Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2022/0026

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Р, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан “Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2.  Б сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай захирамжаар “А” ХХК-д тус сумын нутаг Сарлаг 2-р багт тариалангийн зориулалтаар 258 га,  627 га, нийт 885 га газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0206328, 0206329 /0137830/ дугаартай гэрчилгээ тус тус олгосон.

Маргаан бүхий захиргааны акт болох Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн  эзэмшлийн 885 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “З” ХХК-д шилжүүлсэн.

Б сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 229 дүгээр захирамжаар маргаан бүхий 885 га газрын эзэмших эрхийг “Зийн шим” ХХК-д шилжүүлж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нь Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны 9 сарын 13, 10 сарын 13-ны өдрүүдэд тус тус гомдол гаргасан. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 334 тоот албан бичгээр “...2009 оны 229-р захирамжийг хүчингүй болгуулах боломжгүй... асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүл” гэсэн хариуг авсан байна.

4. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай захирамжаар “А” ХХК-д тус сумын нутаг дэвсгэр Сарлаг багт тариалангийн зориулалтаар 258 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0206328 дугаартай гэрчилгээ, мөн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай захирамжаар тус сумын нутаг Сарлаг багт тариалангийн зориулалтаар 627 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0206329 дугаартай гэрчилгээ тус тус олгосон.

Бид газраа ТЭД санд барьцаалан 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үр-2009/324 дугаартай гэрээ байгуулж гэрээний 1.3-т заасны дагуу 34,700,000 төгрөгийн зээлийн барьцаанд тус гэрээний 1.7-д зааснаар 0206329, 0206328 дугаартай 885 га газрыг барьцаалж, зээлээ 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан. Гэвч манай компани ургац алдаж зээлийг хугацаанд нь төлж чадаагүй. Тухайн газрыг манай компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн барьцаанд тавьсан байсан учраас 2009 оны Үр-2009/324 дугаартай гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2711 дугаартай захирамжаар хэрэг шийдвэрлэгдсэн. Гэтэл манай компанийн эзэмшил 0206329, 0206328 дугаартай гэрчилгээтэй газрыг Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дугаартай захирамжаар “З” ХХК-д хууль зөрчиж шилжүүлсэн байна. Энэ талаар Б сумын Засаг даргад болон аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөдөл гомдол гаргасан боловч хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Манай компанийн 0206329, 0206328 дугаартай газрууд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан Үр-2009/324 дугаартай зээлийн гэрээний барьцаанд байгаа юм. Уг гэрээний 1.7-д "ТЭДСанд зээлээр авсан үрийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд 0206329, 0206328 дугаарын 885 га, барьцаа болгож тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах болон бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно" гэж заасан. Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дугаартай захирамжийг биелүүлэх боломжгүй, Захиргааны өрөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар ...түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй байна гэж үзэж байна. Учир нь газар эзэмших эрхийг шилжүүлэх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. ...”З” ХХК надаас газар шилжүүлж авахдаа усалгаатай газар тариалан эрхлэхээр хөрөнгө оруулж хамтарч ажиллана гээд газраа шилжүүлчих гэсэн юм. Түүнээс биш би хөрөнгөөрөө чиний газрыг авч байгаа шүү гэж хэлээгүй. Мөн шилжүүлэхэд маш их дарамт байсан. Р “банк бусаас 200 сая төгрөг зээлээд юу ч авсангүй, хамаг хөрөнгөө барьцаалсан” гээд маш их дарамтанд байсан. Уринш боловсруулат хийхээр Баянчандмань сумаас трактор, тракторын жолооч авч ирээд уринш боловсруулалт хийсэн бүх мөнгө, зардлыг би гаргаж байсан, гүйцэтгэж хийсэн. Тэгсэн чинь үрийн мөнгө, тариалан эрхлэх сангийн зээлийн мөнгө нийлээд 400 гаруй сая төгрөг болно. 2 жилийн уринш, хаврын боловсруулалт, тариалалт, хураалт гээд 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан байсныг Д.А миний 400 гаруй сая төгрөгийг идсэн гээд нэр хүндэд халдсан. Тийм учраас нэхэмжлэл дээрээ маш их дарамталсан гэж бичсэн. Би бүх зүйлийг хийж гүйцэтгэж байсан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээл энэ газартай холбоотой. Энэ газар дээр уринш, хаврын боловсруулалт хийсэн. Намайг залилсан маягаар хамтарч ажиллаагүй. Газар шилжүүлж аваад чимээгүй болсон. Тэр байтугай би 2009, 2010 онд уринш хийчихээд Б сургуулийн захирал н.Шагдарсүрэн 300 гаруй га талбай дээр тариалалт хийсэн. Түүн дээр хүртэл Р эгч рапс тарьсан. Тэр бүгд миний уринш хийгээд бэлдсэн хамтарч ажиллаж байсан талбай. Тэгэхээр яагаад Тариалан эрхлэх сангийн төлбөрт санаа зовдоггүй юм? Тэгэхээр би газраа буцааж авч байж төлбөрийг төлнө биз дээ. Иймд Төв аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. “А” ХХК-ийн хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан 11 дугаартай 2009 оны хүсэлтийг ярьж байна. Энэ хүсэлтийг уншихад ирээдүйг харсан хүсэлт байгаа. 2009 оны 11 дугаартай хүсэлт дээр бид “З” ХХК-тай хамтарч Чех улсын хөрөнгө оруулалттай усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэхээр бичиж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхээр манай компанийн үр тарианы чиглэлээр ашиглаж байгаа газруудыг өөрөөр хэлбэл 258 га, 627 га, нийт 885 га газруудыг ашиглан усалгаатай тариалалт явуулах юм, иймд уг төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд газрын зөвшөөрөл, кадастрын зургийн төслийг гардан хэрэгжүүлэгч буюу “З” ХХК-ийн нэр дээр байх шаардлага тавигдаж байна, энэ байдлыг харгалзан үзэж газар эзэмших гэрээг шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт байгаа юм. Түүнээс биш нөхцөл заасан ийм хүсэлтийг танайх манайд хууль ёсны дагуу өгч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлт биш. Энэ нь ямар хууль бус акт вэ гэдэгтэй уялдахгүй байна. 2010 оны хамтын ажиллагаагаар цаашид хамтарч ажиллана гэсэн боловч энэ хэрэгжээгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж хэлээд байгаа газрыг дараа жилийн газар тариаланг бэлтгэх гэж авсан. Ингэж авахдаа би өөрөө хүсэлтээ гаргасан боловч ажлынхаа үр дүн, харилцаагаа бодоод “З” ХХК-ийн нэр дээр газрыг авч өгсөн гэх тайлбарыг хэлдэг. Үүнийг нэхэмжлэлийн шаардлага дээр тайлбар төдий л ярих зүйл юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Бид газрыг эзэмшиж аваад 2009 онд тариалалт хийхдээ сангаас үр тариа, шатахууны зээл авсан. Дахин тариалалт хийхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон учраас гуравдагч этгээдийн тайлбар дээрх Болд гэх хүн намайг “Тун эрдэнэ фарм”-тай холбож өгсөн гэж байгаачлан энэ компанитай хамтран ажиллах тул газраа энэ хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн гэж байна. Ингээд цаашдын хамтын ажиллагаа маань бол өөрчлөгдсөн, ингээд хамтарч ажиллаагүй, үр дүнд хүрээгүй. Ингээд миний газрыг энэ компани эзэмшээд, ашиглаад явж байгаа учраас би газраа өөрийн болгож авмаар байна гэх асуудал яригдаж байна. Манай нэхэмжлэлийн шаардлага Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр болон шаардлага үндэслэлээ нотолж чадсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн 229 тоот захирамж өөрөөр хэлбэл эрх шилжүүлсэн захирамж А/32 дугаар захирамжаар хүчингүй болсон гэж байна. Үнэхээр хүчингүй болчихоод байхад та нар яагаад 229 дугаартай захирамжтай маргаж байгаа вэ? Энэ чинь ямар уялдаатай юм бэ. Эхлээд газар эзэмшүүлэх 21 дугаартай захирамж, дараа нь эрх шилжүүлсэн захирамж, эрх хүлээн авагч А/32 захирамж, Энэ бүхэн эхнээсээ уялдаатай холбогдож байна. Захиргааны актыг гаргахад эрх шилжүүлэгч болон хүлээн авагч нар хоёулаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт өгсөн. Гэтэл энэ захирамж гарснаас хойш “З” ХХК болон “А” ХХК-ийн хооронд ямар нэгэн байдлаар энэ газрыг ашиглах усалгаатай систем нэвтрүүлэх талаар ажил өрнөөгүй. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуулиар тогтоосон үндэслэл байхгүй байна, захирамжийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-тзахиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж зааснаар “А” ХХК-ийн хүсэлтэд дурдсан хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн нь энэ актыг гаргуулахдаа хууран мэхлэх шинж байдал илэрч байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Б сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б сумын Засаг дарга А.Даваадорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн захирал Д.А нь 2009 оны №11 өргөдлөөр Б сумын Сарлаг 2-р баг, Сарлагт байрлах 18567322185188 нэг талбар, 0206328 тоот гэрчилгээтэй 258 га, мөн 0206329 гэрчилгээтэй 18564322803241 нэгж талбарын дугаар бүхий 627 га, нийт 885 га газрыг “З” ХХК-д шилжүүлэх хүсэлт ирүүлсэн. “А” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын дагуу сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 299 тоот захирамжаар “З” ХХК-д  885 га газрыг шилжүүлсэн. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчин гэрчилгээн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаалсан тэмдэглэл хийлгээгүй, газрын даамалд мэдэгдээгүй. Өөрийнх нь хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Мөн “Капитал” банканд газрын гэрчилгээгээ барьцаалсан байсан тул барьцааны гэрээнээс чөлөөлж өгнө үү гэсэн тодорхойлолтыг манай газрын даамалд өгсөн байсан. Тэгээд Тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаанд байгаа гэдгээ мэдэгдээгүй, энэ талаар гэрээгээ манайд авч ирж өгч бүртгүүлээгүй. Иймд бид тухайн газрыг тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаалсан гэдгийг мэдээгүй байгаа. Тэгээд “Капитал” ХХК-иас чөлөөлөгдсөн гэдгийг үндэслээд өөрийнх нь хүсэлийн дагуу “З” ХХК-д шилжүүлсэн. Иймд илт хууль бус захирамж биш гэж үзэж байна. Та яагаад тариалан эрхлэлтийг дэмжих санд бүртгүүлсэн гэдэг бичилтээ яагаад хийлгээгүй вэ? Хийлгэсэн бол бид тухайн үед шилжүүлэхгүй, үүнийг төлөөд ир гэж хэлэх байсан. 2 компанийн хүсэлтийн дагуу, ямар нэгэн газрын барьцаанд байхгүй гэсэн үндсэн дээр сумын Засаг даргын 2009 оны 229 тоот захирамж гаргасан. Энэ бол ямар нэгэн илт хууль бус захиргааны акт биш гэв.

Гуравдагч этгээд “З” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б суманд газар тариалан эрхэлдэг “А” ХХК-ийн хүсэлтээр газар тариалангийн ажилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх болж, тус компанийн газрыг барьцаалж, “Тун Эрдэнэ Фарма” ХХК-ийн нэр дээр компанийнхаа өмчлөлийн шинэ байраа барьцаанд тавьж, “Очир–Ундраа” ОМЗ ББСБ-аас сарын 3%-ийн хүүтэй 200 сая төгрөгийн зээл авч өгсөн. Гэвч намар болоход “А” ХХК нь төлөвлөсөн тариагаа хураан авч, “Тун Эрдэнэ фарма” ХХК-аас авсан зээлээ төлж чадаагүйгээс Б сумын Засаг даргад албан ёсны хүсэлтээ гаргаж, эзэмшил тариалангийн газраасаа 885 га газрыг 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б сумын Засаг даргын 229 тоот захирамжаар манай З ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. “А” ХХК-иас “З” ХХК-д шилжсэн 258 га, 627 га газар, “З” компанийн нэмж авсан байсан 103 га газруудыг нэгтгэн Б сумын Засаг даргын 2013 оны 3 сарын 01-ний өдрийн А/32 тоот захирамжаар 1058 га газрыг “Зийн шим” ХХК-д шилжүүлсэн уг захирамжийн 2 дугаар заалтаар Б сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж хүчингүй болсон тул “А” ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Энэ газар шилжилттэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал үүсэлгүй 12 жил 6 сар шахуу хугацаа өнгөрсөн цаг үед “А” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. “З” ХХК-ийг гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

“Зийн шим” ХХК-ийн захирал, “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Р шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын Засаг даргад хүсэлт гаргаж, “А” ХХК-аас “З” ХХК-д шилжсэн 258, 697, нэмж авсан 106 га газруудыг 2013 оны 3 сарын 01-ний өдрийн А/32 тоот захирамжаар Зийн шим ХХК-д шилжүүлсэн. Манай компани эзэмшил газруудын жил бүрийн газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газартаа тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, газар эзэмшигч хуулийн этгээдийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх гэрээний дагуу 1446 га газрын суурь хураамжид 7.599.200 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан, газар эзэмшлийн зөрчилгүй ажиллаж , бүх газраа Газрын нэгдмэл санд бүртгүүлсэн болно. Энэ бүхнийг үндэслэж А ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах байр суурьтай байна. Үүнд:

1. Тун Эрдэнэ фарма ХХК, АГ- ЦМ ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны Хамтын ажиллагааны гэрээ, харилцан тохиролцсон хэлцлийг үндэслэж, А ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу 258, 627 га газруудыг Б сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 тоот захирамж гарсан, энэ үйлдэл нь илт хууль бус биш, Д.Аийг дарамталж шахсан, зөрчилдсөн зүйл огт байгаагүй болно.

2. Б сумын Засаг даргын 2013 оны 3 сарын 01-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/32 тоот захирамжаар Сумын засаг даргын 2009 оны 12 сарын 15-ны өдрийн 229 тоот захирамжийг хүчингүй болгосон тул А ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу илт хууль бус гэж үзэж, хүчингүй болгох эрх зүйн баримт байхгүй болсон.

3. Монгол Улсын шүүхээр үүсгэсэн хэргийг хянах, хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг тул манай компанийн тайлбарт дурдсан үйлдлүүд хуулийн хүрээнд явагдаж, түүнээс шалтгаалсан ямар нэгэн гомдол, зөрчил гаралгүй бараг 13 жил өнгөрсний дараа А ХХК- ийн 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 01/03 нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь хуульд хэрхэн нийцэж байгааг тодруулж авч үзэх шаардлагатай байна.

4. “Тун Эрдэнэ Фарма” ХХК нь байгуулсан гэрээ, харилцан тохиролцсон хэлцлээ иш үндэс болгож, “Очир ундраа” ОМЗ ББСБ-аас “А” ХХК-ийн 2009 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж, өөрийн үл хөдлөх хөрөнгөөр барьцаалж 2009 оны 7 сарын 09-ний өдөр авсан 12 сарын хугацаатай 200 сая төгрөгийн зээлээ хугацаанд барагдуулж, үндсэн хүүд 69.600.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.166.000 төгрөг, үндсэн зээлийн хамт 273.766.000 төгрөг төлсөн тул өнгөрсөн хугацаанд “А” ХХК-д санхүүгийн нэмэлт дарамт, шүүхээр гомдол, зөрчил үүсээгүй өнөөдрийг хүрсэн болно. Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 тоот захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагагүй, “А” ХХК-ийн нэхэмжлэл нь огт үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. ...Д.Аийн хэлсэнтэй холбогдуулан тайлбар хэлье. Хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ гэж асуудалд хандаж байх шиг байна. Би энэ хүнийг таньдаггүй байхад миний таньдаг хүн болох Болдыг дагуулж ирсэн. Болд над дээр ирээд та үл хөдлөх хөрөнгөө гаргаад энэ хүнд зээл авахад нь туслаач гэж надаас хүссэн, би тэр үед шинэ байшин ашиглалтад авсан байсан учир тусалсан. Д.А тэр үед маш их баярлаж байсан. Тухайн үед компанийн нэр дээр байгаа хөрөнгийг барьцаална гэсэн шаардлага тавьсан. Нэг компанийн нэр дээр өөр хөрөнгө тавихыг зөвшөөрөхгүй гэж байсан. Тэгээд зээл аваад чи 200 сая төгрөгөөр тэр олон ажлыг хийсэн байх. Гэхдээ энэ ажлыг би хийсэн гээд байх юм. Би тэр ажлыг чамайг хий гэж хэлээгүй. Өөрөө л барьцаа хөрөнгө гаргаад зээл аваад өгөөч гээд байсан. 2009 онд “А” ХХК-иас “З” ХХК-д шилжүүлсэн, энэ газрыг 4 жилийн дараа шахуу “Зийн шим” ХХК-д шилжүүлсэн. Бид энэ газрыг 2009 оноос хойш шилжүүлж авсан хугацаанд энэ газрыг нэг ч удаа тариалалтын хугацаанд ажил хийлгүй орхиогүй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрлэл гэх мэт зээлийн сангаас маш их хэмжээний зээл авч энэ газар тариаланд хөрөнгө оруулалт хийсэн. Усалгаатай газар тариаланг заавал хийх хуулийн заалт байхгүй. Энэ талаар агрономич Д.А маш сайн мэдэж байгаа. Тийм учраас намайг усалгаатай талбай байгуулчхаад залилан хийсэн гэж хэлж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг заасан байгаа. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус юм гэж ярилаа. Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Гэтэл Захиргааны акт нь өөрийнх нь эрх ашгийг хөндсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхэд нэхэмжлэл гаргах, холбогдох газрын албанд гомдол, санал тавих гэх мэт хуулийн хугацаа байгаа. Гэтэл 12 жил 8 сарын дараа Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл гэхэд 2020 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр буюу 2 жилийн өмнө гаргасан нэхэмжлэл харагдаад байна. Гэтэл дарсан тамга нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэж байна. Нэхэмжлэлийн он сар бол бүтэн 2 жилийн өмнөх огноотой байна. Яагаад 2 жилийн дараа шүүх дээр орж ирж, үүнийг шүүх хүлээж авсан бэ гэдэг тал дээр эргэлзэж байна. Хэргийн 32 дугаар талд авагдсан “А” ХХК-ийн 2009 оны 11 дугаартай Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга танаа гээд эзэмшил газрыг шилжүүлэх тухай гэсэн албан тоотоор “...2010 оноос эхэлж “З” ХХК-тай хамтран Чех улсын хөрөнгө оруулалттай усалгаатай газар тариалан эрхэлж хэрэгжүүлэхээр бэлтгэж байна, манай компанийн эзэмшлийн дараах газрыг “З” ХХК-д албан ёсоор нэр дээр нь шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. 0206328 дугаартай гэрчилгээтэй 258 га, мөн 0206329 дугаартай гэрчилгээтэй 627 га газар буюу нийт 885 га газрыг шилжүүлж өгөөч гэсэн албан ёсны өргөдөл, хүсэлт гарсан. Уг хүсэлт дээр захирал Д.А гээд гарын үсгээ зураад тамга, тэмдэг дарсан байна. Энэ бол гарцаагүй нотлох баримт юм. Мөн энэ хүний нэр дээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу бодит байдал дээр шилжүүлж болохгүй нөхцөл байдал үүсээгүй юм. Энэ хүн өөрсдөө хүсэж энэ хүмүүсийн нэр дээр болгоод өг гэсэн. Үүнийг илт хууль бус хүсэлт байна гэж үзэх эрх хэмжээ Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт байхгүй. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу энэ хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд хөөн хэлэлцэх хугацаандаа асуудал тавигдана гэсэн учраас л энэ хүмүүс өнөөдөр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэл гаргаж байгаа боловч энэ нь ямар нэгэн байдлаар илт хууль бус юм, энэ хүмүүсийн эрх ашиг ингэж зөрчигдсөн юм гэж дурдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2009 оны 229 тоот захирамж 2013 оны А/32 Б сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болсон. Гэтэл өнөөдөр бодитой хэрэгжихгүй байгаа захирамжийг дурдаж нэхэмжлэлээ гаргасан. Мөн “З” ХХК-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар 1 га газар байхгүй. “Зийн шим” ХХК-ийн нэр дээр байгаа. Иймд илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл биш юм. Тариалан эрхлэх сангаас зээлээр авсан гэрээний гүйцэтгэлийн баталгаанд ийм ийм га газрыг барьцаа болгож тавьсан бөгөөд уг эд хөрөнгийг бусдад барьцаалж болохгүй гэдгийг зөрчсөн байна гэж байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгчийн хүлээх эрх, үүрэг байгаа. Гэтэл өөрийнхөө барьцаалсан зүйлийг сар болгон өөр газар тавиад өөрөө 5 сард Тариалан эрхлэх санд, 6 сард “Тун эрдэнэ фарм-“д, 7 сард “Капитал” банканд аваачиж тавьсан байна. 1 эд хөрөнгийг 3 барьцаалаад үүнээс барьцаа бүртгэл хийлгэсэн нь “Капитал” банк байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шилжүүлсэн нь захиргааны байгууллагын акт хууль ёсны гэж байгаа юм. Тэгэхээр үүнийг илт хууль бус гээд байгаа үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн 16 дугаар талд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргах нь гээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өргөдөл хүсэлт байгаа. Үүнд хөрөнгө мөнгөө надаас нэхэж, сэтгэл санааны дарамтад оруулсан тул 885 га газраа шилжүүлж өгөхөөс өөр аргагүй болсон гэж хэлээд байна. Өөрөө шилжүүлж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Сэтгэл зүйн хүнд дарамтад орсон, сэтгэцийн хувьд хүнд байдалд ороод эмнэлэгт хэвтсэн талаар ч юм уу ямар нэг баримт алга,  хөөн хэлэлцэх хугацаа шаарддаггүй хуулийн заалтаар нэхэмжлэл гаргасан. Тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ хүн өөрөө шилжүүлж өгье гэсэн эрх зүйн чадамжтай хуулийн этгээд юм. Мөн хэрэгт авагдсан 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/32 дугаар захирамжаар 229 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1/ Манай компанийн 0206329, 0206328 дугаар гэрчилгээтэй газрууд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан Үр-2009/324 дугаартай зээлийн гэрээний барьцаанд байсан. Уг гэрээний 1.7-д “Тариалан эрхлэлтийг дэмжих санд зээлээр авсан үрийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгож тавьсан 0206329, 0206328 дугаартай 885 га газрын гэрчилгээг барьцаа болгож тавьсан үл хөлдөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах болон бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Барьцаанд байсан газрыг бусдад шилжүүлсэн Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт,

2/ “А” ХХК газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтдээ “бид цаашид Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх гэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа учир миний газрыг төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК-ийн нэр дээр байх шаардлагатай байна” гэх агуулгыг тодорхой дурдсан. Үүний дагуу Засаг даргын захирамж гараад явж байсан. Гэтэл энэ захирамж гарснаас хойш “З” ХХК болон “А” ХХК-ийн хооронд энэ газрыг ашиглах усалгаатай систем нэвтрүүлэх талаар ажил өрнөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-тзахиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж зааснаар “А” ХХК-ийн хүсэлтэд дурдсан хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн нь энэ актыг гаргуулахдаа хууран мэхлэх шинж байдал илэрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуулиар тогтоосон үндэслэл байгаагүй,

3/ Газар эзэмших эрхийг шилжүүлэх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй  хэмээн маргасан байна.

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

- “А” ХХК-д Б сумын нутаг Сарлаг 2-р багт тариалангийн зориулалтаар 258 га, 627 газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн Б сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай захирамж, хавсралтаар[1]

- 2008 оны 3 сарын 24-ний өдөр “А” ХХК-д олгосон, 0137830 дугаартай нийт 885 га газар эзэмших эрхийн гэрчилгээ[2],

- “Зар мэдээ сонины 2009 оны 3 сарын 13-ны өдрийн дугаарт 2000000111 дугаартай “А” ХХК-ийн 0137830 дугаартай газрын гэрчилгээг хүчингүйд тооцов” гэсэн баримт[3]

- 2009 оны 3 сарын 12-ны өдөр “А” ХХК-д олгосон, 258 га газар эзэмших эрхийн 0206328 дугаартай гэрчилгээ[4],

- 2009 оны 3 сарын 12-ны өдөр “А” ХХК-д олгосон, 627 га газар эзэмших эрхийн 0206328 дугаартай гэрчилгээ, эрхийн гэрчилгээ барьцаалсан тэмдэглэл хэсэгт “2009 оны 7 сарын 01-ний өдөр барьцаалсан бичилт хийсэн тэмдэглэл[5],

-  “Капитал”  банкны 2009 оны 7 сарын 9-ны өдрийн 3/1320 тоот “Б сумын Сарлагт нэртэй газар байрлах 627 м.кв талбайтай, тариалангийн зориулалттай 15 жилийн хугацаатай газрын барьцааны гэрээнээс чөлөөлснийг мэдэгдье” гэсэн албан бичиг[6],

- 2008 оны 4 сарын 04-ний өдөр “А” ХХК-ийн захирал Д.А, Б сумын газрын даамал нарын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд 885 га газрын төлбөрт жилд 354000 төгрөгийг ... тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан[7],

- Б сумын газрын даамал Д.Бгийн “А ХХК 2008 онд газрын төлбөрт 294666 төгрөг ногдуулсныг төлөөгүй, 2009 онд 353600 төгрөг ногдуулснаас 300000 төгрөгийг төлсөн, З ХХК 2009 онд 54000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар[8],

- “А” ХХК-иас Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт гаргасан 2009 оны /сар, өдөр бичээгүй/ №11 тоот “Эзэмшил газрыг шилжүүлэх тухай албан бичигт “манай компани 2010 оноос эхлэн “З” ХХК-тай хамтран Чех улсын хөрөнгө оруулалтаар усалгаатай газар тариалан эрхлэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд манай компанийн эзэмшлийн газруудыг ашиглан усалгаатай тариалалт явуулах юм. Иймээс энэ төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд газрын зөвшөөрөл, кадастрын зураг нь төслийг гардан хэрэгжүүлэгч “З” ХХК-ийн нэр дээр баталгаажсан байх шаардлага тавигдаж байгааг харгалзан манай компанийн газар эзэмшлийн 0206328 гэрчилгээтэй, нэгж талбарын 18567322185188 дугаартай 258 га газар, газар эзэмшлийн 0206329 гэрчилгээтэй, нэгж талбарын 18564322803241 дугаартай 627 га, бүгд 885 га газрыг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн албан бичиг[9],

- Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “А” ХХК-ийн эзэмшилд байсан Сарлагийн 885 га газрыг “З” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн[10],

- “А” ХХК-иас 2021 оны 10 сарын 13-ны өдөр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд гаргасан “...Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах...” тухай хүсэлт[11],

- Гомдлын хариуг өгсөн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 334 тоот албан бичиг[12],

- Б сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/32 дугаартай захирамжаар “З” ХХК-ийн эзэмшлийн Сарлагт байрлалтай үр 1058 га газрыг “Зийн шим” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн[13],

- “Зийн шим” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 18565319126410 дугаар бүхий 106742 м.кв /1067 га/ газрын кадастрын зураглал[14],

- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 4 сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/2711 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “нэхэмжлэгч Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч Д.Атэй 134,129.200 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн”-ийг баталж шийдвэрлэсэн[15],

- нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Д.Аийн шүүх хуралдаанд гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас зээл авсан, гэрчилгээнд барьцаалсан тэмдэглэл хийлгэ гэж Тариалан эрхлэлтийг дэмжих сан хэлээгүй, тэмдэглэл хийлгэдгийг би тэр үед мэдэхгүй байсан...2009 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, 2010 оноос хойш “Зийн шим ХХК газар дээр тариалалт хийлгээгүй...” гэсэн тайлбар зэргээр

- нэхэмжлэгч “А” ХХК нь Б сумын Засаг даргын 2008 оны 3 сарын 21-ний өдрийн 21 дүгээр захирамжаар тус сумын Сарлаг 2-р багийн нутаг Сарлаг нэртэй газарт байршилтай 258 га, 6287 га, нийт 885 га газрыг 0137830 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байхдаа уг газар эзэмших эрхийн гэрчилгээг Зар мэдээ сонинд зарлуулж хүчингүй болгуулсан, Б сумын газрын даамлаас түүнд дахин 258 га газарт нь эзэмших эрхийн 0206328 дугаартай гэрчилгээ, 627 га газарт нь эзэмших эрхийн 0206328 дугаартай гэрчилгээг тус тус олгосон.

Нэхэмжлэгч энэхүү 885 га газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ “З” ХХК-д шилжүүлэх хүсэлтээ тус сумын Засаг даргад 2009 онд бичгээр гаргаж, өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн саналаа илэрхийлсэн.

 Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас зээл авсан боловч энэ тухай хариуцагч, газрын даамал нарт мэдэгдээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд сумын газрын даамлаар барьцаалсан бичилт хийлгээгүй нь тогтоогдож байна.

Дөрөв: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.”,  38.5-т “газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжин санд маргаан бүхий газрын 0206328, 0206328 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалан зээл авсан гэх боловч энэ тухай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгээгүй, хариуцагч болон газрын даамал нарт мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн “барьцаанд байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

 Мөн “А” ХХК нь Б сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 885 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “З” ХХК-д шилжүүлэх хүсэлтээ тус сумын Засаг даргад бичгээр гаргаж, өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч талаас “захирамж гарснаас хойш “З” ХХК болон “А” ХХК-ийн хооронд энэ газрыг ашиглах усалгаатай систем нэвтрүүлэх талаар ажил өрнөөгүй, захиргааны акт гаргуулахдаа  хууран мэхлэх бусад хууль бус аргыг хэрэглэсэн” хэмээн маргаж байх боловч эдгээр нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг шүүхэд заагаагүй, гаргаж өгөөгүй тул энэ тайлбарыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч маргаан бүхий газрын 2009 оны төлбөрийг төлсөн, 2010-2022 онуудад газрын төлбөр төлөөгүй, газар эзэмших эрхээ 2009 онд шилжүүлснээс хойш буюу 2010-2020 онуудад бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай гомдол, нэхэмжлэлийг хариуцагчид болон түүний дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан, шүүхэд гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээг нь “З” ХХК-д шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамжийг “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, “бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй, тодруулбал маргаан бүхий захиргааны актыг батлан гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2006 оны/ 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.5, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгохтухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

 

[1] Хавтас хэргийн 159 дэх тал,

[2] Хавтас хэргийн 153 дахь тал,

[3] Хавтас хэргийн 50 дахь тал,

[4] Хавтас хэргийн 49 дэх тал,

[5] Хавтас хэргийн 49 дэх тал,

[6] Хх-ийн 37 дугаар тал

[7] Хавтас хэргийн 155 дахь тал,

[8] Хавтас хэргийн 152 дахь тал,

[9] Хх-ийн 33 дугаар тал

[10] Хх-ийн 38 дугаар тал

[11] Хх-ийн 16-18 дугаар тал

[12] Хавтас хэргийн 15 дахь тал,

[13] Хх-ийн 93 дугаар тал

[14] Хавтас хэргийн 91 дэх тал,

[15] Хавтас хэргийн 117-118 дахь тал,