| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2024/06893/И |
| Дугаар | 001/хт2026/00141 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/хт2026/00141
“Х” ХХК дахь банкны эрх хүлээн
авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалтай,
“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О, “С” ХХК нар оролцсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч Л.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.А, С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б, Б.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А /цахимаар/, өмгөөлөгч Л.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоол, 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “122 дугаар зүйлийн 122.1” гэснийг “44 дүгээр зүйлийн 44.4” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 00366 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэх боломж нь хэвтээ болон босоо чиглэлд байх ба босоо чиглэл нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг ялгаатай байдлаар хэрэглэхийг ойлгодог. Энэ хэргийн тухайд, босоо чиглэлийн хууль хэрэглээний зөрүү гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийсэнд гомдолтой байх тул ийнхүү хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно. ... Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий гарын үсэг мөн эсэх гэж маргасан үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна. Юуны өмнө нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолтой маргаагүй бөгөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн. ...“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.29-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг танилцуулаагүй бөгөөд хүлээн аваагүй юм. 3 дугаар хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан баримт нь хариуцагчаас гарган өгсөн баримт бөгөөд тус баримтад байгаа гарын үсэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий гарын үсэг биш юм. Энэ талаар талууд анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн, хүлээн аваагүй гэдгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хэлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тодорхой дурдсан байгаа болно. Б.Б-ий гарын үсэг биш гэсэн тайлбарыг өөр ямар нэгэн нотлох баримтаар үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтад байгаа гарын үсэг нь Б.Б-ий гарын үсэг мөн болохыг нотолсон баримт байхгүй юм. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс нягталж үзсэн бол Б.Б-ий гарын үсэг биш болохыг тогтоох хангалттай боломжтой байсан. Иймд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.29-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан ёсоор танилцуулж, мэдэгдэж, гардуулаагүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс уг тогтоолыг мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.
4.2. Бичмэл нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт гаргасан этгээдээс бичмэл нотлох баримтын эхийг шаардан авч болно. Шаардлагатай бол гэдэг ойлголтод тухайн нотлох баримтын хуулбар үнэн зөв эсэхэд эргэлзэх, хуулбар тодорхой бус байх, баримтын эх байсан эсэх нь эргэлзээтэй байх зэрэг тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх боломжгүй, эсхүл хангалтгүй байх нөхцөлүүд хамаарна. Бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд тухайн баримт нотлох чадвараа алдах бөгөөд үр дагавар нь уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй болно. Үүнтэй уялдан хуулиар тогтоосон дээрх журмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хүчингүй болох тохиолдол гардаг. Иймд хуульд заасан дээр дурдсан шаардлагыг биелүүлсэн байхыг анхаарах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс үүнийг нягтлалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрчил болсон гэж үзэж байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан зохицуулалтууд нь харилцан уялдаа холбоо бүхий зохицуулалт бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхийг хуульчилсан зохицуулалт байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бие даан явуулсан ажиллагаанд тус зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж байна.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “... Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй...” гэж заасны дагуу захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдлоо 2024.10.24-ний өдөр гаргасан бөгөөд өөрөө хүчингүй болгох боломжгүй буюу шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар хариуг 2024.10.31-ний өдөр өгсөн. Өөрөөр хэлбэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хуульд заасны дагуу хариу өгсөн буюу 2024.10.31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолох нь хуульд нийцнэ. Тодруулбал ерөнхий шийдвэр гүйцэтгэгч өөрийн гаргасан актыг дахин хянах, хүчингүй болгох хууль зүйн боломжтой байх тул үүнийг ашиглаж гомдол гаргасан нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж хариуцагч хуульд заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоогүй тул 2024.10.31-ний өдрийг хариуг хүлээн авснаас хойш хуульд заасан 14 хоногийн дотор буюу 2024.11.14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ... Иймд энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.29-ний өдрийн 09257 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ны өдрийн 00366 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Хариуцагчийн зүгээс магадлалын тогтоох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин дүгнэлтэд оруулсан өөрчлөлтийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтын “Шүүхийн хуулийн хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.4 дэх заалтын “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь хэсэгт “төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам”-ыг заана гэх үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаатай дүгнэлт гаргасан талаар:
...Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тийнхүү тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх тохиолдолд түүний өргөдөл байхыг шаардаж байгаа ч энэ нь шилжүүлэн өгч байгаа болон авч буй талуудын сайн дурын шинжтэй харилцаанд илүү хамаарах зохицуулалт гэж шүүх тайлбарлаж, ...шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд зөвхөн төлбөр авагчийн хүсэлтэд үндэслэсэн байхыг хуулиар зохицуулсан хэмээн нэг талын эрх ашгийг давуу байдлаар тайлбарлан хуульд заагаагүй агуулга бий болгосон. ...Үүгээрээ хуулийн энэ заалт нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар заасан шат дараалсан процесс ажиллагааг тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагаанд хэрэглэхгүй, зөвхөн барьцаалагч буюу төлбөр авагчийн хүсэлтээр энэ ажиллагаа явагдана гэх ташаа ойлголтыг бий болгож байгаа төдийгүй, энэ ажиллагаанд төлбөр төлөгч болон хөрөнгийн эзэмшигч өмчлөгч талын хүсэл зориг болон хэдэн төгрөгийн төлбөрийн шаардлагад хичээн хэмжээний үнэлгээтэй хөрөнгийг шилжүүлж байгаа нь огт хамааралгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүргийг хангах, мөн хөрөнгөөс төлбөр гаргуулах явцад ажиллагаанд холбогдуулан гаргах талуудын санал хүсэлтийг шийдвэрлэх, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг тогтоох, үнийн санал авах, хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацаа тогтоох гэх мэт талуудын тэгш эрхийг болон эзэмших өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд нь хязгаарлагдмал байдлаар эрх олгох зайлшгүй шаардлага бий болдог бөгөөд төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн 52, 49 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны тусгай зөвшөөрлийг төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгчөөс төлбөрт тооцон шилжүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад нэг талын буюу барьцаалагч, төлбөр авагч талын хүсэлтээр тус ажиллагааг явуулах эрх шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгогдоогүй.
Тэгвэл энэ тохиолдолд гүйцэтгэх хуудаст заасны дагуу барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шат дараалсан процесс ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүссэн тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот тогтоолоор өмнө хийгдсэн хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөх арга хэмжээ авсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байгаа гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процесс ажиллагааны үр дүн хэрхэн гарсантай холбогдуулан барьцааны тусгай зөвшөөрлийг худалдан борлуулсан тохиолдолд дуудлага худалдааны ялагчид, худалдан борлогдоогүй тохиолдолд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрлийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэх нөхцөл үүсэх бөгөөд энэ талаар Ашигт малтмалын газарт хүсэлт гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 52, 49 дүгээр зүйлд заасан үндсэн шаардлагыг хангуулан төрийн захиргааны байгууллага эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэх нөхцөл үүсэх юм. “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний 2980 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 1892 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө банкны төлбөр барагдуулах газрын 2023.10.30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр МУ-019336 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, мөн тус тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, тус хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүхэлд нь хамаарах нэхэмжлэл биш, шүүх ч энэ хүрээнд маргаж байгаа ганц тусгай зөвшөөрөл барьцаа хөрөнгө мөн үү биш үү, хөрөнгийн өмчлөгч “З” ХХК болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр барьцааны хөрөнгөөс хасах, битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл байна уу гэдгийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн энэ хэргийн нэхэмжлэл нь ганц “З” ХХК-ийн 1 тусгай зөвшөөрлийг барьцаа хөрөнгөөс чөлөөлөх асуудал биш төлбөр төлөгч “О” ХХК-ийн эзэмшлийн барьцаа хөрөнгө болох 8 ширхэг тусгай зөвшөөрлөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд бүхэлд нь хянаж, зөвтгөх арга хэмжээ авч, хуульд заасны дагуу гүйцэтгэхийг хариуцсан алба хаагч нарт даалгасан арга хэмжээ, энэ нь хууль зөрчсөн гэж үзэж маргаж байгаа асуудал юм. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 2980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 1892 дугаар магадлалаар 1 ширхэг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр барьцаа хөрөнгө, “З” ХХК-ийн эзэмшилд шилжсэнээр тус тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөх, төлбөр гаргуулахгүй байх үндэслэл болохгүй, мөн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлснийг тодорхой албан бичгээр чөлөөлсөн байна гэж үзэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин тус тусгай зөвшөөрлийг битүүмжлэн, хураах, хөрөнгийн үнэлгээ тогтоох зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуульд заасан шат дараалсан процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч аль алины нэхэмжлэл, тайлбарт тусгагдаагүй, шүүх энэ талаар ч дүгнэн хэлэлцээгүй, зөвхөн ганц тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх албан бичиг болон барьцаа хөрөнгөөс чөлөөлөх, битүүмжлэлээс чөлөөлөх шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн иргэний хэргийг нэгэнт шүүхээр дүгнэсэн асуудлыг шүүх дахин хэлэлцэхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байгааг шүүх анхаарах нь зүйтэй байна. Гэвч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар “хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг” хэрэглэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “энэ хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг” зохицуулахад оршдог. Энэ утгаараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх зүйн харилцаа нь тус хуулиар зохицуулагдах ёстой бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1-д “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа худалдан борлуулна” гэж заасан нь дээрх дурдсанчлан тусгайлсан зохицуулалт юм. Үүнээс харахад давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан үндсэн эрх зүйн эх сурвалж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг бус Ашигт малтмалын тухай хуулийг тодруулбал тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан сайн дурын үндсэн дээр явагдах харилцааг зохицуулсан заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү үүсгээд байна.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх талаар:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” хэмээн заадаг. Маргаан бүхий ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн 2023 оны 2/3829, 2024 оны 2/3466 дугаар албан бичгүүдийн үндэслэл болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.11-ний өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.06.28-ны өдрийн 001/XT2016/00853 дугаар тогтоолоор “О” ХХК-аас 45,491,354,932.0 төгрөг гаргуулж, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсан байдаг. ... ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон 2024 оны 2/3829 дүгээр, 2024 оны 2/3406 дугаар албан бичгүүд нь хууль зүйн үндэслэлгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс дарааллыг зөрчиж шууд хэрэглэсэн, тухайн албан бичгийг хүргүүлсэн эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж тухайн үеийн удирдлагын шахалтаар тус ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн тухай нотлох баримт ажлын хэсгийн 2024.09.24-ний өдрийн 01/01 дүгээр тэмдэглэл, 2025.10.28-ны өдрийн 01/02 дугаар тэмдэглэлүүд дээр тусгагдсаныг иргэний хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.
Дээрх баримтуудаас харахад маргаан бүхий ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй буюу хуулийг зөв хэрэглэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явуулахаар гаргасан эрх зүйн баримт бичиг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 20 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд 20.1.6-д “төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам”-ыг заана, мөн хуулийн 65 дугаар зүйл 65.1-д “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна” гэж тусгайлсан зохицуулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.01.26-ны өдрийн 196 дугаар захирамж, 462 дугаар гүйцэтгэх баримт бичигт “О” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны ООГ/155 тоот гэрээний дагуу барьцаалсан “О” ХХК-ийн эзэмшлийн, ашигт малтмалын ашиглалтын ***, ***, ***, ***, ***, ***, хайгуулын ***, ***, ***, ***, ***, ***, *** тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичиг, хуульд заасан дараалал, арга журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар тогтоолыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.02.09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалаар зөвхөн нэг талын хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж түүний өмчлөлийн хөрөнгийг бодитоор үнэлэхгүй шууд шилжүүлэн авах ёстой гэж үзсэн нь зөвхөн тус иргэний хэрэгт бус цаашид олон төлбөр төлөгчдийн эрх ашгийг зөрчиж хөрөнгийн үнэлгээг тогтоолгүй шилжүүлэн авах хууль зүйн болон процессын алдаатай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны жишгийг тогтоох эрсдэлийг үүсгээд байна.
5.3. Бусдад төлөх төлбөрийн талаар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлтэй төлбөр төлөгч “О” ХХК-тай холбоотой банкны төлбөр барагдуулах газарт 145.2 тэрбум төгрөгийн 19 гүйцэтгэх баримт бичигт байснаас 877.5 сая төгрөгийн 2 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож 144.9 тэрбум төгрөгийн 17 гүйцэтгэх баримт бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “О” ХХК-аас төлбөр гаргуулж, нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд олгохоор шийдвэрлэсэн 43.0 тэрбум төгрөгийн 7 гүйцэтгэх баримт бичиг, нийт 187.9 тэрбум төгрөгийн 24 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Хуульд зааснаар “О” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа “О” ХХК-аас 42,9 тэрбум төгрөгийг гаргуулах 8 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой. Мөн “О” ХХК-д холбогдох нийт 17 гүйцэтгэх баримт бичигт банкны төлбөр барагдуулах газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаагаас 10 гүйцэтгэх хуудсанд барьцааны тусгай зөвшөөрлөөс төлбөр гаргуулахаар, үүнээс 4 гүйцэтгэх хуудсанд тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байхад 8 тусгай зөвшөөрлийг 2023 оны 2/3829, 2024 оны 2/3466 дугаар албан бичгээр шууд “М” ХХК-д шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгөд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцсон байдаг. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалын дүгнэлт хэсэгт өөрчлөлт оруулж буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.29-ний өдрийн 9257 дугаар шийдвэрийн дүгнэлтийг хэвээр үлдээх буюу 2026.02.09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалын хянавал хэсэгт заасан эрх зүйн болон хууль хэрэглээний дүгнэлтэд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаартай магадлал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэж харагдах боловч магадлалын хянах хэсэгт оруулсан үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй ялгаагүй, далд утгаар нэхэмжлэгчид илт давуу байдал олгосон магадлал болсон байх тул магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ... Зээлийн гэрээний үүргийн талаарх маргааныг шүүхээр шийдвэрлүүлж шийдвэр, захирамжууд гарсан байхад зээлийн гэрээний хэрэгжилтийг дахин дүгнэх шаардлага байхгүй. ... Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангана гэж хуульдаа тодорхой заасан байхад илт зөрүүтэй дүгнэлт өгсөн байна. ... Барьцааны гэрээ, зээлдэгч, зээлдүүлэгчийн үе шат өнгөрч шүүхээр орж, шүүхийн шийдвэрүүд гарч тус шүүхийн шийдвэрүүдийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр барагдуулах үйл ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжин, төлбөр төлөгч, төлбөр авагч статустай процесс ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэрээс өмнөх анхны цэг рүүгээ очиж хуулийг тайлбарлаж байна. ... Тусгай зөвшөөрлийн үнэ цэнийг тогтоож, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын авлага өглөгийн хэмжээ хэдээр багасаж байгаа нь тодорхой болохоос гадна тусгай зөвшөөрлийн хувьд татвар төлөгдөж байж л шилжих хуультай учир ямар ч тохиолдолд үнэлгээ гарах ёстой. Тусгай зөвшөөрлүүд “М” ХХК-д шилжихдээ зайлшгүй төлөх байсан татвар нь төлөгдөөгүй. ... Иймд давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалын хянах хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын өмгөөлөгч Л.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “... Хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн эх сурвалжийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/MA2026/00366 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан хэм хэмжээ, зохицуулалтыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн маргааны үйл баримтыг болон хэргийн материалыг тал бүрээс нь бүрэн уншиж судлаагүй, ойлгоогүй, хувийн үзэмжээр субьектив байдлаар хандан Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгч тал өөрийн хувийн компанидаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа төлбөр төлөгчийн лицензүүдийг хуулиар албадан дуудлага худалдаа явуулах ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш этгээд болох хөндлөнгийн компанид лицензүүдийг ямар ч төлбөргүйгээр шууд шилжүүлсэн зүй бус ажиллагаанд залруулга хийх нэрийдлээр зөвтгөж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, агуулгыг өөрчилж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгож буй далд дүр зураг нь хууль, шударга ёсонд нийцэхгүй.
Болсон үйл явдлын талаар: 2016.06.28-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/XT2016/00853 дугаартай тогтоолоор 45 тэрбум төгрөгийг “О” ХХК-ийн зүгээс Хинд төлөх шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан “О” ХХК-ийн ашигт малтмалын ***, ***, ***, MV-***, ***, ***, *** болон “З” ХХК-ийн *** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг ... “М” ХХК-д 2024 оны 8 сард ямар ч төлбөр, татвар төлөлгүйгээр шилжүүлж, хууль бусаар ашигт малтмал ашиглан олборлож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал нь Ашигт малтмалын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудыг зөрчсөн. ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан албадан дуудлага худалдаа явуулах ёстой гэсэн заалтыг зөрчин лиценз шилжүүлэн авч буй ... нь ... хуулийг ноцтой зөрчсөн.
7.1. Хууль зүйн дүр зургийн тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл, 52 дугаар зүйлд заасан ... энэхүү хуулийн заалтыг “Х”-ны эрх хүлээн авагч болон “М” ХХК мушгин гуйвуулж хувийн компанидаа шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх зохицуулалт болохоос биш шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд төлбөр авагч бусдад шилжүүлэх хэм хэмжээ, зохицуулалт биш бөгөөд барьцаалуулагчаас барьцаалагчид шилжих ёстой байтал төлбөр авагчаас өөр этгээдэд, гуравдагч талд, хөндлөнгийн субъектэд шилжих боломжгүй буюу хуулийн заалтыг монтажилж болохгүй, ингэж давуу байдал олж авч болохгүй бөгөөд шүүхийн шийдвэртэй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны хөрөнгө болох тусгай зөвшөөрөл нь албадан дуудлага худалдаагаар борлуулна гэсэн нарийн зохицуулалттай, ялгаатай гэдгийг дурдах нь зүйтэй билээ.
7.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8. “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.”, 30 дугаар зүйлийн 30.6. “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”. Энэхүү хуулийн заалтуудыг нэхэмжлэгч тал болон түүний охин компани болох “М” ХХК хэрэгжүүлээгүй буюу тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлж авахдаа татварын албанд ямар ч татвар төлөөгүй зохих хуулийг зөрчсөн учраас ашигт малтмалын тухай хуулийн 52 зүйлд заасанд нийцнэ гэж өрөөсгөлөөр, хийсвэрээр хандаж тайлбар төдий зүйл гаргаж буй давж заалдах шатны шүүхийн залруулах тайлбарлах нь хуулийг нэг мөр зөв хэрэгжүүлээгүй гэдгийн баталгаа, нотолгоо билээ.
7.3. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар болон гүйцэтгэх баримт бичгийг хэрхэн явуулах, барьцааны зүйлд албадан дуудлага явуулах талаар Монгол Улсын дээд шүүхийн 2025.09.22-ны өдрийн 03/2915 тоот албан бичиг болон мөн 2025.12.21-ний өдрийн 03/3319 тоот хариу бичгүүдээр шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухай тодорхой байр суурийг Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтэд албан ёсны хариу өгсөн учраас энэ баримт материалууд хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн байхад давж заалдах шатны шүүх давхар тайлбар, дүгнэлт гаргах нь учир дутагдалтай бөгөөд хэргийн материалыг огт үзэж судлаагүй гэдгийн илрэл гэж үзэж байна. Эцэст нь давж заалдах шатны шүүхийн магадлалын 12, 13, 14 хуудсанд бичигдсэн үйл явдлын болон хууль тогтоомжийн талаар маргааны бодит байдалтай нийцээгүй, авцалдаагүй, утга агуулгын зөрчилтэй, субьектив талын тайлбаруудыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч Л.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00592 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч Л.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг болон 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “О” ХХК-д холбогдох 2008-2012 онд үүссэн зээлийн эргэн төлөх авлагыг “А” ХХК, “З” ХК, “Х” ХХК-ийн дундын 2010.12.08-ны өдрийн ООГ/155 дугаартай барьцааны гэрээнд заасан 44 ширхэг ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг итгэмжлэл болон гэрээний дагуу нэгтгэн, хариуцан барагдуулахаар ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын 2023.10.16-ны өдрийн 2/3829 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээр “М” ХХК-д 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 2/3829, 2024 оны 2/3406 дугаар албан бичгийг хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн. Үүнд ... барьцааны зүйл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ипотекийн харилцаа зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ... Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар төлбөр авагч буюу барьцаалагч нь барьцааны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг заавал дуудлага худалдаагаар борлуулахгүйгээр өөр бусдад шилжүүлэх эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасантай зөрчилдсөний улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах, эсхүл шууд шилжүүлэн авах эсэх асуудлаар маргаан үүсгэх нөхцөл байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлах уу, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийг баримтлах уу гэх хууль зүйн асуудлыг үүсгэсэн. ...” гэж тодорхойлжээ.
11. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ...Төлбөр төлөгч “О” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгөд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55, 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн байсныг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор зөвтгөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэж маргажээ.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О, “С” ХХК нар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ...Тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн албан бичгүүд нь тусгай зөвшөөрлүүдийг тус бүрд нь хэдэн төгрөгт тооцож шилжүүлсэн нь тодорхойгүйгээс “О” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу бодитоор үнэлүүлэх, худалдан борлуулах, өөр бусад төлбөр авагч нар болон “О” ХХК-ийн эрхийг өвлөн авч буй Ж.О-ын эрх ашгийг ноцтой зөрчсөн. ... Учир нь ... төлбөрт суутгасан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг огт явуулаагүй, тус компанийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулаагүй орхигдуулж, хөрөнгийн эрхийг хууль бусаар суутган шилжүүлж, талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан, ... нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт дараах байдлаар дүгнэжээ. Үүнд:
13.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолтой холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Н-д 2024.10.24-ний өдрийн 619 дугаар албан бичгээр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албанаас 2024.10.31-ний өдрийн 09/3194 дугаар “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж заасны дагуу 2024.11.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
13.2. Төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2023.09.11-ний өдрийн албан бичгээр “З” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “А” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нийт 142.1 тэрбум төгрөгийн хүчин төгөлдөр байгаа 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох “М” ХХК-д шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газраас 8 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт 2023.10.16-ны өдрийн 2/3829 тоот албан бичиг, 2024.07.31-ний өдрийн 2/3466 тоот албан бичиг хүргүүлж дээрх “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэгджээ. Хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, магадгүй илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа баримт бичгийн төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан, дээрх шүүхийн шийдвэрт Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй.
13.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт ...Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаартай тогтоолоор ажиллагааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн ажиллагааг буруутгахгүй. ...” гэжээ.
14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ магадлалд:
14.1. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангах нөхцөл бүрдсэн буюу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол гагцхүү барьцаалагчийн хүсэлтээр барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлж болохоор зохицуулсан, хэргийн баримтаар төлбөр төлөөгч “О” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангах нөхцөл бүрдсэн гэж үзэх ба төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр барьцааны зүйлийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх боломжтой. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т ... зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тийнхүү тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх тохиолдолд түүний өргөдөл байхыг шаардаж байгаа ч энэ нь шилжүүлэн өгч байгаа болон авч буй талуудын сайн дурын шинжтэй харилцаанд илүү хамаарах зохицуулалт бөгөөд, харин шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд зөвхөн төлбөр авагчийн хүсэлтэд үндэслэсэн байхыг уг хуулиар зохицуулжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын 2023.10.16-ны өдрийн 2/3829 дугаартай, 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаартай албан бичгээр “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийн дагуу ***, ***, ***, MV-***, ***, ***, ***, *** тусгай зөвшөөрлийг “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хамаарал бүхий “МА” ХХК-ийн охин компани болох “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгасан ажиллагаа нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасантай нийцсэн байна.
14.2. Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр нь барьцааны бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга хэлбэрээс өөрөөр нарийвчлан зохицуулсан байх тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хуулиар тогтоосон төлбөр барагдуулах журам, дарааллыг зөрчсөн үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн дээрх ажиллагааг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн “З” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан 2023.10.30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр *** дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрх шүүхийн шийдвэрт “З” ХХК-ийн *** ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох “МА” ХХК, “М” ХХК-уудад шилжүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болохыг дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “З” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалагчийн хүсэлтээр эрх бүхий өөр этгээдэд шилжүүлсэн ажиллагааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
14.3. Нэхэмжлэгч уг шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, төлбөр авагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2024.09.27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг танилцуулсан байх ба нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд 2024.11.14-ний өдөр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий шийдвэрийн талаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь 2024.10.24-ний өдөр хүсэлт гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч уг хүсэлтэд 2024.10.31-ний өдөр хариу өгсөн байх боловч маргаан бүхий шийдвэрийг хүлээн авснаас хойш 27 хоногийн дараа гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариу өгсөн өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцэхгүй. ... Нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.10.31-ний өдрийн хүсэлтэд хариу өгсөн мэдэгдэлд гомдол гаргаагүй бөгөөд тийнхүү гомдол гаргах нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул анхан шатны шүүх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.10.31-ний өдөр хүсэлтэд хариу өгсөн өдрөөс хойш шүүхэд гомдол гаргах хугацааг тооцсон нь үндэслэл муутай. Иймд нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
14.4. Анхан шатны шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
15. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх болон уг ажиллагааны явцад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөрт шилжүүлэх талаарх хуулийг зөрүүтэй хэрэглэж, өөр шийдэл гаргасан, энэ талаарх зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэв.
16. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид буюу түүний охин компани болох “М” ХХК-д шилжүүлсэн ажиллагааг “ ...Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 54, 63, 65, 73, 78 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн ...” үндэслэлээр хүчингүй болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолд гомдол гаргасан.
17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.” гэж заасан бөгөөд дараах шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон байна. Үүнд:
17.1. “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас “О” ХХК-д холбогдуулан нийт 68,213,832,500 төгрөг гаргуулах, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа болон хариуцагчийн хөрөнгөөс төлбөрийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.28-ны өдрийн101/ШШ2016/01139 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 458.4, 153 дугаар зүйлийн 153.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн төлбөр хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “О” ХХК-д холбогдох нийт 68,213,832,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон хариуцагчийн бусад эд хөрөнгөөр хангуулах тухай “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.11-ний өдрийн 689 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
17.2. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.06.28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолоор хариуцагч “О” ХХК-аас 45,491,354,932 төгрөгийг гаргуулж “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 22,722,477,568 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдаж, шийдвэрлэсэн.
17.3. Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.08.01-ний өдрийн 181/ШЗ2016/02286 дугаартай захирамж гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2016.08.01-ний өдрийн 254 дүгээр гүйцэтгэх хуудас олгож, гүйцэтгэх хуудсанд “45,491,354,932 төгрөгийг “О” ХХК-аас “Х” ХХ дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.
17.4. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.06.28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолд дүгнэхдээ “...Талууд зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлүүдийн хувьд “О” ХХК-ийн бусад банкнаас авсан зээлтэй холбоотойгоор хэд хэдэн банкны хооронд дундын барьцааны гэрээ байгуулагдсан, энэ журмаар үүргээ хангуулна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргасан тул энэ талаар шийдвэр, магадлалд дурдах нь зүйтэй...” гэж үзжээ.
18. Түүнчлэн хэргийн баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дараах байдлаар явагджээ.
18.1. 2010.12.08-ны өдөр ООГ/155 дугаартай барьцааны гэрээгээр “... “О” ХХК-ийн “Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүрэг болох “З” ХК-д 81,194,434,563.11 төгрөг, “А” ХК-д 24,349,194,565.11 төгрөг, “Х” ХХК-д 20,962,187,880 төгрөг, “Голомт банк” ХХК болон “О” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээний үүрэг шилжүүлэх тухай гурван талт гэрээ”-ээр хүлээсэн үүрэгт 22,052,340 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан энэ гэрээний 2.1-д заасан эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг барьцаалах, ... барьцааны зүйлээр үүргийн биелэлтийг хангуулах зорилготой гэж тодорхойлоод Гэрээний 1.2-т “гэрээгээр барьцаалуулагч нь гэрээнд заасан эд хөрөнгө тусгай зөвшөөрлийг барьцаанд барьцаалуулахыг хүсч, мөнгөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг барьцаалахыг тус тус зөвшөөрсөн болно.” гэж, Гэрээний 2.1-д “Энэ гэрээний 1.1-д заасан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар энэ гэрээний Хавсралт №1-д заасан Барьцаалуулагчийн эзэмшлийн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тухайн газарт хийгдсэн, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геодезийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэлийн хамтаар болон Хавсралт №2-т заасан барьцаалуулагчийн өмчлөлийн техник тоног төхөөрөмжийг барьцаалсан болно” гэж зааж нийт 44 ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан байна.
18.2. “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2023.09.11-ний өдрийн 385 дугаартай санал гаргах тухай албан бичгээр “... гурван төлбөр авагч нарын дундын барьцааны зүйл болох нийт 44 ширхэг тусгай зөвшөөрлөөс 8 ширхэг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үлдэж, барьцааны зүйлийн тоо хэмжээ буурснаар авлага барагдуулах бодитой үнэ цэнэ үлэмж буурах эрсдэлтэй болсон ... тул хүчин төгөлдөр үлдсэн 8 ширхэг тусгай зөвшөөрөл болон ОГГ/155 дугаартай дундын барьцааны гэрээ /санхүүгийн тэнцэлд заасан/-нд заасан барьцааны зүйлс /тоног төхөөрөмж/, бусад зүйлсийг 3 банкны нийт өр төлбөр ... 148,534,984,060.22 төгрөгийн авлагад тооцуулж, “Х” ХХК-ийн охин компани болох “М” ХХК-д шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт гаргажээ.
18.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар 2023.10.16-ны өдрийн 2/3829 дугаартай, 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаартай албан бичгийг “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан дээрх хүсэлтийн дагуу ***, ***, ***, MV-***, ***, ***, ***, “З” ХХК-ийн *** тусгай зөвшөөрлийг “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хамаарал бүхий “МА” ХХК-ийн охин компани болох “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.
18.4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023.10.24-ний өдрийн 1/5012 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газарт хандан “... Дээрх албан бичгийн дагуу Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023.10.23-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд “О” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын ашиглалтын ***, ***, ***, MV-***, ***, ***, *** дугаар тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. ...“О” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын дээрх 7 тусгай зөвшөөрлүүд болон “З” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрөл нь Х, З, А-уудын зээлийн барьцаанд бүртгэлтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу өөр этгээдэд шилжүүлэх боломжтой. ...” гэжээ.
18.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024.08.07-ны өдрийн 10/3333, 10/3334, 10/3335, 10/3336, 10/3337, 10/3338, 10/3339, 2024.09.27-ны өдрийн 10/4049 дугаартай албан бичгүүдээр “М” ХХК-ийн эзэмшилд дээр дурдсан тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн талаар мэдэгдэл хүргүүлжээ.
18.6. Мөн дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх барьцааны зүйл болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шилжүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын 2023.10.16-ны өдрийн 2/3829 дугаартай, 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон.
Уг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолд 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаартай албан бичгийн дугаарыг 2024 оны 2/3406 гэж бичсэн боловч энэ нь 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаартай албан бичиг болох талаар зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй.
18.7. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025.05.07-ны өдөр 10/2203 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан “... Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025.05.06-ны өдрийн А/78 дугаар тушаалаар “О” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ***, ***, ***, MV-***, ***, ***, *** дугаартай, “З” ХХК-ийн *** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “М” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2024.08.07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр, 2024.09.26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд “О” ХХК, “З” ХХК-ийн нэр дээр сэргээж бүртгэснийг мэдэгдэж байна. Танай 2024.09.27-ны өдрийн 2/4794 дугаартай албан бичгийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бүртгэл хэвээр байгаа...” талаар мэдэгдсэн нь тогтоогдсон.
19. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй.” гэж зааснаар барьцааны зүйл байж болохоор байна.
20. Зохигч барьцааны хөрөнгө болох ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангах буюу төлбөр барагдуулахад дуудлага худалдаагаар худалдан борлуулах эсхүл ийнхүү дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр төлбөр авагчид шилжүүлэх болон энэхүү ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх асуудлаар маргасан.
Анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзэхдээ уг үйл баримтад хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүй.
Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх бөгөөд энэ хэргийн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.5, 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар төлбөр төлөгч хөрөнгийг бие даан худалдан борлуулж болох бөгөөд ийнхүү худалдан борлуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч 1 сарын хугацаа олгож, уг хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан борлуулна.
Албадан худалдан борлуулах ажиллагааны төрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах худалдаагаар, энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан бөгөөд энд заасан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах хөрөнгөд тусгай зөвшөөрөл хамаарч байна.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасан “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдаж, эсхүл шилжүүлнэ.” гэсэн нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх агуулга тусгагдаагүй, энд заасан тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлсийн хувьд худалдаж, шилжүүлэх талаар зохицуулсан гэж үзнэ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар дуудлага худалдааны орлогыг хуваарилах замаар төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй ба тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт хамтаар барьцааны зүйл болдог тул түүний үнэ ч эдгээр баримт бичгийн хамт тодорхойлогдох ба энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр буюу төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй болох юм.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг … төрийн захиргааны байгууллагад гаргах …” 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасан.
Энэ нь тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд албадан дуудлага худалдаа хийхгүйгээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шууд шилжүүлэх агуулгагүй.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай асуудлыг зохицуулсан хэдий ч нэгэнт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ёстой.
Гэхдээ албадан дуудлага худалдааны үр дүнг үндэслэн тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэх, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх зэрэг журмыг баримталж болно.
Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөр төлүүлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцэх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.
22. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.” 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолтой холбоотой гомдлоо шүүхэд 2024.11.14-ний өдөр гаргасан байх ба энэ талаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь 2024.10.24-ний өдөр хүсэлт гаргаж, улмаар хариуг 2024.10.31-ний өдрийн 09/3194 дугаартай албан бичгээр өгснөөс хойш 14 хоногийн дотор гомдлоо гаргасан, хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарлажээ.
Зохигч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хуулбарлан өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.27-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурсан эсэх буюу тогтоолыг хүлээн авсан эсэх асуудлаар маргасан ба уг тэмдэглэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурсан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдоогүй.
Гэвч нэхэмжлэгч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь 2024.10.24-ний өдөр хүсэлт гаргасан нь энэ үед дээрх тогтоолыг мэдсэн гэж үзэх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн.
23. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаартай төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн тогтоолд гомдол гаргасан.
Энэ талаар хоёр шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж зөрүүгүй дүгнэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаар тогтоолд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д нийцсэн, зохигч гомдол гаргаагүй байна.
24. “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаар магадлалд заасан үндэслэл нь энэ маргаанд хамааралтай эсэх талаар зохигч мэтгэлцсэн тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгнө.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрт заасан үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бол давж заалдах шатны шүүх “...“З” ХХК-ийн *** ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг... “МА” ХХК, “М” ХХК-уудад шилжүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болохыг дүгнэж, “З” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалагчийн хүсэлтээр эрх бүхий өөр этгээдэд шилжүүлсэн ажиллагааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт ...” гэж үзжээ.
“З” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан “2023.10.30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр *** дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасныг дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай” шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулахдаа шийдлийг нь хэвээр үлдээсэн, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01600 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Энэ тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан аль ч үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ.
Дурдсан шийдвэр, магадлалаас үзвэл, “... *** дугаартай тусгай зөвшөөрөл нь “З” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн боловч тухайн тусгай зөвшөөрлийг бүхлээрээ барьцааны гэрээний зүйл байсан 16015 га талбай газраас хэсэгчлэн авсан, ... улмаар уг тусгай зөвшөөрлөөр “О” ХХК-ийн 2010.12.08-ны өдөр байгуулсан ООГ/155 тоот барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа...”-тай холбоотой байна.
Түүнчлэн, шүүх тухайн үед “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай” 2023.10.30-ны өдрийн 1/4071 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн ажиллагаа..”-ны талаар дүгнэсэн.
Гэвч үүнээс хойш зарим ажиллагаа хийгдэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шилжүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын 2023.10.16-ны өдрийн 2/3829, 2024.07.31-ний өдрийн 2/3466 дугаар албан бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болж, төлбөр авагч гомдол гаргажээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 181/ШШ2024/02980 дугаар шийдвэртэй хэргийн үйл баримт нь хянагдаж буй энэ хэргийн үйл баримтаас өөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... дахин нотлох шаардлагагүй үйл баримт..” гэдэгт шууд хамаарахгүй.
25. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2026/00366 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн 03 дугаартай тогтоол, 2024.10.30-ны өдрийн 24/15 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч Л.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2026.04.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн эрх залгамжлагч Ж.О-ын 2026.04.07-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, өмгөөлөгч Л.Х-ын 2026.04.07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД