 төгрөгийн хамт Хаан банк дахь өөрийн эзэмшлийн данснаасаа хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Талууд хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хийгдсэн, урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.
Тэдгээрийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч П.... нь хөлслөгч В....ийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны 1 сарын хөлсийг урьдчилж төлөх үүргээ биелүүлжээ.
Зохигч 2021.11.14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг цуцлах болсон байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч В.... хөлсөлсөн хугацааны төлбөрийг хасаад үлдэх төлбөгийг буцаан шаардсантай хариуцагч маргахгүй байна.
Иймд П....гаас 630,000 төгрөг гаргуулан В....өд олгож, харин Г....ийн нэхэмжлэлийг гэрээний оролцогч биш үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн ... дугаар утсаар болон шуудангаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 19,340 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 19,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В....өд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогтой ...-ийн ...гаас /РД:.../ орон сууц хөлслөх гэрээг цуцалж, 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан, ... овогтой ...ын ...өд /РД:.../олгож, Г....ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 19,340 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 19,340 төгрөг гаргуулан, В....өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ