| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/09600/И |
| Дугаар | 001/ХТ2026/00169 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/00169
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10764 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00651 дүгээр магадлалтай
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Б.Д-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б-ээс Б.Д-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б-ээс Б.Д-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10764 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 406 дугаар зүйлийн 406.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс хариуцагч Б.Д-д олгосон 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00651 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10764 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Д-ээс 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “70,200 төгрөг” гэснийг “318,150 төгрөг” гэж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.25-ны өдрийн 00651 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Б.Д-ээс автомашиныг нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлэхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод үндэслэлээ уг автомашиныг Г.А-д шилжүүлэх ёстой атал Б.Д өөртөө авсан учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн тул уг эд хөрөнгөө шаарддаг. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Д нь уг автомашиныг бусдад худалдан борлуулсан тул автомашины үнэ болох 33,000,000 төгрөгийг гаргуулна гэж өөрчилсөн. Гэвч хэрэгт авагдсан итгэмжлэлийг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2024.01.19-ний өдөр итгэмжлэл хийж олгохдоо бусдад худалдах, арилжих, гэрээ байгуулах зэрэг бусдад шилжүүлэх эрхийг 3 сарын хугацаатай буюу 2024.04.19-ний өдөр дуусахаар олгожээ. Хариуцагч нь Г.А-ийн зааврын дагуу 2024.04.19-ний өдөр Э.М гэх залууд шилжүүлсэн. Тэгэхээр эндээс харвал хариуцагч Б.Д тухайн автомашиныг өөртөө шууд аваагүй болох нь үүгээр тогтоогдож байгаа буюу нэхэмжлэгчийн хариуцагч нь шууд өөртөө шилжүүлэн авсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар хариуцагч Б.Д нь тухайн өдөртөө Э.М-ээс шилжүүлсэн авсан нь Б.Б-ийн итгэмжлэлийн дагуу бус Э.М-ийн хүсэл зоригийн дагуу эгүүлээд өөртөө шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл үүнд хамааралгүй учраас анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагч Б.Д нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэн уг шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эхний үндэслэл.
Мөн түүнчлэн, хариуцагч Б.Д уг автомашиныг өөртөө шилжүүлж авсны дараа н.Д гэх хүнд 18,000,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд мөнгийг Б.Д бус гуравдагч этгээд Г.А өөрийн дансаар хүлээн авч Б.Б-д зээлийн төлбөр болон зээлийн хүүг хаасан байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нийт 7,500,000 төгрөгийг зээлсэн болох нь, зээлийн барьцаанд уг автомашинаа барьцаалсан болох нь, зээлээ төлж чадалгүй зээлийн төлбөрийг төлөхийн тулд автомашиныг худалдан борлуулах байдлаар зээлийн эргэн төлөлт хийхийг зөвшөөрсөн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хооронд харилцсан зурвасаар тус тус тогтоогддог. Улмаар гуравдагч этгээд Г.А уг автомашиныг нь худалдан борлуулж мөнгийг өөрийн дансандаа авсан нь хэрэгт авагдсан баримтаар мөн адил тогтоогдож байсан учраас анхан шатны шүүх хариуцагч Б.Д-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр мөнгө гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр дахь үндэслэл юм.
Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хянаад шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж гэм хор учруулсан гэж дүгнэхийн зэрэгцээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан шаардаж болно гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөн уг автомашиныг бусдад худалдсан орлогыг өөртөө аваагүй байхад хэрхэн яаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд байгаа үндэслэл нь ойлгомжгүй буюу хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Нотлох баримт баримтыг буруу үнэлсэн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан. Хэрэгт авагдсан Б.Б-ээс хариуцагч Б.Д-д авагдсан итгэмжлэл болон Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн лавлагаа Б.Д-ээс Э.М-д шилжиж, дараа нь эгүүлээд Б.Д-д шилжсэн үйл баримт, хариуцагч Б.Д-ээс н.Д-д худалдах, худалдан авах гэрээгээр автомашин шилжүүлсэн гэрээний он сар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А нарын дансны хуулганы мөнгө орж ирсэн он, сар зэргийг үзвэл Б.Д үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ямар ч баримт хэрэгт байхгүй болох нь тогтоогдож байхад Давж заалдах шатны шүүх ямар баримтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдоод байгааг нотолж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байхаас гадна нотлох баримтыг эргэлзээгүй, хэрэгт хамааралтай, үнэн зөв дүгнэсэнгүй буюу хэрэгт авагдсан баримтыг анхан шатнаас зөрүүтэй дүгнэж, зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгээд байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Хэрэв гуравдагч этгээд 2024.04.19-ний өдөр нэхэмжлэгчийн барьцаа болгон өгсөн автомашиныг бусдад шилжүүлэх байдлаар тухайн үедээ өөртөө барьцаа хэлбэрээр авч үлдээгүй байсан бол өнөөдөр нэхэмжлэгч бус гуравдагч этгээд нэхэмжлэгчийн байр сууринаас зээлсэн мөнгөө нэхэмжилсэн байдлаар шүүхийн маргаан явах байсан учраас тухайн үед өөрийгөө эрсдэлээс хамгаалж тэрхүү үйлдлийг хийсэн байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Харин ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн түүний үйлдэл хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн тухайд өөрийн хөрөнгөө хамгаалах зорилгоор барьцаа хөрөнгийг итгэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө бусдад шилжүүлэх байдлаар өөртөө авч үлдсэн нь хууль зөрчөөгүй. Ингэхдээ гуравдагч этгээд нь хариуцагч Б.Д-д зааврыг өгч дээрх үйлдлийг хийлгэсэн бөгөөд хариуцагч Б.Д хувьд зөвхөн гуравдагч этгээд Г.А-ийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бусдад шилжүүлэх үйлдлийг хийсэн. Үүнээс гадна, давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т дэх заалтыг дурдан хариуцагчийг нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд учир нь нэхэмжлэгч анхнаасаа уг автомашиныг гуравдагч этгээдэд барьцаа болгон бодитоор шилжүүлж, хэрэв зээлийг төлөөгүй тохиолдолд захиран зарцуулах эрхтэй гэдгээ анх итгэмжлэл олгохдоо болон гуравдагч этгээдтэй зурвасаар харилцахдаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уг зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээд хариуцагчид заавар өгч автомашиныг өөр нэгэн гуравдагч этгээд рүү шилжүүлсэн тул хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь хариуцагч бус гуравдагч этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй” гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.26-ны өдрийн 001/ШХТ2026/00708 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 2024.01.19-ний өдөр Б.Б-ээс Б.Д-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Зээл олгоно гэсэн зарын дагуу Г.А-тэй холбогдоход “Б.Д-д итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулаад барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих, данс руу чинь 6,000,000 төгрөг шилжүүлье” гэсний дагуу Б.Д-д итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... нэхэмжлэгч нь манай хамаатны ах Г.А-ээс зээл авч, барьцаанд нь *** улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан. Г.А нь өөр газар байсан Г.А-д автомашиныг шилжүүлж өгөх зорилготой итгэмжлэлийг надад олгосон. Итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан учир Г.А нь Б.Д-д автомашиныг Э.М-д шилжүүл гэсний дагуу түүнд шилжүүлээд, буцаагаад Б.Д өөрийн нэр дээр шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг Б.Д өөр рүүгээ болон Г.А рүү шилжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадахгүй, улмаар тухайн автомашинаар зээлийг хаахаар тохиролцсон учир өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу Э.М гэх хүнд шилжүүлж, түүнээс буцаан шилжүүлэн авсан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа автомашины мөнгийг хариуцагч аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А нэхэмжлэлийн хувийг 2025.04.28-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч шүүхэд түүний гаргасан хүсэлтэд “...надаас нэхэмжлэгч Б.Б нь хүүтэй мөнгө зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд автомашинаа барьцаалсан... барьцаа машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч тухайн үед хол байсан болохоор дүү Б.Д-д итгэмжлэл олгуулсан..” тухай дурдсан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... 2024.01.19-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан итгэмжлэл гэж үзнэ. Харин итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч нь бодитоор тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх үүргийг хариуцагчид олгох зорилгогүй зөвхөн тээврийн хэрэгслийг фидуцийн нөгөө тал болох гуравдагч этгээд Г.А-ийн өмчлөлд хүлээлгэж өгөх зорилготой байсан бөгөөд үүнийг нь хариуцагч тухайн үед мэдэж байсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь 2024.07.03-ны өдөр уг тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг О.Д гэх иргэнтэй байгуулж, Г.А-ийн дансанд 2024.07.03-ны өдөр “машин худалдан авалт” гэх утгаар 18,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байгаагаас үзэхэд хариуцагчийн “... Г.А эргээд Б.Д-д наад машинаа энэ хүнд шилжүүл гэдэг үүрэг даалгаврыг өгсөн, нэхэмжлэгчийн шаардаад байгаа автомашины мөнгийг аваагүй...” гэх тайлбар үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 2024.01.19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, харин нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 33,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж энэ хэрэгт хамааралгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь буруугаас гадна мөн талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар фидуцийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байхад уг гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Зохигчийн хооронд тээврийн хэрэгслийг бусдад чөлөөтэй захиран зарцуулахтай холбоотой харилцаа, үүрэг үүсээгүй, ийм эрхийг нэхэмжлэгч Б.Б олгоогүй байхад хариуцагч Б.Д тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсний үр дагаврыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй байна. Хэрэгт авагдсан тухайн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар *** улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгсэл 5 хүнд дамжин өмчлөх эрх шилжсэн байх тул уг тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулах боломжгүй ба нэхэмжлэгч энэ үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг 2023 онд 33,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж 2023.07.03-2023.10.10-ны өдрийн хугацаанд мөнгө төлсөн баримтыг шүүхэд гаргаж, хохирлоо уг үнээр тооцон шаардсаныг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэхгүй. Тээврийн хэрэгсэл нь тодорхой цаг хугацаа өнгөрөхөд үнэ цэнэ нь өсдөг бус урвуу хамааралтай эд хөрөнгө учир хариуцагч тээврийн хэрэгслийг 2024.03.19-ний өдөр бусдад шилжүүлэх үед тээврийн хэрэгслийн бодит үнэ нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээнд байсан гэж дүгнэхгүй, тухайн үеийн зах зээлийн үнэ ямар байсныг талууд шүүхэд гаргаагүй ба 2024.07.03-ны өдөр тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдсан тухай баримт хэрэгт авагдсаныг тухайн зах зээлийн үнэ гэж үзлээ. Иймд зохигчийн хооронд маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг захиран зарцуулахтай холбоотой үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан шаардах боломжгүй болсон үндэслэлээр үнийг шаардсан, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.Д-ээс 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.” гэжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийн талаар өөр дүгнэлт хийж, ялгаатай шийдэл гаргасан ба магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч нь “…зээл олгоно гэх зарын дагуу гуравдагч этгээд Г.А-тэй холбогдоход хариуцагч Б.Д-д итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулаад барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих, данс руу чинь 6,000,000 төгрөг шилжүүлье гэсний дагуу Б.Д-д итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслийг өгч явуулсан...” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлтэд “...надаас нэхэмжлэгч Б.Б нь хүүтэй мөнгө зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд автомашинаа барьцаалсан... барьцаа машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч тухайн үед хол байсан болохоор дүү Б.Д-д итгэмжлэл олгуулсан...” гэж дурдсан. Харин хариуцагч нь “...нэхэмжлэгч нь манай хамаатны ах болох гуравдагч этгээд Г.А-ээс зээл авч, зээлийн барьцаанд *** улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан бөгөөд Г.А нь өөр газар байсан учир надад бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэл хийж өгсөн...” гэж тус тус тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
11.1.Нэхэмжлэгч Б.Б нь 2024.01.19-ний өдөр *** улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх бүрэн эрх бүхий 3 сарын хугацаатай итгэмжлэлийг хариуцагч Б.Д-д олгосон.
11.2.2024.01.19-ний өдөр хариуцагч Б.Д-ийн данснаас “zeel” гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөг, гуравдагч этгээд Г.А-ийн данснаас “niit 5m”, “88849798 6m”, “88849798 7,5” гэх гүйлгээний утгаар нийт 4,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Б-ийн данс руу шилжүүлсэн.
11.3.Хариуцагч Б.Д нь 2024.04.19-ний өдөр итгэмжлэлд заасан *** улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг Э.М-ийн өмчлөлд шилжүүлж, тухайн өдрөө өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
11.4.Хариуцагч нь итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш 2024.07.03-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг н.Д-ны өмчлөлд 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна.
12.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 2024.01.19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж дүгнэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр итгэмжлэлд заасан эрхийг үгүйсгэсэн, улмаар хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдсан мөнгийг аваагүй гэсэн тайлбарт үндэслэн 33,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4 дэх заалтыг хэрэглэж чадаагүй байх тул “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
13.Иргэний хуулийн долдугаар бүлгээр төлөөллийн эрх зүйн харилцааг зохицуулсан ба төлөөллийн гол зорилго нь төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох ёстой байдаг. Түүнчлэн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг.
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсний үр дагаврыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Д хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэхдээ маргааны үйл баримтад төлөөллийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.Д-ээс 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т нийцсэн гэж үзэх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
14.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00651 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН