Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Лхагва-Очир, түүний өмгөөлөгч Э..Мөнхгэрэл /ҮД: 0463/, шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД: 2142/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Лувсан Иш овогт Чинбатын Лхагва-Очир, Жалайр овогт Баатарын Шинэбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020467 дугаар хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, "БҮТИ" ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 393 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жалайр овогт Баатарын Шинэбаяр /РД: УИ97021110/,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны 252 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Лувсан Иш овогт Чинбатын Лхагва-Очир /РД: ВП93022317/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Лхагва-Очир нь яллагдагч Б.Шинэбаяртай бүлэглэн 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоот хашааны гадна очиж уг хашаанд байрлах иргэн Д.Ариунболдын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн онгойлгон нэвтрэн орж аяны хөнжил 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг, аяны суултуур 1 ширхэг, ахуйн хэрэглээний багажны ком 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан мөн өдөр яллагдагч Б.Шинэбаяртай бүлэглэн 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн  задгай  тоот хашааны  гадна  очиж уг хашаанд байрлах иргэн Д.Отгонбаярын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн онгойлгон нэвтрэн орж аяны хөнжил 1 ширхэг, банзан гитар

  1. ширхэг, ханын тавиур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 440.000 төгрөгийн буюу нийт 1.125.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоот хашааны гадна 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан очиж яллагдагч Ч.Лхагва-Очирыг уг хашаанд байрлах иргэн Д.Ариунболдын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн онгойлгон нэвтрэн орж аяны хөнжил 1 ширхэг, аяны сандал

2 ширхэг, аяны суултуур 1 ширхэг, ахуйн хэрэглээний багажны ком 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлахад учрах саадыг арилгаж дэмжлэг үзүүлсний улмаас 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

    Давтан мөн өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоот хашааны гадна 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан очиж яллагдагч Ч.Лхагва-Очирыг уг хашаанд байрлах иргэн Д.Отгонбаярын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн онгойлгон нэвтрэн орж аяны хөнжил 1 ширхэг, банзан гитар 1 ширхэг, ханын тавиур 1 ширхэг зэрэг эд зүйлсийр хулгайлахад учрах саадыг арилгаж дэмжлэг үзүүлсний улмаас 440.000 төгрөгийн буюу нийт 1.125.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Лхагва-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Ч.Лхагва-Очир нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны орой найз Шинэбаяр гэрт ирээд цуг гарсан. Тэгээд Сэлхи гэдэг газар халтуур хийгээд буцах замдаа Шинэбаяр “энд эзэнгүй байшингууд байна хоёулаа орж үзэх үү” гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд ажлын бээлий өмсөөд гарсан. Отверка аваад цонхыг нь хүчтэй түлхтэл онгойсон. Отверкоо цагдаад баригдаад айсандаа хаясан, хаана хаясанаа санахгүй байна. Би гэмт хэрэг хийж байгаагаа мэдэж байсан. Тухайн үед хоорондоо ярилцаад хулгай хийсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-108, 138-139 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед би найз Гантогтохжавын Приус маркийн 58-51 улсын дугаартай автомашиныг унаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байдаг өөрийн найз Лхагва-Очир дээр очсон. Тэгээд бид 2 халтуур хийж мөнгө олох гээд гарсан. Сэлх зуслан орж хүн буулгаад буцаж явах замд эзэнгүй байшин байхаар нь ярилцаад тэнд байсан 3 байшинд ороод эд зүйл авсан тэгээд доошоо явж байгаад хоёр цагдаад баригдсан. Би эхэлж “энэ байшинд орж үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд Лхагва-Очир зөвшөөрөөд хулгай хийсэн. Айлын цонхыг отвёркоор эвдэж орсон тэгээд цагдаагаас айгаад хаясан. Би хүнд өртэй байсан тэгээд мөнгөө олж өгөх санаатай эхлээд таксинд явсан хулгай хийх бодол байгаагүй. Тэгээд ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ариунболдын ... 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай хүргэн ах зуслангаас манаач ярьж хулгай орсон байна гэсэн. Манай хоёр дүүгийнх бас цуг байдаг юм. Тэгээд танай дүүгийн гэрт хулгайч орох гэж байгаад зугтаад цагдаа барьсан гэж байна гэхээр нь би очиж үзье гээд зуслангийн байшиндаа ирсэн. Тэгтэл манай байшингийн цонхны хаалт төмрүүдийг эвдээд хаясан байсан. Манай гэрээс 1 ширхэг аяны хөнжил, 2 ширхэг аяны сандал, 1 ширхэг аяны суултуур, цэнхэр өнгийн савтай ахуйн багж алга болсон байна ... гэсэн мэдүүлэг /хх 52-53 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Отгонбаярын ... 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай ах зуслангийн байшинд хулгай орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд ах Ариунболд цагдаад хандсан байсан. Манай гэрээс 1 ширхэг аяны хөнжил, банзан гитар, ханын тавиур хэрэглээгүй шинээрээ зэрэг эд зүйл алдагдсан байна. Цагаан өнгийн тавиурыг 150.000 төгрөгөөр авсан, аяны хөнжилөө 40.000 төгрөгөөр авч байсан. Манай гэр өвлийн цагт байнга эзэнгүй байдаг. Манайх уг зусланд гараад 4 жил болж байна. Би алдагдсан эд зүйлээ олж аваар байна... гэсэн мэдүүлэг /хх 54-55 дугаар хуудас/,

 

            Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...автомашин дотор зүүн урд сандал дээр шар өнгийн банзан гитар, хойд багаж дотроос ...цэнхэр өнгийн хажуу бөөрөн дээрээ улаан өнгийн эмнэлгийн тэмдэг бүхий багажны хайрцаг, ...ногоон цоохор өнгийн ууттай аяны хөнжил /мешок/ 2 ширхэг, улаан өнгийн аяны эвхдэг сандал 2 ширхэг, цаасан хайрцагтай цагаан өнгийн суултуур...гарч ирсэнийг гэрэл зургаар бэхжүүлж авав... ” гэжээ. /хх 36-40 дүгээр хуудас/

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр: “...банзан гитар 1 ширхэг, ханын тавиур нэ ком, ногоон алаг өнгийн ууттай аяны хөнжил 1 ширхэг, зэрэг эд зүйлүүдийг Дашням овогтой Отгонбаярт хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх 41 дүгээр хуудас/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр: “...цэнхэр өнгийн хайрцагтай ахуйн хэрэглээний ахуйн багаж, улаан өнгийн аяны сандал 2 ширхэг, хар өнгийн аяны суултуур, бор алаг өнгийн ууттай аяны хөнжил 1 ширхэг, нэг удаагийн маск  10 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Дашням овогтой Ариунболдод хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх 42 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • Ханын тавиур – 150.000 төгрөг
  • Аяны хөнжил – 40.000 төгрөг
  • Банзан гитар – 250.000 төгрөг
  • Цонхны хаалт – 400.000 төгрөг…” гэжээ /хх 68 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • Аяны сандал  – 300.000 төгрөг
  • Аяны хөнжил – 40.000 төгрөг
  • Аяны суултуур – 45.000 төгрөг
  • Багажны хайрцаг – 300.000 төгрөг
  • Цонхны хаалт – 400.000 төгрөг…” гэжээ /хх 69 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 17/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 18/, гэрч С.Энхдаваагийн мэдүүлэг /хх 19/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 32/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 33-35/, иргэний нэхэмжлэгч М.Баярмөнхийн мэдүүлэг /хх 50/,  гэрч С.Гантогтохжавын мэдүүлэг /хх 56/, гэрч Т.Чинбатын мэдүүлэг /хх 57-58/, гэрч А.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх 115/, гэрч Б.Аззаяагийн мэдүүлэг /хх 116/,  шүүгдэгч Б.Шинэбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 109/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 110/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх 111-114/, шүүгдэгч Б.Лхагва-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх 122/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 44-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Лхагва-Очир Б.Шинэбаяр нар бүлэглэн:

 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн автомашин механизм ашиглан 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2017 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоот хашаанд байрлах иргэн Д.Ариунболдын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн эвдэн нэвтэрч аяны хөнжил 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг, аяны суултуур 1 ширхэг, ахуйн хэрэглээний багажны ком 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлсны улмаас 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

давтан үйлдлээр 58-51 УНО улсын дугаартай "Т.Приус 20" маркийн автомашин механизм ашиглан 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 2017 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгай тоот хашаанд байрлах иргэн Д.Отгонбаярын байшингийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк хэрэглэн эвдэн нэвтэрч аяны хөнжил 1 ширхэг, банзан гитар, аяны сандал 2 ширхэг, ханын тавиур 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлсны улмаас 440.000 төгрөг, нийт 1.125.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Ариунболд, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо гэмт хэрэг үйлдэх явцдаа нэгтгэж, шүүгдэгч Б.Шинэбаяр нь хүн харж мэдээлэл өгөх, ул мөрийг баллах, унаагаар хангах зэргээр хамжиж, шүүгдэгч Ч.Лхагва-Очир нь цонхны хаалтыг эвдэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг гардан гүйцэтгэх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцжээ.   

Шүүгдэгч Б.Шинэбаяр, Ч.Лхагва-Очир нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхээс шүүгдэгч Б.Шинэбаяр, Ч.Лхагва-Очир нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ хохирогч нарт буцаан өгч гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн,  хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хохирогч нарт бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нарын цонхны хаалт эвдсэнээс гарсан төлбөрийг нөхөн төлсөн тул тэдгээрийг бусдад төлбөргүй гэж үзлээ.

Б.Шинэбаяр, Ч.Лхагва-Очир нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 58-51 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул түүний үнэ болох 1.900.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувиар гаргуулж төрийн өмчид шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 58-51 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” маркийн бусдын өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Шинэбаярын 13 хоног, шүүгдэгч Ч.Лхагва-Очирын 13 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Лувсан Иш овогт Чинбатын Лхагва-Очир, Жалайр овогт Баатарын Шинэбаяр нарыг бүлэглэн давтан үйлдлээр, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Чинбатын Лхагва-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Баатарын Шинэбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  ялтан Ч.Лхагва-Очир, Б.Шинэбаяр нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагва-Очир, Б.Шинэбаяр нарын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус бүр оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дугьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт “Тоёота Приус 20” маркийн 58-51 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч “Хан Агьт” ХХК-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагва-Очир, Б.Шинэбаяр нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.900.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүрээс 950.000 төгрөгийг гаргуулан хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагва-Очир, Б.Шинэбаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Ч.Лхагва-Очир, Б.Шинэбаяр нарын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хариуцуулсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Шинэбаяр, Ч.Лхагва-Очир нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН