| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00393/И |
| Дугаар | 102/ШШ2022/00956 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/00956
| 2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2022/00956 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.... байрлах, регистр ...., Н... ХХК,
Хариуцагч:.... тоотод оршин суух, регистр .., Б... овогт Г...-ийн Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:16 937 528 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П..., Т.О..., хариуцагч Г.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н... ХХК нь хариуцагч Г.Б...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 937 528 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.Б... нь Н... ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 10 800 00 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, авто машин худалдан авах зориулалтаар зээлсэн.Зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэсэн, ... улсын дугаартай, Tоyоtа Prius 20 маркийн авто машиныг барьцаалуулсан.Зээлийг эргэн төлөх хугацаа 701 хоног хэтэрсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээг цуцалж байна.Иймд үндсэн зээл 9 244 511 төгрөг, зээлийн хүү 6 696 426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 996 591 төгрөг нийт 16 937 528 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч Г.Б... тайлбартаа: Би зээл аваад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сард 485 000 төгрөгөөр тасралтгүй төлж байсан, 2020 оны 8 дугаар сараас хойш төлөөгүй, үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, хүү, алдангийг төлөхгүй. Би 2020 оны 5 дугаар сард машиныхаа янданг хулгайд алдсан, тэгээд яндан олоод хийтэл эдний ажилтнууд ирээд машины номерыг аваад явчихсан, би сая өөр номер авч тавьсан, би группэд байдаг гэв.
Нэхэмжлэгчээс:Н... ХХК-ийн ... дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1/134 дугаартай, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрчилгээний хавсралтын хуулбар, Н...ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.У...аас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Н...ХХК-ийн салбарын захирлуудад олгосон итгэмжлэлийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Г.Б...гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ... улсын дугаартай, Tоyоtа Prius 20 маркийн авто машины гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар, зээлийн хүсэлт, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шүүхэд гаргасан өгсөн.
Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9 244 511 төгрөг, зээлийн хүү 6 696 426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 996 591 төгрөг нийт 16 937 528 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулна гэв.
Хариуцагч Г.Б... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд: Би 2020 оны 05 дугаар сард авто машиныхаа янданг хулгайд алдсан, дараа нь эдний ажилтнууд ирээд машины номерыг аваад явсан, би групптэй тул үндсэн зээлийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н... ХХК-ийн ... дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... дугаартай, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрчилгээний хавсралтын хуулбар, Н...ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.У...аас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Н...ХХК-ийн салбарын захирлуудад олгосон итгэмжлэлийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Г.Б...гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ... улсын дугаартай, Tоyоtа Prius 20 маркийн авто машины гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар, зээлийн хүсэлт, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 2-т зааснаар хариуцагч Г.Б... авто машин худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч байгууллагаас 10 800 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2.90 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээлсэн байна.
Хариуцагч Г.Б... нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргаж байгаа, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлийн үлдэгдэл дүнд хариуцагч маргахгүй байна.
Зээлийн гэрээ болон талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Г.Б... нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 4 229 898 төгрөг төлж, мөн өдрөөс хойш гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Г.Б...г гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, Г.Б...гаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад өргөдөл гаргаж байсан байна.
Хариуцагч Г.Б... нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч байгууллага нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан ба талууд гэрээний 2.3-т хүүгийн хэмжээг 2.90 хувь гэж тохирсон байна.
Нэхэмжлэгч байгууллага нь үндсэн зээлийн хүүгийн хэмжээг сарын 2.90 хувиар тооцож, хариуцагчийн хүүгийн төлбөр төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 6 696 426 төгрөг гэж тооцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т заасан үндэслэлд нийцэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч болохгүй заасан байна.
Хариуцагч Г.Б... нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон зээлийн гэрээнд заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 996 591 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээнээс хэтрээгүй байна.
Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 244 511 төгрөг, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлийн хүү 6 696 426 төгрөг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 996 591 төгрөг нийт 16 937 528 төгрөгийг шаардах эрхтэй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчаас 16 937 528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2/Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ... дугаартай фидуцийн гэрээ байгуулж, ... улсын дугаартай Toyota Prius маркийн авто машиныг Н... ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.
Иймд фидуцийн гэрээнд заасан ... улсын дугаартай Toyota Prius маркийн авто машинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хануулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 837 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Б...гаас 312 837 төгрөгийг гаргуулан Н... ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б...гаас 16 937 528 /арван зургаан сая есөн зуун гучин долоон мянга таван зуун хорин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н... ХХК-д олгож, Г.Б... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312 837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН