Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/623

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          07         31                                      2024/ШЦТ/623

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлцэрэн  хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б  овогт Б-н  Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Б-н  Б /регистрийн дугаар **/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би эхнэр Б.Б-тэй 2014 онд танилцаж улмаар 3 хүүхэд маань төрсөн ба ээжээрээ овоглодог юм. Учир нь эхнэр бид хоёрын гэрлэлтийн баталгаа байхгүй. Би одоо эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж АОС2-8 тоотод амьдарч байгаа. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би найз нартайгаа гадуур гарч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ ирэхэд эхнэр намайг архи уулаа, ажил хийхгүй гэж үглээд байсан тул бид хоёр энэ асуудлаас болж маргалдаж байгаад би эхнэрийнхээ нүүр рүү 1-2 удаа цохьсон. Намайг цохисоны дараа эхнэрийн нүүр, хацар нь хавдсан байсан. Тэгээд манай эхнэр уурлаж ноцолдож байгаад ажлаасаа хоцорлоо гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Б.Б-тэй 2014 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 8 цагт ажилдаа явсан. Манай ажил гэртэй ойрхон тул 2 хүүхдээ эргэх гээд 14 цагийн орчимд гэр рүүгээ ороход Б- гэртээ архи уучихсан согтуу байж байсан. Дахиад л архи уучихсан байхаар нь би ажил төрөл хийхгүй юмуу, банкны зээл хэцүүдлээ гэхэд би өөрөө мэдэж байна гэж хэлэхээр нь 2 хоног уухгүй байсан, өчигдөр дүү чинь ирж гай боллоо гэж хэлэхэд шууд намайг баруун гараараа миний нүүрэн тус хэсэгт алгадсан. Алгадах үед нь би газар унасан. Намайг газарт хэвтэж байхад үснээс чирж нийтийн байрны угаалгын өрөө рүү оруулаад миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа гараа зангидаж байгаад хүчтэй цохьсон. Толгой руу 3-4 удаа гараараа цохьсон. Би гэртээ орчихоод шууд гараад явахад араас чи цагдаа дуудаж өг, би явлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын ** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.Б-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хавтаст хэрэгт хохирогч Б.Б-гийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 90 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б  овогт Б-н  Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ