Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга          Э.Анхбаяр,

улсын яллагч                         А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч       Д.Даваасүрэн,

шүүгдэгч                                  А.Арвинболор нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* А******* холбогдох эрүүгийн 2431000000288 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2*** оны ** дүгээр сарын **-ны өдөр С** аймгийн С*** суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт С*** аймгийн С** сумын ** дүгээр баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт А******* Арвинболор, Регистрийн дугаар: *******

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Арвинболор нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2027/3Ш/395 дугаартай шийтгэврээр жолоо барих эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар сумын 6 дугаар баг хуучин тагнуулын байрны урд талын хатуу хучилттай зам дээр 4*** С** улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 1.10 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Арвинболор мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлэг өгсөн учир ахин өгөх шаардлагагүй гэв.

Гэм буруугийн талаар:  Шүүгдэгч А.Арвинболор нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2027/3Ш/395 дугаартай шийтгэврээр жолоо барих эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар сумын 6 дугаар баг хуучин тагнуулын байрны урд талын хатуу хучилттай зам дээр 42-98 СЭН улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 1.10 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 01 дүгээр тал), эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 06 дугаар тал/, гэрч Д.О******* мэдүүлэг /хх-ийн 09 дугаар тал/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/3Ш/395 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 13-14 дүгээр тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 27-29 дүгээр тал/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 36-43 дугаар тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.Арвинболор нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч А.А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн сарын хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар А.А******* зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Арвинболор нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* ургийн овогт А******* А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Арвинболорын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  А.А******* Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар А.А******* зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ