| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2020/01471/И |
| Дугаар | 001/ХТ2026/00121 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00121
Г.У-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08545 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2026/00258 дугаар магадлалтай,
Г.У-н нэхэмжлэлтэй
“Т” ХХК-д холбогдох
Урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарын хугацааны дундаж цалин, хөлсөнд 100,681,280 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, мөн охин нас барсны улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025.02.19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Т.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Г.У нь “Т” ХХК-д холбогдуулан урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарын хугацааны дундаж цалин, хөлсөнд 100,681,280 төгрөг, сайжруулсан түлшний угаарын хийнээс хордож талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, мөн охин нас барсны улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025.02.19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08545 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас нийт 100,681,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгон, үлдсэн 1,000,773,835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.У-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 661,356 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2026/00258 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар хариуцагч “Т” ХХК-аас гэм хорын хохиролд 625,889,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 473,992,068 төгрөгт холбогдох болон 2025.02.19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “...661,356” гэснийг “3,287,400” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Г.У хөдөлмөрийн чадвар 100 хувь болох хүртэл сар бүр 1,573,145 төгрөг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэлээ.
-охиноо алдсан ээжийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг нөхөн төлүүлэх, Г.У-н эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 118,008,000 төгрөг төлүүлэх шаардлагын тухайд: Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан эрх ашиг хөндөгдсөн. Үйл явдал болох цаг хугацаанд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах талаар Иргэний хууль тогтоомжид заагаагүй байсан нь Г.У-н сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, хохирол учрахаас өмнөх байдалд оруулах боломжгүй бол мөнгөөр хор уршгаа арилгуулах эрхийг хөндөхгүй гэж үзэж байна. Шүүх сэтгэл санааны хохирлыг 50,000,000 төгрөгөөр хязгаарлан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрхэд нийцэхгүй.
-талийгаачийн амь насны төлбөр 200,000,000 төгрөгийн шаардлагын тухайд: Хүний амь насны хохирлыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн шийдэхээр магадлалын үндэслэх хэсэгт тусгасан нь зүйд нийцнэ. Харин хэмжээг хязгаарлаж багасгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний амь насыг хэрхэн үнэлэх талаар хуульд заагаагүй хэдий ч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт мөнгө олгох талаар хуульд зохицуулсан байдаг. Тиймээс талийгаачийн амь насыг 200,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасан нь ямар нэг ашиг олох зорилготой их хэмжээний мөнгөн хэмжээ биш гэж үзэж байна.
-нэхэмжлэгч болон түүний охин угаартаж хохирох үед сэтгэцэд учирсан хохирол /хор уршиг/-ыг мөнгөөр хэрхэн арилгах талаар хуульд заагаагүй байсан хэдий ч Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалын хүрээнд уг хохирлыг арилгах нь зүйд нийцнэ. Энэ агуулгыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д тусгасан. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар 100 хувь болох хүртэл сар бүр 1,573,145 төгрөг нөхөн төлүүлэх, талийгаач охины амь насны төлбөрт 200,000,000 төгрөг нөхөн төлүүлэх, талийгаачийн амь насанд учирсан гэм хорын улмаас Г.У-н сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 292,446,000 төгрөг, Г.У-н эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 118,008,000 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж, мөн Эрүүгийн хуульд гэм буруугийн зарчмыг хуульчилж өгсөн. **** дүүргийн Прокурорын газрын 2020.04.28-ны өдрийн 1891 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ...үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, ...сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх тухай аюулгүйн зааварчилгааг иргэдэд таниулан тайлбарлах ажиллагааг холбогдох байгууллагаас зохион байгуулж, гэрээт ажилтнууд айл өрхүүдээр мэдээлэл хүргүүлж ажилласан, **** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт хаягтай Г.У-д дээрх мэдээллийг хүргүүлж гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна, иймд дээрх асуудалд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэх үндэслэлээр хаасан. Уг тогтоолоор хариуцагч талыг гэм буруугүй гэдгийг тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр гараад хүчин төгөлдөр болсон, тогтоолд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.
-бүтээгдэхүүний савлагаан дээр аргачлал зөвлөмж бичээгүйгээс болж угаартаж гэмтээд гэм хор үүсээгүй, үүнийг нотолсон эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр дүгнэлт гараагүй, энэ талаар нэхэмжлэгч тал холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаагүй.
-магадлалын 12-т байх дүгнэлтээс үзэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 21.1 дэх заалтыг үгүйсгэж, шүүх өөрөө хуулийг давж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.2 дахь заалт болон магадлалын 5, 8, 9, 11-д дурдаад байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэдгийг хэн тогтоох, тус хуулийн 21-р зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг мөн тус хуулийн 16, 18, 19, 20-р зүйлд тодорхой хуульчилж өгсөн. Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү гаргасан.
-магадлалын 7.1-7.3-т тусгаж дүгнэлт хийсэн статистик тоон үзүүлэлтийг бодит байдлын талаар болон 7.4-т дурдсан ...хэдийгээр хариуцагчийн зүгээс тус статистик мэдээнүүдэд дурдсан угаарын хийн хордлогыг зөвхөн шахмал түлшнээс болоогүй, ахуйн бусад түлш хэрэглэж хордсон тоон мэдээлэл үүнд багтсан... гэж нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлыг энд хөндсөн, ахуйн бусад түлшний талаар яриагүй болно. Магадлалын 7.5, 7.6-д тусгаж дүгнэлт хийсэн туршилтын тайлангийн талаар шүүх буруу ойлгож, дүгнэсэн, мэргэжлийн хүний тайлбарыг анхаарч үзээгүй.
-нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэм буруугийн талаар шаардлага гаргаагүй нь гэм хорын асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.
-магадлалд дундаж цалин хөлсийг ****** хорооны 2023.01.25-ны өдрийн 07/80 тоот албан бичгийн дагуу тогтоосон, Г.У-н эмчилгээний зардлыг ямар ч нотлох баримтгүйгээр гаргасан, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг шүүхийн практикаар гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, амь насны хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг үндэслэн хуулийг өөрөөр тайлбарлан тогтоосон зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 44 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж, ямар ч нотолгооны баримтгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд энэ нь уг хуулийн заалтыг хэрхэн хэрэглэх талаар ойлголтын зөрүү үүсгэж байна.
-хариуцагч тал 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Ерөнхий технологич Д.Ө анхан шатны шүүхийн хурлын товыг мэдээгүй учир тус хуралд оролцож чадаагүй. Тус хугацаанд буюу 2025.09.25-ны өдрөөс 2025.10.08-ны өдрийг дуустал БНХАУ-д 2025-2026 оны галлагааны улиралд авах хагас коксон түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа болон ачилт тээвэрлэлтийн явцад хяналт тавих зорилгоор албан томилолттой ажиллаж байсан. Холбогдох баримтыг хавсарган хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй бөгөөд өөр төлөөлөгч томилох боломжтой байсан гэж үзсэн. Мэргэжлийн талаас тухайн нөхцөл байдалд бодитоор дүгнэлт, тайлбар хийх мэргэжлийн хүн учраас компаниас дандаа ерөнхий технологичийг томилж байсан тул өөр төлөөлөгч томилох боломжгүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй нь талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00421 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нарын гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч Г.У хариуцагч “Т” ХХК, МУЗГ-т тус тус холбогдуулан урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарын хугацааны дундаж цалин хөлсөнд 100,681,280 төгрөг, нас барсан охины амь насны нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг, мөн охин нас барсны улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025.02.19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100 хувь сэргээгдэх хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...2019.10.18-ны өдөр “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш худалдан авч түлээд шөнөдөө угаартаж 3 настай охин маань нас барж, миний бие хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдаж, хүнд гэмтэл учирч, хувь хүнийхээ хувьд маш их шаналж, сэтгэл санааны хохирол амссан. Энэ талаарх шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан. Тухайн сайжруулсан түлшний уутан дээр угаартах эрсдэлтэй, угаараас сэргийлэх төхөөрөмж байлгах талаар ямар нэгэн урьдчилсан сануулга байгаагүй тул хариуцагчийг эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэж байна.
8.1.БНСУ-ын “С” эмнэлгийн урьдчилсан тооцоогоор эмчилгээний төлбөр нийт 378,746,690 төгрөг болж байна. Мөн **** зөвлөлийн 2024.12.26-ны өдрийн албан бичигт дурдсан 10,000,000 төгрөгийн хамт нийт 388,746,690 төгрөгийг эмчилгээний зайлшгүй зардалд нэхэмжилж байна.
8.2.Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2019.10.19-ний өдрөөс 2021.03.17-ны өдөр хүртэлх хугацааны авч чадаагүй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 47,190,000 төгрөг анх нэхэмжилж байсан ч одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 он хүртэл үргэлжилсэн ба нийт 64 сарын дундаж цалин 1,573,145 төгрөгөөр тооцож, 100,681,280 төгрөг нэхэмжилнэ.
8.3.Охиноо алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр нэхэмжилнэ. Талийгаач нас барах үедээ 3 настай байсан. Улсын дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т заасны дагуу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гэр бүлийн гишүүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцохоор байна. Ингэж тооцоход 292,446,000 төгрөг болж байна. Мөн дээрх аргачлалын 3.4-т зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 118,008,000 төгрөгийг нэхэмжилнэ.
8.4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар охины амь насыг сэргээх боломжгүй учраас амь насанд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.
8.5.Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025.02.19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар цаашид сэргэж 100% болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах ...хамтран хариуцагчаар оролцуулсан МУЗГ-с татгалзсан ...” гэж тайлбарласан.
9.Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...**** дүүргийн Прокурорын газрын 2020.04.28-ны өдрийн 1891 тоот прокурорын тогтоолоор бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм буруу, хохирол хоорондоо шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.2-т заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэж байгаа бол мөн хуулийн 21.1-д заасны дагуу Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой байсан. Гэтэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй байна гэдгийг прокурорын тогтоолоор шалгаж тогтоосон. Энэ тогтоолд нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй.
-бүтээгдэхүүний уутан дээр заавар зөвлөгөө бичээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээллүүдийг цуглуулан шинжлэн судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан түлшийг ашиглах зөвлөмж зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн байна гэж дүгнэлт гаргасан. Харин нэхэмжлэгч шахмал түлшний уутан дээр бичих ёстой гэх асуудал ярьдаг. Бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдаалахад зохих журмын дагуу ажиллагаа хийгддэг тул 2018 оноос хойш тодорхой бүлэг хүмүүс үүнийг шинжилж судалсны үндсэн дээр зах зээлд гаргасан. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс ялгаагүй. Иргэдэд 2019.09.02-ны өдрөөс заавар, зөвлөмжийг тарааж эхэлсэн.
-хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн зуухны хэмжээ, ханан пийшингийн хэлбэр хэмжээг дурдахаас гадна “Т” ХХК-аас өгсөн заавар, зөвлөмж, анхааруулга дээр зөрчигдсөн нэг асуудал нь яндан нь малгайгүй байсан. Мөн 2019.09.10-ны өдрөөс хойш хэрэглэсэн ч үйл явдал 10 дугаар сард болсон.
-зайлшгүй урьдчилан төлөх эмчилгээний зардлын талаар баримт байхгүй, “*****” гэх салонд ажиллаж байсан тодорхойлолт гаргаж өгсөн ч түрээсэлж байсан эсэх, өөрөө цалинждаг байсан эсэх нь тодорхойгүй тул энэ талаар баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, цалингаа хэрхэн авдаг байсан, нийгмийн даатгал төлдөг байсан эсэх талаар баримт байхгүй ...” гэж маргасан.
10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 100,681,280 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “…Нэхэмжлэгчийн өвчний онош нь **** сайдын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/273 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эмчилгээний зайлшгүй зардал 388,746,690 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
-Хариуцагч нэхэмжлэгчид шахмал түлшийг хэрэглэх зааварчилгаа, зөвлөгөө өгсөн гэж маргасан ч сайжруулсан хатуу түлшний хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын туршилтын зарим нь 2019.11.11-ний өдөр, 2019.11.14-ний өдөр, 2019.11.25-ны өдөр хийгдсэн байх тул нэхэмжлэгчид 2019.10.18-ны өдрөөс өмнө дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зөвлөмж өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан байх боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэм хортой холбоотой тухайлсан тодорхой зардлыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар хэзээ 100 хувь болох талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас хөдөлмөрийн чадвар 100 хувь болох хүртэл сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах үндэслэлгүй,
-Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад 2022.12.23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 118,008,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй,
-**** дүүргийн ******* газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024.06.26-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь гэж тогтоосон, нэхэмжлэгч хувиараа хөдөлмөр эрхэлж өдөрт 60,000-70,000 төгрөг, сард 1,560,000 төгрөгийн орлого олдог талаарх баримтыг гарган өгсөн. Мөн 2022 оны 03 дугаар улирлын дундаж цалин 1,573,145 төгрөг байсан талаарх Монгол Улсын ***** хорооны 2023.01.25-ны өдрийн №07/80 мэдээллийг нотлох баримтаар гарган өгсөн тул нэхэмжлэгчийн 1 сарын цалин хөлстэй тэнцэх орлого 1,573,145 төгрөг байсан гэж үзэж, “Т” ХХК нь Г.У-н эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан орлого 100,681,280 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн.
11.Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 625,889,902 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлдээ “…хариуцагчийн нийлүүлсэн сайжруулсан шахмал түлш чанарын шаардлага хангасан болох нь дүгнэлтээр тогтоогдсон ч хэрэглээний түвшинд учир дутагдалтай болох нь баримтаар тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгч болон түүний охинд гэм хор учирсан тул зөвхөн зуухны яндангаас гарч буй утаа стандарт хангасан гэх үндэслэлээр хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй,
-гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд сайжруулсан шахмал түлшийг уламжлалт зууханд туршиж үзээгүй, мэргэжилтнүүд эсрэг байр суурьтай байсан, эрсдэл гарч болзошгүйг сануулж байсан, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй болох нь тогтоогдсон,
-нэхэмжлэгч түлшийг өгөгдсөн зааврын дагуу түлээгүй, мөн түүний ашигладаг ханан пийшин доголдолтой буюу ашиглалтын шаардлага хангаагүй байсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул гэм хор учрахад түүнийг буруутай гэж дүгнэхгүй,
-айл өрхийн хэрэглэж байгаа зуух өөрчлөгдөөгүй, сайжруулсан түлшний хэрэглээний дадлыг эзэмшээгүй байхад хариуцагч эдгээр нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хэрэглэгч нарт тухайн түлшийг хэрэглэж эхлэхээс өмнө хэрэглээний талаар зааварчилгаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, зөвхөн лабораторийн түвшинд сайжруулсан зууханд ердийн боломжит хугацаанд туршиж үзэхгүйгээр худалдаанд гаргаснаас хэрэглээний хувьд нийцээгүйн улмаас угаартаж хордсон хэрэглэгчийн тоо нэмэгдсэн байгаагаас тус тус дүгнэвэл хариуцагч онцгой анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй,
-хариуцагч тухайн бараа бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотлоогүй учир Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
-нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан хугацааны цалин хөлсөнд 91,502,942 төгрөг, гадаад улсад эмчлүүлэх зардалд 388,746,690 төгрөг гаргуулна,
-харин нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохиролд 50,000,000 гаруй төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн практик байдаг гэсэн тайлбар гаргасныг үндэслэн уг хэмжээгээр гаргуулна,
-талийгаач охины 18 нас хүртэл авах хүүхдийн мөнгөн тэтгэмж болон дундаж наслалттай холбоотой орлогоор хохирлыг тооцож, амь насны хохиролд 95,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор …нийт 625,889,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 473,992,068 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, …хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ …” гэсэн дүгнэлт хийжээ.
12.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс өөр өөр шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэв.
13.Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч “Т” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг худалдан авч, хэрэглэж байгаад 2019.10.18-наас 2019.10.19-нд шилжих шөнө угаартаж, түүний 3 настай охин Т.Я нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барж, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмгэгшил, доод мөчдийн удаан дарагдал бүхий хүнд хохирол учирсан, хөдөлмөрийн чадвар 69 хувиар алдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
14.Хариуцагч “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаар аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг нэхэмжлэгчид бүрэн гүйцэт өгөөгүй нь нэхэмжлэгчийн охин нас барсан болон өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай шалтгаант холбоотой эсэх талаар маргажээ.
15.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт; чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д тус тус заасан байна. Гэм хорыг хариуцахын тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, гэм хор болон гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.
16.Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар, мөн хуулийн 512 дугаар зүйлийн 512.2-т нэрлэн заасан тохиолдолд 512.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөж болно гэж тус тус зохицуулсан. Харин эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн Арван найм /Гэм хорыг арилгах/, Тавин хоёрдугаар бүлэг /Гэм хор учруулснаас үүсэх үүрэг/-т тус тус заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй.
17.Нэхэмжлэгч Г.У нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар сайжруулсан түлшийг хувийн хэрэглээний зориулалтаар худалдан авч хэрэглэсэн хэрэглэгч болох бөгөөд хариуцагч “Т” ХХК нь мөн хуулийн 3.1.2, 3.1.3-т үйлдвэрлэгч болон худалдагч этгээд ба энэ тохиолдолд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар хариуцагчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр уг хуульд зохицуулсан.
18.Дээр дурдсан хэрэг учрал болох үед “Т” ХХК-ийн худалдан борлуулж байсан сайжруулсан шахмал түлшний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг тусгаагүй худалдан борлуулж байсан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 2019.10.10-ны өдрийн 1/1497 дугаартай дүгнэлт, танилцуулга болон анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн худалдан авсан шахмал түлшний сав /шуудай/-д хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...уг шахмал түлшний сав /шуудай/-ны хэрэглэх заавар хэсэгт “Сайжруулсан шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарах бөгөөд ассан мод болон үртсэн дээр нэмж хэрэглэнэ” гэж бичиж, өөр заавар, зөвлөмж тэмдэглэгдээгүй зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Харин хэрэг учрал болсноос хойш хариуцагчийн худалдан борлуулсан шахмал түлшний сав /шуудай/-ны “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье” хэсэгт “... Угаар мэдрэгчгүй үед түлш хэрэглэх нь амь насанд эрсдэлтэй”, “Зөвлөмжийг дагая зөв хийе” хэсэгт “... стандартын бүрэн шатлалттай зууханд тохирно” гэж өөрчилсөн болох нь 2025.04.10-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагджээ.
Хариуцагч талаас хороо, хэсэг хариуцсан гэрээт ажилтнууд заавар зөвлөмжийг айл өрх бүрд биечлэн хүргэж танилцуулсан гэж тайлбар гаргаж байх боловч Г.У-н гэрчээр өгсөн “...хорооноос тараах материал хэвлэсэн зүйл өгөөд гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.А-н “...Г.У гэдэг айлд 2019.10.09-ний өдөр тараах материал өгөхөд хаалгаа нээгээд оруулаагүй, хаалганы гадна хэсэгт ханан пийшингийн талаарх мэдээллийг аваад шахмал түлш хэрэглэхэд анхаарах зүйлийг хэлээд тараах материал өгөхөд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлгээс үзэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан хэрэглэгчийг барааны талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрхийг эдлүүлсэн, үйлдвэрлэгч барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүйн талаар мэдээлэл өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Г.У нь сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгчээс өгсөн зааврын дагуу түлээгүй, түүний ханан пийшин нь доголдолтой, ашиглалтын шаардлага хангаагүй байсан буюу гэм хор учрахад хохирогчийг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
19.Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн өдрөөс хойш угаарын хийнд хордсон иргэдийн дуудлагын тоо, мөн нас баралтын тоо өссөн нь холбогдох байгууллагын мэдээллээр тогтоогдсон, хэрэг учрал болсноос хойш угаарын хийн эрсдэлийг бууруулах, сэрэмжлүүлэх зорилгоор айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг байршуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
20.Түүнчлэн, “...Сайжруулсан түлшийг …гэрийн нөхцөлд ханан пийшинд хэрэглэхэд тохиромжгүй, ханан пийшин нь утааг яндангаар маш бага хурдаар сорж гаргадаг болохоор дотоод орчны бохирдол ихтэй байдаг, иргэд ханан пийшингээ солихгүй бол агаарын бохирдол, угаартаж хордох асуудал буурахгүй байх тул яаралтай энэ 3 дугаар үеийн зуухнаасаа салах хэрэгтэй” талаар гэрч Б.Ж, “...яндангийн таталтын хурд багатай 2 м/секундээс доош агаарын урсгалын хурдтай зууханд тохиромж муутай...” талаар гэрч Ж.Б, “...бүх төрлийн зууханд сайжруулсан шахмал түлш тохирно гэж буруу сурталчилгаа явуулаад байгаа” талаар гэрч М.О, “...эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй...” талаар гэрч Б.Ц нар мэдүүлсэн байхаас гадна хариуцагч “Т” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг сайжруулсан зууханд хэрэглэх туршилтууд лабораторийн түвшинд хийгдсэн боловч уламжлалт зуух /ханан пийшин/-д тухайн түлшийг туршсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
21.Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь сайжруулсан шахмал түлшийг уламжлалт зууханд буюу ханан пийшинд хэрэглэхэд эрсдэлтэй байж болзошгүй нөхцөл байдал байхад уг хязгаарлалт, эрсдэлийн талаар хэрэглэгчдэд анхааруулга, мэдээлэл өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй хууль зөрчсөн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
22.Давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Т” ХХК нь айл өрхийн хэрэглэж байгаа зуух өөрчлөгдөөгүй, сайжруулсан түлшний хэрэглээний дадлыг эзэмшээгүй байхад эдгээр нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хэрэглэгч нарт тухайн түлшийг хэрэглэж эхлэхээс өмнө хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа, мэдээлэл бүрэн өгөөгүй, зөвхөн лабораторийн түвшинд сайжруулсан зууханд хэрэглэж туршсан болохоос, уламжлалт /хэрэглэж заншсан/ зууханд ердийн боломжит хугацаанд туршиж үзэхгүйгээр худалдаанд гаргаснаас нэхэмжлэгчид гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
23.Иймээс хариуцагч “Т” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх тухай Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй, харин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.У болон түүний охин Т.Я нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Дээрх байдлаар хоёр шатны шүүх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй гэсэн энэ тогтоолын 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Мөн Иргэний хуульд заасан зөрчлийн улмаас гэм хорын хохирол арилгах маргаанд прокурорын тогтоол нь гэм бурууг нотлохгүй тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол мөн үндэслэлгүй.
24.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өвчний онош нь **** сайдын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/273 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй үндэслэлээр эмчилгээний зардалд 388,746,690 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүх залруулсан нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасанд нийцжээ.
Нэхэмжлэгчид учирсан нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлогын улмаас үүссэн энцефалеопати G 92 болон сэтгэцийн эмч нарын тавьсан F 06.7 болон удаан дарагдлын хам шинжээс үүссэн зүүн хөлийн мононеральги G 57.8 зэрэг хавсарсан оношууд нь мэдрэлийн өвчинд хамаарах эмгэг бөгөөд зүүн хөлийн шилбэний хэсэгт гэмтсэн захын мэдрэл, булчингийн сөнөрөл нь эмийн болон сэргээн засах эмчилгээнд сэргэх боломжгүй эдгэшгүй эмгэг өөрчлөлт үүссэн, түүнийг эмчлэх эмнэлэг Монгол Улсад байхгүй, эмчилгээ үр дүнгүй учир гадаад улсад эмчлүүлэхээр явдаг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, нэхэмжлэгч уг зайлшгүй эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр хариуцагч “Т” ХХК-аас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь БНСУ-ын “С” эмнэлгийг сонгож, эмчилгээний зардлын урьдчилсан тооцоогоор бүтэн болон хагас мэс заслын болон арьс шилжүүлэн суулгах, эмнэлгийн өрөөний төлбөр зэрэг үнийн саналыг нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023.02.07-ны өдрийн М-ны зарласан ам.доллар, воны ханшаар хөрвүүлж 378,746,690 төгрөг, мөн ******** зөвлөлийн 2024.12.26-ны өдрийн албан бичигт тодорхойлсон эмчилгээний 10,000,000 төгрөгийг нэмж, нийт 388,746,690 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
25.Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан ***** хорооны 2023.01.25-ны өдрийн 07/80 дугаартай албан бичгээр ирүүлсэн дундаж цалингийн мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгч Г.У-н хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2019.10.19-ний өдрөөс 2025.02.19-ний өдрийг хүртэл хугацааны дутуу авсан цалин хөлсөнд нийт 91,502,942 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон, ийнхүү хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан тул мөн хуулийн 505.2-т заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй болно.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2025.02.19-ний өдрөөс 2026.05.05-ны өдрийг хүртэл хугацааны дутуу авсан цалин хөлсөнд 22,833,794 төгрөгийг нэмж, нийт 114,336,736 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасанд нийцнэ гэж үзэв.
Түүнчлэн, хоёр шатны шүүх цаашид хөдөлмөрийн чадвар 100 хувь болж сэргэх хүртэл сар бүр 1,573,145 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэлийн энэ шаардлага нь дээрх шаардлагатай нэг агуулгатай байгааг анхаараагүй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж, цаашид 2026.05.05-ны өдрөөс хойш 1,573,145 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.У-д сар бүр тогтмол олгохоор тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангав. Нэхэмжлэгч мөн хуулийн 228.6 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаагүй болно.
Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, мөн хуулийн 507.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.
26.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.У нь төрсөн охин Т.Я амь насаа алдсанаас сэтгэцэд учирсан хохиролд 292,446,000 төгрөг, өөрийн эрүүл мэндэд гэм хор учирснаас сэтгэцэд учирсан хохиролд 118,008,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.
Харин хууль тогтоогч Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулаагүйгээс гадна сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар тухайлан заагаагүй байна.
Хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023.07.01-ний өдрөөс өмнөх харилцаанд хэрэглэхгүй.
Иймд давж заалдах шатны шүүх “шүүхийн практик байдаг” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн сэтгэл санаанд учирсан хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, тухайн үед үйлчилж байсан 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус заасантай нийцээгүй тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй.
27.Мөн давж заалдах шатны шүүх талийгаач охин Т.Я-ны амь насны хохиролд 95,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь мөн хуулийн 508.2 дахь хэсэгт нэрлэн заасан гэм хор учруулсны төлбөр шаардах эрхтэй этгээдэд хамаарахгүй байхаас гадна гэм хор учруулсны нөхөн төлбөр гэдэгт гэм хор учруулсан шалтгаанаар үүссэн хуулийн 508.4 дэх хэсэгт заасан тогтмол хугацаанд төлөгдөх нас барагчийн сарын цалин хөлсний дунджаас тогтоосон төлбөрөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж тооцсон зөрүү болохыг мөн хуулийн 508.3 дахь хэсэгт заасан бөгөөд үүнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хохирогчийн амь насны хохирлын нөхөн төлбөр хамаарахгүй.
28.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бүхэлд нь хангахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
29.Дээрх байдлыг үндэслэн нэхэмжлэгч Г.У-н эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан хугацааны цалин хөлсөнд 114,336,736 төгрөг, нийт 503,083,426 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэм хор учруулсны төлбөр 1,573,145 төгрөгийг сар бүр тогтмол хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 596,798,544 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг тус тус хангав.
30.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулахад гэм буруугуй болохоо өөрөө нотлох үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотолж шүүхэд гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээгээр хангасныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2026/00258 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар хариуцагч “Т” ХХК-аас гэм хорын хохиролд 503,083,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож, 2026.05.05-ны өдрөөс сар бүр тогтмол 1,573,145 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 596,798,544 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...661,356...” гэснийг “...2,767,755...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т” ХХК 2026.03.03-ны өдөр 3,287,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ