| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00134/и |
| Дугаар | 102/шш2022/00603 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 102/шш2022/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .....
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт .. /.../ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ...,
Хариуцагчийн төлөөлөгч ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би ... сард ...-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гэсэн хоёр байгууллагад холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан. Уг хэрэгт оролцохдоо өмгөөлөгч миний бие ...-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г ... сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээн дээр тухайн компанийн тамга албан ёсоор дарагдаж, захирлыг нь төлөөлж тус компанийн нягтлан бодогч ажилтай ... гэдэг хүн гарын үсэг зурж байсан. Уг хэрэгт ... нь хариуцагч нараас нийт .... төгрөг нэхэмжилж байсан ба энэ мөнгө хоёр хэсэгт хуваагдаж байсан. Тухайлбал: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ...төгрөг, алданги .. төгрөг гаргуулахаар шаардсан. Өмгөөллийн ажлын хөлсийг харилцан тохиролцож ... төгрөгөөр тооцсон. Энэ нь ...-ийн зүгээс шүүхэд гаргасан үндсэн шаардлага ... төгрөгийг 100 хувь гаргуулж авах ёстой. Хэрэв өмгөөлөгч нар уг мөнгөнөөс илүү мөнгө буюу алданги, хохирол гаргуулан авч чадвал тэр мөнгөө өөрсдөө авах эрхтэй гэдэг болзол ... захирал тавьж гэрээнд тусгуулсан юм. Тухайн хэрэг дээр би 1 сар гаруй ажилласны дараа... оны ..угаар сарын ..-ны өдөр ... дугаартай шийдвэр гарч, ...-ийн нийт нэхэмжилсэн ... төгрөгөөс ... төгрөгийг хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс гаргуулан ...-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс ...төгрөгийг хэрэгсэхгүй болгож байсан.
Анхан шатны шүүхийн энэ шийдвэрээс болж өмгөөлөгч миний бие өмгөөллийн хөлс төлбөрт нэг ч төгрөг авч чадахааргүй болсон. Тиймээс би дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлын дагуу ...-ны өдөр давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, ... дугаар магадлалаар өмгөөлөгч ... миний давж заалдах гомдлыг бүрэн хангаж, хариуцагчаас нийт ... төгрөгийг гаргуулан ...-д олгохоор шийдвэрлэснээр ялалт байгуулсан. Би хэрэв ялж чадаагүй бол дээрх хэрэг маргаанд хэдэн сар ажилласан ч гэсэн өөрийн өмгөөллийн ажлын хөлс төлбөрт нэг ч төгрөгийг ...-иас гаргуулан авч чадахгүй хохирох байсан. Үүний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн ба миний хувьд өнөөдрийг хүртэл ...-ийн захирал ... болон уг компанийн нягтлан бодогч ... нарыг гэрээний дагуу өмгөөллийн хөлс .... төгрөгийг өгчих болов уу гэж итгэсээр ирсэн боловч магадлал гарснаас хойш 2 жил өнгөрөхөд ажлын хөлсийг төлөөгүй. Иймд хариуцагч ...-иас өмгөөллийн хөлс .... төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч ... нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани нь ... гэх өмгөөлөгчтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулаагүй, миний бие компанийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. ... нь ...-ны өдөр байгуулагдсан бөгөөд ганц гишүүнтэй компани юм. ... миний бие компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл компанийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Иймд өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн .... төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
... ... нар аль дээрээс хойш манай компанийг төлөөлж байна гээд явж байсан. ... өмгөөлөгчийн хөлсийг ... төгрөгөөр ... өмгөөлөгчтэй тохирсон гэж надад хэлээд мөнгийг авсан. Гэтэл өнөөдөр ийм гэрээ байгуулсан гээд намайг шүүхэд өгөөд байгааг гайхаж байна. Энэ 2 олон жилийн өмнөөс ингэж луйвар хийж яваа. Манай компанийн тамга тэмдгийг ашиглаж ...ноос .. төгрөг авч идсэнийг би сүүлд ...ийг явсан хойно мэдсэн. ..., ... нар миний гарын үсгийг дуурайлган зурж, байгууллагын тамга тэмдгийг ашиглаж Чингэлтэй дүүргийн шүүхэд ялалт байгуулж .. төгрөг авч идсэн байсан. Би тэр Сууц өмчлөгчдийн холбооны даргатай ярьсан. Энэ хэргийг шалгуулна. Тусгай шинжилгээгээр гарын үсэг хэн зурсан үгүйг гаргаж ирдэг гэж хэлсэн. Би бичиг хэрэг, хуулиас хол барилгын хүн. Ажлаа л хийдэг. Гэтэл энэ 2 надруу дайраад байна. Би өөрийн хөдөлмөрөөр энэ бүхнийг босгосон...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн ... дугаар шийдвэрийн эх хувь /хх 10-13/, ...ы ...-ны өдөр гаргасан Давж заалдах гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 14-15/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ...-ны өдрийн 2358 дугаар магадлалын Шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг бүхий хуулбар /хх 16-21/, ... сарын 28-ны өдрийн 01 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн ...-ны өдрийн 172 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийн эх хувь /хх-23/, ... Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдлын эх хувь /хх 46-49/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 50-52/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ...дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 53-55/, ...д бакалаврын зэрэг олгосон ... дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, фото зураг /хх-57/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-29/, компанийн дүрмийн хуулбар /хх 40-42/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч ...ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...хариуцагч байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан тус компанийн нягтлан бодогч ажилтай ...тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг захирал ...ийн зөвшөөрлөөр байгуулж, өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан бөгөөд үүний үр дүнд тухайн хэргийн хариуцагч байгууллагаас шийдвэрийн дагуу төлбөрийг ... хүлээж авсан боловч өмгөөллийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй учир тохиролцсон хөлс .... төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...нэхэмжлэгч ...той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг ... биелүүлэх шаардлагагүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..., уг шийдвэрт гаргасан давж заалдах гомдол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2358 дугаар магадлал зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Өмгөөлөгч ..., ... нар ...-ийн төлөөлөгч ...тэй ... сарын 28-ны өдрийн 01 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан ...-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь ажлын хөлс ... төгрөгийг хэрэг шийдэгдсэний дараа олгохоор харилцан тохиролцсон байна.
4.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ... оролцож, шүүхийн шийдвэрт өмгөөлөгч ... болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ... нар давж заалдах гомдол гарган, давж заалдах шатны шүүхээс тэдний гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ... төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг ... төгрөг болгон өөрчилжээ.
5.Талуудын маргааны зүйл нь тэдний хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, ...-ийн захирлын зөвшөөрлөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан бол, нэхэмжлэгчид хариуцагчаас төлбөр төлөгдөөгүй талаар болон ... тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, үүний үр дүнд тухайн хэргийн нэхэмжлэл хангагдаж хариуцагч байгууллага төлбөрөө барагдуулсан талаар зохигчид маргаагүй.
6.... сарын ...-ны өдөр өмгөөлөгч ... нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ...-ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэрэгт ...-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь ажлын хөлс ... төгрөг төлөхөөр тохиролцож, компанийг ... гэх хүн төлөөлөн гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байна.
7.Хариуцагч ...-ийн зүгээс тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэгчтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан учир уг гэрээний дагуу хөлс төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж маргасан. Гэвч тухайн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан ... нь нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн иргэний хэрэгт ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
8.Талуудын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ бөгөөд уг гэрээний дагуу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ.
9.Нэхэмжлэгч ... хариуцагч ...-ийг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн өмгөөлөгчөөр оролцож, шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллагын захирал ...ийн хамт давж заалдах гомдол гаргаж, тэдний гомдлын зарим хэсгийг давж заалдах шатны шүүх хангасан зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
10.Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсний дараа төлнө. ... нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн учир ...-иас ажлын хөлс шаардах эрхтэй ба гэрээнд үйлчилгээний хөлс ...төгрөг байхаар тохиролцсон байгаа боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ...-иас .... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас .... /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас .. төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА