| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/00865/И |
| Дугаар | 102/ШШ2022/01335 |
| Огноо | 2022-04-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/01335
| 2022 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/01335 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Г.Ариунаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо тоотод оршин суух Ц М /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо тоотод оршин суух Б Х /РД: /
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг Ц Э /РД: /
Гэм хорын хохиролд 1,703,496 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Ц.Э, иргэдийн төлөөлөгч Ч.Р.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
Хариуцагч Б.Хгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Х, Ц.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,703,496 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч Ц.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Toyota Aqua маркийн 37-*улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Энэхүү ослын улмаас 1,703,496 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
2. Хариуцагч Ц.Э дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:
2.1. Өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан нь үнэн, эмчилгээний зардлыг даатгалаас төлүүлсэн, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас аваагүй цалин хөлс 415,076 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөллийн хөлс болон бусад зардлыг санхүүгийн бэрхшээлтэй байдлын улмаас төлөх боломжгүй байна гэжээ.
3. Хариуцагч Б.Х хариу тайлбар гаргаагүй байна.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Тээврийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 858 дугаар тогтоол, автозогсоол болон шатахууны төлбөрийн баримтууд, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Төрийн банкин дахь Ц.Мгийн харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 5-14 дүгээр тал/
5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол учруулсан. Үүнээс эмчилгээний зардал 1,980,314 төгрөгийг төлж, үлдсэн 1,703,496 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй байна.
3. Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, үлдсэн хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчид хохирол учруулсан тул цалингийн зөрүү 415,076 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, санхүүгийн бэрхшээлтэй байдлын улмаас өмгөөллийн хөлс болон бусад зардлыг төлөх боломжгүй гэжээ.
4. Хариуцагч Б.Х хариу тайлбар гаргаагүй байна.
5. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Ц.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр МУИС-ийн баруун уулзвар дээр 37-*улсын дугаартай toyota aqua маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ц.Мг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 858 дугаар тогтоолоор тогтоогдсон ба хариуцагч Ц.Э нь өөрийн гэм буруу болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтад маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг хохирогчийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно. Эрүүл мэндэд учирсан хохирол гэдэгт хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал хамаарахыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 415,076 төгрөг, эмчилгээнд явах хугацаанд гарсан зардалд шатахууны үнэ 157,920 төгрөг, автозогсоолын төлбөр 10,500 төгрөг, осолд орох үед өмсөж явсан хувцасны хими цэвэрлэгээний төлбөр 20,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,100,000 төгрөг нийт 1,703,496 төгрөг шаардсанаас хариуцагч Ц.Э нь цалин 415,076 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эноос 415,076 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нь эмнэлгийн үйлчилгээ авахад эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээний зардлаас гадна бусад зардал гарсныг үгүйсгэх боломжгүй. Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад гарсан зардалд тооцож шаардсан автозогсоолын төлбөр болон шатахууны үнэ, зам тээврийн осол болох үед өмсөж байсан хувцасны цэвэрлэгээний төлбөрийг нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гараагүй гэж үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх зардалтай холбоотой автозогсоол болон шатахууны үнэ төлсөн баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тухайн зардлыг өөр байдлаар нотлохыг шаардах үндэслэлгүй болно. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролд 188,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Харин өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд төлсөн гэх 1,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч 2021 оны 11 сард өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, гэрээний ажлын хөлсийг 1,100,000 төгрөгөөр тохирч, уг төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгчээ. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хэнд холбогдох, ямар хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахыг хүссэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү зардал нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс бодитоор гарсан болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн гэх 1,100,000 төгрөгийн зардлыг Ц.Эны буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Хг нэхэмжлэгчид учирсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй гэж байгаа боловч тээврийн хэрэгслийг Ц.Эн худалдан авсан гэж тайлбар гаргасан байх ба уг тайлбартай холбогдуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч Б.Хг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Ц.Эныг нэхэмжлэгчийн дутуу авсан цалингийн зөрүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн байна.
Иймд хариуцагч Ц.Эноос 603,496 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц Эноос 603,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц Мд олгож, нэхэмжлэлээс 1,100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Хд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,206 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Эгоос улсын тэмдэгтийн хураамжид 18,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
М.МӨНХТӨР