| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Дамбийням,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ****, ам бүл ***, **** нарын хамт *******,*******,*******, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** регистрийн дугаартай, .
Шүүгдэгч *** нь *** аймаг **** сум *** тоотод оршин суух *** хашаанд барилга барьж хохирогчийн гэрт орж хоол идэж, цай уух зэргээр чөлөөтэй орж, гарч байх явцдаа 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрт байх авдарнаас 1,580,000 төгрөгийг хохирогч *** мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд ...мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд *** аймгийн *** сумын төвд *** гэх хүний хувийн байшингийн 1 давхрын дотор заслын ажлыг хийж дуусгаад аймгийн төв рүү буцсан. Тэгтэл *** гэх хүн ахин холбогдоод 2 давхрын заслын ажлыг нь хийлгэх гэсэн юм гэхээр нь би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз ***, *** нарын хамтаар *** сумын төвд ирж заслын ажлаа эхэлсэн. Заслын ажлаа хийгээд 2 хоног өнгөрсний дараа банкны мөнгө өгөх хугацаа болчхоод банкнаас мөнгө нэхээд байхаар нь би *** ахаас “ахаа бид гурав угаасаа л хийж дуусгах юм чинь та ажлын хөлсөө урьдчилаад өгчихөж болох уу, банкны мөнгө болчихлоо” гээд үнэн учраа хэлтэл *** ах “би мөнгө өгөхгүй, ажлын хөлсөнд чинь адуу өгнө” гээд байхаар нь заслын ажлыг нь хийхээ больж аймгийн төв рүү буцахаар болсон. Ачаа тээшээ бэлдэж дуусаад би гадагш гарч *** ахын гэрт цэнэглэж тавьсан байсан батарей дриллынхээ батарейг авч таслагчийг нь өгөнгөө нэг уулзчихаад явъя гэж бодоод очтол хаалга нь онгорхой /үүд нь яраатай/, гэр нь эзэнгүй байсан. Тэгэхлээр нь би таслагчийг нь оруулж тавьчхаад дриллынхээ батарейг хайж байгаад гал тогооны шүүгээн дээр байсан авдар шиг юмны нүднүүдийг нь татаад хартал дээрээ *** гэсэн бичиглэл бүхий боодолтой мөнгө байхаар нь авчихсан юм. Ийм л асуудал болсон бөгөөд *** ахын хашааны үүднээс хөдлөөгүй зогсож байх үед *** ах ирээд бензин хийгээрэй гээд 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэрийг нь аваад цааш явж байх үедээ би *** гэрээс нь мөнгө хулгайлснаа хэлсэн. Харин *** ажлын хөлс л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байх хуучин авдарнаасаа 2,000,000 орчим төгрөг бэлэн мөнгийг хулгайд алдсан юм. Манайх өдөр болгон орлогын мөнгөнөөсөө 10-20 мянган төгрөг хийдэг юм. 08 дугаар сарын 13-ны өглөө үзэхэд байсан. Би гэртээ эхнэр, бага охины хамт амьдарч байгаа 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед эхнэр, охины хамтаар *** дэлгүүр орж тооцоо хийхээр явсан. 1 цаг орчим л болсон байх тэгээд буцаад ирсэн. Манайх 2 давхар өвлийн сууц барьж байгаа. Манай байшинд дотор засал хийхээр *** аймгаас 2 залуу, 1 охин ирсэн байсан тэд байшин дээр үлдсэн. Тухайн үед байшингаа цоожлоогүй, ажил хийж байгаа хүмүүс гэрт орж цай, унд уудаг болохоор цоожлоогүй. Манайд засвар хийж байсан хүмүүс байхгүй. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд манайхаас *** аймаг руу явсан. Манай авдар цоожгүй байсан. Ойролцоогоор 1.5-2 сая төгрөг алдсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манайх хашаан дотроо тус тусдаа байрлалтай 2 байшинтай. Нэг нь энэ шинээр баригдаад байгаа 2 давхар байшин. Нөгөө нь одоо эхнэр, охин бид гурвын амьдарч байгаа хуучны нэг жижиг өрөө бүхий байшин. Заслын ажил хийж байсан хүмүүс манай амьдардаг байшинд багталцахгүй учир баригдаж байгаа шинэ байшинд байрлан ажилладаг байсан бөгөөд хоол цайгаа одоо манай амьдарч байгаа байшин буюу тухайн үед мөнгө алга болсон байшин дотор идэж уудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь манай нөхөр *** найз байгаа юм. Би энэ талаар мэдээгүй байж байгаад *** аймаг орох гэж байгаад замдаа мэдсэн юм. Бид нар хоёр давхарын заслаа хийж байсан чинь *** нөгөө *** ахтай уулзаад ирлээ, хөлс мөнгөө тохирч байж хийе, адуу өгнө гээд байна, адуу авахгүй гээд хэрэлдчихлээ, хэдүүлээ явья гээд тэгээд бид нар юмаа хураагаад гарцгаасан. *** ахтай уулзаад тооцоогоо хийчхээд ирье гээд гэр лүү нь орсон. Би нөхөртэй хамт машинд хувцсаа сольж байсан. ...Замдаа явж байхад *** бид хоёрт 600.000 төгрөг цалин гээд өгсөн. Би хийсэн ажлын цалин өгч байгаа юм байна л гэж бодсон. *** ороод байж байхад *** ахын хүү *** ирээд манай аавынхаас бэлэн мөнгө алга болсон байна, та нар авсан уу гэсэн, тэгээд л би **** хулгай хийсэн байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би нөхрийн хамтаар дэлгүүр орж тооцоогоо хийчхээд гэртээ иртэл засвар хийж байсан хүмүүс явах гэж байсан ба тэднийг явуулчхаад гэртээ ортол манай жижиг авдрын хаалга онгойсон, урдуур нь унжуулсан хулдаас хаалганд нь хавчуулагдсан байхаар нь үзтэл авдарт байсан бүхэл бэлэн мөнгө байхгүй байсан. Тэр хавиараа хайгаад болохгүй болохоор нь 01:00 цагийн үед танайд мэдэгдэж байгаа юм. Би 1,500,000 төгрөг буюу резинтэй мөнгө дээрээ *** гэж цэнхэр өнгийн балаар бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-11-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-15-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-20-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55-р хуудас/,
*** үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58-60-р хуудас/,
Хохирогч *** хүсэлт /хх-ийн 71-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *** нь *** аймаг ***т сум *** баг **** тоотод оршин суух **** хашаанд барилга барьж хохирогчийн гэрт орж хоол идэж, цай уух зэргээр чөлөөтэй орж, гарч байх явцдаа 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрт байх авдарнаас 1,580,000 төгрөгийг хохирогч **** мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч *** өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/, хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, хохирогч **** дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-11-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-15-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-20-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55-р хуудас/, **** үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58-60-р хуудас/, хохирогч **** хүсэлт /хх-ийн 71-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч *** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн,
мөн ...миний бие 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бэлэн мөнгө хулгайд алдаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж миний хулгайд алдсан бэлэн мөнгийг олж өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Иймд миний гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлт /хх-ийн 71-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгч *** хохирогч *** төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрөө төлсөн байгаа учраас хорих ял оногдуулах болон зорчих эрхийг хязгаарлахгүйгээр нийтэд тустай ажил ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан учруулах хохирол, хор уршигт нийцүүлэн 350 цагаар тогтоох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар бичиглэл бүхий цаас хураагдсан байгаа. Үүнийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалуулах нь зүйтэй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч **** гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчийн тухайд улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байгаа учраас цаашид шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** 1,580,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “*** 1,500,000” гэсэн бичиглэл бүхий 10х3 см хэмжээтэй цаас 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** овгийн **** хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****т 1,580,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “*** 1,500,000” гэсэн бичиглэл бүхий 10х3 см хэмжээтэй цаас 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН