| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/1019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1163 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1163
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч *************,
шүүгдэгч *************, өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001141 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ********* амны задгайд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч *************ийг “хүүхэд авч явах гэлээ” гэж уурлан маргалдаж, хэвлий, гарын булчин хэсэгт гараараа цохих, хоолой боох, нүүрийг USB залгуураар ороолгох, салтаад өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр зодож эрүүл мэндэд “нуруу, баруун, зүүн бугалга, хэвлий, цээж, баруун шилбэ, баруун гуя, бэлгийн их уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн зүүн талын их уруул, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язрал, зүүн зулайн хуйх, хүзүү цус хуралт, зүүн, баруун шуу цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Эхнэрийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж маргалдаж зодсон. Би тэр өдөр болсон зүйлийг санахгүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.
Хохирогч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2408000001141 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *************ийн: “2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэртээ нөхөр ************* хамт байсан. Нөхөр гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэж согтож эхэлсэн ба бид хоёр түүнээс болж маргалдсан. Нөхөр ************* нь манай ээж аавд дургүй, би гэрээс явах гэтэл “Чи миний хүүхдийг авч явах гэлээ, тэнд очиж яах гээд байгаа юм, чи өөрийнхөө зугаа цэнгэлийг бодлоо” гэж над руу уурласан. Түүний дараа хэвлий хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Орон дээр сууж байтал зүүн 2 гарын булчин хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Дараа нь миний хоолойг боосон, намайг татаж босгосон. Тэгээд нуруу луу USB залгуураар хэд хэдэн удаа ороолгож цохисон, хэвлий хэсэг рүү гараараа цохиж зодоод байсан. Намайг газар суу гэж байгаад салтаа хэсэг рүү 10 гаруй удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би тухайн үед цагдаа дуудаж чадахгүй байсан ба шууд гараад зугтаасан. Тэгтэл нөхөр ************* араас ирээд барьж аваад “За за намайг уучлаарай, би дахиж зодохгүй, хоёулаа ярилцъя” гэхээр нь би зөвшөөрөөд буцаад хашаандаа ортол ************* над руу уурлаж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явах гэтэл ************* уурлаад намайг явуулахгүй байсан. Тэгээд орой 23 цагийн үед нөхөр намайг дахин алгадаж зодсон. Би 2024 оны 7 дугаар сарын 19- ний үүрээр гэрээсээ хүүхдээ аваад явсан. Гомдолтой байна. Би сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй. Надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.07.25-ны өдрийн 9716 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. *************ийн биед нуруу, баруун болон зүүн бугалга, хэвлий, цээж, баруун шилбэ, баруун гуя, бэлгийн их уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн зүүн талын их уруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язрал, зүүн зулайн хуйх, хүзүү цус хуралт, зүүн болон баруун шуу цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Шүүгдэгч *************ын яллагдагчаар өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би эхнэр *************гэртээ байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд согтсон ба улмаар *************рүү уурлаж ”хэнтэй явалдаад байдаг юм, чи надад бэлгийн халдварт өвчин тараасан биз дээ” гээд бид хоёр маргалдсан. *************биед халдаж хэвлий хэсэгт гараараа цохиж, мөн 2 гар луу нь цохисон. Түүний дараа нуруу руу нь USB залгуураар ороолгож гуядсан бөгөөд салтаа хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Гэм буруу дээр маргах юм байхгүй, эхнэр *************биед гар хүрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хх-23-25),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-34), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-38), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт (хх-39), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-40), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-41), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-42), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-43), АСАП сангийн лавлагаа (хх-19-22), “**********” ХХК-ийн “************* нь тус компанид мах бэлтгэгч албан тушаалд ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-59) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ************* согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ********* амны задгайд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч *************ийг “хүүхэд авч явах гэлээ” гэж уурлан маргалдаж, хэвлий, гарын булчин хэсэгт гараараа цохих, хоолой боох, нүүрийг USB залгуураар ороолгох, салтаад өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр зодож эрүүл мэндэд “нуруу, баруун, зүүн бугалга, хэвлий, цээж, баруун шилбэ, баруун гуя, бэлгийн их уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн зүүн талын их уруул, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язрал, зүүн зулайн хуйх, хүзүү цус хуралт, зүүн болон баруун шуу цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *************ийн “...уурлаж миний хэвлий хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Зүүн 2 гарын булчин хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Миний хоолойг боосон, ...нуруу луу USB залгуураар хэд хэдэн удаа ороолгож цохисон. Мөн хэвлий хэсэг рүү гараараа цохиж зодоод, салтаа хэсэг рүү 10 гаруй удаа өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хх-5, 7), шүүх эмнэлгийн 9716 дугаар “1.2. *************ийн биед нуруу, баруун болон зүүн бугалга, хэвлий, цээж, баруун шилбэ, баруун гуя, бэлгийн их уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн зүүн талын их уруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд язрал, зүүн зулайн хуйх, хүзүү цус хуралт, зүүн болон баруун шуу цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-27-28), шүүгдэгч *************ын “...би *************биед халдаж хэвлий хэсэгт гараараа цохиж мөн 2 гар луу нь цохисон. *************нуруу руу USB залгуураар ороолгож гуядсан, салтаа хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Гэм буруу дээр маргах юм байхгүй...” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *************ын ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “хүүхэд авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж таарамжгүй харилцаа үүсгэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч *************ийн гар, хөл, хэвлий, эмзэг эрхтэн хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж, өшиглөж, нүүр хэсэгт USB залгуураар хэд хэдэн удаа ороолгож, хоолойг боох зэргээр зодож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, хохирогчийн “...сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-8)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************* согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ****** ам задгай тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч *************ийг “хүүхэд авч явах гэлээ” гэж уурлан маргалдаж, улмаар түүний хэвлий, гарын булчин хэсэгт гараараа цохих, хоолойн хэсэгт гараараа боох, нүүрэн хэсэгт нь USB залгуураар ороолгох, салтаа хэсэгт өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр зодож эрүүл мэндэд “нуруу, баруун болон зүүн бугалга, хэвлий, цээж, баруун шилбэ, баруун гуя, бэлгийн их уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн зүүн талын их уруул, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язрал, зүүн зулайн хуйх, хүзүү цус хуралт, зүүн болон баруун шуу цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч төлөх төлбөргүй...” гэж,
хохирогч “Ял шийтгэлтэй маргах зүйлгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Одоо хамт амьдарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд архидан согтуурч гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж муудалцан олон удаагийн үйлдлээр хохирогчийн гар, хөл, хэвлий, эмзэг эрхтэн рүү цохиж, өшиглөж, нүүр хэсэгт USB залгуураар ороолгож, хоолойг боох зэргээр зодон эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан хохирогчийн “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“***********” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *************ыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт *********ын *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР