| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00191/И |
| Дугаар | 102/ШШ2022/01112 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2022/01112
| 2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2022/01112 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.... тоотод оршин суух, регистр ..., Т... овогт Б...ын Ш...,
Хариуцагч:.... тоотод оршин суух, регистр ..., С... овогт Ни....гийн Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:2 660 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М..., өмгөөлөгч Э.Н..., хариуцагч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүлйийн 100.8-т зааснаар зохигчдын зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш... нь Н.Б...д холбогдуулан гэм хорын хохиролд 2 660 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийгээд компанийн эзэмшлийн .... Nissan Tiida маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад Н.Б... нь Нyundai маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун гар талаас мөргөж надад баруун эгэм ясны далд хугарал, баруун мөр, эгэм, хүзүүний цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан.Би ... ХХК-д сарын 950,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар хангамжийн ажилтнаар ажилладаг ба энэхүү гэмтлийн улмаас би 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж чадаагүй тул нийт 2 660 000 төгрөгийн цалингаа авч чадаагүй.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Н.Б... нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.Энэхүү шийтгэх тогтоолд “Хохирогч Б.Ш... нь ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж заасан болон Иргэний хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор болох 2 660 000 төгрөгийг Н.Б...эс гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:Гэм бурууд маргахгүй, нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, хохирлыг эрүүгийн хэрэг шийдвэрлэх хуралдааны явцад төлж барагдуулсан, тэтгэмж авсан байгаа хасах ёстой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед Б.Ш...д мөнгө төлсөн, сард 950 000 төгрөгийн цалинтай болох нь нотлогдохгүй байна, түүний авсан тэтгэмжийг хасах ёстой гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ... ХХК-ийн тодорхойлолт, ... ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, ... ХХК-д ажиллаж буй даатгуулагчдад 2021 оны 9, 10, 11 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон баримтууд, эмнэлгийн хуудас ...., тэтгэмж олголт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас ...., бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Н.Б... нь 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар менежмент ХХК-ийн хойд замд “Hyundai 5 ton” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дах заалтыг зөрчсөний улмаас Nissan Tiida маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ш...гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ш... нь ... ХХК-д хангамжийн ажилтнаар ажилладаг болох нь ... ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн ... ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.
Б.Ш... нь дээрх зам тээврийн ослын улмаас 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, үүний улмаас тэтгэмж авч байсан болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн карт, ... ХХК-д ажиллаж буй даатгуулагчдад 2021 оны 9, 10, 11 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж олгосон жагсаалт, .... дугаартай эмнэлгийн хуудсууд, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 1675714, тэтгэмж олголтын баримт, ... ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулгаар нотлогдож байна.
Н.Б...эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хүлээн зөвшөөрч Б.Ш...д өгсөн 600 000 төгрөгийг энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй байна.
Харин Б.Ш...гийн ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 1 934 625 төгрөг байх бөгөөд нэг өдрийн цалинг 29 994 төгрөгөөр тооцож, түүний ажилгүй байсан 58 хоногийн цалин 1 739 652 төгрөг байх ба үүнээс түүний нийгмийн даатгалаас авсан тэтгэмжийн 1 010 838 төгрөгийг хасаж, хариуцагчаас 728 814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 931 159 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ш... нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22 041 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан Н.Б...эс 728 841 /долоон зуун хорин найман мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан Б.Ш...д олгож, үлдсэн 1 931 159 /нэг сая есөн зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Н.Б...эс 22 041 /хорин хоёр мянга дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Н.ХАНГАЛ