Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-т холбогдох 2416000040014 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суудаг, *** хот *** дүүрэг ***-р хороо *** хороолол, *** байр *** тоотод бүртгэлтэй хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж байсан, *** регистрийн дугаартай,*** овгийн ***-ийн ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *** аймгийн *** сум *** гэх газарт ***-г газарт унагаж нүүр рүү нь өшиглөн түүний биед дээд үүдэн 1 шүдний булгаралт, 2 шүдний хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *** аймгийн *** сум *** гэх газарт ***-г газарт унагаж нүүр рүү нь өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас *** нь ***-н эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр дээд үүдэн 1 шүдний булгаралт, 2 шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Би *** сумын *** багийн өдөрлөг болсон. Баяр дуусаад орой 21 цагийн үед үеэл ***-ын уяан руу ***, ***, *** нарын хамт ***-ын машинтай очсон. Очих үед ***, ***, *** нар байсан бөгөөд өөр танихгүй уяачид болон морины хүүхдүүд байсан. Очоод зогстол *** буугаад хүмүүстэй очоод уулзсан. *** жоохон уусан байсан болохоор хүн амьтантай муудалцаж магадгүй гэж бодоод би ганцаараа очсон. Очоод ***-ын аваад явах гэтэл *** халамцуу “Чи их том бацаан, хүнтэй мэнд ус мэддэггүй” гэж хэлэхээр нь таныг би яасан юм гээд хэлтэл намайг хавирч унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босч ирээд нүүр өвдөхөөр нь явган суугаад шүлсээ хаясан чинь миний шүднүүд хамт гараад ирсэн. Тэгээд би та яаж байгаа юм бэ? гэтэл төмөр зуухны яндангаар миний толгой руу цохисон. Намайг цохисныхоо дараа газар унасан байсан шүднүүдийг харснаа зүгээр болсон. Та яаж байгаа юм бэ? гэтэл *** за ахыгаа ёстой уучлаарай сум руу хамт явъя гэсэн. Тэгээд сум руу ***, ***, ***, *** нарын хамт явсан. Сум дээр ирэхэд шөнө болоод эмнэлэг хаасан байх гэж бодоод ах ***-рынд очиж хоносон. Маргааш өглөө нь *** хүрээд ирсэн. Ирээд ахыгаа уучлаарай хоёулаа нэг сайхан гар баръя, хоёулаа манайд очъё, эмч дуудаад шүдийг чинь үзүүлье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

2.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр гэртээ байсан өдөр над руу нэг дугаараас яриад ***-оос ярьж байна, үүдэн шүд авхуулах гэсэн юм гээд ярьсан. Тухайн үедээ тэр хүн үүдэн шүдээ өшиглүүлсэн гэл үү цохиулсан гэсэн билүү яг юу гэж хэлснийг би сайн санахгүй байна. Орой 22 цаг өнгөрч байсан байх нэлээн харанхуй болсон байсан. Над руу ирчихлээ гэж залгахаар нь манай багийн эмч *** гэх хүн гэрээс ирж аваад эмнэлэг дээр очоод өрөөнд орж байхад эмнэлгийн хашааны гадаа машин ирсэн байсан. Би ямар машин байсныг нь сайн хараагүй. Тэгэхэд би нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг эмчтэй хамт орж ирсэн. Хамт орж ирсэн хүн нь чи намайг таньж байна уу гэж асууж байсан тэгээд тэр хүн удалгүй гараад явсан. Зөрөөд үзүүлэх гэж байсан хүний ээж нь орж ирсэн. Тухайн үед ажлын бус цаг байсан болохоор тэр үзүүлэх гэж ирсэн хүний регистрийн дугаарын дотоод сандаа бичээд шүүж үзтэл эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байсан болохоор программ хүлээж аваагүй. Тэгээд би тухайн хүнд үзлэг хийхэд баруун талын төвийн үүдэн шүд булгарсан /унасан байсан/ буйл нь урагдалттай түүшин яс гэмтэлтэй байсан, баруун талын хажуугийн үүдэн шүд ёзоороороо хугарсан байсан. Зүүн талын төвийн үүдэн шүд нь хуучин голонцор суулгаж босгосон шүд байсан бөгөөд голонцор төмөр нь хугараад шүдэн дотроо үлдсэн байсан бөгөөд энэ нь хуучин ёзоор байсан. Зүүн талын хажуугийн үүдэн шүд ямар байсныг би сайн санахгүй байна. Үзлэг хийж байх үед тантай тухайн хүний ээж нь манай нөгөө өрөөнд сууж байсан. Надтай хамт багийн эмч Алтаншагай хамт байсан. Тухайн үед ээж нь бичлэг хийх хүсэлтийг хэлсэн болохоор багийн эмчийн утсаараа бичлэг хийж байсан. Үзлэг хийж дуусаад тухайн үзүүлсэн хүнд нэг шүд нь булгарч унасан учир хиймэл шүд хийнэ, нөгөө 2 хугаралтай шүдийг голонцор суулгаад босгох боломжтой эсэхийг рентген зураг авхуулж байж болно гэж зөвлөгөө өгсөн. Унасан шүдний ором бага зэрэг нь үрэвсэлтэй байсан учраас эм бичиж өгсөн. Тэгээд тэр хүмүүс явсан хэдэн цаг болж байсныг би сайн мэдэхгүй. Тухайн үедээ тэр үзүүлж байсан хүн хэд хоногоос хот явна гэж хэлж байсан. Баруун талын төвийн үүдэн шүд нь шинээр булгарсан байсан. Буйл нь өрөвсөлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

3.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машинаас ***, *** хоёр буугаад *** бид 2 машин дотор үлдсэн...*** шүдээ өшиглүүлчихлээ гээд ирсэн. Тэгээд асаагуурын гэрэл тусгаад амыг нь харсан чинь цус болоод үүдэн шүднүүд нь байхгүй байсан яг хэдэн шүд унасан байсныг нь сайн мэдэхгүй байна... Мөд удалгүй хоорондоо салцгаагаад *** манай машинд суугаад сум руу хөдөлсөн. Явах замд *** та хүн зодож болно шүд хугалдаг нь яаж байгаа юм гээд *** чи тэгж томорч болохгүй гээд тиймэрхүү юм яриад байсан. Би сайн санаж байна тухайн өдөр нь Энхманлайн бүх шүднүүд нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

4.Гэрч Ө.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жоохон байж байтал ***, *** хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь *** бид 2 салгах гээд буугаад очсон чинь *** хэлэхдээ *** намайг хавирч унагаагаад босч ирэх гэсэн чинь нүүр рүү өшиглөчихлөө, миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрэл тусгаад хартал ***-н үүдэн шүднүүд бүгд байхгүй болсон байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

5.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *** суманд *** багийн өдөрлөг болсон. ***, ***, *** 3 надтай хамт манай уяан дээр очсон. Очиход ***, ***, *** нар согтуу байсан...Тухайн үед ***, ***-г унагаагаад өшиглөсөн юм шиг байна лээ би хараагүй, салгах гээд машинаас буусан... Эргэж очтол хоорондоо муудалцсан юм байхгүй ***-н 4 шүд унасан гээд хүмүүс үзээд байж байсан. Би унасан шүднүүдийг нь хараагүй. ***-н ам руу хартал ам нь цус болсон байхаар нь амыг нь нээлгэж үзтэл үүдэн шүднүүд нь унасан байсан. Тэгээд *** цагдаа шүүх гээд яахав явж шүдийг чинь үзүүлье, зардал мөнгө хохирлыг чинь барагдуулъя гээд ярьж байгаад бөөндөө сум явахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

6.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 13 дугаартай 1.2. ***-гийн биед дээд үүдэн 1 шүдний булгаралт, 2 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Хугарсан гэх 1 шүд нь хуучин голонцортой байсан тул шүд хугарсан гэж тооцохгүй болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх хуучин гэмтэл учир хэзээ үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 47-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/, *** аймгийн *** сумын *** дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

          Шүүгдэгч ***-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ***-т мэдэгдэв.

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч 1,204,957 (Нэг сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун тавин долоо) төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч ***-аас хохирогч ***-д 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн байна. Хохирогч ***-д энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хор уршигт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. 

          4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь хохирогч ***-д 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч ***-д энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршигт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овгийн ***-ийн ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ***-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч *** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч *** нь хохирогч ***-д 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч ***д энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршигт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР