Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1390

 

Ц.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/962 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ц.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908022340762 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цын Д, 1979 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1;

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11 дүгээр гудамжны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Д.Бийг өмөөрлөө" гэх шалтгааны улмаас Б.Бийг газар унагаан толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөж, дэвсэж, зодож цохин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл буюу эрүүл мэндэд нь "гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулай руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11 дүгээр гудамжны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "би та нарын уух юмыг бэлдэж байна" гэх шалтгааны улмаас Д.Бийн толгой руу нь архины шилээр цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь "зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт" бүхий хүнд гэмтэл учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цын Дыг үргэлжилсэн үйлдлээр онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.Б, Д.Б нар тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд хорих ялаар шийтгүүлж байгаагүй бөгөөд энэ удаа өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нэг цаг хугацаанд, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг 8 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокуророос анхан шатны шүүхэд 10 жилийн хорих ял санал болгосон ч шүүх 8 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн шинж байдал зэрэгт 8 жилийн хорих ял тохирсон гэж үзэж байна. Тухайн зүйлд заасан ялын интервалын хувьд, таваас арван хоёр жилийн хорих ялтай тул ялыг багасгах үндэслэл байхгүй. Мөн тухайн хэрэг 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гарсан байдаг. Хэрэг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу 1 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд шилжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг нэгтгэж шалгасан нөхцөл байдлуудыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11 дүгээр гудамжны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Д.Бийг өмөөрлөө" гэх шалтгааны улмаас Б.Бийг газар унагаан толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөж, дэвсэж, зодож цохин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл буюу эрүүл мэндэд нь "гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулай руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11 дүгээр гудамжны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "би та нарын уух юмыг бэлдэж байна" гэх шалтгааны улмаас Д.Бийн толгой руу нь архины шилээр цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь "зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт" бүхий хүнд гэмтэл учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн "...2019   оны   4  дүгээр   сарын   20-ны   өглөө  О.О, Д.Б, Ц.Д бид нар ... 2 шил архи хувааж уугаад бид нар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11-29 тоот манай гэрт очсон. ...Намайг хамт архи ууж байсан Д зодож, цохисон. Би толгойн хагалгаанд орж хөлөө гипсдүүлсэн. Миний бие муу, эмнэлгийн хяналтад байгаа. ...Би гомдолтой байна. ..." /1хх 17/,

хохирогч Д.Бийн "...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө Оюунаа, Б, Доржоо бид хамтаар ... "Өрнөх" хүнсний дэлгүүрээс 0.75 грамм архи аваад ... дэлгүүрийн тэнд хувааж ууж дуусчихаад Доржоо ... яваад өгөхөөр нь Оюунаа, Б бид гурав Бийн гэр рүү явах замдаа дэлгүүрээс 1 шил 0.5 литр "Сүлд" нэртэй архи аваад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 11-29 тоотод очсон. Тэгээд бид гурав нөгөө архиа хувааж ууж дуусчихаад ... Б бид хоёр тасарчихсан унтаж байсан. Өглөө ... толгой өвдөөд байна гэсэн чинь Оюунаа “шөнө Доржоо ирээд Б та хоёрыг зодчихоод яваад өгсөн” гэж хэлсэн. Бийн нүүр хавдчихсан, миний толгой өвдөөд байсан. ...Доржоо урьд өмнө бид хоёрыг цохиж, зодож байсан. Гэхдээ ингэж хэвтэрт ортол зодож байгаагүй. ...Би гомдолтой байна. ..." /1хх 117/,

гэрч Т.Зын "...Манай эмнэлэгт 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 11-29 тоотоос Б гэх 50 орчим насны хүн бусдад зодуулсан гэх дуудлагыг 103-т өгсний дагуу авчирсан. Дээрх хүнийг компьютер томографт харахад тархины зүүн чамархайн яс цөмөрсөн хугаралтай, тархинд цус хуралттай оноштойгоор тархины хүнд гэмтэл авсан байсан. ..." /1хх 18/,

гэрч М.Сийн "...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 12-13 цагийн үед манай түүхий эд авдаг цэг дээр Балдан, Оюунаа хоёр ирсэн. Тэр хоёрын нүүр хавдсан байсан. Юу болсон талаар асуусан чинь Доржоо зодсон гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр 30-40 минутын дараа буцаж ирээд түргэн дуудаад өг гэхээр нь хаягийг нь мэддэг болохоор хаягаар нь 16-17 цагийн үед 103-т дуудлага өгсөн. ..." /1хх 20/,

гэрч О.Оийн "...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 11-29 тоотоос Б, Б, Доржоо бид дөрөв ... цуглуулсан шил, лаазаа ... тушаасан мөнгөөр "Өрнөх" хүнсний дэлгүүрээс 0.75 граммын "Шим" нэртэй архи нэгийг худалдаж аваад ... хувааж уусан. Доржоо би айлд юм хийж өгөх ёстой гээд ганцаараа яваад өгсөн. Тэгээд Б, Б бид гурав ... дэлгүүр ороод хоолны хүнс аваад Бийн гэрт 18 цаг өнгөрч байхад очиж, хоол хийж идчихээд унтаад өгсөн. Унтаж байхад гаднаас Доржоо хоёр шил архи барьчихсан орж ирээд бид гурав нөгөө авчирсан архинаас нь цуг хуваалцаж уугаад дуусаж байхад Доржоо "би та нарын уух юмыг бэлдэж байна" гээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь "бид нар бас олохоороо хамт ууж идээд л явдаг биз дээ" гэж Б хэлсэн. Тэгсэн Доржоо уурлаад газар байсан архины шилээр орон дээр хэвтэж байсан Бийн толгой руу цохиод авсан. Б салгах гэсэн чинь Бийг газар унагааж байгаад толгой болон хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд, дэвсээд байсан. Мөн Бийг орон дээрээс буулгаж байгаад бас толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Доржоо зодчихоод яваад өгсөн. Маргааш өглөө нь бид хэд сэрээд ирсэн чинь Б, Б хоёрын нүүр нь хавдаж, цус гарчихсан байсан. Тэгээд Б бие нь муудаад бие өвдөөд байна гэхээр нь би түүхий эд авдаг Сараа эгч дээр очоод ... түргэн дуудаад үзүүлсэн чинь шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. ...Доржоо архи уухаараа их тавьтаргүй, байнга агсам тавиад байдаг. ...” /1хх 22-23, 121-122/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5147 дугаартай "...Б.Бийн биед гавлын зүүн зулай, чамархайн цөмөрсөн, баруун зулай руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн өвдөгний тойг ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, өвчүү, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, нүүр, баруун шуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ..." /1хх 27/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5523 дугаартай "...Д.Бийн биед зүүн тал бөмбөлгийн дух, духны хажуу, чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5-1.5 см зузаан, тархины оройгоос суурийг хамарсан хурц субдураль цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархи дарагдал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. .../1хх 124-125/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Ц.Дыг онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Прокуророос, шүүгдэгч Ц.Дыг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Дын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Дын хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд уг байдлыг хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан заасан байх тул нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр;” гэж, мөн хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг;” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Ц.Дын “...Миний бие урьд хорих ялаар шийтгүүлж байгаагүй бөгөөд энэ удаа өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/962 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Б овогт Цын Дыг үргэлжилсэн үйлдлээр онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б овогт Цын Дыг онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”  гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ...”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ