Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, *******,*******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, .

                      Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загас агнаж байгаль экологид 64,700 /29,000+35,700/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *** сумын *** багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загас агнаж байгаль экологид 64,700 /29,000+35,700/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *** би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *** “...Би *** гэх хүнийг танихгүй. *** сумын *** багийн нутаг дэвсгэрээр урсах Орхон голоос загас барих зөвшөөрөл өгдөггүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч *** “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** * найз *** нартай гараад *** аймгийн *** сум өнгөрөөд давж орж ирээд голын эрэг дээр хоночхоод 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө босож хоол цай идчихээд *** сум руу хөдөлж 12 цагийн үед *** сумын төв жаахан өнгөрөөд Орхон голын эрэг дээр ирсэн. Манай найз *** бид 2 загас барих гээд дэгээ шидсэн. *** 4 ширхэг загас барьсан. Тэгээд явах гээд уургануудаа хурааж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай акт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай ...1 ширхэг загасны уургад зах зээлийн үнэлгээг 66,000 төгрөгөөр тогтоосон... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/, Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай ...1 ширхэг зэвгэ, 3 ширхэг хадран загасны зэх зээлийн үнэлгээг 32,000 төгрөгөөр тогтоосон... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай ...*** аймгийн **** сумын *** багийн нутаг Орхон голын тус солбилцол нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно... гэх албан бичиг /хх-ийн 59 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч *** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *** овгийн *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон цэнхэр алаг өнгийн дамартай *** маркийн уурга 1 ширхэг, 3 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** овгийн **** улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** овгийн ****г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  1. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон цэнхэр алаг өнгийн дамартай **** маркийн уурга 1 ширхэг, 3 ширхэг хадран, 1 ширхэг зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН