Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00064

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Л.Азжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Лхагвадоржийн Азжаргалд холбогдох эрүүгийн 201722000069 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Харуул Лхагвадоржийн Азжаргал, 1989 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тэнгэр даатгал ХХК-ний Хөвсгөл аймаг дахь салбарын захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-08 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РУ89022601 дугаартай,

Шүүгдэгч Л.Азжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Б.Жанлав нь нохойд хазуулж гэмтсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Азжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас иргэн Б.Жанлав нь нохойд хазуулж гэмтсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Азжаргалын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Хоёр эмэгтэй ирчихсэн танай нохой намайг хазчихлаа та нарыг үнэмшихгүй байх гэж бодоод ирлээ гэж байсан. Эмчилгээний зардлыг нь төлсөн..." гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Жанлавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр худаг дээр ус аваад усаа дүүргээд усны тэргэн дээр  тавих гэж байтал нэг хүзүүвчтэй халтар нохой над руу ухасхийгээд дайрахаар нь орилсон чинь куртикнээс  нэг зуураад дараа нь гуянаас зуугаад авсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 105 тоот

1. Б.Жанлавын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Жанлавын биед баруун гуянд хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Жанлав нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 201722000069 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Л.Азжаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Л.Азжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 25 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Жанлав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Эрүүгийн 201722000069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Харуул Лхагвадоржийн Азжаргалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Лхагвадоржийн Азжаргалд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Азжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

       3. Эрүүгийн 201722000069 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Азжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР