| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/1100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1125 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Агар, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1125
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408025790729 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхдийн театрын зүүн замд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Тоуоtа Рrius” маркын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасныг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй адилхан тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Ажил төрөл хийж сумаас гарах шаардлагатай болох тул ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2408025790729 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хэргийн газрын үзлэг, зам тээврийн осол, хэрэг тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
Эрх бүхий албан тушаалтны “... *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг Их нарангаас Хүүхдийн театр хүртэл 2024.07.07-ны өдрийн 11 цаг 45 минутад 2,13% бүхэл буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил үйлдсэнийг илрүүлж...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай материал (хавтаст хэргийн 47-56 дахь тал),
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023.10.14-ний өдрийн 0740257 дугаар шийтгэлийн хуудаст: “...*************согтуугаар автомашин жолоодсон нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал),
Жолоочийн мэдээлэл “2023.10.14-ний өдрөөс 2024.10.14-ний өдрийг хүртэл эрх хасагдсан” гэжээ (хавтаст хэргийн 13 дахь тал),
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-91), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-94-97) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *************согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхдийн театрын зүүн замд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Тоуоtа Рrius” маркын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь эрх бүхий албан тушаалтны “2024.07.07-ны өдрийн 11 цаг 45 минутад 2,13% бүхэл буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил...” гэх тэмдэглэл (хх-8-9), зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар, шийтгэлийн хуудас (хх-47-58), Цагдаагийн ерөнхий газрын “2023.10.14-ний өдрөөс 2024.10.14-ний өдрийг хүртэл эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа (хх-13) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч *************нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь шийтгэлийн хуудас (хх-57), жолоодох эрхийн лавлагаа (хх-13)-аар нотлогдлоо.
Түүнчлэн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгох тул шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 2.13%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч *************бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Харин иргэний нэхэмжлэгч **************************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,805,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 978,000 төгрөгийн хохирол тус тус учирсныг нөхөн төлсөн (хх-61, 74) байх тул тэдгээрт төлөх төлбөргүй байна. Харин иргэний нэхэмжлэгч *************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлээгүй, мөн ******** “хохирлыг найз ********** нэхэмжлэхгүй” гэснийг (хх-71) тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхдийн театрын зүүн замд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Тоуоtа Рrius” маркын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөний байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар ********** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Ажил төрөл хийж сумаас гарах шаардлагатай тул ялыг багасгаж өгнө үү...” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн), дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, иргэний нэхэмжлэгч нарт төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *************3,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Харин улсын яллагчийн “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах боломжийг хязгаарладаг бөгөөд шүүгдэгчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “сумаас гарч ажил төрөл хийх шаардлага гардаг” гэх дүгнэлт зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******** овогт *********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************3,500,000 төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР