Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1392

 

 

 

 

 

 

                                                       

Ж.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Баярсайхан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У, түүний өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг,

шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.Бэд холбогдох 2006000000899 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Жын Бэ, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт;

            Ж.Бэ нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бэ рүү чулуу шидэн толгойн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Жагийн Бийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бэд оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бээс 8.293.898 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ут олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч А.Бийн биеийн байдал маш хүнд байсан ба анхан шатны шүүх хуралдаан болж, тогтоол гарсны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгч Ж.Бийн учруулсан гэмтлээс болж таалал төгссөн. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3629 дугаартай нас барсан тухай бүртгэлийн гэрчилгээ авсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Бэд 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү. Хохирогч А.Бэ нь шүүгдэгч Ж.Бийн буруутай үйлдлийн улмаас нас барсан тул хохирогчийн ажил явдлын зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон 7.827.862 төгрөгийг шүүгдэгч Ж.Бээс гаргуулж өгнө үү. Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1238 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн өмгөөлөгч К.Отгонцэцэг “Тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд прокурорт хэргийг буцаах тухай санал гаргах үед нөхөр маань сэхээнд байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хүсэлтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Ц.Мандал “Тус шүүх хуралдаанд давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй.” гэв.

            Прокурор О.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Бэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогч нас бараагүй байсан. Хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас нас барсан эсэх талаар шалтгаан нөхцөлийг тогтоож, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд тусгасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ж.Бийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бэ рүү чулуу шидэн толгойн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн “ ... 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед над руу ээж Н залгаад “танай нөхөр А.Бэ энд нэг айлд ухаангүй байдалтай байна гэж О гэдэг хүн ирж хэллээ” гэж ярьсан. ...Шууд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орж томографын зураг авахуулахад тархиндаа гэмтэлтэй байсан тул ... Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай хагалгаанд орсон. Мөн 4 дүгээр сарын 16-ны өдөр нь бага тархины хэсэгт цус хурсан байна гээд дахин тархины хагалгаанд орсон. Өнөөдрийг хүртэл ухаангүй байдалтай байна. ...” /хх 7-11/,

гэрч Ц.Нгийн “ ... 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 09:30 цагийн үед ... О гэх залуу ирээд “танай хүргэн чинь манай гэрт ухаангүй байна, би ажилдаа явах гэсэн чинь босож өгөхгүй, бие нь муу байна” гэж хэлсэн. Тэгээд би хэзээ ирсэн юм, яасан гэж асуухад өчигдөр орой нүдэн Баагий, Б нар манай гэрт сугадаад, чирээд оруулж ирээд “танайд хонуулчихъя” гэж хэлсэн. Огийн гэрт очиход манай хүргэн Бэ гэрт нь ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан. ...” /хх 14-15/,

гэрч Б.Бын “...Бэ бид хоёр алхаж явсаар байгаад “Булгын хажуу” гэх нэртэй дэлгүүрийн урд явж байтал дэлгүүрийн цаад булангийн шатан дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. ...Бэ 10 метрийн зайнаас газраас чулуу аваад шидсэн. Энэ үед шатан дээр сууж байсан хохирогч Бийн зүүн хойд шанаа буюу толгойн хойд хэсэгт чулуу нь оносон. Сууж байснаа гэнэт толгойгоо бариад дөрвөн хөллөөд хэвтсэн. ...Бэ бид хоёр хохирогчийг дамжлаад ... хуурай ах Огийн гэрт аваачсан. ...” /хх 20-21/,

гэрч Б.Огийн “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ... гаднаас нүдэн Баагий /Ж.Бэ/, Б хоёр Урианхай Баагий /А.Бэ/-ийг хоёр талаас нь сугадсан байдалтай орж ирээд “Урианхай Баагийд ор засаад өгөөч” гэхээр нь би пийшингийн ар талд ор засаж өгөхөд тэр хоёр А.Бийг унтуулсан. Тухайн үед А.Бэ юу ч ярилгүй хурхираад унтаад байсан. ...Өглөө 9 цагийн үед босоход А.Бэ хурхирсан хэвээрээ, анх хэвтсэн байдалтай байхаар нь ... хадмууд нь манай гэрт ирээд 103 дуудсан. ...Өглөө босоод үзэхэд баруун талын шанаа орчимд шалбараад хавдсан байсан. ...” /хх 22-23/,

гэрч Ц.Бгийн “... өвчтөн А.Бэ нь 2020 оны 4 дүгээр сарын 14-нд гавал тархины хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд цус хуралт, тархины аалзавчинд цус хуралт, гүнзгий комын байдалтай ирж амь насны заалтаар амь насыг аврахаар тархины мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 16-нд Гэмтлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу хатуу хальсан дээр цус хуралтыг авахаар дахин хагалгаанд орсон. ...Өвчтөний биеийн байдал хүнд, ухаангүй, тогтвортой эмчлэгдэж байна. ...” /хх 26-27/,

Ж.Бийн яллагдагчаар өгсөн “ ...Би газраас ойролцоогоор 10-12 см урттай, 4-6 см орчим өргөнтэй чулуу аваад ... шидсэн. ...Чулуу уг залуугийн толгой хэсэгт оносон ба яг хаана нь оносныг хараагүй, чулуунд оногдоод л сууж байсан газраасаа газарт унаад өгсөн. ...Чулуунд оногдсон залууг харахад найз Бэ байсан. ...Хоёр газар шалбарсан, ... бага зэрэг цус гарсан харагдсан. ...” /хх 52-55/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4791 дугаартай “...А.Бэний биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух баруун шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 29-31/ гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны 2020/ШЦТ/1238 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бэд оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1238 дугаартай шийтгэх тогтоол /хх 170-177/ гарснаас хойш буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хохирогч А.Бэ нас барсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Бэд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бэ нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бэ рүү чулуу шидэн толгойн тус газарт нь оносны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт байх боловч хохирогч А.Бэ нь уг гэмтлийг авснаас хойш сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн аль шинжид хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хууль зүйн дүгнэлт өгвөл зохино.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба түүний амь нас хохирсон шалтгаан нөхцөл буюу хохирогч нь эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь аврагдах боломжтой байсан эсхүл эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй, хагалгаанд орсноос хойш ямар байдалтай байсан зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, 2006000000899 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уийн өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хуульд заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд хэргийн оролцогч нарт танилцуулсан атлаа хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлж байгаа нь ажлын хариуцлагагүй байдалтай холбоотойг тэмдэглэж, цаашид хуульд заасан хугацааг баримталж ажиллахыг мэдэгдье.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1238 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бэд холбогдох 2006000000899 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ