Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/хт2026/00143

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00463 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-д холбогдох,

Ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Н.Ү, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан гаргасан 1,826,539,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,290,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00463 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,290,649 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэргийн үйл баримт, тэдгээрт хамаарах нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн “М” ХХК нь Засгийн газрын 2017.01.12-ны өдрийн шийдвэрийн дагуу “О-ын 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн барих-шилжүүлэх концессын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр концесс эзэмшигч “М” ХХК нь өөрийн хөрөнгөөр Х сумын нутагт байрлах 220/110/35кВ-ын О дэд станцын гаргалгааны өргөтгөл, О-ын 220кв-ын хоёр хэлхээт 159.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Д аймгийн М сумын нутагт Ц дэд станцыг гэрээ байгуулснаас хойш 13 сарын дотор хоёр үе шаттайгаар хийж бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх, Засгийн газар төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд хуваарийн дагуу нөхөн төлөхөөр тохиролцсон.

Улмаар “М” ХХК нь “Ц” ТӨХК-тай 2017.01.09-ний өдөр 220/110/35кВ-ын О дэд станцын Цагаан суварга гаргалгааны өргөтгөл, 220/110/35 кВ-ын автотрансформатор суурилуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх 008-2117 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “М” ХХК нь 2017-2018 оны хооронд “Ц” ТӨХК-д нийт 1,826,539,917 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн, хариуцагчийн гуйлтаар гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэхээс нь өмнө төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Тус ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Гүйцэтгэгч нь Захиалагчтай хамтран “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу техникийн болон Улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулна” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.4-т “Захиалагч нь Улсын комиссын актыг үндэслэн бэлэн болсон ажлын үр дүн Гүйцэтгэгчээс хүлээн авна. Ийнхүү хүлээлцэхдээ талууд хамтран “Ажлын үр дүнг хүлээлцсэн акт” үйлдэнэ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл хариуцагч “Ц” ТӨХК нь барилга угсралтын ажлыг хийсэн боловч гэрээний хамгийн чухал хэсэг болох ажлын үр дүнг Улсын комисст шалгуулан хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүргээ хэрэгжүүлээгүй байхдаа тухайн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг буулгаж, нураах шийдвэрийг гаргахад оролцсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн мөн захиалагч төлбөрийг бүрэн шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү маргааны гол агуулгыг тогтоож чадаагүй буюу ажлын үр дүн бий болсон эсэх, ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх, ажлыг буулгаж, нураасан этгээд хэн болох, түүний эрх зүйн үр дагавар хэнд үүсэх ёстой гэх маргааны үндсэн асуудалд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний акт, протоколыг дангаар авч үзээд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзсэн. Гэвч эдгээр акт нь ажлын үр дүнг эцсийн байдлаар захиалагчид хүлээлгэн өгсөн баримт биш бөгөөд тухайн ажлын гүйцэтгэлийн үйл явцыг нотолсон баримт юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр техникийн болон Улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний техникийн комисс ажилласан боловч Улсын комисс ажиллаагүй, ажлын үр дүнг хүлээлцсэн акт үйлдээгүй байхад шүүхээс ажлыг хүлээн авсан мөн гэрээний дагуу төлбөрөө бүрэн шилжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч компани нь Улсын комисс хүлээн аваагүй ажил удааширч байгаа талаар мөн жилийн эцэс болж байгаа шалтгааныг удаа дараа дурдаж үлдэгдэл төлбөрийг яаралтай шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байсны дагуу манай компанийн зүгээс Улсын комисс хүлээн авахаас өмнө үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн үйл баримт нотлогддог.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.12-5.14-т “... Т компани нь Улаанбаатар-Мандалговийн 330кВ-ын габариттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын М дэд станцуудын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх шатанд хүндрэл үүссэн гэх үндэслэлээр ажлын хэсгийн шийдвэрээр маргааны зүйл болох хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг буулгахаар шийдвэрлэжээ” гэж дүгнэсэн боловч ажил гүйцэтгэгч “Ц” ТӨХК нь уг ажлын хэсэгт оролцсон байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4-т “ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” гэж мөн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхөөс өмнө эвдэрсэн, устсан бол ажил гүйцэтгэгч хариуцах ёстой. Ажлын хэсгээс нураах шийдвэр гаргасан нь хариуцагч “Ц” ТӨХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Үндэсний Аудитын газрын 2022.12.15-ны өдрийн 01/1999 дүгээр “Аудитын тайлан хүргүүлэх” тухай албан бичгээр аудитын тайланг манай компанид ирүүлсэн байдаг. Энэхүү аудитын тайлан дүгнэлтээр ... “О-ын хоёр хэлхээт ЦДАШ-ыг ажилд оруулж залгах үед хүчдэлийн түвшин 245кВ-с дээш өндөрсөж, хэт хүчдэлийн хамгаалалтаар байнга тасардаг, савлалтаар 280кВ хүрч, трансформатор болон хэрэглэгчдийн тоног төхөөрөмжийг гэмтээх аюултай байсан тул дахин горим, тогтворжилтын тооцоо хийлгэж Цагаан суварга дэд станцын 220кВ-ын “шин”-д реактор тавихаар шийдвэрлэжээ.

Улмаар Эрчим хүчний яамны 2018 оны 13/2018/82 тоот техникийн нөхцөл, 2018/34Ц тоот зургийн даалгаврын дагуу 220/22кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, реактор суурилуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, улмаар 2019.05.22-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвийн 101/2019 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр 6,587.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэж эксперт хянасан байна.

Улсын комисс хүлээн авч, концессын гэрээг дүгнээгүй байхад 1,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн зарим тоног төхөөрөмжийг буулгаж, дахин өөр төсөл хэрэгжүүлж, хөрөнгө эзэнгүйдсэн байна.

О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн 1,826,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 220/110/35кВ-ын барилга угсралтын ажлын иж бүрэн тоноглолыг буулгаж, хадгалалт, хамгаалалтын шаардлага хангаагүй, хашаан дотор хураасан байдалтай байна. Аудитаар буулгах ямар нэгэн тодорхой шийдвэргүйгээр төслийн хөрөнгийг эзэнгүйдүүлсэн байна гэж үзэн 1,826,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг концессын санхүүжилтийн дүнгээс хасаж тооцохоор шийдвэрлэсэн.

Тухайлбал: Тухайн үед “Ц” ТӨХК-ийн захиралд Эрчим хүчний сайдаас 2018.08.08-ны өдрийн А/2838 дугаартай “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй УБ-М ЦДАШ, дэд станц барих төслийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд 220/110/35кВ-ын О дэд станцын өргөтгөл хийгдэж, 220кВ-ын Ц гаргалгааны тоноглолуудыг буулгах, шинэчлэх ажлууд хийгдэхээр төлөвлөн, энэ ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, тоноглолуудыг хүчдэлээс чөлөөлөх, хэмжилт туршилтын багажуудыг буулгах, хэвийн ажилд оруулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулахад анхаарч ажиллана уу” гэсэн боловч концессын гэрээгээр хийгдсэн, Улсын комисс хүлээж аваагүй буулгах тоноглолуудыг үнэлж бүртгэлд тусгах шийдвэр гаргаагүй байна гэж, мөн “Ц” ТӨХК гэрээт ажил яагаад үр дүнгүй болсон талаар “М” ХХК-тай гэрээгээ дүгнээгүй. Одоогоор эдгээр тоноглол нь хариуцах эзэнгүй, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй байдалтай, өмч үрэгдэх, тоногдох, чанар стандартын шаардлага хангахгүй, дахин ашиглах боломжгүй байдалтай байна гэж, концесс эзэмшигч “М” ХХК-д хөрөнгө оруулалтын ажлыг буулгасан талаар шийдвэр, хүлээлгэж өгсөн, авсан актгүй, нотлох баримтгүй байгаа тул концессын дүнд оруулж баталгаажуулах боломжгүй байна” гэсэн аудитын тайлан гарсан байдаг.

Дээрх аудитын тайлангаас үзэхэд “Ц” ТӨХК нь “М” ХХК-д эцсийн байдлаар хүлээлгэн өгөөгүй, Улсын комиссын акт гараагүй, ажил захиалагчид бүрэн хүлээлгэн өгөөгүй нь хангалттай нотлогддог. Нэхэмжлэгч нь эцэстээ ажлын үр дүн ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон. Гэтэл шүүх маргааны бодит нөхцөлд байдалд тулгуурлалгүй нэг талын тайлбарт тулгуурлан дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлээгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.29-ний өдрийн 192/1112025/08748 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.02-ны өдрийн 210/МА2026/00463 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00591 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “М” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2017.01.12-ны өдөр “О-а чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээ байгуулсан. ... Уг концессын гэрээний 2.1.а-д заагдсан ажлыг гүйцэтгүүлэхээр хариуцагч буюу “Ц” ТӨХК-тай 2017.01.09-ний өдөр 008-2117 дугаартай “220/110/35кВ-ын “О” дэд станцын “Цагаан суварга” гаргалгааны өргөтгөл, 220/110/35кВ-ын автотрансформатор суурилуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Манай компанийн хувьд гэрээний үнэ болох 1,826,539,917 төгрөгийг 2017.04.04-ний өдрөөс 2018.07.25-ны хооронд нийт 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, төлбөрийн үүргээ 100 хувь биелүүлсэн бөгөөд 2 тал акт үйлдэж, үүнийг баталгаажуулсан. ... Хариуцагч нь концессын гэрээний хүрээнд байгуулагдсан 008-2117 дугаартай гэрээний дагуу бусдын хөрөнгөөр гүйцэтгэж бүрэн дуусгасан, хэвийн ашиглагдаж байсан, өөрийн харьяалал, мэдэлд байсан ажлын үр дүн О дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил, тоноглолыг захиалагчийн зөвшөөрлийг авалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буулгасан нь хожим тодорхой болсон. ...Хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй буюу Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон буюу “Ц” ТӨХК хийсэн ажилд өөрийн буруугаас Улсын комисс ажиллуулаагүй /буулгаснаас Улсын комисс ажиллах боломжгүй болсон/, улмаар манай компанид гэрээт ажлын үр дүнг акт үйлдэн хүлээлгэн өгөх боломжгүй болсон. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Ц” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… “Ц” ТӨХК нь гэрээний үүргээ чанарын өндөр түвшинд 100 хувийн гүйцэтгэлтэй биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн авсан бөгөөд талуудын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Тухайн ажилтай холбоотой техникийн комиссыг 2017.06.18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ажиллуулж, тоноглолыг хүчдэлд залган туршилт хэмжилтийг хийж, Улсын комисс ажиллуулахад шаардлагатай баримт бичиг болох техникийн болон санхүүгийн гүйцэтгэлийн акт, бичиг баримтын иж бүрдлийг “М” ХХК-д 2017.12.10-ны өдөр хүлээлгэн өгсөн. ... Улсын комисст хүлээлгэн өгөх ажилд манай компаниас шалтгаалах бүхий л үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч талаас шалтгаалан тус ажил удаашралтай байсан. ... БНХАУ-аас Монгол Улсад олгосон санхүүжилтийн хүрээнд хэрэгжсэн Улаанбаатар-М цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилга угсралтын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас байгуулж, ... энэхүү ажлын хэсгийн 2018.05.30-ны өдрийн №1 дүгээр хурлаас тоноглолыг буулгах шийдвэр гарч, мөн Эрчим хүчний сайдын арга хэмжээ авч ажиллах тухай 2018.08.06-ны өдрийн а/2838 дугаар албан бичгээр үүрэг даалгавар өгснөөр төслийг хэрэгжүүлэгч компани нь гардаж зохион байгуулсан. ...Тухайн тоноглолыг “Ц” ТӨХК нь гардаж буулгаагүй. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, концессын гэрээнд гүйцэтгэгч тал болох “Ц” ТӨХК нь захиалагч талын хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцна гэсэн зохицуулалт байхгүй, хөрөнгө нь холбогдох акт баримтын дагуу манай байгууллагын мэдэлд ирээгүй.  ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Хариуцагч “Ц” ТӨХК гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, ажлын үр дүнг нэхэмжлэгч “М” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй, ... нэхэмжлэгч “М” ХХК-аас 2018.04.25-ны өдөр 100,000,000 төгрөг, 2018.07.03-ны өдөр 143,817,362 төгрөгийг хариуцагчид гэрээний үлдэгдэл төлбөр гэх утгаар шилжүүлсэн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан болох нь тогтоогдож байна. ... Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, тодорхой хугацааны дараа биеллээ олдог тул гэрээний оролцогч болох ажил гүйцэтгэгч, захиалагчид нөгөө талын гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор харилцан тавих шаардлагын хүрээг хуульд зохицуулахдаа үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах үндэслэл болохгүй, зөвхөн ноцтой зөрчлийн улмаас гэрээнээс татгалзахаар зохицуулсан байна. Мөн ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөний улмаас захиалагч гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн бол гэрээг цуцлахад баримталбал зохих Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журам хэрэгжих учиртай. Зохигчийн хүсэлтээр Монгол улсын Эрчим хүчний яамнаас нотлох баримтаар гаргуулсан, 220/110/35кВ-ын О дэд станцад Т компанийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг шийдвэрлэх ажлын хэсгийн танилцуулга, Ажлын хэсгийн шийдвэр, 2018.05.10-ны өдрийн Ажлын хэсгийн хурлын 01 дугаар тэмдэглэл гэх баримтаас үзэхэд дээрх гэрээт ажлыг төрийн байгууллагын шийдвэрээр буулгасан болох нь тогтоогдож байна. Тодруулбал, “...2017 онд Монгол Улсын Засгийн газар болон МАК ХХК нарын хооронд байгуулсан “барих-шилжүүлэх” концессын гэрээний 2.1.а-д заасны дагуу Х сумын нутагт байрлах 220/110/35кВ-ын О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн ажил хийгдсэн байна...” гэж дурдаад БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Т компани нь Улаанбаатар-Мандалговийн 330кВ-ын габариттай ЦДАШ, 220/110/35кВ-ын М дэд станцуудын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх шатанд хүндрэл үүссэн гэх үндэслэлээр ажлын хэсгийн шийдвэрээр маргааны зүйл болох хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг буулгахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “Ц” ТӨХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг буулгахаар шийдвэрлэсэн дээрх шийдвэртэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо шаардах эрхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлах байтал мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримталсан нь оновчгүй байх тул залруулах нь зүйтэй.” гэж  дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх, гэрээний зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн эсэх асуудлаар зөрүүгүй дүгнэж, адил шийдэл гаргасан боловч ажлын үр дүн устсан эрсдэлийг ажил гүйцэтгэгч, захиалагчийн хэн нь хариуцах тухай эрх зүйн дүгнэлт, түүний талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

12. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагчид үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, ажлын үр дүн устсан явдалд гүйцэтгэгч буруугүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

Зохигч “М” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд 2017.01.12-ны өдөр байгуулагдсан “О-а чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний хүрээнд уг гэрээний 2.1.а-д заагдсан “Х сумын нутагт байрлах 220/110/35кВ-ын О дэд станцын гаргалгааны өргөтгөл” ажлыг гүйцэтгүүлэхээр 008-2117 дугаартай “220/110/35кВ-ын “О” дэд станцын “Цагаан суварга” гаргалгааны өргөтгөл, 220/110/35кВ-ын автотрансформатор суурилуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017.01.09-ний өдөр байгуулсан.

Гэрээний дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь ажлын хөлс 1,826,539,917 төгрөгийг хариуцагч “Ц” ТӨХК-д 2017.04.04-2018.07.25-ны хооронд төлж дуусгасан, харин зохигч гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх, ажлын үр дүн устсанаас үүдэн гарах эрсдэлийг хэн хариуцах талаар маргасан.

14. Хоёр шатны шүүх ажлын гүйцэтгэлтэй холбоотой ил, далд ажлын акт болон 220/110/35кВ-ын “О” дэд станцын “Ц” гаргалгааны өргөтгөлд, 220/110/35кВ-ын автотрансформатор суурилуулах барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн акт, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017.06.15-ны өдрийн 170 дугаар “Техникийн комисс байгуулах тухай” тушаал, 2017.06.18-ны өдрийн техникийн комиссын хурлын тэмдэглэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2017.09.12-ны өдрийн ЭХХТ-170/08/2017 дугаартай, 2017.11.22-ны өдрийн ЭХХТ-304/50/2017 дугаартай акт зэрэг нотлох баримт болон Ц-О 220/110/35 кВ-ын дэд станцын Ц гаргалгааны өргөтгөлийн барилгын угсралтын ажил, 220/110/35 кВ-ын автотрансформаторыг эрчим хүчний эх үүсвэрт холбож Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандал сумдын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх зорилгоор хүчдэлд залгахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсоныг үндэслэн хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Учир нь, хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022.12.15-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар баталгаажсан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн “О-а чиглэлийн 2020 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах аудитын тайлан”-д “...Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 170 дугаар тушаалаар “Техникийн комисс” ажиллаж, О-а чиглэлийн 220кВ-ын 159.4 км урттай хоёр хэлхээт ЦДАШ, 220/110/35кВ-ын О дэд станцын Ц гаргалгааны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хүлээн авч 35кВ-ын хүчдэлийн түвшинд залгах шийдвэр гарснаар Д аймгийн М, Хатанбулаг сум, хилийн цэргийн отрядын төв, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын өртөө зэрэг газрууд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ авчээ. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 304 дүгээр тушаалаар Эрчим хүчний яамнаас томилсон “Техникийн комисс” ажиллаж, Концессын гэрээний дагуу хийсэн “О-а” 220кВ-ын ЦДАШ, 220/22кВ-ын дэд станцыг эрчим хүчний эх үүсвэрт холбож 220кВ-ын гүйдлийн трансформаторыг хүчдэлд залгахаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш реактортай холбоотой асуудал шийдвэрлэх ажил удааширсаар “Улсын комисс” 2021.09.13-ны өдөр ажиллаж 220 кВ-ын О-а чиглэлийн 159,4 км урт ЦДАШ, 220/22 кВ-ын Ц дэд станц бүтээн байгуулалтын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэжээ. ...” гэж, 

2020/110/35кВ-ын О дэд станц Т компанийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг шийдвэрлэх ажлын хэсгийн танилцуулгад “...2017 онд Монгол Улсын Засгийн газар болон “МАК” ХХК нарын хооронд байгуулсан “барих-шилжүүлэх” концессын гэрээний 2.1.а-д заасны дагуу Х сумын нутагт байрлах 220/110/35 кВ-ын О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн ажил хийгдсэн байна.” гэж тусгагдсан.

Мөн “Ц” ТӨХК-аас “М” ХХК-д хандсан 2017.12.19-ний 04/1688 дугаар албан бичгээр “... тус компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрсдөөс шалтгаалах бүх ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тухайн ажилтай холбоотой техникийн болон санхүүгийн гүйцэтгэлийн акт бичиг баримтыг бүрдүүлж, танай компанид хүлээлгэн өгсөн. ... Танай талаас шалтгаалан Улсын комисс ажиллах явц удаашралтай байна. ... дээрх ажлын үр дүн болох 278,262,674 төгрөгийн санхүүжилтийг яаралтай хийж гэрээг дүгнэж өгнө үү” гэсэн, Эрчим хүчний яамнаас 2018.01.18-ны өдрийн в/238 дугаар албан бичгээр “М” ХХК-д хандан “...Тус яамны харьяа “Ц” ТӨХК болон “М” ХХК-ийн хооронд 2017.01.09-ний өдөр 005-2117 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ... ажлыг 100% амжилттай хийж дуусгасан ... гэрээг дүгнэж дуусгах талаар дэмжлэг үзүүлж, ажиллахыг ...” талаар хандаж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

15. Түүнчлэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх талаар гэрээний 3.3.3-т “Гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг 100% бүрэн гүйцэтгэж, гүйцэтгэгч нь гэрээт ажлын үр дүнг эрх бүхий байгууллагаар баталгаажуулан улсын комиссын дүгнэлт үйлдүүлж, ашиглахад бүрэн бэлэн болгосны дараа ажлын үр дүнг захиалагчид гэрээнд заасны дагуу “ажлын үр дүн хүлээлцсэн акт” үйлдэн түүний өмчлөлд шилжүүлж өгөх ...”, 5.1-д “Гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тайланг бэлтгэж, гүйцэтгэлийн зураг, далд ажлын болон туршилт-тохируулгын акт, протокол, холбогдох бусад баримт бичгийг захиалагчид актаар хүлээлгэж өгнө.”, 5.3-т “Гүйцэтгэгч нь захиалагчтай хамтран “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу техникийн болон улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулна.”, 5.4-т “Захиалагч нь улсын комиссын актыг үндэслэн бэлэн болсон ажлын үр дүнг гүйцэтгэгчээс хүлээн авна. Ийнхүү хүлээлцэхдээ талууд хамтран “Ажлын үр дүнг хүлээлцсэн акт” үйлдэнэ.” гэж тус тус  заасан бөгөөд гэрээнд заасан эдгээр нөхцөл гүйцэтгэгчийн буруугаас хэрэгжээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, дээрх гэрээнд зааснаас үзэхэд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх асуудалд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн аваагүй байгаа нь хамааралтай эсэхийг дүгнэх шаардлагатай.

Энэ талаар гэрээнд захиалагчтай хамтран техникийн болон улсын комиссыг ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулахаар заасны гадна Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар захиалагч эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах, холбогдох баримт бичгийг хүсэлтэд хавсаргаж өгөхөөр зохицуулсан.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлэхээр тодорхойлсноос үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Х сумын нутагт байрлах 220/110/35кВ-ын “О” дэд станцын “Ц” гаргалгааны өргөтгөл нь барилга байгууламжид хамаарч байгаа учраас дээрх хуулийн зохицуулалт маргаанд хамааралтай.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022.12.15-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар баталгаажсан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн “О-а чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах аудитын тайлан”-д “... О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн 1,826.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 220/110/35кВ-ын барилга угсралтын ажлын иж бүрэн тоноглолыг буулгаж, хадгалалт хамгаалалтын шаардлага хангаагүй, хашаан дотор хураасан байдалтай байна. ...” гэж тусгагдсан.

Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2021.10.07-ны өдрийн 07/2021 дугаартай дүгнэлт гарсан байх ба уг дүгнэлтэд “Дорноговь аймаг дахь Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн О-а чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/22 кВ-ын Ц дэд станц”-ын барилга угсралтын ажлыг Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан” гэж тусгагдсан боловч уг дүгнэлтэд “008-2117 дугаартай “220/110/35кВ-ын “О” дэд станцын “Цагаан суварга” гаргалгааны өргөтгөл, 220/110/35кВ-ын автотрансформатор суурилуулах” барилга угсралтын ажлын талаар дурдагдаагүй.

Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан баримтуудаас үзэхэд “М” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд 2017.01.12-ны өдөр байгуулагдсан “О-а чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн “барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний ажлыг хүлээн авах улсын комисс ажиллах үед зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл О дэд станцын гаргалгааны өргөтгөлийн тоног төхөөрөмжийг буулгасан байсан болох нь тогтоогджээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авах ажлыг гэрээнд зааснаар талууд хамтран зохион байгуулахаар тохиролцсон хэдий ч хуульд нэхэмжлэгч буюу захиалагч эрх бүхий байгууллагад хүсэлт гаргах, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхөөр зааснаас үзэхэд гэрээний зүйлийг улсын комисс хүлээж аваагүй явдалд хариуцагч буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

Иймээс барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаагүйгээс хариуцагч буюу гүйцэтгэгчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

16. Хэргийн баримтаар 2020/110/35кВ-ын О дэд станц “Т” /“Т”/ компанийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг шийдвэрлэх ажлын хэсгийн 2018.05.10-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд “... Х сумын нутаг дахь 220/110/35кВ-ын О дэд станцад Т /“Т”/ компанийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг шийдвэрлэх асуудлыг хэлэлцээд 220/110/35кВ-ын О дэд станцын 220кВ-ын ил хуваарилах байгууламжид хийгдсэн Ц гаргалгааны тоноглолыг буулгах ажлыг төсөл хэрэгжүүлэгч Т /“Т”/ компани зохион байгуулах ...” талаар тусгагдсан бөгөөд хуралд “Ц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Ч, ХМХ-ийн дарга Я.М, РХТХХ-ийн ахлах инженер Н.Б нар оролцсон нь тогтоогдсон. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022.12.15-ны өдрийн А/95 тушаалаар  баталгаажсан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн “О-а чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах аудитын тайлан”-д “...Салбарын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, судалгаа, мэдээлэл хангалтгүй, мэргэжлийн оновчтой шийдлийг гаргаагүйгээс концессын хөрөнгөөр бүтээн байгуулсан О дэд станцын гаргалгааны тоног төхөөрөмжийг буулгаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд дахин шинэчлэл хийж, үр ашиггүй зардал гарган, өрийг нэмэгдүүлсэн байна. ...” гэж дүгнэсэн.

Түүнчлэн дээрх аудитын тайланд “... Тухайн үед “Ц” ТӨХК-ийн захиралд Эрчим хүчний сайдаас 2018.08.06-ны өдрийн А/2838 дугаартай “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй УБ-М ЦДАШ, дэд станц барих төслийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд уг ажлын хүрээнд 220/110/35 кВ-ын О дэд станцын өргөтгөл хийгдэж, 220 кВ-ын Ц гаргалгааны тоноглолуудыг буулгах, шинэчлэх ажлууд хийгдэхээр төлөвлөн, энэ ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, тоноглолуудыг хүчдэлээс чөлөөлөх, хэмжилт туршилтын багажуудыг буулгах, хэвийн ажилд оруулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулахад анхаарч ажиллана уу” гэсэн боловч концессын гэрээгээр хийдсэн улсын комисс хүлээж аваагүй буулгах тоноглолуудыг үнэлж, бүртгэлд тусгах шийдвэр гаргаагүй байна. ...” гэж тусгагдсан.

Дээрх байдлаар ажлын үр дүн устаж үгүй болсон нөхцөл байдалд нэхэмжлэгч болон хариуцагч хэн алиныг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгахдаа Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4-т заасан “ажил гүйцэтгэгчээс захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах”, 350.1.6-д заасан “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ зөрчсөн гэх боловч энэ үндэслэл тогтоогдсонгүй.

Энд заасан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь захиалагчаас гүйцэтгэгчид олгосон материал буюу ажлын үр дүнг бий болгоход зориулагдсан материалд хамааралтай байхаас гадна ажлын үр дүнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад гүйцэтгэгч өөрөөс шалтгаалах арга хэмжээг авах үүрэгтэй ч хариуцагчаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажлын үр дүн үгүй болсон байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2-т тус тус зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд ажлын үр дүн үгүй болсон нөхцөл байдлыг ажлын үр дүнгийн доголдол гэж үзэхгүй.

Харин БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Т” /“Т”/ компани нь Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын габариттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын М дэд станц, 220/110/35 кВ-ын Тавантолгой, О дэд станцуудын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх явцад 220/110/35 кВ-ын О дэд станцын 220 кВ-ын ил хуваарилах байгууламжид хийгдсэн Цагаан суварга гаргалгааны тоноглолыг буулгах ажлыг төсөл хэрэгжүүлэгч “Т” /“Т”/ компани зохион байгуулахаар “220/110/35 кВ-ын О дэд станцад Т компанийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг шийдвэрлэх” ажлын хэсгээс шийдвэрлэсэн нь тогтоогдсон.

Гагцхүү энэ тохиолдолд эрсдэлийг ажил гүйцэтгэгч, захиалагч хэн нь хариуцах байсан нь маргааны зүйл болсон.

17. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд Иргэний хуулийн 356 дугаар зүйлд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед эрсдэлийг хуваарилах асуудлыг зохицуулсан байх боловч хуулийн 356.1-д заасан “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өмнө”, хуулийн 356.2-т заасан “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй” хуулийн 356.3-т заасан “ажил гүйцэтгэх материал устсан, гэмтсэн” гэсэн нөхцөл маргааны тохиолдолд үүсээгүй, хамааралгүй байна.

Хөдлөх эд хөрөнгийн хувьд гэрээний дагуу ажлын үр дүнг гүйцэтгэгч хүлээлгэн өгсөн, захиалагч хүлээн авсан бол захиалагч эд хөрөнгийн өмчлөгч болно.

Энэ агуулгаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна.” гэж заасны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч эрсдэлийг хүлээнэ.

Улмаар эрсдэл өмчлөгчид шилжсэн тул ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй доголдолтойгоос гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

18. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тогтоох хэсэгт анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзах, цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалт маргаанд хамааралтай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн тул залруулна.

Учир нь нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ ажлын үр дүн хожим устсан явдалд гүйцэтгэгч буруутай тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж үзэж, ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт хамааралтай.

19. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00463 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан гаргасан 1,826,539,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.13-ны өдөр төлсөн 9,290,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН