Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/01237

 
     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 02 дугаар хороо, 1 хороолол, Д гудамж, 48-р байр 14 тоотод оршин суух, Д ургийн овогтой Ж Э /РД:000000/-ийннэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б дүүрэг, 01 дугаар хороо, 1-р хороолол, Ж гудамж, өөрийн байранд байрлах, БДд холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: БДийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч БДд холбогдуулан БДийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч Ж.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн .... дугаар тушаал хуулийн үндэслэлгүй гарч Ж.Эийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, маргаан бүхий тушаал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Ж.Э нь ажлаас халагдах үедээ 57 настай байсан, одоо 58 настай. Хууль зүйн үндэслэлгүйгээр Ж.Эийн хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж, зайлуулах зорилгоор 2 удаа ажлаас халсан. Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэрээр поликлиникийн эрхлэгчийн ажилд тогтоогдсон боловч уг ажлыг ажлын байрны тодорхойлолтод зааснаар хийж чадаагүй, хоосон өрөөнд суулгасан. Ж.Э өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн байхад дахин мэдэгдэл өгсөн нэрийдлээр шийдвэр гаргасан. Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

3.Хариуцагч БД нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Ж.Этэй 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарахын өмнө ирж уулзаарай гэж хэлсэн. Хөдөлмөрийн маргаантай 2 албан тушаалтан байсан. Тэдгээр ажилтнуудыг ирж уулзах санал тавьсан боловч Ж.Э ирж уулзаагүй. 60 нас хүртлээ ажиллах сонирхолтой байсан бол энэ талаар тухайн үедээ хэлээд политехникийн эрхлэгчээр биш эмчээр ажиллах боломжтой байсан талаар ярилцсан. БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ний .... дугаар тушаал нь хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тушаалын үндэслэх хэсгийн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 ажил олгогч санаачилсан гэсэн зүйл заалт мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас гэж заасан Ж.Э нь 58 настай эмэгтэй хүний тэтгэврийн дээд насны хязгаар нь болсон гэж үзсэн учраас тухай байгууллага мэдэгдлээ 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэлтэй Ж.Э нь өөрөө танилцаад хариу өгсөн талаар өмнө нь ярьж байсан, одоо мэдэгдлийн хариу өгсөн талаар огт дурдахгүй байна. Би Ж.Эийн мэдэгдлийнхээ дагуу хариу өгсөн байна. Хариуг нь үзье гэж хүний нөөц болон ажил олгогчоос асуусан боловч 60 нас хүртлээ ажиллана гэсэн мэдэгдэл ирээгүй, түүнтэй холбоотой ярьсан зүйл байхгүй гэж хариу өгсөн. Тийм учраас 2021 оны 10 дугаар сарын 13-ны мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа хирвээ мэдэгдэлтэй танилцаагүй гэж байгаа бол мэдэгдлээ, гараар болон компьютер дээр шивж өгсөн гэж ярьж байсан учраас тус мэдэгдлийнхээ хариуг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх байх гэж бодож байсан боловч гаргаж өгсөнгүй. Нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдлийн хариуг гаргаж өгөхгүй байх ашигтай нөхцөл байдал байгаа байх. Мэдэгдэлтэй танилцаагүй гэж худал тайлбар өгч байгаа нь ойлгогдохгүй байна. Ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа хууль зүйн дагуу, үндэслэлтэй тайлбарлаж байж бид тус асуудлыг шийдэх боломжтой гэтэл мэдэгдэлтэй танилцаад хариу мэдэгдэл өгсөн гэдгээ өмнөх уулзалт буюу тушаалыг чинь цаг алдахгүй гаргая, эмчээрээ ажлаараа, та политехникийн эрхлэгчээр ажиллах боломжгүй яагаад гэвэл урьд нь нэлээн ноцтой зөрчлүүд гаргаж байсан, тушаалын үндэслэх хэсгүүд нь 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөхдөө үндэслэлийг нь тодорхой дурдаагүй байсан учраас эргээд ажилдаа томилогдсон байна. Тийм учраас та одоо 60 нас хүртлээ ажиллана гэж байгаа бол эмчээр ажлаараа гэсэн саналыг тавьсан, тэр үед өмгөөлөгчөөсөө асууя гэж яваад ирээгүй. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хувьд тодорхой хэмжээний санал тавьсан гэвч тус саналыг хүлээж аваагүй. Ж.Эийн тэтгэврийн насны дээд хязгаар болсон мөн тэтгэмж авах эрх нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу эрүүл мэндийн байгууллагад 25 жилээс дээш ажилласан бол тэтгэмж авах боломжтой, тэтгэмжээр 8 хувийн хүүг төлчих боломжтой. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд заасан эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас гэсэн шаардлагыг хангаж байгаа. Мөн хуучин хуулиар ажил олгогч өөрийнхөө санаачилгаар ажлаас чөлөөлөх боломжтой учраас 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.16, эмнэлгийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6, 2.6.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.3.1, 6.3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.6, зааснаар байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон. 2021 оноос хойш бүх эмнэлгүүд бие даасан үйл ажиллагаатай болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль 2017 онд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт орж бүх төрийн эмнэлгүүд бие даасан үйл ажиллагаатай болсон үүнтэй холбогдуулан бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсноор ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. Шинэчлэгдсэн хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэсэн боловч байгуулаагүй. Хуульч хүний хувьд 2016 оны 11 дүгээр сарын 01-нд хугацаагүй байгуулсан тус гэрээ нь одоо хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөд үүнд гарын үсэг зураад явах бүрэн боломжтой байсан. Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэх хүртэлх хугацааг тодорхой заасан байдаг. Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ний .... дугаар тушаал нь хуулийн хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс: Ж.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаарсарын 03-ны өдрийн 001/ХТ2021/00.... дугаар тогтоол, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Хас банкны дансны хуулга,

Хариуцагчаас: БДийн даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ...., 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ...., 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ...., 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар тушаал, БДийн Хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны Хөдөлмөрийн гэрээ, Ж.Эийн албан тушаалын тодорхойлолт, мэдэгдэл, Цалингийн карт, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч БДд холбогдуулан БДийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж тайлбарласан.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн .... дугаар тушаал хуулийн үндэслэлгүй гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Ж.Э ажлаас халагдах үедээ 57 настай байсан, одоо 58 настай. Хууль зүйн үндэслэлгүйгээр Ж.Эийн хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж, зайлуулах зорилгоор 2 удаа ажлаас халсан. гэж,

  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас гэж заасан. Ж.Э нь 58 настай эмэгтэй хүний тэтгэврийн дээд насны хязгаар нь болсон гэж үзсэн учраас тухай байгууллага мэдэгдлээ 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдэлтэй Ж.Э нь өөрөө танилцаад хариу өгөөгүй. гэж тайлбарлажээ.

 

4.Нэхэмжлэгч Ж.Э нь БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалыг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байх тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн ... дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

 

5.БДийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.16, Эмнэлгийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, 2.6.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.1, 6.3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг баримтлан тус төвийн Поликлиникийн төвийн эрхлэгч Ж.Эийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хангасан ба 2021 оны 10 дугаар сарын 13-ны мэдэгдэл хүргүүлсэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөөлжээ.

 

6.Нэхэмжлэгч Ж.Э 1964 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь түүний Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 

7.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу эрэгтэй, эмэгтэй ажилтан 60 нас хүртэл хөдөлмөрлөх эрхтэй. Нэхэмжлэгчийг 57 настай байх үед ажлаас халсан байх бөгөөд хуульд зааснаар 60 нас хүртэл ажиллах эрхийг ажил олгогч өөрийн санаачилгаар хязгаарлах нь хууль бус юм.

 

8.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хуулийн уг зохицуулалт нь болзол хангаж буй эмэгтэй ажилтан өөрөө хүсвэл 60 нас хүрэхээс өмнө тэтгэвэр тогтоолгох эрхийг олгосон.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, төрийн албан хаасан хугацааны тэтгэмж төсөвт суугдсан тул ажлаас чөлөөлөгдөхийг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн байна. Ажилтан уг мэдэгдэлд хариу өгөөгүй нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. /хх-ийн 46/

 

10.Дээрхээс дүгнэвэл хариуцагч БД нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримтлан, өөрийн санаачилгаар Поликлиникийн эрхлэгч Ж.Эийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

11.Иймд нэхэмжлэгч Ж.Эийг БДийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шийдвэрлэв.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь ажилтанд олгох үүрэгтэй.

 

13.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2021 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингийн бичилт/-оор, ажлаас чөлөөлсөн 2021 оны оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 4 сар 20 хоногийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,259,700 төгрөгийг болно.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

15.Иймд нэхэмжлэгч Ж.Эт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,259,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эийг БДийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ....... төгрөгийг хариуцагч БД-өөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БД-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР