Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1416

 

 

 

 

 

 

 

                                                       

Б.Б, Б.Б, О.М,

Б.Г, С.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А,

өсвөр насны шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Энхбаатар,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/657 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт холбогдох 2011007430442 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Бын Б, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, ах, эгчийн хамт;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

2. Б овгийн Бийн Б, 2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, зээ дүү нарын хамт;

3. Б овгийн Оын М, 2001 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 17-426 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

4. Саарал адуун овгийн Батмөнхийн Г, 2002 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Дэ Сарон” салонд үсчин ажилтай, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

5. Х овгийн Сийн Ө, 2002 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 7 сар 15 хоногоор тогтоосон;

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд иргэн Г.Бын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 103.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч И овогт Бын Б, шүүгдэгч Б овогт Бийн Б, Б овогт Оын М, Саарал адуун овогт Батмөнхийн Г, Х овогт Сийн Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон дээрэмдэж 103.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Быг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч н.Ад даалгаж, өсвөр насны шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Өын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гардаг 2020 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ангийн найз нар болох Ө, Б, Тэмүүлэн нартай 2 машинд салан сууж халтууранд явсан. Нилээн орой харих зорилготой уруудаж явтал манай машинаас хэн нэгэн нь “зогсоорой” гэхэд нь би зогссон ба бүгд буугаад гудамж руу гүйгээд орсон. Би гайхаад машинаа унтраагаад араас нь очтол үйл явдал аль хэдийн өрнөөд дууссан байсан бөгөөд надад хэн ч юу ч хэлээгүй. Хожим хойно хүний цүнхийг авсан гэдгийг мэдсэн. Тухайн үед хэрэг болсон гэдгийг мэдээгүй, халтуур хийгээд явж байсан нь Тэмүүлэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Миний бие гэрээсээ хүч хэрэглүүлэн гарсан бөгөөд эсэргүүцэл үзүүлээгүй байхад мөрдөгч болон цагдаа нар өчиж, зодон цагдаагийн хэлтэст аваачин дахин зодож, өмгөөлөгчгүйгээр тулган шаардаж мэдүүлэг авсан. Болсон үйл явдлыг шүүгдэгч, гэрч нар гэрчилнэ. Тухайн үед надад эрх, үүрэг, хууль танилцуулаагүй бөгөөд цагдан хорино гэхээр нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээ өмнөхтэйгөө адилхан өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн заавраар мэдүүлсэн. Би одоо 19 настай Их, дээд сургуульд элсэн суралцаж, гурван дүүдээ сайн ах нь байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой айлын том хүү билээ. Сурч боловсрох насандаа ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би цаашид эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Г.Б руу дайраагүй. Тухайн 2020 оны 3 дугаар сарын 21-ний оройн 8 цагийн орчим 10 дугаар хороололд байрлах “Дэ сарон” салонд үсчнээр ажиллаж байхад Ө, Б нар хүнтэй уулзаад ирье гэж намайг авч явсан. Мөнх-Эрдэнийд очиход Б байж байсан. Хэсэг юм ярьж байгаад Ө намайг хүргэж өгөхөөр явж байтал М, Б, Б нар цагаан байр гэдэг газар нэг гудам руу алхаж байсан. Ө “эд нар хаачих гэж байгаа юм бол” гээд араас нь эргэж орсон. Бид хоёр машин дотроос харахад нөгөө гурвын урд нэг ах явж байсан. Тэгэхээр нь би тэр гурвыг дээрэлхэж байна гэж бодоод машинаас бууж, араас нь гүйж очоод “хүүе ах аа” гэхэд тэр ах эргэж харан “яадаг хүүхэд вэ” гээд над руу далайхаар нь би цочоод 1 цохисон. Тэр ах цүнхээ шидчихээд гүйсэн. Б цүнхийг нь өгөх гээд араас нь гүйсэн. Тэгтэл тэр ах чулуу барин орилж айлгаад бид хэд зугтсан. Тэр үед цүнхийг авсан эсэхийг мэдэхгүй. Хорих 409 дүгээр ангид нарлагаанд Мтэй тааралдахад “эрүүгийн төлөөлөгч зодоод хэргээ хүлээ гээд тэгвэл та нар бага ял авна гэж анх мэдүүлэг авсан” гэсэн. Бас өмгөөлөгч нь “нэгэн рүүгээ чих, тэгвэл та нар бага ял авна” гэж зөвлөсөн гэсэн. Би 18 настай бөгөөд сурч хөдөлмөрлөх насандаа ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Ө “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Г, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа. Б.Г, Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт үйлдэл хийгээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Г нь нөхцөл байдлыг буруугаар ойлгож гудамжинд явсан хүнийг найз нартай нь муудалцсан хүн гэж эндүүрэн ямар ч яриа өгүүлэл хэлэхгүйгээр нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон байдаг. Харин хохирогчийн зугтахдаа хаясан цүнхийг Б.Б нь авч хохирогчид өгөх үйлдэл хийсэн болох нь камерын бичлэгт тодорхой харагдаг. Хэрвээ дээрэмдэх санаа зорилготой байсан бол ийм үйлдэл огт хийхгүй байх байсан. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.М болон шүүгдэгч С.Ө, Б.Б нарын дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлогддоггүй бөгөөд тэд хохирогчид хүч хэрэглэж цохиж зодох, эсвэл эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж дайрч довтолсон болон цүнх бусад эд зүйлийг нь авч авсан эд зүйлийг нь захиран зарцуулж хэрэглэсэн үйлдлийг огт хийгээгүй байдаг. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага оногдуулна”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцож болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг харгалзаж үзэлгүй шийдвэрээ гаргасан. Иймд шүүгдэгч нар бүгдээрээ оюутнууд, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч гомдол, саналгүй гэсэн зэргийг харгалзан зүйлчлэлийг өөрчлөн тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Бы хууль ёсны төлөөлөгч Б.А “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад насанд хүрээгүй гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх 47/, насанд хүрээгүй гэрч Б.Гын мэдүүлэг /хх 52/ зэрэгт өмгөөлөгчийг оролцуулаагүй. Мөн мэдүүлэг авахдаа “нэгэн рүүгээ чих тэгвэл та нар гайгүй үлдэнэ” гэх мэтээр зааж өгсөн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотлоогүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилгыг тодорхойлоогүй байна. Хууль зөрчиж авсан насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг харахад бүгд өөр хоорондоо зөрүүтэй байна. Жишээлбэл, Б.Г урд нь явж байсан хүмүүсээ дээрэлхүүлээд байгаа юм байх гэж бодоод очтол тэр хүнийг цочихоор нь цохисон байсан. Хэрэв үнэхээр дээрэмдэх сэдэл, зорилго байсан бол цүнхийг нь өгөх гэж явахгүй байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Ө нь Б.Гтой машинд явж байсан. Б.Г машинаас буугаад гүйхээр нь араас нь “чи хаачих гэж байгаа юм бэ” гэж асуусан. Үүнийг Б.Г, С.Ө, Б нар мэдүүлдэг. Мөн өдөр нь дээрэм хийх талаар ярихад нь С.Ө байгаагүй, Тэмүүлэнтэй хамт машин засаж байсан болохоо мэдүүлсэн. О.Мөнх-Эрдэнийн гадаа ирээд цүнх авсан болохыг мэдсэн. Эдгээр нөхцөл байдлаас харахад С.Ө нь гэмт хэрэг хамтран үйлдсэн болох нь эргэлзээтэй байна. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн. Хавтас хэргийн материалаас харахад шүүгдэгч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, хамтран оролцооны хэлбэр нь тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэрэгт Б.Б, О.М, Б нар нь үгсэн тохиролцоогүй, үйлдлээрээ хамтран оролцоогүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.Б, О.М, Б нар нь Б.Гыг “хүн дээрэмдье” гэж хэлэхэд нь ярьж тохирсон, зөвшөөрсөн зүйл байхгүй, араас нь дагаж яваад хэрэгт холбогдсон. Хэргийн нөхцөл байдлаас харахад Б.Б, О.М, Б нар нь гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан ч гэсэн санаа, зорилгоороо нэгдээгүй нь хамтран оролцсон гэх шинжийг үгүйсгэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж Б.Б, О.М нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад О.М, Б.Г, Б.Б, Б нар нь хохирогчийг камерын бичлэгт явж өнгөрснөөс хойш ар араасаа цуварч явж өнгөрсөн. Хохирогч мэдүүлэхдээ “миний хамар руу цохиж цүнхийг минь булааж авсан. Тэгээд би орилоод зугтаасан” гэдэг. Камерын бичлэгээс харахад хохирогч маш хурдтай гүйж гарч ирээд айсан байдалтай хашаа налж харагдсан. Нэг нь цүнхийг нь өгөх гэж байгаа юм шиг гараа далайснаа буцаагаад аваад явсан. Цаана нь С.Ө машинтай ирээд зогсоход шүүгдэгч нар машинд сууж явсан. Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангадаг. Хохирогч “миний хамар руу цохиод цүнхийг авч явсан” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч нар “Б.Г хохирогчийн хамар руу цохисон” гэж бүгд мэдүүлдэг. Энэ хэрэгт шүүгдэгч нар нэг санаа зорилгоор нэгдсэн учир хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн. Ийм учраас Б.Г цохисон гэдгээс үл хамаарч урьдчилсан тохиролцсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамтран оролцооны хэлбэр байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгч Ж.Уранчимэгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж байна. Шүүгдэгч нараас эхлээд гэрчээр мэдүүлэг авсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд өсвөр насны сэжигтэн, яллагдагч гэсэн байгаа. Шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан. “Нэгэн рүүгээ чих” гэдэг асуудлыг мөрдөгч биш өмгөөлөгч заасан талаар Б.Гын давж заалдах гомдолд дурдагдсан. Энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго нь таксинд яваад мөнгө олдохгүй байсан учраас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрэм хийхээр урьдчилж үгсэж тохиролцсон болох нь тогтоогдож байна. Өмгөөлөгч А.Нацагдоржоос С.Ө нь хүч хэрэглээгүй, үйлдэл нь эргэлзээтэй байна гэж байна. Камерын бичлэгээс харахад С.Ө нь цаанаас машинтай ирж зогсож байгаа нь харагддаг. Мөн “дээрэм хийе” гэх яриа болоход С.Ө байхгүй байсан гэж байна. Шүүгдэгч нар бүгдээрээ цагаан байрны дэргэд 2 машинтайгаа явж байгаад бие бие рүүгээ утсаар яриад “тэнд уулзъя” гэж тов тогтож уулзаад нэг машиндаа сууцгааж байгаад ярилцсан. Үүнийг Тэмүүлэн унтаж байгаад сонсоогүй гэдгийг шүүгдэгч нар мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө хохирогч Г.Бын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч, түүнд 103.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/657 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Г.Бын “...Дэлгүүр өнгөрөөд араас хэн нэгэн гүйж ирээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон, ... эргээд хартал намайг цохисон залуугаас гадна 4 залуу байсан. Энэ үед миний цүнх газарт унахад тухайн залуучууд миний цүнхийг аваад явцгаасан. ...Дээд, доод үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн байдалтай, хамар жаахан хөндүүртэй байна. ...” /1хх 39-44/,

насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “...Надад тухайн үед хэн нь ч хэн нэгнийг дээрэмдсэн гэж хэлээгүй, хожим хойно л мэдсэн. ...” /1хх 71/,

өсвөр насны Б.Бы яллагдагчаар өгсөн “...Г “халтуур хийгээд юм олохгүй юм шиг байна, хүн дээрэмдэх үү” гэсэн зүйл ярихад түүний санааг хэн ч дэмжээгүй бөгөөд удалгүй бид машин машиндаа сууцгаагаад харьцгаахаар болж, ... тэднийхээс гарахдаа М, Тэмүүлэн, Б бид 4 нэг машинд харин нөгөө машинд Ө, Г нар байцгаасан. Ингээд замаар явж байтал Б ах “гудамж руу нэг согтуу хүн орчихлоо” гэж Год утсаар хэлсэн бөгөөд Г нь машинаа зогсооё гэсэн бололтой бүгд бууцгаахаар болсон. Ингээд Тэмүүлэн л ганцаараа унтаж байсан болохоор машинаас буугаагүй. ...Тэр ахын араас дагаж явсан бөгөөд Г нь хамгийн түрүүнд гүйж очоод шууд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон ба тухайн үед цүнхээ газарт унагаагаад гүйгээд явсан. ...” /1хх 94-95/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Г “нэг согтуу ах явж байна, бууцгаая” гэхээр нь ... Тэмүүлэн л машинд унтаад үлдсэн бөгөөд бусад нь буусан. Нөгөө машинаас Г ганцаар бууж, Өсөхөө нь машиндаа үлдсэн. ...Цүнхийг миний бие онгойлгож үзэхэд дотор нь хэтэвч, виза карт, автобусны карт болон үйлчилгээний карт, түлхүүрнүүд байсан. ...” /1хх 98-101/,

О.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би машинаа зогсооход Г нь Өын унаж байсан машинаас буугаад түрүүлээд нэг гудамж руу орсон. Харин түүний араас нь миний бие, Б, Б нар дагаж бууцгаасан. ...Тэмүүлэн машинд унтаад үлдсэн. Харин Ө нь машинтайгаа бидний араас дагаад өгсөөд явсан. ...” /1хх 102-103/,

Б.Гын яллагдагчаар өгсөн “...Тэр ахын нүүрэн тус газарруу нэг удаа сандраад цохисон бөгөөд ... тэр ах ... цочоод гүйгээд ... явж байхдаа цүнхээ шидсэн. ...” /1хх 106-108/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-34/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 36-37/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 84-85/ зэргээр шүүгдэгч нар хохирогч Г.Бын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч, түүнд 103.020 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон дээрэмдэж 103.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;” гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, 4 дэх хэсэгт “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Г, С.Ө нарын хувийн байдалд дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүгдэгч С.Ө нь “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Өыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрт шүүхээс тогтоосон хугацаанд хөдөлмөрлөх, зан үйлээ засах, амьдрах зөв арга барилд сурах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж /1хх 210-215/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч С.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 30 хоногийн хорих ялаар тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хуцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Өт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 7 сар 15 хоногоор тогтоож /1хх 222-227/ ...” зэрэг нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн, өсвөр насны шүүгдэгч Б.Б болон шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болох нь  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 65-79/-д авагджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдалд тодорхой дүгнэлт өгөлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хавтгайруулан хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 39.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэснийг анхаарвал зохино.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар зүйлд “анхан шатын шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:” гэж заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэв.

Иймд Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчдыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан хэргийг дахин хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтад бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/657 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл өсвөр насны шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

               ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

               ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ