| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00304/И |
| Дугаар | 102/ШШ2022/00742 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/00742
| 2022 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/00742 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:... тоотод байршилтай, хуулийн этгээдийн ... регистртэй, М...ХХК,
Хариуцагч:...тоот хаягт оршин суух, регистр ..., Ш... овогт Я...гийн Ц...,
Нэхэмжлэлийн шаардлага:31 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., гэрч Я.Г..., Б.Б..., С.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М...ХХК нь Я.Ц...д холбогдуулан 31 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М...ХХК нь Я.Ц...тай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, ... улсын дугаартай Hyundai R 300 LC 9S маркийн экскаваторыг сарын 25 000 000 төгрөгөөр 2 сарын хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд газар шорооны ажилд түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Я.Ц... нь түрээсийн төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тул түрээсийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цуцалж, ... улсын дугаартай Hyundai R 300 LC 9S маркийн экскаваторыг түрээслүүлэгч тал хүлээн авсан байдаг.Харин 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32 500 000 төгрөгийг төлөхөөр байсан. Улмаар түрээслэгч Я.Ц... нь түрээсийн төлбөрт урьдчилгаа 5 000 000 төгрөг болон 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөг төлсөн байдаг.Экскаватор түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлөхгүй байна. Экскаватор түрээслэх гэрээний дагуу түрээслэгч нь экскаваторын ирж очих, хоёр талын трайлерийн зардлыг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон боловч М...ХХК нь гэрээнд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр экскаватор түрээслэх гэрээг цуцалж, ... улсын дугаартай Hyundai R 300 LC 9S маркийн экскаваторыг хүлээн авч трайлерийн зардалд 1 700 000 төгрөг төлсөн байдаг.Экскаватор түрээслэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн хэмжээтэй алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 129 хоногийн алданги 12 900 000 төгрөг байна.Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу түрээсийн төлбөрийн 20 000 000 төгрөгийн 50 хувь буюу 10 000 000 төгрөгийн алданги бодогдож байна.Иймд Я.Ц...аас Экскаватор түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, ачилт тээвэрлэлтийн зардал 1 700 000 төгрөг нийт 31 700 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч тайлбартаа:Я.Ц... 9 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, 2 сарын хугацаатай буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан.Тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 хоног ашигласны төлбөр болох 12 500 000 төгрөгийг бүрэн төлсөн.Түрээсийн гэрээнд 20 цагаар ажиллуулж тооцоог гаргасан. Гэрээг цуцалсан гэж байгаа ч цуцалсан процессыг ойлгохгүй байна, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцалсан гээд байгаа, үүнийгээ манайд мэдэгдээгүй, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийг авч явсан, алдангийг 129 хоногоор тооцсоныг ойлгохгүй байна.Гэрээг 11 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан атлаа 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бодсон байгааг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн түрээсийн гэрээний хуулбар, ... улсын дугаартай Hyundai маркийн экскаваторын гэрчилгээний хуулбар, Б.Ч...ийн Хаан банкин дахь дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар захирамжийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс М...ХХК-д ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас:Нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Э.Б..., нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Я.Г... асуусан тэмдэглэл болох баримтуудыг /хх-35-36/ шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М...ХХК-ийн нэхэмжлэлээс 10 833 324 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 20 866 676 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 39 хоногийн түрээсийн төлбөр 32 500 000 төгрөг төлөхөөр байсан боловч урьдчилгаа 5 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг нийт 12 500 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, гэрээний үүрэгтэй холбогдон гарсан зардал 1 700 000 төгрөг нийт 31 700 000 төгрөг гаргуулна.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Түрээсийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг 10 хоног ашигласан гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 хоног ашигласан ба төлбөрийн 12 500 000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн түрээсийн гэрээний хуулбар, ... улсын дугаартай Hyundai маркийн экскаваторын гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн ... улсын дугаартай Hyundai маркийн экскаваторыг түрээслэх тухай түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Гэвч шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчүүд тухайн экскаваторыг хариуцагчийн ашиглалтад байсан цаг хугацааг зөрүүтэй мэдүүлж байгаа нь гэрчүүд зохигч талуудтай найз нөхөд болон танилын холбоотой бөгөөд тэд нэгдмэл ашиг сонирхолтой байх боломжтой гэж үзэхээр байна.
Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслээд хариуцагч нь Hyundai маркийн экскаваторыг 28 хоногийн хугацаанд ашигласан гэж үзэж, нийт 23 333 324 төгрөг төлөхөөс түүний төлсөн 12 500 000 төгрөгийг хасаж, 10 833 324 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.
Талууд хооронд хийгдсэн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн хэмжээтэй торгууль төлнө” гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.
Иймд талууд гэрээгээр алданги төлөхөөр тохироогүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь ачилт, тээвэрлэлтийн зардал гэх 1 700 000 төгрөгийн шаардлагыг хуульд зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц...аас 188 283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Я.Ц...аас 10 833 324 / арван сая найман зуун гучин гурван мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан М...ХХК-д олгож, үлдсэн 20 866 676 /хорин сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц...аас 188 283 /нэг зуун наян найман мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М...ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН