Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1186

 

 

 

 

 

 

 

 

      2024         10          30                                           2024/ШЦТ/1186

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/ ,

хохирогч *** ХХК-ийн өмгөөлөгч А.Мөнхтулга /цахимаар/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто угаалгын газарт угаагчаар ажилладаг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар ***аж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 02 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

*** овогт ***гийн *** /***/.

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байрлах *** ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд компанийн бараа борлуулалтын орлого болох 18,808,400 төгрөгийг бэлнээр болон *** банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаартай данс руу шилжүүлэн авч хувьдаа захиран зарцуулсан /цахим мөрийтэй тоглоом тоглосон/ буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 718 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас ***уулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, учруулсан хохирлын төлбөрийг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг буюу албан тушаалын байдлаа ашиглаж гэж хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр сууринаас оролцсон.

 

4. Шүүгдэгч *** нь *** ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ үргэлжилсэн үйлдлээр компанийн борлуулалтын орлогыг бэлнээр болон өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч хувьдаа захиран зарцуулсан болох нь:

4.1. Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн: “...*** нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр *** ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Ажил үүргээ гүйцэтгэх явцад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд компанийн дансанд хийх 18,808,400 төгрөгийг хийгээгүй. Борлуултын мөнгийг хувьдаа хэрэглэсэн, буцааж төлнө гээд 3 удаа өргөдөл бичиж өгсөн боловч 2,721,741 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 16,086,659 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Орлогыг бэлэн мөнгөөр болон дансаар авсан байсан. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 хуудас),

4.2. Хохирогч *** ХХК-ийн өмгөөлөгч А.Мөнхтулгын “... тус компаний борлуулалтын орлогоос нийт 18,808,400 төгрөгийн хувьдаа захиран зарцуулснаас 3,184,964.00 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 15,623,436.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэх тайлбар (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

4.3. *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/130 дугаартай гүйцэтгэх захирлын ажилд томилсон тушаал, мөн өдөр байгуулсан 23/52 дугаартай хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 40-42 хуудас),

4.4. *** ХХК-ийн ***тай тооцоо нийлсэн акт (хавтаст хэргийн 39 хуудас),

4.5. *** ХХК-ийн авлагын тооцоо (хавтаст хэргийн 47 хуудас),

4.6. ***ын *** ХХК-ийн санхүүгийн албанд хандан гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 48 хуудас),

4.7. ***ын эзэмшлийн *** банк дахь *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 58-120 хуудас) зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

5. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргийн үйл баримтын буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд хамааралтай шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйг зүйлчилсэн болон оногдуулах ялыг тогтоосон байдалтай холбоотой хэрэгжих тухайн хэргийн зүйчлэлийн асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага үүссэн.

 

Завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгч *** нь *** ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ажиллаж байхдаа компанийн борлуулалтын орлогын төлбөр болох мөнгөн хөрөнгийг бэлнээр болон хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа захиран зарцуулсан.

 

*** нь *** ХХК-тай хууль ёсоор хөдөлмөрийн харилцаатай болох нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон, уг компанийн санхүүгийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй буюу борлуулалт хийх, борлуулалтын орлогыг компанийн дансанд төвлөрүүлэх зэргээр хууль ёсны өмчлөгчийн өгсөн даалгаврыг гүйцэтгэхдээ түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлж ашигласан нь завших гэмт хэргийн шинжийг хангасан.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжээр ***т холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн.

Гэмт хэргийн шинжийг нийтлэг ба тусгай гэж ангилдаг, тусгай шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тэр тусмаа хүндрүүлэх шинжид тухайлбал, тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

Энэ гэмт хэргийн хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүний тусгай шинжийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж албан тушаалын ангилал чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хуульчилсан.

Гэмт хэргийн субъектын нийтлэг болон тусгай шинжийг эргэлзээгүй тодорхойлох нь тэдгээрийн холбогдсон хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой болно.

*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/130 дугаартай ажилд томилсон тушаал, мөн өдөр байгуулсан 23/52 дугаартай хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 40-42 хуудас), амаар тохиролцсон тохиролцоо зэргээр мерчендайзер, худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байхдаа *** нь 2023 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд борлуулалтын орлогоос 18,808,400.00 төгрөгийг хувьдаа завшсан.

 

*** нь тухайн компанийн удирдлагын багт болон компанийн ажилтнуудын ажлыг удирдах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй, санхүүгийн баримтанд 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй тул тухайн аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй.

 

Дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй буюу *** ХХК-иас өөрийн өмчийг буюу бараа бүтээгдэхүүний борлуулах, борлуулалтын орлогыг буцаан төвлөрүүлэх үүрэг хүлээлгэсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд худалдааны төлөөлөгчийн ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа бараа бүтээгдэхүүний борлуулалтын мөнгөнөөс завшсан ***ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

6. Шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ***сан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

7. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-д нийт 18,808,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь *** ХХК-ийн ***тай тооцоо нийлсэн акт (хавтаст хэргийн 39 хуудас), *** ХХК-ийн авлагын тооцоо (хавтаст хэргийн 47 хуудас), ***ын *** ХХК-ийн санхүүгийн албанд хандан гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 48 хуудас), ***ын эзэмшлийн *** банк дахь *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 58-120 хуудас) зэргээр тогтоогдож байх ба тэрээр уг хохирлоос 3,184,964.00 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч талын өмгөөлөгч нар тайлбар (шүүх хуралдааны тэмдэглэлээс) гаргасан, энэ талаар маргаагүй.

Иймд шүүгдэгч ***аас үлдэгдэл төлбөр 15,623,436.00 төгрөгийг гаргуулж хохирогч *** ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй тул 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

            Хохирогч *** ХХК-ийн өмгөөлөгч: Ял дээр гаргах саналгүй гэв.

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлоо төлнө, улсын яллагчийн санал болгосон ял дээр хэлэх зүйлгүй гэв.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд удаа дараагийн үйлдэлтэй, хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй хэдий ч төлөхөө илэрхийлж байгаа, учирсан хохирол хор уршгийн хувьд их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 15, 19-28, 30 хуудас) зэргээс үзэхэд *** нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар ***аж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 02 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны лавлагаа (хавтаст хэргийн 134 хуудас)-аар уг ялаа эдэлж байгаа баримтуудтай.

 

            Шүүгдэгч ***т энэ тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***гийн ***ын хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. *** овогт ***гийн ***ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***-т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т энэ тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***аас 15,623,436.00 төгрөг гаргуулж *** ХХК-д олгосугай.

 

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ