| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/02134/И |
| Дугаар | 001/хт2026/00156 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/хт2026/00156
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00539 дүгээр магадлалтай,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э оролцсон,
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ж.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч Ж.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж.Н-д холбогдох “Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Н-ын 2024.03.25-ны өдрийн *** тоот хаягт байршилтай Ү-*** дугаартай 34.5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/ болон 552 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч А.Э-гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Н-ийг төлөөлж аав Ж.Э-ын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00539 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Нийслэлийн тойргийн нотариатын бүртгэлийн 2024.03.25-ны өдрийн 19, 20 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцсугай. ...” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-т олгосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Ж.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Ж.Э нь А.Э-тай Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлээгүй хэдий ч хамтран амьдарч дундаасаа Э.Н-э гэх охинтой болсон. Улмаар А.Э- нь 2021.04.19-ний өдөр нас барснаас хойш 3 жилийн дараа Э.Н-ийн эцэг болох Эрдэнэбат нь өөрийн охин Э.Н-эд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг 2024.03.25-ны өдөр гаргасан. Тухайн үед бүрдүүлж ирсэн нотлох баримтуудыг нь шалгах явцдаа өөр өвлөгч буюу гуравдагч этгээдээс өвлөх хүсэлт гаргасан эсэхийг Монголын Нотариатчдын танхимын цахим өвийн лавлагаагаар хайлт, шүүлт хийж үзэхэд өөр өвлөгчөөс хүсэлт гаргаагүй байсан тул гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин сууж байсан хорооны өрхийн бүртгэлийн дэвтэр, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн А.Э-гийн төрсөн охин болох /17 настай/ Э.Н-э, түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг Ж.Э-ад өвийн гэрчилгээ олгох үндэслэлтэй гэж үзэж өвийн бүртгэлийн 19, 20-рт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Энэхүү үйлдлийг хийхдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2.3-т зааснаар “өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өөр өвлөгч өвлөх хүсэлт гаргаагүй бол өвөөс татгалзсанд тооцно” гэсэн заалтыг үндэслэн олгосон болно. Монголын Нотариатчдын танхимаас авсан цахим лавлагаагаар өөр өвлөгч тухайлбал: Н.Н гэх өвлөгчөөс хүсэлт гаргасан гэх мэдээлэл тогтоогдоогүй болно. /Энэхүү лавлагаа нь хэргийн материалд авагдсан байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй байна./
Давж заалдах шатны шүүх багийн Засаг даргын 2021.10.28-ны өдөр гаргасан 03/207 албан тоот бичгийг үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. Уг албан бичгийг 2021 онд гаргасан бол цахим өвийн лавлагаагаар мэдээлэл нь илрэх байсан. Гэтэл 2022 оны бичгийг гараар 2021 болгон зассан нь илтэд мэдэгдэж байгаа, нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судалж, уг албан бичгийг засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй тул хасуулах саналыг хариуцагч миний зүгээс гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан. Тухайн үед уг өвийн гэрчилгээг бичихдээ Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын 2024.03.22-ны өдрийн 20/328 тоот тодорхойлолтыг үндэслэсэн бөгөөд эхнэр болох А.Э нь хөдөө түр хугацаагаар амьдарч, эмчилгээг хийлгэж байсан гэж нөхөр Ж.Э нь тайлбарласан болно.
Иймд би Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2.3-т заасныг тус тус үндэслэн төрсөн ганц охин Э.Н-эд нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон ба энэ үйлдэлдээ хууль болон дүрэм журмыг зөрчөөгүй болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг нэг бүрчлэн нягтлахгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбараар А.Э- нь Ж.Э-тай хамтран амьдардаг. Түүнчлэн хамтран амьдрагч нарын дундаас Э.Н-э гэх охин төрсөн. Э.Н-э нь А.Э-гийн хууль ёсны нэгдүгээр зэргийн өвлөгч мөн ба хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан болох нь баримтаар тогтоогдсон. Миний бие Нотариатын бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэсэн Э.Н-эд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан баримтыг тусгайлан нягталж нотариатын үйлдэл хийсэн ба уг үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гагцхүү үүсэх үр дагавар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг нягтлахгүйгээр хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Н-ийн гаргаад буй шаардлага нь Нотариатын бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэсэн Э.Н-эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба уг бүртгэсэн Э.Н-эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор ямар үр дагавар бий болохыг харгалзан үзээгүй. Төрсөн ганц охин Э.Н-э нь энэ хөрөнгийг өвлөхгүйгээр хаана хэрхэн амьдрахыг харгалзан үзээгүй төдийгүй хүүхдийн эрх, ашгийг хохироож, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.11-ний өдрийн 210/MA2026/00539 дугаар магадлалыг хүчингүй болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч Ж.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00625 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч Ж.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний охин А.Э нь Ж.Э-тай хамтран амьдарч байгаад тэдний дундаас 2018.12.31-ний өдөр охин Э.Н-э төрсөн. ... Би охин А.Э-г өөрийн гараар асарч байсан ба өвчний улмаас ... 2021.04.19-ний өдөр *** нутаг дэвсгэрт нас барсан. ... *** тоот хаягт байршилтай, Ү-*** дугаартай, 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, Г-*** дугаартай, *** нэгж талбарын дугаартай, 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын өмчлөгч нь А.Э байсан. Эдгээр хөрөнгийг би А.Э болон түүний дүү н.У нарыг амьдруулах зорилгоор 2005 онд авч өгсөн. Миний охиныг нас барсны дараа түүнтэй хамтран амьдарч байсан Ж.Э нь Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Н-д өв хүлээн авах хүсэлт гаргасны дагуу 2024.03.25-ны өдөр бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн ... хувийн сууц /байшин/, ... газрыг тус тус Э.Н-ийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү Э.Н-ийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн ... ба ... А.Э-гийн төрсөн эх Н.Н миний бие амьд сэрүүн байхад, мөн өвлөхөөсөө татгалзаагүй байхад дан ганц Э.Н-ийн нэр дээр өв нээсэн. ... Энэ нь сүүлд оршин сууж байсан газар буюу *** нутаг дэвсгэрийн харьяаллаар өв нээгдэх ёстой байтал Нийслэлийн тойргийн нотариатчаар өв нээгдсэн явдал нь харьяалал зөрчсөн. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Би Нотариатын тухай болон Иргэний хуулийн холбогдох заалт, дүрэм журмыг зөрчөөгүй. ... 2024.03.25-ны өдөр Ж.Э-ын өв залгамжлалын гэрчилгээ авах талаар бүрдүүлж ирсэн материалыг нь шалгаж үзэхэд А.Э нь 2021.04.19-нд нас барсан гэх гэрчилгээ эх хувиар, хамгийн сүүлд хамт амьдарч байсан гэх Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын 2024.03.22-ны өдрийн тодорхойлолт, уг тодорхойлолтоор А.Э нь Ж.Э, охин Э.Н-э нарын хамт уг хаяг дээр албан ёсны бүртгэлтэй хамт амьдарч байсныг тогтоосон. Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар мөн нотлогдож байсан ба 2024.03.22-ны өдрийн 61 тоот албан тодорхойлолтыг мөн үндэслэж А.Э-гийн цорын ганц өвлөгч охин Э.Н-эд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан 1-р ээлжийн өвлөгч мөн болохыг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Ж.Э, А.Э- нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ... учраас Ж.Э-ыг өвлөгч гэж үзээгүй ба харин тэдний дундаас төрсөн охин Э.Н-э нь 2018.12.31-нд төрсөн /7 настай/ учраас түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Ж.Э нь төлөөлж хүсэлт гаргаж өвийн гэрчилгээг охин Э.Н-ийн нэр дээр авсан болно. Баянзүрх дүүргийн 12-р хороо жанжин 20-р гудамж 328 тоот хаягт байрлах Ү-***, 34.5 м.кв талбайтай, хувийн сууц нь Ж.Э, А.Э нарын 2 хүний дундын өмчлөлийнх байсан ба нас барсан А.Э-д оногдох хэсгийг охин Э.Н-эд өвлүүлэхээр 20 тоот гэрчилгээг, ... Г-*** улсын бүртгэлийн дугаартай 552 м.кв талбайтай газрыг өвлөгчийн хууль ёсны өвлөгч болох охин Э.Н-эд 19 тоот өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон болно. Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528.2, 528.3-т заасныг баримталж олгосон ба өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэх талаар Монголын Нотариатчдын танхимын цахим сангаас шүүлт, хайлт хийж лавлагаа авахад 2021 оноос хойш өөр өвлөгч хүсэлт гаргаагүй байсан, ...А.Э-гийн ээж Ж.Наранцэцэг нь 2021 оноос хойш 2024.03.25-нд өвийн гэрчилгээ олгох хүртэл огт хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байсан ба энэ нь Монголын Нотариатчдын танхимын цахим мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдоно. ...” гэж маргажээ.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 2012 оноос хойш А.Э-тай нэг гэрт орж эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарсан, ...тэрээр хүнд өвчний улмаас агаарт гарах шаардлагатай болсон тул эхнэр, охин, бид Сүхбаатар аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан, энэ хугацаанд Баянзүрх дүүргийн эмнэлгийн хяналтад байнга байсан, ... эхнэрийн нэр дээр байсан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болох охин маань сургуульд орох болж уг харьяа сургуульд нь бүртгүүлэхээр судлахад харьяаллын дагуу оршин суугаа хаягийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэх тайлбар өгсөн тул өв хөрөнгийн талаар хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд орсон.” гэжээ.
10. Анхан шатны шүүх “... А.Э-гийн төрсөн охин нь Э.Н-э, төрүүлсэн эх нь Н.Н байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. А.Э- нь 2021.04.19-ний өдөр нас барсан болохыг 2021.04.27-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин сууж байсан А.Э нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 519 дүгээр зүйлийн 519.1-д тус тус зааснаар 2023.11.17-ны өдрөөс Сүхбаатар дүүрэгт өв нээгдсэн байна. Өвлүүлэгч буюу А.Э нас барах хүртлээ охин Э.Н-этэй хамт амьдарч байсан болохыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024.03.22-ны өдрийн тодорхойлолт болон хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн уг хаягт оршин суудаг болох нь нотлогдсон тул өв нээгдсэн газрыг Баянзүрх дүүрэг гэж, өв нээгдсэн газрын нотариатч гэж Баянзүрх дүүрэгт байрлах тойргийн нотариатчийг хэлнэ. ... Э.Н-ийг төлөөлж эцэг Ж.Э нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатч Ж.Н-д гаргасан, нотариатч Ж.Н- нь өв хүлээн авах хүсэлтийг бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 болон Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг тус тус баримтлан өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй. Учир нь, нотариатч Ж.Н- нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2, 8.2.7, 8.2.9, 8.2.8, 8.2.11, 8.2.13-т заасны дагуу ... Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа болох 2024.03.25-ны өдрийн Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа болон ... баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 531 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Нэхэмжлэгч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Ж.Н нь гуравдагч этгээд Э.Н-эд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо түүнээс өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй гэх боловч хариуцагч Ж.Н нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт ... заасан зохицуулалт нь хугацаанаас нь өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн байна. Дээрх баримтаар нэхэмжлэгч Н.Наранцацралын нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд үгүйсгэгдэж байна. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх *** Засаг даргын тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Талийгаач А.Э нь *** тоот хаяг дээр албан ёсны хаягт бүртгэлтэй байсан хэдий ч нас барах хүртэл *** 2 дугаар багт байх эх Н.Н-ийнд амьдарч байсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлтээ тус багийн Засаг даргад гаргасан байх тул түүнийг өв хүлээн авсан гэж дүгнэнэ. ... Хариуцагч нь Э.Н-эд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан бусад өвлөгчид байгаа эсэх, тэдгээр нь өвлөх хүсэлт гаргасан эсхүл татгалзсаныг тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүй буюу өөр өвлөгч байгаа эсэхийг ... Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т зааснаар ... тогтоогоогүй гэж үзэхээр байна. Иймээс хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатч нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж, нягтлах үүрэгтэй, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж тус тус заасныг зөрчсөн. Дээр дурдсан үндэслэлээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Э.Н-эд 19, 20 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.” гэсэн дүгнэлт хийсэн байна.
12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар зөрүүтэй дүгнэж, өөр шийдэл гаргасан талаарх хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.
13. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Н.Н нь Д.А-тэй 1997.06.16-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 1984.12.15-ны өдөр охин А.Э- төрсөн, Ж.Э, А.Э нарын дундаас 2018.12.31-ний өдөр охин Э.Н-э төрсөн, *** тоот хаягт байрлах, *** нэгж талбарын дугаартай, 552 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр А.Э, тус хаягт байрлах 34,5 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Э, А.Э нар бүртгэлтэй, А.Э, Ж.Э нар нь хамтын амьдралтай байсан, тэд охин Э.Н-ийн хамт *** тоот хаягт оршин сууж байсан, А.Э нь 2021.04.19-ний өдөр нас барсан, Э.Н-ийг төлөөлж түүний эцэг Ж.Э нь 2024.03.25-ны өдөр өв хүлээн авах тухай хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Н-д гаргасан байх ба өв хүлээн авах хүсэлтийг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, орон сууцнаас А.Э-д ногдох хэсгийг Э.Н-эд өвлүүлэхээр өвлөх эрхийн 20 дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг Э.Н-эд өвлүүлэхээр өвлөх эрхийн 19 дугаартай гэрчилгээг тус тус олгож, нотариатын үйлдэл хийсэн тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
14. Зохигч өвлүүлэгчийн төрсөн охин Э.Н-эд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль зөрчсөн эсэх асуудлаар маргажээ.
15. Анхан шатны шүүх нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй гэж үзэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Харин давж заалдах шатны шүүх нотариатыг үйлдлийг хүчингүй болгохдоо өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах журмыг хэрэглэж, *** Засаг даргын тодорхойлолтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
16. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргах бөгөөд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
Нэхэмжлэгч Н.Н нь А.Э-гийн төрсөн эх, Э.Н-э нь түүний төрсөн охин болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу А.Э-гийн хууль ёсны өвлөгч байна.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024.03.22-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг баримтаас үзэхэд А.Э- нь нас барахын өмнө буюу түүний сүүлчийн оршин сууж байсан газар нь Улаанбаатар хотын *** тоот хаяг байх тул Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар уг газрыг өв нээгдсэн газар гэж үзнэ.
Өвлүүлэгч А.Э нь *** суманд нас барсан байх боловч “А.Э нь хүнд өвчний улмаас агаарт гарах шаардлагатай болсон тул Сүхбаатар аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан” гэсэн зохигчийн тайлбараас үзэхэд тэрээр өвчний байдлаас шалтгаалж *** суманд түр хугацаагаар очсон үедээ нас барсан байх тул түүний сүүлчийн оршин сууж байсан газрыг *** сум гэж үзэхгүй.
Иймээс охин Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эцэг Ж.Э нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Н-д гаргасныг буруутгах үндэслэлгүй.
17. Түүнчлэн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох бөгөөд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэнэ.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс, … өв нээгдэх бөгөөд өвлүүлэгч А.Э нь 2021.04.19-ний өдөр нас барсан тул үүнээс хойш 1 жил буюу 2022.04.19-ний өдрөөс хойш өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нь 2024.03.25-ны өдөр буюу өв нээгдсэнээс хойш 2 жил 11 сарын дараа Нийслэлийн тойргийн нотариатч Ж.Н-д өв хүлээн авах хүсэлт гаргасан, энэ үед өөр өвлөгчөөс өв хүлээн авах хүсэлт ирүүлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан 2024.03.25-ны өдрийн Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдсон, хариуцагч уг баримтыг үндэслэсэн болохоо тайлбарлажээ.
Энэ нь Нотариатын тухай хуулийн 251 дугаар зүйлийн 251.1, 251.2-т тус тус зааснаар “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.”, “Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж заасныг зөрчөөгүй.
Улмаар хариуцагч буюу нотариатч Ж.Н өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан баримт бичгийг үндэслээгүй, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хариуцагч нь Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн сангаас авсан лавлагаа мэдээлэлд үндэслэж, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаа өнгөрсний дараа, холбогдох баримтыг үндэслэж өвлүүлэгчийн төрсөн охин Э.Н-эд эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй орон сууцнаас А.Э-д ногдох хэсгийг буюу 50 хувийг өвлүүлэхээр өвлөх эрхийн 20 дугаартай гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар *** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 100 хувь өвлүүлэхээр өвлөх эрхийн 19 дугаартай гэрчилгээ тус тус олгосон нь дээрх хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн гэж үзнэ.
18. Харин нэхэмжлэгч Н.Н- нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь нотариатын үйлдлийг хүчинтэй хэвээр үлдээж байгаа хэдий ч энэ нь өвийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхгүй болно.
19. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00539 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ж.Н-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.21-ний өдөр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ