Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2021/04000/И |
Дугаар | 102/ШШ2022/00280 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00280
2022 оны 01 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2022/00280 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:.... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Ж... овогт Б...ны М...,
Хариуцагч:.... байрлах, регистр ...., С...ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.М..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М... нь С...ХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс С...ХХК-д Хятад хэлний орчуулагчаар ажиллаж эхэлсэн.Анх ажилд ороход туршилтын хугацаа дуусаад хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалингаа сар бүр тогтмол өгдөг байсан учраас нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал нь компаниас төлөгдөж байгаа гэж ойлгож байсан.Гэтэл компанид ажилладаг 3 ажилтны нийгмийн даатгалыг төлдөггүй, харин ажилладаггүй хамааралгүй 2 хүний нийгмийн даатгалыг төлж байсан гэдгийг нь сүүлд мэдсэн.Би одоо 7 сартай жирэмсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 09-нд цалингаа авсан, 10 сард орлого муу байгаа учраас сул зогсолт хийлээ түр гэртээ байж бай гэсэн.Ингээд 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш манай борлуулалт буурсан учраас цаашид ажилд ирэх хэрэггүй гэж хэлээд ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа.Ажил олгогчоос Хөдөлмөрийн хуулийг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажилд томилох, чөлөөлөх тушаал гаргаагүйн улмаас тэтгэмжээ ч авч чадахгүй хохирсон.Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, С...ХХК-ийн хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 01 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч С...ХХК-ийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э...:Б.М...г орчуулагчаар ажиллуулж байсан нь үнэн боловч С...ХХК-ийн албан ёсны үндсэн орон тоонд ажиллуулж байгаагүй.Манай компанид хятад хэлний орчуулагч гэх орон тоо анхнаасаа байгаагүй, одоо ч байхгүй байна.Тиймээс түүнийг хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох боломжгүйгээс гадна ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгал төлөх үүрэг хүлээгээгүй болно.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс:Хариуцагч байгууллагын нэр болон логотой, захирал С...-ийн гарын үсэгтэй, нэхэмжлэгчийн зурагтай, Хятад хэлний орчуулагч Б.М... гэсэн бичвэртэй үнэмлэх, нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, гэрэл зураг, нэхэмжлэгчийн захирал С...-тэй цахимаар харилцаж байсан яриа, нэхэмжлэгчийн захирал К...тай цахимаар харилцаж байсан яриа бүхий нотлох баримтыг шүүхэд өгсөн./хх 4, 5-38, 56-59, 60-81, 82-85/
Хариуцагчаас:С...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С... нь Хаан банкны ... дугаартай дансыг эзэмшдэг тухай Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тодорхойлолт, Голомт банк дахь С...ХХК-ийн эзэмшлийн ... дугаар дансны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, С...ХХК-ийн 2021 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, С...ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан, санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Голомт банкны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаар тодорхойлолт, С...ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот мэдэгдлийг шүүхэд өгсөн./хх 48, 86, 87-88, 89, 90, 91-92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, /
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гар утсанд байгаа С...ХХК-ийн захирал С..., захирал К... нартай цахимаар харилцаж байсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл байна./хх 109/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М...н хариуцагч С...ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
С...ХХК-д Хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2020 оны 1 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг С...ХХК-д даалгах гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:
Б.М...г орчуулагчаар ажиллуулж байсан нь үнэн боловч С...ХХК-ийн албан ёсны үндсэн орон тоонд ажиллуулж байгаагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хятад хэлний орчуулагч Б.М... гэсэн бичвэртэй үнэмлэх, нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, гэрэл зураг, нэхэмжлэгчийн захирал С...-тэй цахимаар харилцаж байсан яриа, нэхэмжлэгчийн захирал Колятай цахимаар харилцаж байсан ярианы бичлэгт үзлэг хийсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.М... нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн С...ХХК-д хятад хэлний орчуулагчаар ажиллаж байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Хариуцагч байгууллага нь Д.М...г үндсэн орон тоонд авч ажиллуулаагүй гэж маргаж байна.
С...ХХК-д Д.М... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Xятад хэлний орчуулагчаар ажиллаж байсан болох нь хариуцагч байгууллагын нэр болон логотой, захирал С...-ийн гарын үсэгтэй, нэхэмжлэгчийн зурагтай, хятад хэлний орчуулагч Б.М... гэсэн бичвэртэй ажлын үнэмлэх, нэхэмжлэгчийн цалин авдаг Хаан банк дахь депозит дансны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, ажилчидтайгаа авахуулсан гэрэл зураг, нэхэмжлэгчийн захирал С... болон захирал К...тай цахимаар харилцаж байсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.М... нь С...ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж, хийсэн ажлынхаа цалин хөлсийг тогтмол хугацаанд авдаг байсан бөгөөд түүний захирлуудтайгаа цахимаар харилцаж байсан ярианы агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж зааснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Нөгөө талаар зохигчдын хоорондын харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжтой байна.
Хариуцагч С...ХХК-ийн гүйцэтгэх захирал С... нь Хаан банканд ... тоот дансыг эзэмшдэг болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд Д.М... нь цалин нь дээрх ... тоот данснаас шилжиж ордог байсан болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна.
Хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Д.М...гаар хэлэлцэн тохирсон ажил үүргээ гүйцэтгүүлэхгүй байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул ажил олгогч С...ХХК нь Д.М...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолтой маргааныг шүүхээр шийдвэрлэхээр заасан байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин хууль/ 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Баярсайханы М...г С...ХХК-ийн Хятад хэлний орчуулагчийн ажилд нь эргүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин хууль/ 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Б.М...н нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг /2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл/ С...ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар Б.М... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН