| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0802/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/837 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.А |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/837
2024 10 23 2024/ШЦТ/837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х** овогт Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24030024107** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х** овогт Б.А (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө бичил хорооллын замд 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэбишийн өргөн чөлөө бичил хорооллын замд улсын дугаар тодорхойгүй мотоциклыг жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, 11 дүгээр хуудас),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),
Хохирогч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хууль ёсны төлөөлөгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаартай шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Шинжээч эмч М.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2414 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-81 дүгээр хуудас),
2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24-1/1138 дугаартай “…Б.А-д “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдсон бүртгэлгүй болно…” гэх албан бичиг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
Жолоочийн лавлагаа “...Ангилал В 2019.06.28...” (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар хуудас), “Эвт трак ремикон” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энэбишийн өргөн чөлөө бичил хорооллын замд улсын дугаар тодорхойгүй мотоциклыг жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 530, 2414 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24-1/1138 дугаартай албан бичиг, мөрдөгчийн магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Харин “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн (тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй) үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандсан байна.
Шүүгдэгч Б.А нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,367,150 төгрөгийн хохиролтой (шууд хохирол) холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-с 5,867,150 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч А.А нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.А-н сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-т хохирогч А.А нь түүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ... үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хохирогч А.А-н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байх бөгөөд тус журамд хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,180,000 төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж хохирогч А.А-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 196,380 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-с 196,380 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.А-н хувьд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал , 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х** овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-с 21,047,150 (хорин нэгэн сая дөчин долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгосугай.
6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А-с 196,380 (нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун ная) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7.Хохирогч А.А нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасуай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.