| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ын ***-т холбогдох эрүүгийн 2316001050091 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** аймгийн *** сумын *** ажилтай, ам бүл ***, ***, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, иргэний бүртгэлийн *** дугаартай, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,
Холбогдсон хэргийн талаар:
*** ыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад хамаарах *** аймгийн *** сумын ***-ын *** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэг “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэг “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, мөн хуулийн 6.3 дахь хэсэг “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг,
Мөн Засгийн газрын 2022 оны 296 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.5 дахь хэсэг “нөхөн сэргээлт хийгээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх”, 6.1.7 дахь хэсэг “нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн сэргээлт хийсэн талбайг комисс томилон хүлээж авах, энэ талаарх тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх”, 6.1.12 дахь хэсэг “бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох”, 6.1.13 дахь хэсэг “сумын тусгай дансанд төвлөрүүлсэн бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг тухайн талбайд зөвхөн зориулалтын дагуу зарцуулах”, 6.1.14 дэх хэсэг “нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нь бичил уурхай эрхлэгч этгээдийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд шаардагдах хөрөнгийг бичил уурхай эрхлэгч этгээдээс албадан гаргуулах” гэж заасныг тус тус зөрчиж,
*** аймгийн *** нь “***” ХХК, бичил уурхай эрхлэх хүсэлтэй 33 нөхөрлөлийг төлөөлсөн “***” төрийн бус байгууллагуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт байрлалтай ашигт малтмал ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд бичил уурхай, ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулахаар байгуулсан гуравласан гэрээний хүрээнд бичил уурхай, ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлүүдээс бичил уурхайн нөхөн сэргээлт хийгдсэн эсэхийг хүлээн авах комисс байгуулж хүлээн аваагүй, мөн өөрийн нэр дээрх *** банкны *** дугаарын харилцах дансыг ашиглаж 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нэрийдлээр нийт 7,404,000 төгрөгийг хүлээн авч, 7,401,850 төгрөгийг зарцуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрт эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
*** аймгийн *** сумын *** нь *** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрийн “***” гэх газарт байрлах “***” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 658.34 гектар талбайд “***” ХХК, “***” нөхөрлөл хоршоо, “***” төрийн бус байгууллагуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээний хүрээнд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий нөхөрлөлүүдээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;”, 3 дугаар зүйлийн 3.2.12-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахын өмнө Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах барьцаа хөрөнгийг тухайн сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах;”, 6.1.13 дахь хэсэг “сумын тусгай дансанд төвлөрүүлсэн бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг тухайн талбайд зөвхөн зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасныг зөрчиж *** банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансаар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нэрийдлээр нийт 7,404,000 (Долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгийг хүлээн авч, 7,401,850 (Долоон сая дөрвөн зуун нэг мянга найман зуун тавь) төгрөгийг зарцуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь нийтийн албан тушаалтан буюу улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:
1.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2012 оноос хойш Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна. 2014 онд анх *** холбоог анх байгуулсан. Тус холбоо нь *** аймгийн бичил уурхайн нөхөрлөлүүдийг нэгтгэх зорилго бүхий холбоо юм аа. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш *** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр *** гэх газарт байрлах *** ХХК-ийн ашиглалтын *** дугаартай талбайд гуравласан гэрээгээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайчдын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна ... Ашигт малтмалтай холбоотой хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг биелүүлэхийг шаардах, олборлолт явуулсан газарт хүн, мал техник унаж гэмтэхээс хамгаалсан хаалт, далан байгуулах, тэсэлгээний цоног, ус зайлуулах суваг, шуудуу, малтмал, усан сан зэрэг таглаа, хаалт хамгаалалт хийх болон тухайн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг хариуцдаг ...Миний бие 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрөл олгогдсон тул тухайн бичил уурхайчдаас олборлосон бүх алтыг худалдан авч *** аймагт *** худалдан авах зөвшөөрөлтэй *** гэх алтны ченжид худалдан борлуулдаг ...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал болон зөвлөмжид Сум, дүүргийн засаг дарга нарт гэж тусгасан заалтад Сум дүүргийн нутаг дэвсгэрт 1 жилд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах талбайн нийт 50 га-аас ихгүй байна. Энэ 50 га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гурван тал гэрээний үндсэн дээр байгуулсан уг 658,34 гектар га талбайн дотор *** а ч үйл ажиллагаа явуулж болно гэж ойлгож тухайн нөхөрлөлүүд өөрсдөө олборлолтын үйл ажиллагаа явуулах талбайгаа сонгодог гэхдээ уг сонгосон талбайд аль ч нөхөрлөл ажиллаж болно. Харин нөхөн сэргээлт хийх талбайг нь тусгайлан зааж өгдөг...суманд хандив тусламж үзүүлсэн зүйл байгаа. Засаг даргын тамгын газарт нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг хамтарч данс нээж өгсөн ... тус талбайд “***” ХХК үйл ажиллагаа явуулж байсан зүйл байхгүй. Уг талбайд өмнө нь хууль бусаар ашигт малтмал олборлогч этгээдүүд ашигт малтмал олборлож эвдэгдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33 дугаар тал/,
2.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...*** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** гэх газарт бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулахаар нөхөрлөлүүдээс ахлагч нар нь *** холбоондоо ярилцаж шийдвэрлээд ашигт малтмал олборлолт явуулах зөвшөөрөл гаргуулан авахаар *** аймгийн *** сумын Засаг дарга *** т болон “*** ” ХХК-ийн захирал *** нарт удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. “*** ” ХХК-ийн захирал *** бол *** холбооноос тус компанийн эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас ашиггүй гэх талбайд бичил уурхай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох талаар хандаж байсан. Харин Говь-Алтай аймгийн *** сумын ***ж *** т бол бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах сонирхолтой нөхөрлөлүүдийг “*** ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар буюу *** сумын 4 дүгээр багийн *** гэх нэртэй газарт бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгож өгөх талаар хандаж байсан. Тухайн албан бичгүүдийг Алтайн бичил уурхайчдын эв нэгдэл холбооны тэргүүнээр ажиллаж байгаа миний бие гарын үсэг зурж баталгаажуулж хүргүүлж байсан...*** холбоонд нөхөрлөлүүдийн ахлагч нарын зүгээс бичил уурхай ашигт малтмал олборлох хүсэлтийг тавьсны үндсэн дээр холбооны тэргүүнээр ажиллаж байсан *** миний бие Ч.Мядагбадамын хамт *** сумын Засаг дарга *** тай *** сумын Засаг даргын тамгын газарт очиж уулзсан. Тус уулзалтаар холбооны зүгээс Засаг дарга *** тай ярилцаад бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг сарын 500,000 төгрөгөөр төвлөрүүлэх талаар болон хувь хүний орлогын албан татварыг сарын 10,000 төгрөгөөр, нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хувь хүнээрээ төлөхөөр ярилцаж шийдвэрлэсэн. Тус уулзалтаар мөн бичил уурхай ашигт малтмалын олборлолтын талбай, суурьшлын бүсийг *** а байгуулах талаар ярилцаж тохиролцож байсан. Үүний дараа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гуравласан гэрээг байгуулж нөхөрлөлүүд бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор *** холбооноос Ч.Мядагбадам бид хоёр бичил уурхай эрхэлж буй нөхөрлөлийн гишүүдэд аргачилсан зааварчилгаа өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Мөн *** сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *** бид хоёрын хамтран нээсэн Төрийн банкны дансанд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг нөхөрлөлүүдээс сар бүр 500,000 төгрөгийг хүлээн авч төвлөрүүлсэн. Мөн ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийн тайлан мэдээг *** сумын Засаг даргын тамгын газарт болон “*** ” ХХК-д бичвэр тайлан болон хувь хүний орлогын албан татваруудыг төлсөн баримтуудын хамт хүргүүлдэг байсан. Бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийн гаргаж ирсэн гэх алтыг миний бие тусгай зөвшөөрөлтэй тул авч Монгол банканд гарал үүслийг бичиж хувь хүнээрээ тушааж байсан. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд *** сумаас шатрын тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг ивээн тэтгэж байсан, гадаад улс руу эмчилгээнд явж байсан гэх *** сумын оршин суугчид мөнгөн тусламж үзүүлж байсан, мөн бичил уурхай эрхэлж байгаа гэх *** хадагт хайрхан нөхөрлөлийн гишүүн Энэтхэг улс руу эмчилгээнд явах үед нь мөнгөн тусламж үзүүлсэн мөн *** суманд зохион байгуулагдаж байсан хурдан морьдын уралдаанд 3,000,000 гаруй төгрөгийн тусламжийг тус тус үзүүлж ажиллаж байсан. Тухайн гэрээ нь өөрөө 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдаж байсан. Тэгэхдээ гэрээ байгуулагдсанаас хойш ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд үндсэндээ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх гэрээг байгуулснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд *** сумын Засаг дарга солигдож *** болж байсан, үүнтэй холбоотойгоор дахин гэрээ байгуулж байсан ...“*** холбоо” нь *** сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах талаар гэрээ байгуулж байгаагүй, харин “*** ” ХХК-тай хариуцлагын гэрээ байгуулж байсан. Хариуцлагын гэрээнд бол ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж буй талбайтай холбоотой ямар нэгэн төлбөр төлөх, татвар төлөхийг зааж өгөөгүй байсан, харин ямар талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах талаар зааж өгсөн байсан ... Бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэх нөхөрлөлүүдийн гишүүн бүр сар бүр өөрсдийн хувь хүний орлогын албан татварыг болон нийгмийн даатгалыг төлж миний хувьд баримтыг нь гаргуулан авч тайланд тусгаж ажилладаг байсан. Гуравласан гэрээтэй холбоотойгоор “*** ” ХХК-д төлбөр төлж байгаагүй ... 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичил уурхай эрхлэх нөхөрлөлүүдийн байгуулсан гуравласан гэрээний хүрээнд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төвлөрүүлэх зорилгоор Төрийн банканд *** сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч ***-ын хамт миний бие хамтран эзэмшихээр дансыг нээж байсан. Тус дансанд үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд сар бүр тогтсон дүнгээр буюу 500,000 төгрөгийг тушааж баримтыг нь надад өгдөг байсан. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор 3-4 нөхөрлөл хамгийн сүүлийн сар буюу 4 сарын үед 800,000 төгрөгийг тус хамтран эзэмших данс руу шилжүүлж баримтаа өгч байсан. Тус дансны нэгдүгээр гарын үсэг нь ***, хоёрдугаар гарын үсэг нь миний бие байсан. Тухайн данснаас одоог хүртэл нэг ч төгрөг зарлага болж гараагүй байгаа. Өөр бол бичил уурхай эрхэлж буй нөхөрлөлүүдийн зүгээс нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн данс нээж байгаагүй, энэ талаар мэдэхгүй байна. *** холбооноос бол холбоонд бүртгэлтэй байх нөхөрлөлийн гишүүдээс нэг хүний сарын 7500 төгрөгийг жилээр тооцож холбоондоо төвлөрүүлж байсан, тухайн мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан бөгөөд тухайн мөнгийг өөр зүйлд зарцуулаагүй ... *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт Бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэх нөхөрлөлүүдийн зүгээс ямар нэгэн байдлаар хандив, тусламжийг үзүүлж эдийн болон эдийн бус зүйл өгч байгаагүй ... *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлтийг хүлээн авч байгаагүй, үйл ажиллагаа явуулсан гэх нөхөрлөлийн зүгээс техник нөхөн сэргээлт буюу ухсан гэх нүхийг шороогоор нь буцааж булж байсан. Засаг даргын тамгын газрын зүгээс бол ямар нэгэн комисс гарч нөхөн сэргээлт хийгдсэн эсэхийг нягталж хүлээж авч байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-41 дүгээр тал/,
3.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баримтлан гуравласан гэрээгээр үйл ажиллагаа явуулж болно. Гуравласан гэрээгээр үйл ажиллагаа явуулахдаа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын заалт бүрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг журмыг заалтыг зөрчиж байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж ойлгож болно ... Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1 дэх хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ нь 5 га-аас ихгүй байна” гэж заасан байна. Иймд дээрх гэрээ нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1 дэх заалтыг зөрчиж байгуулсан байна ... “*** ” ХХК нь гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа талаараа манай байгууллагад одоогоор мэдэгдээгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 дугаар тал/,
4.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын 2 дахь хэсэг, мөн 2020 оны 179 дүгээр тогтоолоор баталсан “тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 2.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг тус журмын 3.2 дахь хэсэгт заасан шалгуур хангасан иргэнд олгоно ... Зөвшөөрөл авсан иргэн байгууллага нь үнэт металл, үнэт чулууны арилжаа, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа, үнэт металл, үнэт чулуугаар эдлэл хийгээд худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгодог. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдлөг болгож байгаа хууль журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 233 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газарт дээрх хяналт шалгалт хийх журам”-ын 5 дахь хэсэгт заасан мэдээ тайланг журамд заасан хугацаанд хороонд тайлагнах үүрэгтэй...Үүрэг хүлээнэ. Гэхдээ “Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн” зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгчид нь өөр хоорондоо үнэт металлыг худалдах, худалдан авах арилжаа эрхэлдэг. Тухайн худалдсан үнэт металл хамгийн сүүлд Монгол банк болон түүнээс эрх олгогдсон арилжааны банканд тушаагдах ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 дугаар тал/,
5.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “***” нөхөрлөлийг төлөөлж ***аймгийн *** сумын *** , “*** ” ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сард *** сумын *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж 3 сарын хугацаанд ажиллаж 2023 оны 05 дугаар сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон ... “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээний 2.1.1 дэх хэсэгт солбицол бүхий цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн 658,34 гектар талбайг зааж өгсөн байсан. Дээрх талбайг 32 нөхөрлөлтэй ашиглуулахаар тус бүрд нь гэрээ байгуулсан байсан...Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон мөнгө хураадаг байсан. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг сар болгон байршуулж байсан. Тухайн мөнгийг би нөхрийнхөө *** дугаарын данснаас шилжүүлж байсан. Мөн *** т нэг хүний 7500 төгрөгөөр бодоод нөхөрлөлийн 9-н гишүүний жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-35 дугаар тал/,
6.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** сумын *** багт мал малладаг. 2023 оны эхээр цагаан сарын үеэр Улаанбаатар хотод нутгийн золгуут болно гээд *** сумын ***-аас хүмүүс ирээд ингэний хоормог худалдаж аваад тооцоогоо хийлгүй явсан. Би хэдэн литр хоормог хэдэн төгрөгөөр бодож худалдсанаа санахгүй байна. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** сумын ***-т худалдсан хоормогийн мөнгө болох 120,000 төгрөг *** дугаарын данснаас орж ирсэн гүйлгээ байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр тал/,
7.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** сумын *** багт мал малладаг. 2023 оны эхээр цагаан сарын үеэр *** хотод нутгийн золгуут болно гээд *** сумын ***-аас багийн засаг дарга нар ирээд манайхаас 5-н хонь аваад явсан. Би нэг хонийг 250,000 төгрөгөөр үнэлж зарсан. Тухайн үедээ тооцоо хийлгүй явсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** сумын Засаг даргын тамгын газарт худалдсан байсан 5 хонины мөнгө болох 1,250,000 төгрөг *** дугаарын данснаас орж ирсэн гүйлгээ байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар тал/,
8.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** сумын Хүрэмт багт мал малладаг. Чандмань сумын Хүрхрээгийн тариалангаас арвайн гурил авч ирж хааяа худалдан борлуулдаг. 2023 оны эхээр цагаан сарын үеэр Улаанбаатар хотод нутгийн золгуут болно гээд *** сумын Засаг даргын тамгын газарт 25 кг арвайн гурил авч ирж өгсөн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** сумын Засаг даргын тамгын газарт худалдсан байсан арвайн гурилын үнэ болох 212,500 төгрөг *** дугаарын данснаас орж ирсэн гүйлгээ байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр тал/,
9.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** сумын төвд хувиараа цайны газар ажиллуулдаг. 2023 оны эхээр *** сумын засаг даргын тамгын газраас хоол захиалж хийлгээд сургуулийн дотуур байранд байрлаж байсан хүмүүст өгсөн. Сумын төвд тоглолтоор ирсэн гаднын хүмүүс байсан. Хоолны тооцоогоо хийхгүй байхаар нь засаг даргын тамгын газар дээр очиж сумын засаг дарга *** тай 2-3 удаа очиж уулзсан. Цаанаас мөнгө нь орж ирэхгүй байна гэж байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр таны хэчнээн явуулах уу гэж хэлээд *** дугаарын данснаас 150,000 төгрөг хоолны мөнгө орж ирсэн гүйлгээ байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар тал/,
10.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх *** сумын *** багт мал маллаж амьдардаг. 2022 оны 10 сараас хойш 2023 оны 03 дугаар сарын сүүл хүртэл ингээ сааж хоормогийг нь зарж байсан. 2023 оны цагаан сараар Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн золгуут хийнэ гээд сумын ***-аас хөдөөгийн ингэ саадаг айлуудаас ингэний хоормог худалдаж авч байсан. Тухайн үед манай 10 литр ингэний хоормог оруулж 1 литр хоормогийг 8000 төгрөгөөр бодож өгөөд мөнгийг нь аваагүй байсан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сумын *** тухайн хоормогийн мөнгийг шилжүүлсэн байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 дугаар тал/,
11.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээний 2.1.1 дэх хэсэгт солбицол бүхий цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн 658,34 гектар талбайг зааж өгсөн байсан. Дээрх талбайг манай нөхөрлөлөөс гадна бусад 31 нөхөрлөлд мөн адил ашиглуулахаар тус бүрд нь гэрээ байгуулсан байсан...Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон 500,000-800,000 төгрөг хураадаг байсан. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг 2, 3, 4, 5 саруудад тус бүр 500,000 төгрөгийг байршуулж байсан. Тухайн мөнгийг би өөрийнхөө *** дугаарын данснаас шилжүүлж байсан. Мөн нэг хүний 7500 төгрөгөөр бодоод нөхөрлөлийн 9-н гишүүний 1 жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын эхээр сумын засаг дарга *** т бэлнээр авч ирж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын эхээр сумын засаг дарга *** т бэлнээр авч ирж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын эхээр *** сумын хурдан морины уралдаан зохион байгуулагдах гэж байсан...*** сумын 4-р баг *** гэх газарт “*** гол” нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулдаг мөнгийг шилжүүлсэн гүйлгээ байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар тал/,
12.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр *** “***” нөхөрлөлийг төлөөлж ***аймгийн *** сумын засаг дарга *** , *** ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулсан. Нөхөрлөл тус бүр 9-н гишүүнтэй. Би “***” нөхөрлөлийн нэг гишүүнээр оролцож байсан. 2023 оны эхний эхээр *** сумын *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж хэсэг хугацаанд ажиллаад 2023 оны 05 дугаар сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон ... Гэрээний талаар сайн мэдэхгүй байна. Гуравласан гэрээг нөхөрлөлийн ахлагч нар тодорхой албан тушаалтнуудтай байгуулж байсан...*** сумын 4-р баг *** гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан “***” нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах мөнгийг шилжүүлсэн гүйлгээ байна ... Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон 500,000-800,000 төгрөг хураадаг байсан. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг сар болгон байршуулж байсан. Тухайн мөнгийг би өөрийнхөө *** дугаарын данснаас шилжүүлж байсан. Мөн *** т нэг хүний 7500 төгрөгөөр бодоод нөхөрлөлийн 9-н гишүүний 1 жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-102 дугаар тал/,
13.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны эхний улиралд *** сумын 4 дүгээр баг *** гэх газарт манай нөхөр *** бусад 8-н хүний хамтаар “*** ***” нэртэй нөхөрлөл байгуулан “Ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж хууль ёсны дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа сар болгон нөхөн сэргээлтийн дундын дансанд 500,000 төгрөг байршуулдаг байсан. Дээрх гүйлгээ нь “***” нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулсан мөнгө байсан. Би өөрөө төрийн албанд ажилладаг учир тухайн нөхөрлөлд байхгүй. манай нөхөр *** нөхөрлөлийн ахлагчаар гэрээ байгуулан ажилласан учир би тухайн мөнгийг нь өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас шилжүүлж өгсөн ...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаад нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа эхлэх гэж байхад бүх нөхөрлөлийн ахлагч, гишүүдийг цуглуулж хурал зохион байгуулаад тухайн хурал дээр бүх нөхөрлөлүүд нэгдээд дундаа сан байгуулна. Тухайн сангаас ум орон нутагт болж байгаа үйл ажиллагаанд хандив туслалцаа үзүүлнэ гэж мөнгө хураасан гэж ойлгосон. Тухайн мөнгийг сар болгоны 20-ны өдөр дундын сандаа байршуулах ёстой гэж тайлбарласан. Тэгээд заасан өдөр нь байршуулахгүй бол ажиллуулахгүй гэж Мядаг, Оюун гэх хүмүүс дарамталдаг байсан гэж хүмүүсийн амнаас сонссон. Манай нөхрийн “***” нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах мөнгийг би өөрийн данснаас шилжүүлдэг байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг 2, 3, 4 саруудад тус бүр 500,000 төгрөгийг байршуулж байсан. Мөн нэг хүний 7500 төгрөгөөр бодож нөхөрлөлийн 9-н гишүүний 1 жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөгөөр бодож 2023 оны 05 дугаар сарын эхээр өөр хүний дансаар шилжүүлж хийсэн. Оюун гэх хүн залгаад *** сумын төвд зохион байгуулагдах хурдан морины бүсийн уралдааны бай шагналын мөнгийг гаргаж өгөх гээд байна. мөнгөө хурдан хийгээдэх гэж шахаж шаардаж байгаад авсан. Тухайн үед мөнгө байгаагүй учир өөр хүнээс гуйж шилжүүлсэн. Тухайн мөнгийг нь өгөөгүй нөхөрлөлүүд байсан. Өгөх ёсгүй мөнгө өгсөн байна гэж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-107 дугаар тал/,
14.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “***” нөхөрлөлийг төлөөлж ***аймгийн *** сумын *** , “*** ” ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж 2023 оны 01 дүгээр сард *** сумын ***-р баг *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж 4 сарын хугацаанд ажиллаж 2023 оны 05 дугаар сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон...Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон 500,000-800,000 төгрөг хураадаг байсан. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг 2, 3, 4 саруудад тус 500,000 төгрөгийг байршуулж байсан. Тухайн мөнгийг би өөрийнхөө *** дугаарын данснаас шилжүүлж байсан. Мөн *** т нэг хүний 7500 төгрөгөөр бодоод нөхөрлөлийн 9-н гишүүний 1 жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөг бэлнээр өгсөн ... *** сумын 4-р баг *** гэх газарт “***” нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулдаг мөнгийг шилжүүлсэн гүйлгээ байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-112 дугаар тал/,
15.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “***” нөхөрлөлийг төлөөлж *** аймгийн *** сумын *** , *** ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сард *** сумын *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж 3 сарын хугацаанд ажиллаж 2023 оны 05 дугаар сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон ... Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон мөнгө хураадаг байсан. Нөхөн сэргээлтийн дундын санд байршуулах мөнгийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *** гэх эзэмшигчтэй *** дугаарын данс руу “Ээлт говийн сор” гэх гүйлгээний утгаар 500,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 03, 04, 05 дугаар сарын нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг сар бүрд нь *** гэх эзэмшигчтэй *** дугаарын данс руу шилжүүлсэн. Нийт 2 хүний данс руу нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж 2,300,000 төгрөг хураалгасан. Дээрх мөнгийг би өөрийн эзэмшлийн *** дугаарын дансаар шилжүүлсэн. Мөн *** т бүтэн жилийн хуримтлал гэх 810,000 төгрөг бэлнээр өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117 дугаар тал/,
16.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “***” нөхөрлөлийг төлөөж ***аймгийн *** сумын *** , *** ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж 2023 оны 01 дүгээр сард *** сумын *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж 4 сарын хугацаанд ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон ... Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж сар болгон мөнгө хураадаг байсан. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг сар болгон байршуулж байсан. Тухайн мөнгийг би өөрийн болон бусад гишүүдийн данснаас шилжүүлж байсан *** гэх хүнд мөн 810,000 төгрөг бэлнээр хураалгаж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дүгээр тал/,
17.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “***” нөхөрлөлийг төлөөлж Говь-Алтай аймгийн *** сумын *** , *** ХХК-ийн захирал *** нартай “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гуравласан гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сард *** сумын ***-р баг *** гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа эхлүүлж, 2023 оны 04 дүгээр сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоосон ... Нөхөрлөл тус бүрээс нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгө гэж эхлээд сар болгон 500,000, сүүлийн 2 сард нь 800,000 төгрөг хураасан юм. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгийг 1, 2, 3 саруудад тус бүр 500,000 төгрөгийг байршуулж байсан. 4 сарын мөнгийг хэдэн төгрөг хийснээ санахгүй байна. тухайн мөнгийг би өөрийнхөө 5330006409 дугаарын данснаас шилжүүлж байсан. Мөн нэг хүний 7500 төгрөгөөр бодоод нөхөрлөлийн 9-н гишүүний 1 жилийн холбооны хуримтлал гэх 810,000 төгрөгийг аймгийн дээвэр холбооны мөнгө гээд авсан. Энэ мөнгийг бас өгсөн юм. Бэлнээр болон дансаар өгсөнгөө санахгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127 дугаар тал/,
18.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бичил уурхай эрхлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээгээр *** аймгийн *** сумын ***-ын зүгээс ямар нэгэн байдлаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор бичил уурхай эрхэлж буй нөхөрлөлүүдээс тусламж, дэмжлэг хэлбэрээр бэлэн болон дансаар мөнгө авч байгаагүй. *** сумын Засаг даргын тамгын газар нь батлагдсан төсвийг үйл ажиллагаандаа ашиглаж явдаг бөгөөд тухайн гэрээтэй холбоотойгоор огт мөнгө авч байгаагүй. Хэрэв ямар нэгэн байдлаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Засаг даргын тамгын газар нь мөнгө авсан байвал миний бие зайлшгүй мэдэх байсан, яагаад гэвэл Засаг даргын тамгын газартай холбоотой мөнгөний зарцуулалт, орлого нь бүгдээрээ надаар дамждаг учраас мэдэх байсан...*** сумын ***-ын зүгээс 2023 оны цагаан сарын золголттой холбоотойгоор бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдээс мөнгө авч байгаагүй ... *** аймгийн *** сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний 2023 оны батлагдсан жагсаалтад баяр наадамд зарцуулахаар 5,000,000 төгрөгийг тусгаж өгсөн байдаг. 2023 оны хувьд бол наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар зааж өгсөн 5,000,000 төгрөг хүрэлцэхгүй байсан учраас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *** сумын Засаг дарга *** ын А/179 дугаартай тушаалаар “Засаг даргын нөөц хөрөнгө”-өөс 2,000,000 төгрөгийг нэмж зарцуулахаар тушаал гаргаж байсан. Харин цагаан сарын золголттой холбоотой ямар нэгэн байдлаар төсөвт зааж өгдөггүй, мөн цагаан сарын золголтын үйл ажиллагаатай холбоотойгоор засаг даргын нөөц хөрөнгөөс ямар нэгэн байдлаар зарцуулагдсан гэх баримт огт байхгүй, мөнгө гаргаж байгаагүй...Бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдтэй холбоотой уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төвлөрүүлэх зорилгоор 2023 онд *** сумын Засаг даргын тамгын газарт тусгай данс нээсэн зүйл байхгүй. *** сумын Засаг даргын тамгын газар дээр бичил уурхай эрхлэгчтэй холбоотой болон нөхөн сэргээлттэй холбоотой төлбөр, мөнгө төвлөрүүлсэн, хураан авсан, дэмжлэг болгож хүлээн авсан зүйл байхгүй. Харин 2024 оны 01 дүгээр сараас эхлээд бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг Төрийн сангийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх барьцаа гэх *** тоот дансанд төвлөрүүлж эхэлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 дугаар тал/,
19.Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт байх архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 192-193 дугаар тал/,
20.Гэрч *** ээс гаргаж өгсөн 2023 онд *** сумын 4-р багт “*** ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бичил уурхай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан талаарх тайлангийн хуулбар /2-р хх-ийн 123-161 дүгээр тал/,
21.*** банк ХХК дахь *** ын эзэмшлийн *** тоот харилцах дансны хуулга /2-р хх-ийн 103-104 дүгээр тал/,
22.*** банк ХХК дахь *** ын эзэмшлийн *** тоот харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 105-107 дугаар тал/,
23. *** банк дахь ***, хамтран эзэмшигч *** нарын *** тоот иргэдийн энгийн харилцах дансны хуулга /2-р хх-ийн 134-139 дүгээр тал/,
24.Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 3/4073 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд, / 1-р хх-ийн 135-153 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тус гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдах бөгөөд гэмт хэрэг төгссөнд тооцно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тайлбар хэсэгт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэрэг эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэжээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тодорхойлсон нийтийн албан тушаалтан нь албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу Нийтийн албан тушаалтны албаны чиг үүрэг бүрэн эрхэд хамаарах хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал болгохыг хүссэн санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл “Улс төрийн албан тушаал”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер” гэж тус тус хуульчилжээ. ***аймгийн *** сумын *** нь дээрх хууль тогтоомжуудын дагуу нийтийн албан тушаалтан мөн бөгөөд төрийн улс төрийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч *** ын бичил уурхайн ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий нөхөрлөлүүдээс бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нэрийдлээр *** банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын харилцах дансаар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7,404,000 (долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгийг хүлээн авч, 7,401,850 (долоон сая дөрвөн зуун нэг мянга найман зуун тавь) төгрөгийг нөхөн сэргээлтийн бус үйл ажиллагаанд зарцуулсан үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч *** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5 дугаар хавтаст хэргийн 203 дугаар хуудас)-ыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл болон 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *** т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *** т сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь хуульд нийцэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас 7,404,000 (долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгийн хохирол учирсан.
Шүүгдэгч *** аас шүүх хуралдаанд *** аймгийн *** холбоо төрийн бус байгууллагын тэргүүн *** ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” “*** холбооны гишүүн 14 нөхөрлөл нь нөхөн сэргээлтийн мөнгө хийх данс байгаагүй учир засаг даргын дансанд эхний сарын нөхөн сэргээлтийн мөнгөө хийсэн байсан дараа нь банкинд дахин өөр данс нээлгэж нөхөн сэргээлтийн мөнгөө байршуулан засаг даргын дансанд хийсэн мөнгөө буцаан авахгүйгээр сум орон нутагтаа хандивласан тул бидэнд ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.” гэх албан бичгийг гаргаж өгсөн.
Гэтэл шүүгдэгч *** ын өөрийн хувийн дансаар авсан буюу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7,404,000 (долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөг нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь хэсэгт “сумын тусгай дансанд төвлөрүүлсэн бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг тухайн талбайд зөвхөн зориулалтын дагуу зарцуулах” гэж зааснаар бичил уурхайчид ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсны дараа зөвхөн байгаль орчныг эргүүлэн нөхөн сэргээхэд зарцуулах мөнгө бөгөөд хэн нэгэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан хоорондоо хандивлах хөрөнгө биш байх тул шүүхээс уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *** аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,404,000 (долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан *** аймгийн *** сумын нөхөн сэргээлтийн дундын тусгай дансанд шилжүүлж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл болон 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *** т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *** т сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч *** аас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,404,000 (долоон сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан *** аймгийн *** сумын нөхөн сэргээлтийн дундын тусгай дансанд шилжүүлсүгэй.
8.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 (нэг) хуудас баримтыг хэрэгт хавсаргах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР